8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Эрдэнэс ТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг чөлөөлж, АМГТ-ны даргаар Х.Хэрлэнг томилсон өдөр

2018-03-01 18:40:00

Хаврыг олон ааштай гэлцдэг. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд тод дурсамж, оргилсон их хүсэл эсвэл уйтгар гуниг гэх мэт олон аашийг төрүүлж байдаг шидтэй. Магадгүй хавар биш бид олон ааштай болдог байж магад. Юутай ч хавар гэдэг шинэ бүхний эхлэл байж чадах тийм л улирал. Өдөрт хэд хэд хувирах "муухай ааштай" цаг агаар таныг бага зэрэг бухимдуулж байна уу.

“Харахад тэнгэр цэлмэг ч цаанаа л нэг дүнсгэр

Хаврын өдөр мөртлөө намрын өдөр шиг гэгэлзүүр

Хөнгөн гуниг түшүүлсэн, сэтгэлийг ятга хөглөж

Холын цэнхэр нутгаас бороо л хурдан ороосой” гэсэн дөрвөн мөрт сэтгэлд бууж байна. Тэнгэр бүрхэг, нам гүмхэн өдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. Шинэлэг мэдээлэлээр дүүрэн тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

У.Мөнхбаяр: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нарыг АТГ-т шалгуулна

Нэр бүхий улс төрчдийг шалгуулах асуудлаар  төрийн бус байгууллагууд хамтран АТГ-т хандаж байгаа аж. Энэ талаар Нэгдсэн Монгол Хөдөлгөөний Тэргүүн У.Мөнхбаяраас тодрууллаа.

"УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ, Д.ОЮУНХОРОЛ НАР "PARADISE" КАЗИНОД ТОГЛОСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДСАН"

-Нэр бүхий улс төрчдийг АТГ-т шалгуулана гэлээ. Хэнийг, ямар үндэслэлээр шалгуулах гэж байна вэ?

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон Д.Оюунхорол нарыг байгаль орчны асуудал болон бусад нотолгоог үндэслэж АТГ-т шалгуулах хүсэлт гаргана. Манай холбоо энэ сарыг  усны төлөө тэмцэх сар болгон зарлаж байгаа. Бид "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль" буюу урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа. Түүнчлэн урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд саад болсон зарим албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар бэлдсэн. Энэ дагуу дээрх УИХ-ын гишүүдийг АТГ-т шалгуулна.  Солонгос улсын Бусан хотод өнгөрсөн оны 11 дүгээр сарын 4-7-ны хооронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар "Paradise" казинод тоглосон гэх мэдээлэл цацагдсан.Тэд ард түмний мөнгөөр тансагласан гэх хардлага төрж байгаа. Үүнийг АТГ шалгах ёстой.Урт нэртэй хууль зөвхөн салбарын асуудал биш Монгол Улсын оршин тогтнох нэн тэргүүний чухал асуудал.​ 

-Өмнө нь танай байгууллагын зүгээс УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын талаар мөн гомдол гаргаж байсан. Гомдол гаргасан асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Өнгөрсөн 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдах гэж буйг бид эсэргүүцэн хэвлэлийн бага хурлаар мэдэгдэхдээ Д.Оюунхоролын нэрийг мөн дурьдаж байсан. 2015 онд ИНБ-ууд хуралдаж Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцор хэмээн шаардаж хэвлэлийн бага хурал хийхдээ бас л Д.Оюунхоролыг дурьдсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг УИХ-ын 41 дүгээр тогтоолоор батлуулж байсан. Энэхүү хөтөлбөрөөрөө дархан цаазтай газрууд, гол мөрний эх, ойн сан руу дайрсан. 2015 долоодугаар сард Засгийн газар 289 дүгээр тогтоолоо гаргасан. Үүний үр дүнд Өвөрхангай аймгийн Уянга, Архангай аймгийн Цэнхэр, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Сайхан, Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол, Төв аймгийн Эрдэнэ, Булган аймгийн Дашинчилэн сумдын нутагт 3,362 га талбайг ойн сангийн хилээс, 2,501 га талбайг голын эх, усан сангийн хилээс, нийтдээ 5,863 га талбайг Урт нэртэй хуулийн хамгаалалтаас гаргасан байдаг. Түүнчлэн 7,600 га талбайг Урт нэртэй хуулиас тойруулав. 5,403 га талбайг голын эхийн хилээс, 1,679 га талбайг ойн сангаас, 518.7 га талбайг голын мөрний хамгаалалтын бүсээс гаргасанӨнөөгийн улс нийгэм, байгаль орчны байдал тэсэхийн аргагүй хүнд бэрх боллоо. Тийм учраас, тодорхой улс төрчдийг АТГ-аар шалгуулах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

"Эрдэнэс ТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг чөлөөлжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газраар хэлэлцээд хүлээн авчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Д.Ариунболдын оронд “Эрдэнэс тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн тэргүүн дэд захирал Ц.Ганхуяг томилогдохоор яригдаж байгаа аж. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2017 онд 250 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ЭТТ ХК-ийн толгой компани "Эрдэнэс Монгол"-ийн удирдлага ч удахгүй өөрчлөгдөж магадгүй аж. 

Гозолзох оймсны үнэр

Монгол улсад шударга ёс юу юунаас илүү чухал байгааг хэн бүхэн ярьж хэлж байна. Үнэхээр авилгачдыг цавчиж эхлэхээр сэлэм далайсан уу? Эсвэл сайтар төлөвлөж зохион байгуулсан жүжиг өрнөөд байна уу?

Улс төрд У.Хүрэлсүхийнхэн гэгддэг Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан гэх мэт УИХ-ын гишүүд засгийн газарт асуулга тавилаа.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг хэн барьцаанд тавьж улсыг өрөнд оруулав гэдгийг тэд ерөнхий сайдаас асуусан. Хачирхалтай нь улсын нууц юм шиг л хав дардаг байсан мэдээллийг энэ удаад ерөнхий сайд бэлдчихсэн байсан мэт хурдан гэгч нь дэлгэрэнгүй тайлбартайгаар гаргаж өглөө.

Үүнтэй зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байсан Ч.Ганзоригийг хууль хяналтын байгууллагаар шалгаж эхэлснийг хэвлэлүүд бичих болов.

Бараг маргааш нь шахуу ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа хурал дээр “Авилга авсан хэнийг ч байсан намаас хөөнө” гэх утгатай зүйл хэлчихэв. Эндээс үзэхэд У.Хүрэлсүхийн залуучууд түүнтэй хавсран найруулгын дагуу хөдөлж эхэлсэн ч юм шиг харагдаад байна.

Үүнтэй зэрэгцэн бас нэгэн дуулиан газар авч байна. УИХ ын гишүүн Б.Гантулгыг яллагдагчаар татсан тухай мэдээллийг нийслэлийн прокурорын газраас зарлалаа. Үүнээс гадна ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээг Дубайд дур мэдэн үзэглэсэн гэдэг үндэслэлээр буруутган шалгаж эхэлсэн.  Цаашилбал эдийн засгийн хөгжлийн сайд асан Фортуна хочит Н.Батбаярыг Чингис, Самурай бондын мөнгийг үрэн таран хийсэн гэсэн үндэслэлээр АТГ-аас шүүхэд шилжүүлээд байна. Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ бүх үйл явдал яагаад УИХ ын чуулган завсарласан үеээр зэрэг зэрэг гарч ирэн олныг шуугиулах болов. У.Хүрэлсүх үнэхээр МАН-АН гэлтгүй цавчиж чадах уу, эсвэл дээрх хэрэгүүд ингэсгээд бусдын адил замхарах уу гэдгийг ард түмэн харж байна. Гэтэл хамгийн чухал нэг зүйлийг олон түмэн төдийлөн анхаарахгүй өнгөрөөд байх шиг. Аливаа албан тушаалтнуудын асуудал шүүх, прокурорын түвшинд очоод замхардаг нь нууц биш. Харин шүүгч прокурорууд нь ерөнхий сайдаас биш ерөнхийлөгчөөс хамаарч байдаг гэдгийг мартаад байна.

Үеийн үед ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр дайсагнах байдалтай ажиллаж ирсэн бол яг энэ цаг үед ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас арай өөр байдал ажиглагдаад байгаа. Шуудхан хэлэхэд энэ хоёр хүн хамтарч ажиллан хэд хэдэн “оймс гозолзуулж” чадах уу, эсвэл ингэсгээд өнгөрөх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз. Юу болохыг харж л байя.

Оюутолгой жил бүр 1-1.5 тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр боллоо

Гаалийн байгууллагаас “Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн актыг Оюутолгой ХХК үл зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан.

Нийслэл дэх захиргааны хэргийн болон давж заалдах шатны шүүхээс Гаалийн байгууллагаас шалгаж хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тус захиргааны хэрэг 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэжээ.

“Оюутолгой” ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд нийт 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөхөөр боллоо. Цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр болж байна.

АТГ-ын эргэн тойронд

АТГ 44 хүнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн

АТГ 2018 оны эхний хоёр сарын байдлаар нийт 44 хүнд холбогдох 34 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Улмаар энэ 34 хэргээс 21-ийг нь 2018 оны хоёрдугаар сард шилжүүлсэн талаар мэдээлэл өглөө. Гааль, нийгмийн даатгал, цагдаа, аймаг орон нутгийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудад холбогдох 15 хэрэг, цагдаагийн алба хаагчид холбогдох 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. 

Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүгийн хэрэг шалгах, хяналтын харьяалал тогтоох” аргачилсан зааврын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс цагдаагийн байгууллагын алба хаагчид холбогдох гэмт хэргийн шинж бүхий гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг мөрдөн шалгадаг болжээ. Энэ удаад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон удирдах албан тушаалтай 15 хүн болон цагдаагийн алба хаагчдад холбогдох 6 хэрэгт ямар хүмүүс холбогдсон талаархи тодруулгыг  хүргэж байна.

-АЛБАН ТУШААЛТНУУД-

1. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт,

2. Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний хахууль авсан хэрэгт,

3. Багануур ХК-ийн охин компани болох "Багануур илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015.05.01-2017.02.20-ны хооронд ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан асуудлыг шалгуулахаар,

4. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Д.Бат-Эрдэнэ нь тасгийн дарга болон дотоод хяналтын албандаа танилцуулалгүй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Я.Алдар, К.Баатарчулуун нартай үгсэн тохирч бусдаас авлига авч, нэр бүхий ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хэмээн 8 иргэний мэдээллийг шивж оруулан, 2016-2017 онд 40.0 сая төгрөгийн хохирлыг ААН, байгууллагуудад учруулсан,

5. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хилийн боомтоор 96-94 ДГА дугаартай автомашинаар 76 кг үнэт чулуу хууль бусаар нэвтрүүлснийг Дорноговь аймгийн Сайншанд сумын гаалийн байцаагч Ц.Ариунболд нь буцаан олгож давуу байдал бий болгосон.

6. “Их хаадын цуваа” ХХК-ийн менежер Т.Гэрэлмаа нь хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад хөнгөлөлттэй үнээр худалдаалж буй орон сууцыг хөнгөлөлтөд хамрах эрхгүй иргэдэд худалдаж, компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх,

7. “Шинэ ёндоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбат нь “Монгол ёндоо полимер” ХХК-ийг шинээр байгуулан “Шинэ ёндоо” ХХК-ийн нэр, гэрээ болон ажилчид, тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаа явуулж, “Шинэ ёндоо” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шилжүүлэв.

Засгийн газрын томилгоо

АМГТ-ны даргаар Х.Хэрлэнг томиллоо

Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томиллоо. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, "Монгол Шуудан" компанийн ТУЗ-ийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга,  'Дарханы төмөрлөгийн үйлдвэр' ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.

Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ

Залуучуудын өвлийн олимпийн аварга Б.Сумъяа Японд суралцана

Асашёорюү Д.Дагвадорж Залуучуудын өвлийн олимпийн аварга, тэшүүрийн тамирчин Б.Сумъяаг Япон улсын Биеийн тамирын дээд сургуульд суралцуулахаар болcон баяртай мэдээ гарлаа. .Энэ тухай  Асашёорюү Д.Дагвадорж цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд “Өчигдөр Б.Сумъяагийн ээж надтай утсаар холбогдож, охиноо гадаадад суралцахад туслах боломжтой эсэхийг асуусан. Ээжийнх нь хүсэлтийн дагуу Японы биеийн тамирын дээд сургуулийн захирал миний дэмжигч хүнтэй холбогдлоо. Тэрбээр манай сургуульд сайн тамирчин сургавал нээлттэй шүү гэдэг саналыг өмнө нь надад тавьж байсан. Түүнтэй холбогдож Б.Сумъяагаа тус сургуульд суралцуулахаар боллоо” хэмээв.

Булганы чиглэлд явах гэж буй хүмүүсийн анхааралд...

Булган аймгийн чиглэлд нэвтрэх, бүсээс гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

Булган аймгийн Булган, Рашаант, Гурванбулаг сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын бүсэд нэвтрэх, бүсээс гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд зорчих тохиолдолд тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 3 постоор дамжиж өнгөрөхдөө ариутгал халдваргүйтгэл хийлгэж нэвтэрч байгаа юм. Иймд Булган аймгийн дээрх сумдад зогсолт хийхгүй дамжин өнгөрөх тул иргэд зорчигчид түлш болон бусад хэрэглээгээ зөв тооцоолж зорчихыг анхааруулж байна.

Дээд шүүх

Хамтран зүтгэгчийнхээ аминд хүрсэн цагдаагийн ялыг есөн жил болгож бууруулжээ

Одоогоос хоёр жилийн өмнө цагдаагийн албан хаагч Б.Өлзийбуян нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Горхи мэлхий хад” амралтын газарт хамт олноороо амарч байхдаа түүний нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохисон Х-г нэг удаа цохиж унагасны улмаас амь насанд хүрсэн юм. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Өлзийбуянг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  Харин өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Өлзийбуянд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн  атлаа 2002 оны Эрүүгийн хуульд заасан ялын хэмжээтэй дүйцэхүйц ял оногдуулж хууль буцаан хэрэглэх журмыг зөрчсөний дээр гэмт хэрэг гарахад хохирогч Х-ийн буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзээгүй нь буруу гэж дүгнээд  Б.Өлзийбуянд оногдуулсан ялыг 9 жил хорих болгон өөрчилж шийдвэрлэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Gankhyag butehgui shuu tenderchin hulgaich shudee ene zaluu
2018/03/02 103.229.122.128
  • Recent
  • Most Read
  • Most Comment