8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛ УХААН: Шинэ хувцас өмсөх ёс нь

2018-03-02 12:18:00

Шинэ хувцас өмссөн бага балчир хүүхэд айл хөршийнхөндөө мялаалгахаар очдог. Энэ нь гайхуулж байгаа хэрэг огт биш, харин хувцас нь зохисон таарсан хийгээд яаж хувцаслах зөвлөгөө авахтай холбоо бүхий уламжлал юм. Шинэ хувцас өмсөөд орж ирсэн хүүхдийн хувцсыг засаж өгөөд, 
“Урд хормойг чинь
Унага даага гишгэг
Хойд хормойг чинь
Хурга ишиг гишгэг
Дотоод энгэр нь 
Тос өөх
Гадаад энгэр нь
Гадар өөх болог!
Эзэн нь мөнх, эд нь хэврэг
Энэ жил даалимба
Ирэх жил чисчүү өмсөөрэй!
Тооноор гарсан том болоорой!”
хэмээн бэлэгтэй үгээр ерөөж амттаны зүйлээр мялааж баярлуулдаг. Хүүхдийг мөлхөж суух болохоор нь баривч хийн өмсгөж байв. Хүүхдийн баривчинд 3 нас хүртэл нь зах залгадаггүй, зөөлөн дугуй захтай хийж, хөвөнтөй дотортой байв. 3 нас хүрэхээр нь баривчийг хийхдээ захны ухлаадсыг ард нь хаддаг байна. Мөн дээлэнд явуу хадаж өгдөг. Хүүхдэд анх дээл эсгэхэд өдрийн сайныг харж эсгэнэ. Хүүхдэд шинэ дээл өмсгөхдөө үдшийн бүрийд хаалган дээрээ нөмөргөөд галдаа ариутгах үйлийг хийнэ. Мөн хүүхдэд “шүлсэвч” зүүлгэдэг байв. Энэ нь эсгийг дугуй хэлбэртэй болгон ард нь уяатай хийж шүлсний хаалт болгон зүүж байсан. Үүнийг голдуу шар эсгийгээр хийж байсан ба энгэр нь нордоггүй сайн тайлтай юм. Хүүхдэд багад нь хөдсөн оймс, ахрын эсгийгээр бойтог хийж өмсүүлнэ. Хагархай өмд (салтаа нь онгорхой) өмсүүлдэг ёс одоог болтол уламжлан иржээ.

Эх сурвалж: Тарвалин хийд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment