8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Эмэгтэйчүүд баяраараа нүцгэн жагсахаар болж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан өдөр

2018-03-02 18:40:00

Завгүй ажлын өдрүүд дуусч, амралтын өдрүүд ийн  эхлэж байна. Энэ амралтын өдрүүдэд хайртай гэр бүлтэйгээ цагийг хэрхэн өнгөрөөхөө төлөвлөсөн үү.Хэрэв төлөвлөж амжаагүй бол танд цагийн үр бүтээлтэй өнгөрөөх таатай мэдээлэл дуулгах гэж байна. БСШУСЯ "Музейн нээлттэй өдрүүд"-ийг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд орон даяар музей иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлэх бөгөөд гуравдугаар сарын 01-08-ны өдрүүдэд үргэлжилнэ.Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт "Музейн нээлттэй өдрүүд"-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлээд байгаа юм. Нээлттэй өдрүүдийн хүрээнд Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, иргэн, төр, хувийн хэвшил, соёлын байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахыг БСШУС-ын сайд улс, орон нутгийн музейн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосон. Дараах хүснэгтээс нийслэлд үнэ төлбөргүй үйлчлэх музейнүүдийн хаяг, байршил, цагийн хуваарийн мэдээллийг аваарай.

Музей Хаяг Цагийн хуваарь
1 Ан агнуурын музей Баянгол дүүрэг. Гандантэгчилэн хийдийн урд хаалганаас уруудах замын зүүн талд Даваа-Бямба 09.00-18.00
2 Богд хааны ордон музей Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд Мягмар, Лхагва гарагт амарна. Бусад өдөр 10.00-18.00
3 Г.Жуковын музей Баянзүрх дүүрэг. Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талд Мягмарт амарна. Бусад өдөр 08.00-17.00
4 Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай Ажлын өдрүүдэд 10.00-17.00
5 Монгол цэргийн музей Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-17.00
6 Монголын уламжлалт анагаах ухааны музей Хан-Уул дүүрэг, Богдын хааны ордон музейн баруун талд, хамар хашаа Өдөр бүр 10.00-17.00
7 Монголын үндэсний музей Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд Ням, даваад амарна. Бусад өдөр 09.00-16.30
8 Монголын үндэсний хувцасны музей Сүхбаатар дүүрэг, Гадаад хэргийн яамны баруун талд, Гранд оффисын байранд Ажлын өдрүүдэд 10.00-18.00
9 Олон улсын оюун ухааны музей Баянзүрх дүүрэг, East худалдааны төвийн баруун талд Нямд амарна. Бусад өдөр 10.00-18.00
10 Театрын музей Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд

Ажлын өдрүүдэд 10.00-18.00

Амралтын өдрүүдэд 11.00-17.00

11 Улаанбаатар хотын түүхийн музей Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд Ажлын өдрүүдэд 08.00-17.00
12 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей Сүхбаатар дүүрэг. Гранд оффис байрны урд талд Ажлын өдрүүдэд 10.00-17.00
13 Чингис хааны өв соёлын музей Хуучнаар хүнсний 4-р дэлгүүрийн зүүн талын 9 давхар шар байрны 3 давхарт 5 тоот Өдөр бүр 10.00-18.00
14 Чойжин ламын сүм музей Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд

Даваа, мягмарт амарна. Бусад өдөр 10.00-16.00

 

Үргэлжлүүлэн chuhal.mn сайтад орсон онцлох мэдээллийг Монголын нэг өдөр тойм булангаар хүлээн авч уншаарай.  

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

“Дубайн гэрээ” Ч.Сайханбилэгийн “хойдох”-ыг унших уу?

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас шалгаж эхэллээ. Түүнийг Оюутолгойн тэр дундаа Дубайн гэрээний бичиг баримттай холбоотойгоор шалгаж байгаа аж.

Ер нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Дубайн гэрээ”-ээс болж “хойдох”-оо уншуулсан. Тэгвэл энэ удаа тус гэрээ Ч.Сайханбилэгийг өөрийг нь хүнд асуудалд унагаж мэдэхээр байна. Түүний хувьд чухам ямар зүйлийг буруу хийж АТГ-т шалгуулах болсныг олон нийт сонирхож байгаа юм. Харин хууль хяналтын байгууллагаас хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж буй учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж буй.

Ч.Сайханбилэг 2015 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гацаанаас гаргахаар Рио Тинто компанийнхантай Дубай хотноо уулзсан. Энэ уулзалтаар хоёр тал далд уурхайн ажлыг эхлүүлэх саналд нэгдэж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

Гэхдээ тус гэрээг байгуулахдаа Монгол улсыг хохироосон гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг билээ.

Уг асуудлаар тухайн үеийн УИХ-ын гишүүд болоод салбарын мэргэжилтнүүд хэрхэн дүгнэж ярьж байсныг хүргэе. 


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Оюутолгойн гэрээ үр ашиггүй, алдагдалтай маш муу гэрээ болсон. Тийм ч учраас үүнийг сайжруулахын төлөө Засгийн газраас 17,5 тэрбумыг гаргаад гадаадын компаниас зөвлөгөө авна гэж гэр бүлийн компанид мөнгө өгөх хүртлээ асуудал яригдлаа шүү дээ. Муу дээрээ муу, муухай дээр улцан гэгчээр Засгийн газар Рио Тинтогийн тулгалтыг хүлээж ялагдал хүлээж байна. Энэ бол Монголын ард түмний хүссэн зүйл биш. Үүнийг гадныхантай нийлсэн авлигачид хийж байгаа юм. Далд уурхайн хөрөнгө оруулалт анхны тохиролцоогоор 1,4 тэрбум доллар байсан. 4,7 тэрбумаар нэмэгдүүлээд 6 тэрбум доллар болох нь.Далд уурхайн зардлаа 300 хувиар өсгөж байна. Ийм муу болгож байхад бид өрлүүлж байгаа хонь шиг чимээгүй байх уу.

УИХ-ын гишүүн Х.Даваасүрэн: Монголын ард түмний хосгүй баялаг болсон Оюутолгойн ордын лицензийг барьцаалж, Рио тинто компани 6 тэрбум ам.долларын зээлийг дэлхийн томоохон 15 банк, санхүүгийн байгууллагаас авч, хувь нийлүүлэгчийн зүгээс оруулсан одоогийн зээлийн төлбөрөө авч дараад, улмаар 4.4 тэрбум ам.долларыг өөрийн дансандаа байршуулахаар заажээ. Энэ нь Оюутолгойн ордыг барьцаалж авсан зээлийг зөвхөн Оюутолгойн санхүүжилт, үйл ажиллагаанд зарцуулах бус өөрийн бусад гадаад улс дахь бизнес, үйл ажиллагаанд ашиглах болж байна. Хөрөнгө оруулалтын анхны гэрээний өртөг 4.6 тэрбум ам.доллар, үүнээс 1.5 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтанд оруулахаар төлөвлөснийг Монголчууд бид мартаагүй байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойших хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хөрөнгө оруулагчид зэс, алтны борлуулалтаараа бизнесийн үйл ажиллагааныхаа хүрээнд шийдвэрлээд явах ёстой юм. Далд уурхайн зардлыг зохиомлоор 4 дахин өсгөн авч буй 6 тэрбум ам.долларын зээл, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт 1 тэрбум гаруй ам.доллар, алдагдалтай тодотголтой 904 сая ам.долларын татварын хөнгөлөлт зэргийг Дубайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрснөөр манай улсын хүртэх ногдол ашиг анх төлөвлөсөн 2021 оноос 16 жилээр хойшилж, 2037 оноос авахаар болж алсран одлоо.

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар: Төлөвлөгөө нэрээр гэрээ  байгуулсан нь ноцтой асуудал.  Энэ гэрээгээр  Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй, бидний төлөх өр нэмэгдэнэ. Оюутолгойн далд  уурхайн бүтээн байгуулалтын  санхүүжилтын төлөвлөгөөний 4.4-т  зааснаар 2010-2014 оын санхүүгийн тайланг Сангийн яам  тав хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна.Үүний цаана Монгол Улс 6 тэрбум ам.долларын хохирол хүлээнэ. Ер нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын с анхүүгийн тайланг хүлээн  зөвшөөрөх нь Засгийн газрын том алдаа.  Энэ төлөвлөгөө гэгч гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна. 

Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Ийм гэрээг айлын гал тогоонд хийдэггүй юм. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан” талаар тайлбар өгч байв

Ямартай ч түүнийг шалгах үндэслэл байгаа аж. Хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон хүний анхаарлыг татаж байна

Б.Цэрэннадмид: ЭЕШ-д шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна гэдгийг анхаарах хэрэгтэй

Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас ЭЕШ-ын бүртгэлийн явцын талаар тодрууллаа.  

-2018 ОНЫ ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ  УЛСЫН ХЭМЖЭЭНД 20 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА-

-2018 оны ЭЕШ-ын бүртгэл өнгөрсөн сарын 5-ны өдөр албан ёсоор орон даяар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар  бүртгэлийн явц хэдэн хувьтай явж байна вэ? 

-2018 оны ЭЕШ-ын бүртгэл эхлээд 25 хоног болж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20 хувьтай явагдаж байна. 

-ЭЕШ-ын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон гэсэн. Тухайлбал, ямар ямар өөрчлөлт орсон вэ?  

-2018 оны ЭЕШ-ын журамд дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон.
  • Шалгуулагч Мобиком компианы “Candy” үйлчилгээг ашиглан  шалгалтын төлбөрөө төлөх боломжтой
  • Шалгуулагч бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой болсон.
  • Өмнөх оны шалгуулагчдийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байна.

ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байна. 

Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

-Элсэгч бүртгүүлэхэд шаардлагатай санамж, анхаарах зүйлс юу байна вэ? 

-Бүртгэл www.eec.mn цахим хаягаар явагдаж байгаа. Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Эмэгтэйчүүд баяраараа нүцгэн жагсана

Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 8-нд гурван эмэгтэй өөрсдийн эрхээ хамгаалуулахаар Сүхбаатарын талбайд хагас нүцгэн жагссан. Энэ жил Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” цуглааныг зохион байгуулж хагас нүцгэн жагсах юм байна.

Цуглааны зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсооход чиглэх аж. Сүүлийн жилүүдэд өсвөр болон бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх хэрэг их гарах болсон. Үүнийг мөн давхар эсэргүүцэж жагсахаар болжээ. Энэ өдрийн цуглаан орой 20.00 цагт хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан эмэгтэйчүүдэд болон хүүхдүүдэд зориулж 100 зул өргөснөөр өндөрлөнө.

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг шинээр зургаан дүүрэгт нэвтрүүлж эхэллээ

Дэлхийд жил бүр 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд уушгины хатгалгааны шалтгаантай нас баралт 1.8 сая бүртгэгдэж байгаагийн 541.000 нь Стрептококк пневмони хэмээх нянгийн  халдвараас шалтгаантай байна.  Монгол Улсад эрүүл хүүхдийн дунд хийгдэж буй нян тээгчийн судалгаагаар 12-23 сартай хүүхдийн талаас илүү хувьд /61%/ нь, хоёр хүртлэх сартай 3 хүүхдийн 1 нь Стрептококк пневмони нянг тээж байгааг тус, тус илрүүлсэн байна. Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин нь Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа, дунд чихний үрэвслээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм. 2014 оны байдлаар 95 улс орон уг вакциныг нэвтрүүлэн хэрэглэж байна.

Монголд Улсад пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос  Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх дүүрэгт 2 сартайгаас 2 хүртлэх настай хүүхдүүдийг үе шаттайгаар дархлаажуулж эхэлсэн юм. Тэгвэл өдгөө Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/20 дугаар тушааын дагуу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар  дархлаажуулж эхэллээ. Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус, тус хийнэ.

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байгаа аж. 

Монголд 400 гаруй бүргэдчин байна

Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг энэ сарын 4, 5-нд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал, Бүргэдчин Р.Нургайв, Б.Далайхан, Н.Айшолпан, Д.Айгерим нар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран тус баярыг зохион байгуулж байгаа аж.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг билээ. Одоогийн байдлаар Монголд 400 гаруй бүргэдчин байна.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхаглажээ. 

УБТЗ, “ТМХС Монгол” компаниас гурван хүнийг баривчилжээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газар албан ёсоор мэдэгдэж байсан. Түүнийг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг өндөр үнээр худалдан авсан, өнөөдөр үйлчилж буй хууль дүрмийг зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх зэрэг мэдээлэл олны анхаарлыг татсан. Мөн үүнээс гадна өчигдөр  ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан УБТЗ-ын Удирдах газар болон “ТМХС Монгол” компанийн байранд нэгжлэг хийж гурван хүнийг баривчилсан байна. 

2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тохиролцооны хүрээнд Монголын тал 125 сая ам.долларыг 2012 онд УБТЗ-ын дансанд шилжүүлсэн бол, Оросын тал “ВТБ” гэгч банкнаас зээл авч зээлдсэн мөнгөөрөө 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхэгийг, ТЭМ-18 ДМ серийн сэлгээний зүтгүүрийг худалдан авч УБТЗ-д нийлүүлжээ. Хачирхалтай нь Оросын талын хувь нийлүүлэгч буюу “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс өөрийн хүлээсэн үүргийн дагуу зээлдсэн хөрөнгийн хүүг УБТЗ тодорхой хугацаанд төлж ирсэн байдаг. Зарим шинэ зүтгүүрүүдийн оронд их засвар хийгдсэн зүтгүүрүүдийг ч нийлүүлсэн гэх мэдээлэл бий.

С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг нуух шаардлага байхгүй

НИТХ-ын дарга С.Амарсайханаас цаг үеийн  үйл явдалтай холбогдуулан тодруулга авлаа.

-Сүүлийн өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын тухай яриа анхаарлыг татах боллоо. Энэ талаар тайлбар өгөөч?

-НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллах зардлаа урамшуулал хэлбэрээр авч ирсэн. Одоо ч авч байгаа нь үнэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хууль болон  хурлын төлөөлөгчидөд урамшуулал олгох тухай НИТХ-ын 2012 оны 70-р тогтоолын дагуу Нийслэлийн төсөвт жил бүр тогтмол тусгагдаж ирсэн байдаг.

-НИТХ-ын  төлөөлөгчид  ямар зориулалтаар урамшуулал авч ирсэн вэ?

-Нийслэл, дүүргийн төлөөлөгчидөд 2008 оноос хойш урамшуулал гэхээсээ илүүтэй үйл ажиллагааны зардлыг нь олгож эхэлсэн юм билээ. Тодорхой зардалгүйгээр тойрог, дүүргийнхээ иргэд сонгогчдын төдийгүй нийслэлийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Тийм ч учраас үе үеийн НИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардлыг урамшуулал хэлбэрээр олгож ирсэн. Үүнийг нууж хаах ямар ч шаардлага байхгүй. Харин ч ил тод, нээлттэй болгож, төлөөлөгчдийн ажлын хариуцлагата

-Төлөөлөгчидөд хэдий хэмжээний урамшууллыг ямар хугацаанд олгодог вэ? 

-Өмнө нь жилд нэг удаа бөөнд нь олгодог байсан. Тухайлбал, 2017 оны төсөвт төлөөлөгчдийн урамшууллыг олгохдоо тус бүрд нь нэг удаа 50.0 сая төгрөгөөр тооцон төсөвт суулгаж, өнгөрсөн оны 6 сард НИТХ-аас төлөөлөгчидөд олгосон. Тэгвэл энэ жилээс жилд нэг удаа бөөнөөр нь олгодог байсан зардлын хэмжээг бууруулж, холбогдох журмыг өөрчилж, дээр дурьдсанчлан төлөөлөгчдийн ажлын хариуцлагатай нь уялдуулан улирал тутамд 10.0 сая төгрөгийг олгож, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг болсон.

-Урамшууллын асуудлыг Хурлын дарга бие даан шийддэг юмуу, эсвэл Төлөөлөгчдийн хуралдаанаар шийддэг үү?

-Ийм асуудлыг С.Амарсайхан гэдэг хүн дур зоргоороо шийдвэрлэдэг юм биш. Урамшуулалттай холбоотой зардлыг жил бүр Нийслэлийн төсвийг батлах үеэр төсөвт суулгаж, зориулалтын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор шийдвэрлэдэг. Хурлын даргын хувьд гарын үсэг зурж тогтоолыг албажуулдаг учиртай.

Бүх банкууд өчигдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүүг БУУРУУЛЛАА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр арилжааны банкуудын төлөөллийг хүлээж авч уулзан ахмадуудад олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар санал солилцжээ. Уулзалтын үр дүнд

  1. Голомт,
  2. Худалдаа хөгжил,
  3. Капитал,
  4. Капитрон,
  5. Улаанбаатар,
  6. Чингис хаан,
  7. Үндэсний хөрөнгө оруулалтын банк гуравдугаар сарын 1-нээс /өнөөдрөөс/ эхлэн нийт тэтгэвэр авагчдад  сарын 1.0 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлийг тэтгэврээ барьцаалан олгохоор болсон байна.

 

Мөн тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100 хувь зээл болон зээлийн хүүд төлдөг байсан бол цаашид 70 хувийг төлж, 30 хувийг өөрт нь олгосноор сар бүр орлоготой байх боломжтой юм.Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувьд хүргэж бууруулахаар ХААН болон Төрийн банктай байгуулсан Хамтран ажиллах гэрээг 2018 оны нэгдүгээр сард байгуулаад байсан юм.Дээрх хоёр банкнаас өнөөдрийн байдлаар 10,336 тэтгэвэр авагч 12.3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авчээ.

Азийн АШТ: ЭХНИЙ ӨДӨР НЭГ МӨНГӨ, ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Кыргызстаны нийслэл Бишкект өчигдөр эхэлсэн. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан болж, монголын таван бөх бүгд медалийн төлөө барилдснаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 68 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг мөнгө, 50 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл, 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор нар хүрэл медаль хүртэв. Эхний өдөр таван жингийн дөрөвт нь БНХАУ-ын бөхчүүд түрүүллээ. Эхний өдөр манай бөхчүүд хэрхэн барилдсаныг хүргэе.

50 кг (12 бөх): 1. Лей Чун (БНХАУ) 2. Винеш (Энэтхэг) 3. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Mонгол), Юки Ирие (Япон)
Э.Нарангэрэл шөвгийн наймд Вьетнамын Ти Хуан Нгиенийг оноогоор цэвэр (10:0) ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Лей Чунд цэвэр ялагдсан. Тэгвэл Узбекистаны Актенге Кеунимаеватай хүрэл медалийн төлөөх барилдаж 8:2-оор ялав.
55 кг (9): 1. Саки Игараши (Япон), 2. Ох Хью Мин (БНСУ) 3. Эрхэмбаярын Даваачимэг (Mонгол),Луо Ланнуан (БНХАУ)
Э.Даваачимэг 1/4 шигшээд Энэтхэгийн Лалита Лалитаг 6:0-ээр ялсан ч хагас шигшээд Японы Саки Игарашид 0:3-аар ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Назгул Нураханыг оноогоор цэвэр (14:4) ялснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгав. 
59 кг (10): 1. Ронг Ниннин (БНХАУ) 2. Набира Эсенбаева (Узбекистан) 3. Баатаржавын Шоовдор (Mонгол), Сангеета Сангеета (Энэтхэг) 
Б.Шоовдор тэгшитгэлд Вьетнамын Ти Вин Нгиенийг, шөвгийн наймд U-23 болон залуучуудын дэлхийн аварга Японы Юзүрү Күманог тус бүр цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга БНХАУ-ын Рон Ниннингэд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайландын Айнфен Пимсупакыг 29 секундэд оноогоор цэвэр ялав. 
68 кг (9): 1. Зоу Фенг (БНХАУ) 2. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол) 3. Ирина Казюлина (Казахстан), Меерим Жуманазарова (Кыргызстан)
Ш.Түмэнцэцэг 1/4 шигшээд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, Энэтхэгийн Дивя Какраныг цэвэр (10:0), хагас шигшээд Кыргызстаны Меерим Жуманазароваг 2:2-оор ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн аварга БНХАУ-ын Зоу Фенгэд оноогоор (0:10) цэвэр ялагдав. Энэ нь түүний Азийн АШТ-ий дөрөв дэх медаль болж байна.
76 кг (9): 1. Зоу Киан (БНХАУ) 2. Хироэ Сүзүки (Япон) 3. Эльмира Сыздыкова (Казахстан), Хван Юн Жу (БНСУ)
А.Чанцалнямаа 1/4 шигшээд БНХАУ-ын Зоу Кианд 1:6-гаар, хүрэл медалийн төлөөх барилдаанд "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Эльмира Сыздыковад оноогоор цэвэр (2:12) ялагдлаа. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл