Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлсэн. Тэмцээний эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог 10:0-оор хожиж алтан медаль хүртлээ. Олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо эхний тойрогт манай С.Цэрэнчимэд, хагас шигшээд Э.Гантуяаг ялснаар финалд хүрсэн юм. "Алдар" спорт хорооны тамирчин П.Орхоны багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаатар нар юм. Түүнчлэн өчигдөр манай эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм. Манай бөхчүүд 1990 оноос тус тэмцээнд оролцож ирсэн хугацаанд 8 дахь алтан медалийг П.Орхон авлаа.