Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Д.Басандорж: Уудаг усаараа машин, шалаа угаадаг улс дэлхийн хаана ч байхгүй
Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дэлхийн усны өдрийг манай улс 10 гаруй жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутагт усны бохирдолын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон. Тэгвэл усны бохирдолыг бууруулах судалгаа хийсэн" Монголын усны түншлэл" ТББ-ын тэргүүн Д.Басандоржтой ярилцлаа.
"СҮҮЛИЙН 100 ЖИЛД ҮНЭ НЬ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ГАНЦ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ УС"
-Энэ сарын дундуур усны анхдугаар чуулга уулзалтыг хийсэн гэсэн. Тус чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
Эхлээд хоёр сайн мэдээ дуулгая.
- Улаанбаатарын бохир өмхий үнэрийн асуудал монголчуудыг түгшээж байгаа асуудлыг нэг. Тэнд байгаа лагын хар шороонд хөрс суулгах технологийг судлаад амжилттай үр дүнд хүрсэн байгаа. Мөн усыг цэвэршүүлэх лагийн бохирдолын хэмжээг багасгах туршилт судалгаа нэлээд үр дүнтэй болсон. "Монголын усны түншлэл" гээд байгууллага “Дэлхийн усны аюулгүй байдлын төлөө” гэсэн уриатай байдаг. Олон жил усны салбарын талаар ярьлаа. Тэгээд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь зөв зөв оновчтой арга гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгээд энэ сарын 18-нд хүүхэд залуучуудыг Усны анхдугаар чуулга уулзалтыг хийгээд 2 асуудлыг авч хэлэлцсэн. Нэгдүгээрт, усны үнэ цэнэ үнэлэмжийн асуудал. Хоёдугаарт, усны нөөц ба менежмэнтийн асуудлыг ярьсан.
Усны төлөө олон юмыг ярих биш бодьтой юмыг хийж бүтээх ийм цаг үе ирсэн. Сүүлийн 100 жилд үнэ нь өөрчлөгдөөгүй ганц бүтээгдэхүүн нь ус байгаа. Ийм үнэ цэнэгүй болсон юмыг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Усыг стартегийн ач холбогдолтой гэж ойлгохгүй байна. Гэхдээ сүүлийн жилд усыг хайрлан хамгаалах сэтгэлзүй өөчрлөгдөж байна.
-Таны хувьд усны бохирдолыг бууруулах судалгааг хийсэн гэсэн. Усыг бохирдуулж буй хүчин зүйлс нь юу байна. Цаашид үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Агаар ус, хөрсний орчны бохирдолын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болсон. Усны нөөц асар их хэмжээгээр бохирдож байна. Жишээ нь 702 км урсдаг Туул гол гэхэд Орхон гол руу нийлэлтээ тус голыг бохирдуулж байна. Цаашаа байгаль далайг бохирдуулах аюултай болсон. Бүх цэвэрлэх байгууламжуудын бохир усыг цэвэрлэдэг байгууламж байх ёстой байтал бохирдуулдаг байгууламж л байна. Туул голын хамгийн том бохирдол нь Улаанбаатар төв цэвэрлэх байгууламж ярьдаг болчихоод байна. “Бохир ус” гээд хоёр үг байгаа биз. Бохирыг нь авчихаар ус л үлдэнэ. Үүнийг нөөц баялаг гэж харах ёстой. Бохирыг нь авчих юм бол Улаанбаатар хэзээ ч усаар гачигдахгүй. Энэ технологийн судалгааг сүүлийн 5 жил хийж байна. Үндэсний хэмжээний бохир усыг цэвэршүүлэх аргыг бид гаргаж авсан. Манай сайд дарга нар гадагшаа яваад цэвэр ус уучихдаг харин бид нар бохир усыг буцаагаад цэвэрлээд уух боломжтой техник технологийг монголчууд нэвтрүүлсэн байгаа. Улаанбаатарын бохирын үнэр, бохирыг бүрэн цэвэршүүлсэн. Үүнийгээ Засгийн газрын холбогдох гишүүдэд танилцуулсан. Бидний санаачлагыг дэмжих эсэхийг мэдэхгүй байна. Бид нарын зүгээс "Дэлхийн ус"-ны өдрийн хүрээнд энэ асуудлыг шийдэх гарц шийдэлийг гаргаж ирсэн.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Гомдолтой, хэрүүлтэй, жагсаалтай АН-ын сонгууль
Ардчидсан нам Үндэсний бодлогын хорооны гишүүд дундаа сэлгээ хийх зорилгоор дотоод сонгуулийг зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд АН-ыг дотоод үйл ажиллагаандаа “салхи” оруулдаггүй, ротаци явуулдаггүй гэх шүүмжлэлийг гишүүд нь хэлсээр ирсэн. Тэгвэл энэ удаа тус нам ротацийг хийсэн шиг хийв.
Нөлөө бүхий гишүүдийг хөөлөө
Н.Алтанхуягийн Алтангадасаас С.Эрдэнийн Шонхорын фракцид шилжсэн АН хамгийн эхэнд идэвхгүй, сул гишүүдээ хөөсөн. Тодруулбал, тус нам энэ сарын 5-нд ҮБХ-ндоо ротаци явуулж, гишүүдээсээ 118 хүнийг хөөсний дунд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр, Б.Болор, Э.Эрдэнэ нар байв. Тэднийг жилийн гурван сая төгрөгийн татвараа төлөөгүй, намын үйл ажиллагаанд идэвхгүй хандсан, оролцоо багатай гэж ҮБХ-ноос шахан гаргасан гэдэг. Харин тэдний оронд С.Эрдэнийн хүмүүс буюу нийгмийн даатгалд ажиллаж байсан хүмүүс орсон гэж Баабар өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн билээ. Дээрх нэрсийн жагсаалт нь АН-ыг лидерүүдээ хөөгөөд явуулчихлаа гэх ойлголтыг олон нийтэд өгөөд амжлаа.
Хөөгдсөн гишүүдээс Ч.Сайханбилэг Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бүртгүүлсэн ч өөрийн хүсэлтээр нэрээ татсан. Мөн УИХ-ын гишүүн асан А.Бакей дотоод сонгуульд оролцохоор бүртгүүлсэн ч нэрээ татсан байна. Харин Үндэсний бодлогын хорооноос хасагдсан УИХ-ын гишүүн асан Б.Болорын хувьд энэ удаад Архангай аймгийн чөлөөт суудалд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн. Мөн Олимпийн аварга Н.Түвшинбаяр Үндэсний бодлогын хорооны чөлөөт суудлын гишүүнд дахин өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн юм.
С.Эрдэнэ даргын хувьд идэвхгүй хүмүүсийг хөөхөөс өөр аргагүй гэх тайлбарыг хэлсэн. Гэхдээ идэвхгүй нөхдөд сануулаад, идэвхжүүлээд явж болох л. Тэр зүгээр л өөр фракцийнханыг далим хөөн шахаж гаргасан нь энэ байв.
Ийнхүү дуулиан шуугиантай эхэлсэн АН-ын дотоод сонгууль өчигдөр 07.00 цагаас эхлэн 19 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт болж өндөрлөв.Харин Булган, Орхон аймагт аймагт малын шүлхий өвчин гарсан учраас санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Сонгуулийн үеэр нэгэн маргаан дэгдсэн нь Баянзүрх дүүрэгт өөр намын харьяалалтай хүмүүсийг нэр дэвшүүлж, санал өгөх эрхтэй гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхан шатны үүрүүддээ өгөөгүй, мөн саналын хайрцаг авч зугтаасан зэрэг зөрчлүүд гарсан байна. Дотоод сонгуулийн санал хураалт болохоос өмнө тус дүүргийн намын хорооны гишүүд жагсаал зохион байгуулсан билээ. Дэлгэрэнгүй
мэдээллийг энд дарж үзнэ үү.
Авлигатай тэмцэх газрын сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хураа өнөөдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр мэдээлэл хийлээ. Хуралд тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар оролцов. Мэдээллээс онцлон тоймлон хүргэе. Өнгөрсөн сард албан тушаалтнуудын ХАСХОМ-т хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад 3 албан тушаалтны ХАСХОМ зөрчилтэй гарсан байна. Үүнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаН.Энхболд нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Мөн 2017 оны ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаагүй Төрийн банкны Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн. Мөн Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шалгаж албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нь тогтоогдсон 9 гомдол, мэдээлэл байна.
Мөрдөн шалгах хэлтсээс 3 дугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 86 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгаж одоо 20 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.
УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР АСАН Д.АРВИН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Мөрдөн байцаах хэлтэст төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг шалгаж байна. Үүнд нийт 319 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсанаас 21-д нь эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, 6 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий компаниар зураг төсөлгүй барилга бариулж онц их хэмжээний мөнгө завшсан гэх Д.Арвин нарт холбогдох хэрэг, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, ерөнхий ня-бо Б.Туяа нарт холбогдох улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох 1.2 тэрбум төгрөгийн орон сууц авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар улсад 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ нь бусдаас газрын төлбөр нэрийдлээр албаны эрх мэдлээ урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгон мөнгө завшсан зэрэг нийт 26 холбогдогчтой 24,4 тэрбум төгрөгийн хохиролтой 21 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөн доорх эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэхээр ажиллагаа явуулж байна.
Үүнд ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онуудад өөрсдийн хамаарал бүхий 9 компаниар дамжуулан онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт Д.Одончимэг нарыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд нэмж тогтоогдсон үйлдлүүдэд ял нэмж сонсгох ажиллагаа явуулж байна. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.
АТГ: Г.Алтан, Жастын Ш.Батхүү нарын хооронд мөнгө төгрөг шилжсэн эсэхийг байцаана
АТГ-аас өнгөрсөн сард хийсэн ажлын тайлангаа танилцуулж өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Мэдээллийн дараа АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос "Алтжин" компаний захирал Г.Алтанг цагдан хорьсон гэх асуудалд хариулт авсан юм. Тэрбээр "Алтжин" компанийн захирал Г.Алтанг АТГ дуудаж байцаалт авна. Ингэхдээ Жастын Ш.Батхүү нарын хооронд мөнгө төгрөг шилжсэн, тодорхой ашигт малтмалын лиценз худалдаж авч, хоорондоо шилжүүлсэн гэх мэт харилцаа үүссэн байдаг. Энэ асуудлаар Г.Алтанаас өмнө нь тайлбар, мэдүүлэг авсан байдаг" гэв.
Цэцийн гишүүн Д.Сугараас байцаалт авна
Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр АТГ-аас “Жаст” групптийн зээл авсан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Яг энэ асуудлаар МУ-ын Ерөнхий сайд асан С.Баяр мэдүүлэг өгсөн.Тодруулбал, С.Баяраас гэрчийн байцаалт авсан. Ж.Батхүү гэдэг хүн хэдэн компани байгуулснаас эхлээд шалгаж байгаа. Стандарт банкнаас хэдий хэмжээний зээл авсан болон зээлийг хаашаа юунд зарцуулагдсан, ямар компани, хувь хүний данс руу орсон зэргээр шалгаж байна. Энэ хэрэгт Төрийн өмчийн хороо зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд холбогдсон байдаг.
ТӨХ-ны дарга асан Д.Сугараас гэрчээр байцаалт авсан. Гарын үсгийг хуурамч байх магадлалтай гэсэн шинжээчийн урьдчилсан дүгнэлт гарсан байдаг. Манай газраас уг асуудлаар ТӨХ-ны дарга асан одоогийн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугараас дахин тайлбар байцаалт авна" хэмээн хэллээ.
АНХААР: Хуурамч доллараар гүйлгээ хийхийг завджээ
Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан үйлдэл өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад хоёр бүртгэгдсэн байна. Тодруулбал, “Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн банкны салбарт хуурам дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна” гэх мэдээлэл энэ сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Орхон аймгийн харьяат Б /эрэгтэй/ нь хуурамч 100 долларын дэвсгэртээр гүйлгээ хийх гэж байсныг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Мөн энэ сарын 26-ны 00:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн иргэн Б /эмэгтэй/ нь Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн банкинд хуурамч 100 долларын дэвсгэртээр гүйлгээ хийх гэж байсныг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Улмаар хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах
1. Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр
жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Иймээс иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Ирэх сарын 15-наас дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Энэ бүсчлэлийг зуны улирал буюу 04 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байдаг. Энэ дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ.
Монгол бөхийн өргөөнд ёс зүйгүй авир гаргасан гарьд Н.Ганбаатар уучлалт гуйжээ
Үндэсний бөхийн холбооны “Их эе”-ийн хурлаас цэцдийн зөвлөлийн гишүүн Монгол Улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, гарьд И.Доржсамбуу, Д.Рагчаа, заан Ц.Мягмарсүрэн, Ц.Магалжав, Б.Сайнбаяр, харцага Т.Өсөх-Ирээдүй нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол бөхийн өргөөнд ёс зүйгүй авир гаргаж, олон түмнийг бухимдуулахад хүргэсэн гарьд Н.Ганбаатарын уучлалт хүссэнийг заан Ц.Магалжав уламжиллаа. Мөн Л.Чинбат, Ж.Ганболд тэргүүтэй хүмүүсийн жилийн өмнө зохион байгуулсан “Их эе”-ийн хурал хууль бус гэж энд ирсэн бөхчүүд үзэж байгаа талаараа өөрсдийн байр сууриа илэрхийллээ. МҮБХ-ны тэргүүн өмнө нь холбооныхоо гүйцэтгэх захиралыг томилдог байсан бол шинэ дүрмээр Тэргүүлэгчдээс томилдог болж өөрчилжээ.
Шороон болон цасан шуурга шуурна
Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын баруун, Завхан, Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр салхи баруунаас секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
26-27-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч хүчтэй салхи шуургатай байх тул шар усны үерийн болон болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 28, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
Бусад хугацаанд өдөртөө дулаарна гэж Цаг уур, Орчны шинжилгээний газраас мэдээллээ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III хуралдаан болж өнгөрлөө. Энэхүү хуралдааныг Монголын талаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БНСУ-ын талаас тус улсын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюн нар даргалсан юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Монгол,Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Монгол Улс, БНСУ-ын өнөөгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашид хөгжлийн чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, иргэд хоорондын визний асуудал, Монгол Улс, Солонгос Улс хооронд байгуулсан буцалтгүй тусламж, зээл, төсөл хөтөлбөрүүдийн талаар ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг дээр санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Ерөнхий сайдыг БНСУ-д айлчах үеэр яригдсан хэд хэдэн асуудлыг эрчимжүүлэх талаар ч санал солилцсон.
-Тодорхой ямар саналууд тавьсан бэ?
-Бидний зүгээс аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, байгаль орчны салбарт БНСУ-тай хамтарч ажиллах, БНСУ-ын ААН-үүдтэй эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, тэдний зүгээс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх саналыг тавьсан. Мөн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, харилцан визгүй зорчих асуудлыг нэн дариу шийдэх, далайн тээврийн мэргэжилтнүүд бэлтгэхэд БНСУ Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр болсон.
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авахаар болсон 500 сая.ам долларыг хэрхэн зарцуулах талаар санал солилцсон уу?
-БНСУ-аас Монгол Улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэхээр болсон 500 сая.ам долларын ерөнхий нөхцөлийг онцгой нөхцөл байдлаар харгалзан, хугацааг нь эрчимжүүлье. Энэ асуудлаар дахин 4 дүгээр сард хуралдаж, зарцуулалтыг нарийвчлан ярилцъя гэж тохирсон. Тэр болтол Сангийн яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалтаар цаашид хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт нийтлэг ярих асуудлуудаа тодорхой болгохоор санал нэгдсэн.
-Монгол Улсын Засгийн газраас 500 сая.ам долларыг хэрхэн зарцуулах тал дээр ямар санал тавьж байгаа вэ?
-Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулах гол арга хэмжээг орон сууцжуулах гэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор эрчим хүч, дулааны дэд бүтцийн шугам татах, орон сууцны хороолол барих, Улаанбаатар хотын агаарын бохирдолд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа нийтийн тээвэрт парк шинэчлэл хийе гэдэг саналыг хүргүүлсэн. Одоогоор БНСУ-аас хариу хүлээж байна.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаас Швед улсад суугаа Онц бөгөөд бүрэх эрхт Элчин сайд М.Энхсайханаас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор байцаалт авахаар Прокурорын ерөнхий газрын дуудан ирүүлэх хуудсыг Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох Элчин сайдын яаманд нь хүргүүлээд байгаа талаар мэдээлэл хүргэсэн. М.Энхсайханыг Тавантолгойн гэрээний Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэсэн талаар АТГ-аас мэдээллээ. Элчин сайд М.Энхсайхан АТГ дуудсаны дагуу Монгол Улсад ирсэн байгаа бөгөөд яг одоо байцаалт өгч байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар мал амьтны гоц халдварт шүлхий өвчин 8 аймгийн 23 суманд оношлогдон хорио цээрийн дэглэм тогтоож, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчин зөөвөрлөгдөн ирэх, улмаар цаашид дамжин тархахаас урьдчилан сэргийлэх ажлын явцад хяналт тавьж мэдээлэл өгөхөөр Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын удирдлагууд өнөөдөр ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны постууд дээр ажиллаж авто тээврийн хэрэгсэлд хийж байгаа ариутгал халдваргүйтлийн ажлын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн онцгой комиссын 2018 3 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Хан-уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун туруун, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4-р зөрлөг, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэд ариутгал халдваргүйтлийн пост гарган 24 цагаар ажиллуулж байна.
Орон нутгаас нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтэрч байгаа, дамжин өнгөрсөн бүх тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйтэлд бүрэн хамруулж байна.
Нийслэлийн онцгой байдлын дэд дарга А.Дашням “Нийслэлд өнгөрсөн онд Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байсан. Тэгэхээр бид өвчнийг нийслэл хотод нэвтрүүлэхгүйн тулд ажлын хэсэг хуралдаж хотыг тойрсон 9 пост ажиллуулан 24 ажиллаж байна. Нийслэлийн мал эмнэлгийн газар, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран цэгүүдэд ариутгал халдваргүйтлийн ажлыг зохион байгуулж байна. Шүлхийн өвчний гаралт суурьшлийн бүсээс гарч байгаа учраас нийслэл хотоос мал бүхий иргэдийг гаргах асуудлыг зайлшгүй хөндөх ёстой. Нийслэлд 16 мянга орчим мал байгаагаас суурьшлын бүсээс мал бүхий иргэдийг гаргах ажлын хэсэг ажиллаж 3 мянга орчим малыг гаргаад байна” гэж ярилаа.
Ариутгал халдваргүйтэл хийж байгаа 8 цэгт Нийслэлийн мал эмнэлгийн газраас малын их эмч 20, дүүргүүдийн хувийн хэвшлийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдээс малын их эмч, мэргэжилтэн нийт 60 гаруй хүн ажиллаж байна.
Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш “Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 5 дугаар сарын 1-нээс хийгдэж эхэлнэ. ОХУ-аас ирэх сарын дундуур вакцин авахаар төлөвлөж байна. Уг вакцинжуулалтад шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг хамруулна” гэлээ.
Ариутгал халдваргүйтэлд ашиглаж буй ариутгалын бодисууд нь олон улсад туршигдаж зөвшөөрөгдсөн өвчнийг нянг идэвхгүйжүүлдэг. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд нянгийн идэвхжлийг бууруулдаг лимоны хүчлийг ашиглаж байгаа юм. Малын гоц халдварт шүлхий өвчин 2001 онд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт, 2006 онд Хан-Уул дүүрэгт, 2017 онд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд гарч хорио цээрийн дэглэм тогтоож нийт 619 толгой мал амьтныг устгалд хамруулсан байна.