8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хурдан морины уралдааныг 6-р сарын 1-нийг хүртэл хориглож, Цагдаагийн нохой малын хулгайчийг халуун мөрөөр нь барьсан өдөр

2018-03-27 18:40:00

Хатуу хахир өвлийн өдрүүд алслан холдож урин дулаан хаврын аль хэдийн айлчлан ирсэн.  Хүн бүр л хаврыг мөрөөдөж мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээдэгсэн. Өдрөөс өдөрт харсаар байтал модод ногоороод хоног сунаж өдөр уртсаад л хүмүүсийн алхаа гишгээ хүртэл аажуурч хавар үнэхээр хүсэхээр ч ирдэг л дээ. Гэхдээ таны хаврын улиралд зайлашгүй анхаарал зүйл их байна. Наад зах нь хаврын улирал эрс тэрс уур амьсгалтай байдаг учраас ялангуяа хүүхнүүд бид арьсаа онцгой арчлах хэрэгтэй байдаг. Хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг. Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг. Тиймээс та бүхэн ус их  ууж биеийн дотор гаднын усны хэмжээг хангалттай байлгах. Шингэн зохих хэмжээгээр ууж, биеийн доторх усны хэмжээгээ хангалттай байлгаарай. Байнга усанд орох, нүүрээ угаах зэрэг нь арьсанд ус нөхвөрлөж, чийглэг байлгаж чадна. Үүнээс гадна, нүүрээ уураар үлээлгэж байвал маш сайн гэдгийг сануулая. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ц.Магалжав: Бөхийн өргөөг хэн нэгэн хувьдаа авах ямар ч боломжгүй

Бөхчүүдийн нэг хэсэг нь цугларч өнгөрсөн амралтын өдөр “Их Эе” хурлаа зохион байгууллаа. Уг хурлаар бөхийн холбоог тасралтгүй 28 жил удирдсан Р.Нямдорж ажлаа хүлээлгэн өгч шинэ тэргүүнээр УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгов. Мөн Цэцдийн зөвлөлийн гишүүдээ шинэчилсэн юм. Харин Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Дархан аварга УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын хэсэг бөхчүүд уг хурлыг хууль буй хэмээн үзэж буй. Сүүлийн жилүүдэд хоёр хуваагдаад буй бөхчүүдийн асуудлыг цаашид хэрхэх болон  бусад асуудлаар МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн, Улсын заан Ц.Магалжавтай ярилцлаа. 

Монголын Үндэсний Бөхийн холбоо нь үйл ажиллагаа нь жигдэрсэн хамгийн сайн холбоо юм

-    Өнгөрсөн амралтын өдөр хуралдсан “Их эе” хурлыг Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй хүмүүс хууль бус хэмээн үзэж байна. Та уг хуралд оролцсон хүн.Та бүхэн үнэхээр хууль бусаар хуралдсан юм уу? 

-    Сүүлийн өдрүүдэд Монголын үндэсний бөхтэй холбоотой асуудлууд хөндөгдөж байна. Өнгөрөгч бямба гаригт МҮБХ-ны наймдугаар “Их эе” хурал болсон. Монгол бөх нь Монголын ард түмний нэгэн өв соёл учир хүмүүс анхаарлаа хандуулдаг нь аргагүй юм. МҮБХ-ны хаалгыг эвдэж орсон хэрэг гарсан нь бөхчүүд бидний хувьд эмзэглэмээр санагдаж байгаа. Монгол бөх хоёр хуваагдах ёсгүй. Бид бусад сагсан бөмбөгийн холбоо гэх мэт холбоонууд шиг хоёр хуваагдаж болохгүй. Тиймээс “Их Эе”-ийн хурлаа амжилттай хийж олон асуудлыг шийдсэн. “Их эе”-ийн хурал 200 хүний бүрэлдэхүүнтэй болох ёстой ч 153 төлөөлөгч оролцсон. 21 аймгаас Дундговь, Увс аймгийн төлөөлөл ирээгүй. Улсын цолтой бөхчүүдээс Улсын аварга, гарьд, заан цолтонгууд автоматаар хуралд оролцдог. Хурал нийт 70 хувийн ирцтэй болсон. МҮБХ-нд гарч байгаа маргааныг бөхчүүд өөрсдөө шийдэхийг уриалж байгаа. Учир нь мандатын дүнгээр 153 бөхөөс 50 нь эдийн засагч, 14 инженер, 12 хуульч, эрхзүйч  гэх мэт мэргэжилтэй хүмүүс байгаа юм. Тиймээс бид өөрсдөө асуудлаа бүрэн шийдвэрлэх боломжтой. Хууль ёсны хурал болсон гэж  ойлгож болно.

-   “Их эе” хуралд Х.Баянмөнх, А.Сүхбат зэрэг хүмүүсийг уриад бүгдээрээ асуудлаа ярилцаад нэг талд нь шийдэж болоогүй юм уу. Тэднийг урьсан уу? 

-    “Их эе” хуралд аваргаас эхлээд арслан заан гээд бүхий л бөхчүүд оролцох ёстой байсан. Гэтэл ажилтай байсан уу, яасан ирээгүй. Оролцох эрх нь нээлттэй. 

-    Тэргүүнээрээ УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгох болсон  шалтгаан тань юу вэ? 

 МҮБХ-ны тэргүүн нь өөрөө бөх хүн байж асуудлыг зөв шийднэ гэсэн дүгнэлтэд бид хүрсэн. Дархан аварга цолтой хүн Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон нь хамгийн зөв сонголт, зөв шийдэл, зөв гарц хэмээн бөхчүүд бид бүхэн харж байгаа. Тэргүүнийг сонгосны дараагаар цэцдийн зөвлөлийн гишүүдийн тухай яригдана. Цэцдийн зөвлөлийг 200 төлөөлөгч дундаас нууц санал хураалтаар сонгодог. Нийт 67 хүнийг цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгодог журамтай. Цэцдийн зөвлөлийн 24 хүн нь орон нутгаас автоматаар сонгогддог юм. Үлдсэн 43 хүнийг нууц санал хураалтаар сонгодог. Өмнөх цэцдийн зөвлөлийн гишүүдийн 50 хувь нь бөхчүүд байдаг байсан. Үлдсэн нь засуул гэх мэт хүмүүс байдаг байлаа. Харин энэ удаад 90 гаруй хувь нь улсын цолтой бөхчүүдээс бүрдэж байхаар журам баталсан. Сая зохион байгуулагдсан “Их эе”-ийн хурлаар дөрвөн цаг гаруй хуралдаж, дүрэм журамдаа нэлээн өөрчлөлт оруулсан.  Батлагдсан дүрмийн дагуу цэцдийн зөвлөлийн 67 гишүүн дөрөвдүгээр сарын 5-нд хуралдаж тэргүүлэгчдээ сонгоно. Тэргүүлэгчид цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөө гаргана. Мөн маргаантай барилдааныг удаашруулсан бичлэг үзэж шийдвэрлэдэг болох журмыг баталсан. МҮБХ нь эвээр нэгдсэн холбоо . Нийт 3000 гаруй бөх байдаг. Эдгээр хүмүүс эвээр нэгддэг. Цаашид ч эвээ эеээ хичээн ажиллах болно. 

-    Үндэсний бөхийн холбооны хуучин тэргүүн орон тооны байсан бол сая сонгогдсон  шинэ тэргүүн нь орон тооны  бус болсон. Тэгэхээр орон тооны бус тэргүүнтэй  байх нь тус холбооны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бол? 

-    Бөхийн холбооны ажилд бөхчүүд өөрсдөө идэвхтэй  оролцох ёстой. Хуучин тэргүүн нь холбооныхоо бүхий л ажилд гар бие оролцдог байсан. Харин одоо үүнийг өөрчлөөд тэргүүн болон дэд тэргүүнийг орон тооны бус болгосон. Өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгэх захирал гүйцэтгэхээр болсон. Гүйцэтгэх захирал нь тэргүүлэгчдээрээ ажлаа батлуулж байж асуудлыг шийдвэрлэнэ. Хуучин тэргүүн нь бүхий л ажлаа өөрөө хийдэг байсан. Нэг хүнд их давуу эрх олгосон байсан байна лээ. Өмнө нь 11 тэргүүлэгчтэй байсан. Төсвөө батлахад 11 тэргүүлэгчийнхээ 50 хувийнх нь саналыг авахад л хангалттай байсан бол одоо 15 тэргүүлэгчийн 11 хүний ирцээр төсвөө баталдаг болж байгаа. Гүйцэтгэх захирлын эрх үүргийг тэргүүлэгчид шийдэж өгдөг болсон. 

-    Та цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөхийнхөө хувьд бөхийн холбоонй үйл ажиллагаанд ямар ажлыг хийе гэж төлөвлөж байгаа вэ? 

-    . Залуу дунд үеийн төлөөлөл уг асуудлыг уг хагарлаас эхлээд олон  асуудлыг эмхэлж  цэгцлээд шийдээд явъя гэж бодож байна. Шинэчлэх шаардлагатай асуудлыг шинэчлээд явна. Гэхдээ юуг шинэчлэх вэ гэдэг чинь тусдаа асуудал шүү дээ.  Сая болсон наймдугаар “Их Эе хурлаар Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 153 төлөөлөгчөөс 123 хүний санал авчээ. Харин Дархан аварга Г.Өсөхбаяр -120, аварга Г.Эрхэмбаяр-113, Д.Ганхуяг арслан-107, Д.Азжаргал арслан-102, Н.Ганбаатар-100, И.Доржсамбуу-107, Улсын харцага Ц.Магалжав-115, Т.Өсөх-Ирээдүй-116, Ц.Мягмарсүрэн заан-98 санал тус тус авснаар цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Бид хөлийн цэцээс эхлээд дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах зэрэг олон асуудлыг цэгцлэх шаардлагатай байгаа. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Ц.Дуламсүрэн: О.Одсүрэн удаа дарааллан Богдхан уулын Дархан цаазат газарт газар ухахыг оролдож байна

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газарт буюу Зайсангийн зүүн аманд иргэн О.Одсүрэн зөвшөөрөлгүй, хууль бусаар газар ухаж, ухахыг завдсан хэрэг өнгөрсөн 7 хоногт гарсан билээ. Тус хэргийн талаар Богдхан уулсы Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.  

-Өнгөрсөн 7 хоногт иргэн О.Одсүрэн зөвшөөрөлгүй хууль бусаар Зайсан зүүн аманд газар ухсан хэрэг гарсан. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлээд байна вэ?

- Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан толгойн зүүн талд иргэн О.Одсүрэн нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын суурийн газар шорооны ажил явуулж, Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан үйлдэл гаргасан. Тус иргэний гаргасан энэхүү үйлдэл нь хүрээлэн байгаа орчинд шууд ба шууд бусаар хохирол учруулж болох нөхцөл байдал үүсгэсэн. Тиймээ  Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Зөрчлийн хэрэг нээн үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон. Одоогоор хяналт шалгалтын ажил явуулж байна. Энэ нь олон жиийн өмнөөс эхлэлтэй хэрэг. Иргэн О.Одсүрэн нь удаа дарааллан Богдхан уулын Дархан цаазат газарт газар ухаж, ухахыг оролдож байна.

-Иргэн О.Одсүрэн өмнө нь бас газар ухаж байсан гэсэн үг үү?

-Иргэн О.Одсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хоёр жил гарантай болж байна. Хэргийг ХУД-ийн Прокурорын газраас 2016 оны 11 дүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн барилгын нурааж газар чөлөөлүүлэх талаар ХУД-ийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт 2015, 2016, 2017 онуудад удаа дараа хандсан боловч газар чөлөөлөх шийдвэр гаргаагүй болно. Хамгаалалтын захиргаанаас 2017 онд НМХГ-ын Дэд бүтэц барилга техникийн хяналтын хэлтэст зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа талаар гомдол хүргүүлж Зөрчлийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байна.

Иргэн О.Одсүрэнгийн энэхүү хууль тогтоомж зөрчсөн үйлдэл байдал Богдхан уулын дархан цаазат газрын халдашгүй дархан байдлыг хөндөж байгаа хэрэг юм. Үүгээр зогсохгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл 33 дугаар зүйл, 36 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно”, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.12-д “Эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” гэж заасныг зөрчсөн үйлдэл болоод байна.

Энэ талаар нь тус иргэн шаардлагатай шаардах албан тооц, бичиг хүргүүлсэн ч бидний шаардлагыг хүлээж авахгүй гэнэт ирж газар ухаж эхэлдэг. Заримдаа машин техник авч ирээд шөнө оройн цагаар ухахыг завддаг.

-Иргэн О.Одсүрэнд газар ухах зөвшөөрөл нь бий юу. Ямар учраас энэ газрыг ухаж байгаа талаараа юу гэж тайлбарлаж байна вэ?

-БОАЖЯ-наас газар ашиглах зөвшөөрлөө авчихсан гэх үндэслэлээр ийнхүү Зайсангийн зүүн аманд газар ухаж байна. Гэтэл иргэн О.Одсүрэн нь тухайн газраа эзэмших зөвшөөрөлгүй. Тэгэхээр Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс ухаж болохгүй гэсэн шаардлага тавьсан байна. Тус шаардлагыг иргэн О.Одсүрэн хүлээж авахгүй байна.

-Ер нь Төрийн тусгай хамгаалалттай болон, дархан цаазат газруудад ийнхүү хууль, бусаар зөвшөөрөлгүй газар ухахыг завдсан хэрэг нэг биш удаа гарч байна гэдгийг та онцолж байна. Өөр ийм үйлдэл гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд хэр байна вэ?

-Ийм хэрэг ер нь гардаг. Нэг жишээ дурдахад Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд иргэн Б.Дайчинхүүнь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, бусдын ашиглалтын газарт тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсны улмаас тухайн газрын унаган төрх байдал алдагдахад хүрэх нөхцөл байдал үүссэн. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх, 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт /дархан цаазат газар/ хориглосон үйл ажиллагаа явуулан холбогдох хуулийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Х.Нямбаатар: Дансандаа нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгчийн дансыг шалгах ёстой

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар  мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Тэрбээр С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо"Шүүх засаглал ялзраад байна. Шүүгч нар хахууль авдаг байх магадлалтай. Дансандаа маш их хэмжээний мөнгөтэй шүүгч байна" гэж хэлсэн. Түүний энэ үгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхээс худал хэмээн мэдэгдээд өөрсдөөс нь уучлалт гуйхыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас шаардсан мэдэгдлийг гаргасан билээ. 

Энэ талаар Х.Нямбаатар гишүүн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж тавьсан ч 30 минутын дараа буцаан хаасан. Эндээс хэд, хэдэн дүгнэлт хийж болно.  Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго гэсэн. Энэ нь “Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая, өөрийнхөө дансанд нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч байна” гэдэг яриатай холбоотой юм. Энэ асуудлыг албажуулаад өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хүргэнэ. Хүүхдийнх нь нэр, дансыг ил болгохгүй. Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг. Харин тэр шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхолын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой.

Хоёр дахь асуудал бол 2010-2012 оны хоронд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хүчингүй болгосон лицензийг эргээж сэргээх шийдвэр гаргасан 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгах ёстой.  Нийт 36 аж ахуйн нэгжтэй холбоотой лицензийн асуудал хөндөгдөж байгаа. Бид компанийнх нь нэр устай, шийдвэр гаргасан шүүгч нарынх нь нэртэй хавсаргаж бичсэн байгаа. Үүнийг шалгуулна. Ингэхдээ 2018 он хүртэлх лицензтэй холбоотой асуудлыг шалгуулна. Өргөтгөсөн шалгалт хийж, эргэлзээг тайлах ёстой. Яагаад төрд хохиролтой байдлаар шийдвэрлэсэн юм бэ гэдэгт хариулт өгөх ёстой.

Бидний судалснаар бол лиценз эзэмшигч нь мэдэгдлийг гардаж аваагүй байсан гэсэн үндэслэлээр ихэвчлэн лицензийг нь сэргээсэн байдаг. Тайлбар гаргагч нь “Намайг Сингапурт амьдарч байхад лиценз цуцалсан” гэдэг ч юм уу. Захиргааны хэргийн шүүх нь мөн төлбөр төлөх хугацаанд гадаадад байсан зэрэг үндэслэлүүдээр лицензүүдийг нь сэргээсэн практик маш их байгаа. Сүүлдээ бүр Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэр үндэслэхгүй лицензийн эрхийг сэргээсэн практик бий болсон. Ийм учраас ашигт малтмалын 36 лицензийг сэргээсэн 22 шүүгчтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж өгөх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргаж байна” гэлээ.

Х.Хашбаатар: Шүүгчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж эхэлсэн

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо шүүгчийн цалин, хөрөнгө орлогын мэдээллийн талаар нотцтой мэдээлэл хийсэн. Тэгвэл шүүгчдийн цалин болон Төрийн өндөр албан тушаалтны ХОМ-ын талаар АТГ-ын  Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас тодрууллаа. Тэрбээр "Авлигатай тэмцэх газар ХОМ-ийг өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр шалгана.Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр дурдагдаж байгаа шүүгч нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу шалгаж эхэлсэн.Энэ талаар дараа жич албан ёсны мэдээлэл яригдах байх. Энэ жилийн хувьд 40071 албан тушаалтан ХОМ гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ХОМ гаргах ёстой албан тушаалтнууд бүрэн гаргадаггүй байсныг өнгөрсөн онд АТГ-ын ажлын хэсгийн шалгалтаар илрүүлсэн, мөн зарим албан тушаалын зэрэглэл нэмэгдэж хуулийн үйлчлэлд хамаардаг болсон учир энэ тоо бага зэрэг хэлбэлзсэн. Эдгээр 40 мянга орчим албан тушаалтны жилд дунджаар 500 гаруй албан тушаалтны ХОМ-ийг төлөвлөгөөт болон өргөдөл, гомдлын хүрээнд шалгадаг. Үүний дагуу авсан арга хэмжээ, хариуцлага тооцуулсан байдлыг нийтэд мэдээлдэг. Сая хийсэн мэдээлэл дотор 3 албан тушаалтанд сахилгын хариуцлага тооцуулсан тухай дурдагдлаа" гэв. 

Цагдаагийн нохой малын хулгайчийг халуун мөрөөр нь барьжээ

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаярын “Уран” дуудлагатай немц овчарк малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. 

Цагдаагийн дэслэгч Х.Шинэбаяр, албаны нохойн хамт энэ сарын 15-16-нд шилжих Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд нохойн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өндөр хаан” гэх газраас иргэн Б-ын таван тооны адуу алдагдсан хэргийг илрүүлсэн байна.

“Уран” дуудлагатай нохой нь хэргийн газраас үнэр авснаар гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлснийг шалгаж байгаа аж. 

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт үүрэг гүйцэтгэж байна.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болно

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно. Тэгвэл сүүлийн зургаан удаагийн Дэлхийн цомын аварга Ираны шигшээ баг АНУ-д очихоос татгалзжээ. Ираны эрэгтэй бөхчүүд өнгөрсөн жилийн Францын ДАШТ-д багаараа есдүгээр байрт орж эрхээ аваагүй. Парист багаараа тавдугаар байрт орсон Туркийн шигшээ баг Дэлхийн цомд оролцохгүй гэдгээ мэдэгдснээр Исламын орныхон тэднийг орлохоор болсон. Иранчууд “А” хэсэгт зохион байгуулагч орон АНУ болон Гүрж, Японы шигшээ багтай нэг хэсэгт багтсан. Гэсэн ч хэдий ч АНУ Исламын орнуудын дундах хурцадмал асуудал Ираны шигшээ багийг энэ жилийн Дэлхийн цомыг өнжихөд хүргэжээ. Зохион байгуулагчдын зүгээс Кыргызстаны шигшээ багт санал тавьсан ч зардал мөнгөнөөс гадна тэмцээн хэтэрхий тулсан учир тэд татгалзсан хариу өгсөн байна. Ираны шигшээ багийг орлох улсыг ДБНХ (UWW)-ноос удахгүй зарлах биз.

АТГ: Оффшор бүсэд данс нээлгэсэн 4 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Оффшор бүсэд Монгол Улсын иргэд хуулийн этгээд үүсгэн байгуулсан, банкинд данс нээлгэсэн асуудалтай холбоотой хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар Монгол Улсын иргэд гадаад улсаас хөрөнгө оруулалт татах, гадаадын иргэдтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын иргэдээр, эсвэл өөрийн биеэр болон интернетээр холбогдож БНХАУ, Сингапур, Хонконг зэрэгт байрлах зуучлалын үйл ажиллагаа явуулдаг компаниудаар дамжуулан Сейшел, Гибралтар, Бермуд, Британийн Виржинийн арлууд, Кипр зэрэг оффшор бүсэд хуулийн этгээдүүдийг байгуулсан болох нь тогтоогдсон талаар АТГ мэдээллээ. 

Айлуудын гэр нурж, өндөр хүчдэлийн шугамын тулгуур багана унажээ

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи секундэд 24 м/сек хүрч, шороон шуурга шуурчээ. Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн улмаас баруун аймгуудад олон барилгын дээвэр хийсч, гэр нуран, эрчим хүчний тулгуур шон унасан байна. Тодруулбал,
Ховд аймгийн Дуут сумын төвд гуравдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 24 м/с хүрч шороон шуурга шуурсаны улмаас сумын цэцэрлэгийн барилгын дээвэр хууларч, 10 айлын хашаа, 3 айлын гэр нурсан, мал бэлчээрлэх боломжгүй болжээ.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын нийт нутгаар гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас:
 

  • Өлгий суманд 6 байшингийн дээвэр, 1 хашаа, 1 сурталчилгааны самбар салхинд хийссэн, 1 блокон хашаа нурсан, Дэлүүн суманд цахилгаан дамжуулах шугамын тулгуур багана унасан,
  • Улаанхус сумын сургууль, цэцэрлэгийн дээвэр,
  • Толбо суманд 1 байшингийн дээвэр, Засаг даргын Тамгын газрын төмөр хашаа,
  • Сагсай суманд 1 байшингийн дээвэр, сумын МАН-ын байр, Эрүүл мэндийн төвийн хашааны төмөр, Буянт суманд 1 гэр, сургууль, соёлын төв, эмнэлгийн дээвэр салхинд хийссэн,
  • Толбо сумаас Дэлүүн сумын чиглэлийн цахилгааны  дамжуулах шугамын 2 ширхэг багана нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Увс аймгийн Тариалан сумын Тариалан багт гуравдугаар сарын 26-ны өдөр 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас иргэн З-гийн байшингийн дээвэр, иргэн Б-гийн гэр салхинд хийссэн тухай мэдээллийг 03.26-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан 5 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажилласан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.
 

Ховд аймгийн нийт нутгаар гуравдугаар 26-наас 27-нд шилжих шөнө 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурч,
 

  • Ховд сумын 18 байшингийн дээвэр, 7 айлын гэр, 10 айлын хашаа унасан. 8 машины шил хагарсан, Соёлын төвийн 2 цонхны шил хагарсан,
  • Мөнххайрхан сумын Соёлын төвийн дээвэр машин дээр унасан, 1 машины шил хагарсан, Хүүхдийн гэр цэцэрлэг унасан, 3 айлын гэр, 3 айлын хашаа унасан,
  • Дарви сумын Булган багийн 3 айлын гэр, 4 айлын байшингийн дээвэр унасан, сургуулийн хичээлийн төв байрны дээвэр унасан,
  • Манхан сумын Ботгот багийн Цэнхэрийн ам гэдэг газарт 1 айлын гэр унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment