8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Голомт Банк” ХХК-ийн газрыг хүчингүй болгож, Сагсан бөмбөгийн талбайд монголын уран нугаралтын охид үзүүлбэр үзүүлсэн өдөр

2018-04-09 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдрал өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүрэгхийн өмнө уншигч та бүхэндээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэе. 

Понзи залилан гэдэг үгийг сонсож байсан уу. Тэгвэл энэ луйврын систем Монгол Улсад орж ирээд гэнэн итгэмтгий малчин ард түмэн, хөдөө, орон нутгийн иргэдийг элсүүлэн, залилан мэхлэх ажлаа эхлүүлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Ирланд улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад бүртгэлтэй, 2016 оны сүүлчээр байгуулагдсан гэх “Stamford trading technologies” компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байгааг илрүүлжээ. Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад энэ компанийн санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон байна.

Тэд иргэдэд “Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа 5 хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22 хувь буюу жилд 1264 хувь гэх мэтээр өснө” гэж тайлбарлаж байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Ердөө ганц удаа хөрөнгө оруулалт хийгээд өөр юу ч төлөлгүй, ямар ч зарлага гаргахгүйгээр энэ хэмжээний ашиг олно гэдэг нь хэтэрхий бодит бус нөхцөл юм.

Понзи залилан гэдэг нь 1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзингийн гаргаж ирсэн “хөрөнгө оруулалтын” луйврын систем. Энэхүү схемийн бүтэц нь заавал пирамид байх шаардлагагүй бөгөөд Понзи схемийн удирдагч хүмүүсээс мөнгийг нь “хөрөнгө оруулалт” гэж хэлж авах ч юунд, хэрхэн хөрөнгө оруулалт хийж буй талаар дурддаггүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаас олох ашиг нь хаанаас ирж байна вэ гэдгийг хэн ч мэддэггүй аж. Харин хөрөнгө оруулалтын ашгаа хүртсэн хүмүүсийг даган дуурайж хөрөнгө оруулахаар ирсэн шинэ хүний төлбөрөөр өмнө элссэн хүнээс авсан өрөө төлөхөд л ашиглагдана гэсэн үг гэдгийг энэ төрлийн хууль бус ажиллагааг судлаач, мэргэжилтэн хэлж байна. 

Үргэлжлүүлэн Монголын нэг өдөр тойм булангаа хүлээн авна уу. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Д.Гантулгыг сугалж хаях "тоглоом"

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээсээ түтгэлзэх өргөдлөө өгөх үйл явц хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн хөндөгдөв.  “90 саяын Гансүхийн хэрэг” гэдэг шиг УИХ-ын гишүүн Д.Гантулгын “хэрэг”-ийг өнөөдөр мэдэхгүй хүнгүй болж.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн холбогдсон хэргийн талаараа “Гишүүний бүрэн эрхээсээ  татгалзах саналтай байгаа гэдгээ би олон удаа хэлж байсан. Өөрийгөө шалгуулж, үнэнийг олж тогтоолгоно. Үнэн, мөнийг олох асуудалд би үргэлж санаачлагатай байж ирсэн. Өнөөдөр  яллагдах тогтоолоо авсан учраас үүнээс өөр дэлгэрэнгүй  мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж ярьсан.

Түүний түтгэлзэх асуудлыг намын бүлэг нь өнгөрсөн баасан гаригт авч хэлэлцсэн. МАН-ын бүлэг хаалттай хуралдаанаараа уг асуудлыг нэлээн нухацтай авч хэлэлцээд тодорхой шийдэлд хүрч чадаагүй тарцгаажээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж маш тодорхой ярив. Тэрбээр “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөнддөг 6.9.1 гэх заалтыг  Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны дүгнэлтээр хүчингүй болгочихсон. Уг заалтыг хүчингүй болгочихсон учраас УИХ-аас түүнтэй холбогдуулан өөрчлөлт хийх ёстой. Тэр өөрчлөлтүүд нь хийгдээгүй. Хууль зүйн ойлгомжгүй төвөгтэй байдлууд бодитоор үүсчихсэн байгаа. Хууль зүйн байдал нь тодорхойгүй байхад прокурорын саналыг ингэнэ, тэгнэ гэсэн ойлголт байхгүй. Хуулиа цэгцлэхгүй бол болохгүй юм байна. Д.Гантулга гишүүн гишүүнээсээ түтгэлзэх бичиг өгсөн ч хэлэлцэх хуулийн бололцоо байхгүй гэсэн үг. УИХ-ын гишүүн гишүүнээсээ татгалзах, чөлөөлөгдөх л бололцоо байна. Түтгэлзэх боломжгүй. Хуулиараа боломжгүй гэсэн байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга намынхандаа хандан өөрийг нь хамгаалж үлдээхийг гуйсан талаар эх сурвалжууд хэлж байна.

Ямартай ч тэрбээр түтгэлзэх өргөдлөө өгсөн ч УИХ түүнийг нь хэлэлцэх хуулийн заалтгүй аж. Түтгэлзсэн тохиолдолд тэрбээр УИХ-ын гишүүний ажлаасаа түр чөлөөлөгдөөд шалгуулаад дуусах хүртлээ УИХ-ын гишүүний ажлаа хийхгүй болох юм. Харин татгалзвал бүр мөсөн чөлөөлөгдөнө гэсэн. Түүний хувьд татгалзах, чөлөөлөгдөх биш түтгэлзэх өргөдлөө өгсөн. Хуулийн байгууллагаар шалгагдаж дуусах хүртэл түтгэлзэж байна гэсэн үг. Гэтэл түтгэлзэх өргөдлийг УИХ хэлэлцэх ёсгүй учраас энэ асуудлыг зохицуулсан хуулиа тодорхой болгох шаардлагатай гэсэн үг. Тэр болтол энэ асуудал ойлгомжгүй хэвээр үргэлжилж, Д.Гантулга гишүүн ажлаа хийх юм.

Түүнийг шахаж буй хүн нь УИХ-ын дарга М.Энхболд нь гэх. Харин У.Хүрэлсүх хамгаалж үлдэхээр зүтгэж буй гэх мэдээлэл байна. Д.Гантулгыг шаварт бүр мөсөн унагаж УИХ-ын гишүүний суудлаас нь буулгах нь У.Хүрэлсүхийн нэр хүндэд халтай. Тиймээс ч М.Энхболдол энэ талын сонирхол байна гэсэн үг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

З.Нарантуяа: "Эрдэнэс таван толгой" ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийн хувьцааг 100 хувь иргэдэд эзэмшүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит  /2018.04.09/ хуралдаанаа хийж, Эрдэнэс таван толгой компанийг нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлал, УИХ, УИХ-ын гишүүдийн ёс зүй болоод бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа дараах мэдээллийг өглөө.

 " Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх, иргэдээ өрийн дарамтаас  чөлөөлөх тухай Ерөнхийлөгч яригдаж байсан юм. Тэгвэл энэ асуудал ажил хэргийн төвшинд нэлээд урагшилж байгаа юм байна. Учир  нь  Ерөнхийлөгч УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч Байгалийн баялгийн хуваарилалтын хуулийн төслийн үзэл баримтлал дээр өнгөрсөн хугацаанд ажиллажээ. Тус төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр бүлгийн гишүүдэд урьдчилсан байдлаар хийв. Ардчилсан намын бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжиж, Ерөнхийлөгч хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэгт оруулах нь зөв  гэж үзлээ.  УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуулийн төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг ганц компани нь "Эрдэнэс таван толгой" ХК юм. Гэтэл нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс болоод баялаг хөрөнгийг нь хэрхэн зарцуулах, ямар шалгуур шаардлага тавих эсэх гэсэн хууль байхгүй. Өнөөдөр иргэд нь 14 хувийг нь эзэмшиж байгаа хирнээ ногдол ашиг авч, үйл ажиллагаанд нь оролцож чадахгүй, удирдах албан тушаалд нь сонгогдож чаддаггүй.Гэтэл 86 хувийг эзэмшиж байгаа төр өрөнд оруулаад, зээл аваад энэ компанийг ашиггүй ажиллуулчихдаг.Борлуулалтын болоод бусад гэрээг ямар ч ашиггүй хийчихдэг. Муу засаглалтай компанийн үлгэр жишээ болоод явж байна. Тиймээс бид энэ компанийг нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийн зохицуулалтууд шинэчилж хуулийг батлахаар шийдсэн болохоо тодотгов. Хууль батлагдсанаар  маш олон давуу талууд бий болно гэдгийг танилцуулгад дурдсан. Тухайлбал, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийн хувьцаа 100 хувь  иргэдэд эзэмшүүлэх болно. Иргэдэд шилжсэнээр жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс нийт иргэд компанийн үйл ажиллагаанд тавих хяналт маш сайн ажиллана. Төр бол зөвхөн алтан хувьцаа эзэмшинэ. Энэ нь Компанийн тухай хуульд зааснаар ногдол ашиг авахгүй. Гэхдээ тухай компанийн хувь нийлүүлэгчид болон ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас улс орны эрх ашигт харш шийдвэр гаргавал хориг тавих эрхтэй үлдэх юм. Түүнчлэн энэ компаниас төлж байгаа ирээдүйн өв санд зэрэг татвар хураамж буурахгүй хэвээрээ байна. Харин ил тод нээлттэй засаглалтай болсноор борлуулалтын орлого нэмэгдэх болно. Тиймээс энэ компани тун удахгүй нээлттэй зах зээл дээр гарах бэлтгэл сайн хангагдана гэж бодож байгаа. Дагалдаж хэд хэдэн хууль гарна. Тухайлбал, Хүний хөгжил сангийн өрийг төлөөд өнөөдөр ирээдүйн өв сан хоосон байгаа. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хүчингүй болгох, Компанийн тухай хуультай нийцүүлсэн заалтууд зэрэг байгаа" талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-"Эрдэнэс таван толгой" ХК-ийн 86 хувийг иргэдэд эзэмшүүлэхдээ хэрхэн эзэмшүүлэх зэрэг нарийвчилсан зүйлийг төсөлдөө тусгах уу?

-Төсөлд  нарийвчилсан зүйл тусгагдсан. Хууль батлагдсантай холбоотойгоор УИХ-ын тогтоол гарна. Тэр тогтоолд иргэдэд 86 хувийг шилжүүлэх бүртгэлийг хэрхэн хийх зэргийг батлах юм.

-Иргэдэд тус компанийг 100 хувь эзэмшүүллээ гэхэд тодорхой хориг заалтууд байхгүй бол магадгүй иргэд бэлэн мөнгөний төлөө хувьцаагаа гадаадын иргэдэд худалдах зэрэг эрсдэл гарчих вий гэсэн болгоомжлол байна?

-Хуульд "тодорхой нөхцөл бүрдэж хувьцаагаа нээлттэй зах зээл дээр арилжиж эхлэх хүртэлх хугацаанд иргэд хувьцаагаа бэлэглэхгүй, зарахгүй" гэсэн хориглосон заалтууд байгаа.

-86 хувийг иргэдэд эзэмшүүлэхээр нэг иргэн хэд орчим хувьцаа эзэмших үү. Ногдол ашиг нь хэдэн төгрөг байх бол. Ер нь олон улсад нийтийн компани болгож байсан жишиг байдаг юм болов уу?

-Хувьцааны нэрлэсэн үнэ 933 байгаа. Энэ үнийг доошоо болгохгүй байхын тулд тус компанийг нийтийн компани болгох бэлтгэлийг маш сайн хангаж, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ёстой. Хэрвээ компани өөрөө үнэ цэнэтэй байвал хувьцааны үнэ буухгүй. Бусад оронд нийтийн өмчлөлийн компанийн хэлбэр байна. Нийт иргэддээ хөрөнгийн биржээр дамжуулаад бүх хувьцаагаа эзэмшүүлдэг 100 хувь нийтийн өмчлөлийн болсон компани байдаг.

-"Эрдэнэс таван толгой" компани ямар ч гадаадын зээл, өргүй гэсэн ойлголттой байгаа. Хэрвээ энэ хууль батлагдчихвал иргэд шууд ногдол ашиг хүртээд явах боломж бүрдэх болно гэж ойлгож болох уу?

-Тэгэж ойлгож болно. Тухайлбал, тус компани энэ жил 600 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Гэтэл 86 хувь нь ногдож байгаа төр өөрийнхөө ногдол ашгийг зарцуулчихсан. Харин иргэд авч чадахгүй байгаа. Тиймээс энэ хуулийн гол амин сүнс нь иргэдэд ногдол ашгаа авах эрхийг баталгаажуулж өгөх юм.

“Голомт Банк” ХХК, “Болд Энэрэл Өргөө” ХХК-гийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгов

Хотын удирдлагаас нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гарсан.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд тухайн газрыг хүчингүйд тооцож эзэмших эрхийг түдгэлзүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр хотын удирдлагууд “Голомт банк” ХХК, “Болд энэрэл өргөө” ХХК, “Жи жи эй” ХХК -иудын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгожээ.

“Голомт банк” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны “Нархан” хотхоны хойд талд байрлах 504 м² газрыг 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Жэй кэй си” ХХК-с шилжүүлэн авсан боловч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбай болох ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1522м2 газрыг “Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон байсан бөгөөд эзэмшигч нь энэ газар дээрээ мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилийн хугацаанд ашиглаагүйг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгов.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэх зурвасын хамгаалалтын хашааны зүүн урд талд байршуулан иргэн Э-д 4.0 га газрыг эзэмшүүлэхдээ бусдын эзэмшилд байгаа газруудтай давхцуулан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр эрх олгосон, улмаар уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Болд энэрэл өргөө” ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31.3-т заасныг болон бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар захирамжийн хавсралтын “Болд энэрэл өргөө” ХХК-д холбогдох “2” дахь хэсгийг тус тус хүчингүй болгож хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгалаа.

АНУ-д ажиллах иргэн гэр бүлийн гишүүдээ хамт авч явах боломжтой

АНУ-ын “Эйч-2” (H-2) хөтөлбөртэй холбогдуулж Гадаад харилцааны яамнаас гаргасан албан ёсны мэдээллийг хүргэж байна.

1.    АНУ-ын “Эйч-2” (H-2) хөтөлбөр гэж юу вэ?

Энэ хөтөлбөр нь АНУ-д гадаадын ажиллах хүчин богино хугацаагаар оруулж ирэх зохицуулалт бүхий дотоодын ажил олгогчийн санаачилгаар хэрэгждэг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын буюу “Эйч-2Эй” (H-2A), бусад салбарын буюу ”Эйч-2Би (H-2B) гэсэн визийн ангиллаар гадаадаас ажиллах хүч богино хугацаагаар, улирлын чанартай ажил эрхлүүлэхээр оруулж ирдэг. Ажил олгогчийн санаачилгаар хэрэгждэг тул гадаадаас оруулах ажиллах хүчний тоо, аль улсаас авах болон тэдгээрийн замын зардал, эрүүл мэндийн даатгал, орон байрны хангамж зэргийг ажил олгогч нь өөрөө хариуцан хэрэгжүүлдэг.

2.    АНУ-ын Засгийн газрын зүгээс хэрхэн оролцдог вэ?

Гадаадаас ажиллах хүч оруулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг, хяналт тавьдаг байгууллага нь АНУ-ын Хөдөлмөрийн яам юм. Хөдөлмөрийн яам нь АНУ-ын ажил олгогчид гадаадаас ажиллах хүч оруулах зөвшөөрөл буюу labor certificate олгодог. Улмаар гадаадаас авах ажиллах хүчний тоо, ажил олгогч компаниудын мэдээлэл, гадаадаас ажиллах хүч авахад зуучлагч компаниудын мэдээлэл зэргийг нээлттэй мэдээлдэг (дээрх мэдээллийг Хөдөлмөрийн яамны цахим хуудаснаас авах боломжтой).

Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас “Эйч-2“ (H-2) ангиллын визээр иргэд нь ажиллах эрхтэй гадаадын орнуудын жагсаалт”-ыг жил бүр шинэчлэн баталдаг. Энэ жагсаалтад тухайн улс улиран багтах нь тухайн орноос жил бүр АНУ-д ирж буй богино хугацааны хөдөлмөр эрхлэхээр ирсэн ажилчдын ажлын байрыг цаашид үргэлжлүүлэн хадгалах, хөдөлмөрийн гэрээг сунгах үндсэн нөхцөл болдог. Түүнчлэн АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) нь гадаадын ажилчдад виз олгох эсэх талаар урьдчилан зөвшөөрөл (petition) олгодог.

3.    АНУ-д ажиллах гадаадын ажиллах хүч авах үйл явц ямар үе шаттай хэрэгждэг вэ?

·         Ажил олгогч нь гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрлийг АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас авна.

·         Зөвшөөрлийн дагуу Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас баталсан жагсаалтад багтсан орнуудаас ажил хүч авах санал буюу job offer өгнө. Ажил олгогч өөрөө ажилчнаа сонгосон тохиолдолд тухайн ажилчинтай, харин зуучлагч компаниудаар дамжуулан ажилчдыг авах бол гэрээ байгуулах замаар хэрэгжүүлнэ.

·          “Эйч-2Эй” эсвэл “Эйч-2Би” ангиллын визээр ажилчид авах хүсэлтээ Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын албанд гаргана. Ажил олгогчийн хүсэлтийг Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба дэмжсэний дараа тухайн улсад суугаа АНУ-ын ЭСЯ-нд мэдэгдэж, ажилчид тухайн ЭСЯ-нд “Эйч-2Эй” эсвэл “Эйч-2Би” ангиллын виз мэдүүлэх эрх нь нээгдэнэ.

http://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp

·         Тухайн улсад суугаа АНУ-ын ЭСЯ виза олгосон тохиолдолд ажилчид АНУ-д ирэх эрхтэй болох бгөөд Дотоодын аюулгүй байдлын яамны Гааль, хил хамгаалах албаны ажилтан АНУ-д байх хугацааг тогтоож, хилээр нэвтрүүлнэ.

4.    “Эйч-2” хөтөлбөртэй холбоотой бусад мэдээлэл

2018 оны “Эйч-2“ (H-2) ангиллын визээр иргэд нь ажиллах эрхтэй гадаадын орнуудын жагсаалт”-д Монгол Улс багтсан бөгөөд “Эйч-2Эй” (Н-2А) хөтөлбөрт 83, харин “Эйч-2Би” (Н-2В) хөтөлбөрт 82 орон тус тус хамрагдсан байдаг.  Жагсаалтад багтсан орнуудын жагсаалтыг Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-ны цахим хуудсаас үзэж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

У.Хүрэлсүх, Ли Көчян нар 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

-Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр

-Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр

-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр

-Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

-Монгол Улсын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

-Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө

-Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал

-“Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын талаас Худалдааны сайд Жун Шань, Боловсролын сайд Чэнь Бао Шэн, Эксим банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэфэн, Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао нар гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд боллоо.

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн нэрийг барьж залилан хийжээ

Цахим орчинд олны танил хүмүүсийн нэрээр фэйсбүүк хуудас нээн олныг төөрөгдүүлж, залилан мэхлэх болжээ. Тухайлбал топ модель Д.Пүрэвсүрэнгийн нэрээр сошиал хуудас нээн түүнийгээ 350 мянган төгрөгөөр худалдаалдсан гэмт хэрэг гарсан байна. Энэ тухай топ модель П.Пүрэвсүрэн өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлж, олон нийтийг хуурамч мэдээлэлд автаж, хохирохгүй байхыг сануулав.

 

Иргэний үнэмлэхээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл "Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт"-ыг 2016 онд шинэчлэн баталсан. Тус жагсаалтаар 404 нэр төрлийн эм хөнгөлөлтэй үнээр авах боломж нээгдсэн байдаг.

Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын цахим систем дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс нэвтэрч эхэлжээ. Энэхүү систем орон даяар нэвтэрснээр иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа аж. Нөгөө талаас эмчийн өвчтөнд тавьсан онош, бичсэн жор, хөнгөлөлттэй үнээр авах эмийн мэдээлэл цахим системд бүгд бүртгэгдэх ба тухайн хүний иргэний үнэмлэхээр даатгуулагч мөн эсэхийг нягтлах юм. Мөн хөнгөлөлттэй эмийг зөвхөн харьяа дүүргээсээ гэлтгүй даатгуулагч иргэн өөрийн хүссэн цагтаа, хүссэн газраасаа авах боломжтой болж байна.

Д.Эрдэнэбат: Д.Гантулга гишүүний асуудлыг шийдвэрлэхгүй бол УИХ-ын нэр хүндэд байж болзошгүй хохирол учирна

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгойг нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг өргөн барих асуудал болон УИХ-ын ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Байгалийн баялагийн хувиарлалтын асуудлаар хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсрууллаа. Эрдэнэс таван толгойг нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Ерөнхийлөгчтэй хамтарч боловсруулсан. Бүлгээрээ хэлэлцээд уг хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих гэж байна” гэлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүр эзэмшээд нэлээд удаж байна. Гэлээ ч энэ хувьцааныхаа үр шимийг өнөөдрийг болтол хүртэж чадахгүй байна. Монгол Улсад бүх иргэн нь хувьцааг нь эзэмшдэг нийтийн өмчлөлийн нэг л компани бий. Нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс, компанийн баялаг хөрөнгийг зарцуулах, зохицуулах хуульгүйгээс орон нутгийн оролцоотой компаниуд Төрийн өмчийн компанийн хуулиар, бусад компаниуд Компанийн тухай хуулиар үйл ажиллагаагаа зохицуулж ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 14 хувийг иргэд нь эзэмшчихээд байгаа хэрнээ ногдол ашгийг авч чаддаггүй,  үйл ажиллагаанд оролцож чаддаггүй. Харин 86 хувийн эзэмшиж байгаа төр зээл аваад өрөнд оруулдаг, ашиггүй ажилуулдаг. Тиймээс цаашдаа Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани гэдэг утгаар нь ажилуулах үүднээс хуулийн төсөл боловсруулсан. Энэ хууль батлагдсанаар Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн төрийн мэдлийн 86 хувийг 100 хувь иргэдэд эзэмшүүлэх боломжтой. Нөгөө талаар жижиг хувьцаа эзэмшигчид буюу иргэд компанийн үйл ажиллагаанд хяналт тавих юм. Төр бол зөвхөн алтан хувьцаа эзэмшинэ. Алтан хувьцаа эзэмшинэ гэдэг нь ноогдол ашиг авахгүй, гэхдээ компанийн гүйцэтгэх удирдлага улс орны эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргавал хориг тавих  л эрхтэй үлдэнэ. Төрд төлж байгаа татвар хураамж буурахгүй, харин ч ил тод нээлттэй засаглалтай болсноор татварын орлого нэмэгдэнэ гэж үзэж байгаа” гэлээ.

Харин УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сүүлийн үед УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал хөндөгдөж байна. УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал УИХ, Монголын төрийн нэр хүндийг унагаж байгаа. Тиймээс АН үүнд албан ёсоор байр, сууриа илэрхийлэх ёстой гэж үзэж байна. Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй УИХ-ын гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал яригдсан учраас заавал хэлэлцэх ёстой. Уг асуудал удаан үргэлжилж болохгүй. МАН-ын өгсөн тайлбараар бол УИХ-ын гишүүний асуудлыг хэлэлцэх гэсэн боловч хуулийн мухардалд орсон гэх. Хууль тогтоох төрийн дээд байгууллага хуулийн мухардалд орох ёсгүй гэдгийг бид хаа, хаанаа ойлгох ёстой. УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хоёр зүйл ойлгомжтой байгаа юм. Нэгдүгээрт, Үндсэн хуульд заасан заалт тодорхой байгаа юм. Үндсэн хуулийн 19.3 дахь заалтаар “Хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон  бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэнэ” гэсэн байгаа. Мөн тухайн гишүүн нь өөрөө УИХ-д өөрийн хүсэлтээр түтгэлзэх өргөдлөө өгсөн нөхцөлд УИХ заавал хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг шийдэхгүй бол УИХ-ын нэр хүндэд байж болзошгүй хохирол учирна гэж бид үзэж байна. Тэгэхээр энэ асуудлаа МАН-ын бүлэг аль нэг тийш нь шийдэж УИХ-аар хэлэлцүүлэх ёстой.

Америкийн сагсан бөмбөгийн талбайд монголын уран нугаралтын охид үзүүлбэр үзүүлжээ

Америкийн сагсан бөмбөгийн талбайд анх удаа уран нугаралтын охид үзүүлбэр үзүүлсэн байна. Тодуулбал,  Монголын уран нугаралтын охид сагсан бөмбөгийн талбайд үзүүлбэрээ үзүүлж,  ордонд хурсан олныг гайхруулжээ. Энэхүү талбайд “Голден стэйт Уарриос” болон “Нью Орлеанс Пеликанс” баг тоглож байсан бөгөөд хагас завсарлагааны үеэр манай улсын дөрвөн охин үндэсний урлагаа үзүүлсэн нь энэ юм. NBA-гийн талбайд уран нугаралтын үзүүлбэр үзүүлсэн Монголын анхны уран бүтээлчид эдгээр охид болжээ.

Хойд эцэг нь есөн настай охиноо хүчирхийлсэн хэрэг дахин гарчээ

Төрсөн болон хойд аав нь охиноо,  ах нь дүүгээ, өвөө нь зээгээ хүчирхийлсэн аймшигт хэрэг их гарах болсон.  Гэр бүлийн орчинд үйлдэгдсэн бараан мөртэй энэ гаж  үзэгдэлтэй төр “хатуухан” гараар тэмцэхээр Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй.

Энэ сарын 4-нд Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд бага насны хүүхэд хүчирхийлсэн аймшигт хэрэг дахин бүртгэгдсэн байна. Хойд эцэг нь болох 23 настай Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн настай охиноо хүчирхийлж, зугтсан байсныг  цагдаа нар илрүүлэн саатуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment