8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Байгалийн түүхийн музейг Солонгосын талтай хамтарч байгуулна

2018-04-13 17:05:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас соёлын өв, түүний хадгалалт хамгаалалттай холбоотой асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хандаж асуулга хүргүүлсэн.

 Тэрбээр асуулгадаа, "1996-1997 оны улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогоор нийт 23 ширхэг үзмэр алдагдсан. 1997-2007 оны хооронд улсын тооллого хийгээгүйн улмаас музейн үзмэрүүд алдагдсан 40 гаруй тохиолдол гарсан гэх мэдээлэл бий. 2007-2008 оны улсын тооллогоор 19 музейгээс хулгайд алдагдсан 141 ширхэг, 24 музейгээс дутсан 3106 ширхэг, 8 музейн солигдсон 22 ширхэг, 18 музейгээс бусад байгууллагад шилжүүлсэн, устгасан 1757 ширхэг, 28 музейн 6373 ширхэг үзмэр тухайн музейн сан хөмрөгт байхгүй үрэгдсэн нь тогтоогдсон. Соёлын үнэт өв болох музейн үзмэрүүд, түүх соёлын дурсгалт зүйлс алдагдсан тохиолдлууд, гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй олон гэмт үйлдлүүдийн ихэнх нь хэдийд, хэн үйлдсэн тухай мэдээлэл байхгүй, зарим нь хууль хяналтын байгууллагад шилжсэн боловч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жил тутамд, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутамд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран зохион байгуулна” гэж заасны дагуу БСШУСЯ, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран 4 жил тутамд соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг зохион байгуулах үүрэгтэй. Гэвч 2012 онд тооллого хийсэн гэх мэдээлэл байгаа ба 2016-2017 онд хийх байсан улсын тооллого одоог хүртэл зохион байгуулагдаагүй байна.

2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын комисс 40 музейд шалгалт хийх үед нийт музейн 94.7 хувь хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөл бүрдсэн сан хөмрөгийн өрөөгүй, 63.2 хувь музейн барилга, байгууламж дах үзүүлэнгийн танхим нь нийтэд үйлчлэх шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон.  Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хамгийн эртний музей болох Чойжин ламын сүм музейн барилгууд 1908 онд баригдсан. Тус музейн “Барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд одоог хүртэл бүрэн шинэчлэлт, сэргээн засварлах ажил хийгдээгүй. Агааржуулалтын системгүй, театрын музей зориулалтын телекамер бүхий дохиололгүй, аюулгүй байдлыг хангах үүднээс гал, хулгайн дохиолол нь гэрээт буюу цагдаагийн байгууллагатай холбогдоогүй, гамш­гийн үед хэрэглэх нөөц хаалгагүй, аврах төлөвлөгөөгүй зэрэг музейн барилгатай холбоотой алдаа дутагдал их байна.

Тухайлбал, МХЕГ-ын шалгалтаар Байгалийн түүхийн музейд 2007, 2010, 2012 онд “Бүрэн шинэчлэл, засвар” хийх шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй бөгөөд 2014-2016 онд Байгалийн түүхийн музейн байрны дээврийн хэсэгт нуралт үүссэн тул мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлт гарч үйл ажиллагааг зогсоосон. Газар хөдлөлт, байгалийн гамшиг зэрэг байгалийн давагдашгүй зүйлсийн хүчин нөлөөгөөр түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын үнэт өв бүхий үзмэрүүд сүйдэх, үрэгдэх эрсдэлтэй тулгарч буй тул барилгын чанар, аюулгүй байдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон музейн барилгуудыг нэн яаралтай шинэчлэн засварлах шаардлагатай" хэмээн бичиж хүргүүлсэн. 

Уг асуулгатай холбоотой асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ үеэр, “Монгол Улсаас алдагдсан үнэт өвийг гадаад улс орнуудад дуудлага худалдаагаар худалдаж байна гэж сонсогддог. Энэ тал дээр хяналт тавьж байна уу. Байгалийн түүхийн музейн барилга хэзээ ашиглалтад орох вэ” гэсэн асуудлыг тодруулсан.

Ажлын хэсэг “Манай улстай хамаатай хилийн чанадад худалдаалагдаж байгаа эд өлгийн зүйлс нь 1930-1940 онд Монгол Улсад ажиллаж амьдарч байсан хүмүүсийн цуглуулгад дахь эд зүйлс байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсын нэр дээр бүртгэлтэй байдаггүй учраас буцаан татах боломжгүй.Байгалийн түүхийн музейг Солонгосын талтай хамтарч байгуулахаар ажиллаж байна. Мөн газрын асуудлыг шийдэх шаардлагатай байна” хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Соёлын өвийг хамгаалах тухай хууль хэр чанартай хууль болсон бэ. Соёлын өвийг гэрээт хамгаалалтынхнаар хамгаалуулах ажил хийгдэж байна уу. Соёлын өвийг ухах, ялангуяа уул уурхайн компаниуд олборлолтын явцад олдсон эд зүйлсийг дэлбэлдэг гэдэг. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ" гэж асуув. 

Ажлын хэсгээс асуултад хариулахдаа "Соёлын өвийг хамгаалах тухай хууль зохих үр дүнгээ өгсөн. Харамсалтай нь Зөвшөөрлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай гэх зэрэг хэд хэдэн хуультай зөрчилдөж байгаа. Иймд хуулийн давхардлыг арилгуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээн дэх нийт эд өлгийн зүйлсийн 40 орчим хувь нь гэрээт харуулаар хамгаалагдсан" гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Гадаад улс оронд ажиллаж буй Элчин сайдууд соёлын өвөө буцаан авчрах тал дээр анхаарах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, "Археологи, палентлогийн музейтэй болох нь зүйтэй" гэсэн саналтай байгаагаа хэллээ.

Асуулгын төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Аливаа улс орон соёлын өвийнхөө асуудалд анхаарахгүй бол мөхдөг. Өөрийн соёлыг хангалттай хамгаалж чадаж байна уу гэдэг дээр анхаарах цаг нь иржээ. Баянхонгор аймгийн музей гэхэд сургуулийн барилгад байх жишээтэй. Өнөөдөр олон үзмэр зориулалтын бус байранд хадгалагдаж байна. Бид соёлын өвдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Музейн тухай хуулийг олон улсын стандартад нийцүүлж боловсруулан батлуулах ёстой. Бид гадаад улс орнууд руу соёлын өв тээгчдээ явж байгааг харсаар сууж байх уу. Монгол Улс соёлын өвийнхөө төв нь байх ёстой. Музейн захирлууд өдгөө 300-400 мянган төгрөгийн цалинтай байхад хулгай тасрахгүй. Малын хулгайд хөөн хэлэлцэх хугацаа байхаас соёлын өвийн хулгайд хөөн хэлэлцэх хугацаа байх ёсгүй" гэлээ.

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үүгээр өндөрлөв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл