8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: П.ОРХОН хоёр дахь удаагаа шилдэг тамирчин болж, Торонто хотод гарсан халдлагад Монгол иргэд өртөөгүй гэв

2018-04-24 18:40:00

Хаврыг олон ааштай гэлцдэг. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд тод дурсамж, хайр оргилсон их хүсэл эсвэл уйтгар гуниг гэх мэт олон аашийг төрүүлж байдаг шидтэй. Магадгүй хавар биш бид олон ааштай болдог байж магадгүй шүү. Юутай ч хавар гэдэг шинэ бүхний эхлэл байж чадах тийм л улирал. Өдөрт хэд хэд хувирах "муухай ааштай" цаг агаар таныг бага зэрэг бухимдуулж байгаа бол хаврын тухай эрч хүч өгөх ишлэлүүд уншиж эрч хүч ороорой. 

"Чи бүх цэцгийг тасалж чадах ч хавар ирэхийг хэзээ ч болиулж чадахгүй" Пабло Неруда
Хавар гэдэг байгалийн хэлээр “Алив цэнгэцгээе” гэсэн үг.  Робин Уиллиамс
"Хаврын улиралд би 24 цагийн дотор цаг агаарын 136 өөрчлөлтийг мэдэрсэн"​ Марк Твэйн
Хавар бол бурханы хэлээр “Ахин нэг боломж” гэсэн үг.​ Роберт Орбен
"Хавар бол үнэхээрийн шинэчлэн байгуулагч"​ Хенри Тимрод
"Амьдрал миний өмнө шив шинэхэн өнгөлөг хувцастай мөнхийн хавар шиг зогсож байна"​ К.Ф.Гаусс
"Хавар ирлээ. Хорвоо дэлхий яг л шүлэг мэддэг хүүхэд шиг боллоо" ​Рэйнер Мариа Рилк. Үргэлжлүүлэн Монголын нэг өдөр тойм булангаа хүлээн авна уу. 

"Эрдэнэт"-ийн хэрэг Ч.Ганзоригийг тойрч буй нь ямар учиртай вэ

"Шууд хэлье, би тэр гэрээнд нь гарын үсэг зураагүй” гэж ам бардам хэлж явсан Ч.Ганзориг хаачив.

Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас 51 сая ам доллар зээлсэн гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан хүн нь Ч.Ганзориг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нар. Хэдий Ш.Батхүү хэргийг үйлдсэн ч Ч.Ганзориг Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргахыг зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэгэхээр Ч.Ганзориг энэ хэрэгт хөндлөнгийн бус гол хамаатай хүн нь юм.

Өнөөдөр Эрдэнэтийг гадны банкны барьцаанд тавьсан хэргээр Ш.Батхүүгээс гадна хоёр ч хүнийг торны цаана хориод байна. Ш.Батхүү зээлсэн 51 сая доллараа зээлж чадаагүйгээс болж Монгол улс 106 сая долларын өрөнд орсноос гадна Эрдэнэт үйлдвэрээ битүүмжлүүлэх дээрээ тулаад буй.

Энэ мэт асуудал хүндэрч буй уг хэргээс мултарч үлдэж буй ганц хүн нь Ч.Ганзориг болж байх шиг байна. Уг нь Ч.Ганзориг тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан батлан даах гэрээнд голлон гарын үсэг зурсан. Тэгэхээр энэ хэргийг хамтран үйлдсэнээс ялгаагүй.

Тэрээр энэ хэргийг үйлдэхдээ эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж УИХ-ын зарим гишүүд мэдээллэсэн.

Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн захирал 10 сая доллараас дээш үнийн дүнтэй хэлцэлтэй холбогдсон асуудлыг толгой мэдэн шийдэх эрхтэй. Гэтэл тэрбээр 51 сая долларын гэрээнд Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргаж өгсөн байна. Мөн Стандарт банкнаас зээлсэн мөнгө нь Эрдэнэт үйлдвэрийн дансаар дамжсан байдаг. Энэ бүхэнд Ч.Ганзориг оролцоогүй гэж хэлэх ямар ч боломжгүй юм.Эрдэнэтийг барьцаанд тавьж мөнгө зээлсэн этгээд нь шалгагдаж байна. Гэтэл барьцаанд тавихад нь оролцсон хүн нь уснаас хуурай гарах гэж буй нь олон нийтийн гайхширалыг төрүүлж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг олон улсын Арбитрын шүүхэд санаатайгаар ялагдуулсан гэх хэрэгт ч тэр оролцоотой байх боломжтой гэж үзэх хүмүүс байгаа юм.

Стандарт банкнаас зээлсэн мөнгө хэдэн жилийн өмнө нэхэгдэхэд тэрбээр “Би Стандарт банкнаас мөнгө зээлсэн гэрээнд гарын үсэг зураагүй. Д.Сугар бид хоёрын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна лээ” гэсэн утга бүхий мэдэгдлийг хэлсэн. Түүнээс хойш энэ асуудлаар тэрбээр дуугаралгүй өдийг хүргэжээ.

Гэхдээ Арбитрын шүүхээс тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдээгүй гэдгийг нотолчихсон. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ж.Мөнхбат: Засгийн газар хууль зөрчихөө боль

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Уг хуулиар Мод, модон эдлэлийн материалыг  гаалийн татвараас  чөлөөлөх тухай асуудал туссан байлаа.  Төсөвт тодотол хийхгүйгээр оруулж ирснийг гишүүн Ж.Мөнхбат шүүмжилж:

-Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай бодлогын шийдвэр гаргавал түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ гэж бичсэн. Төсөвт онцгой нөлөө байхгүй гэсэн зүйл байхгүй. Хууль зөрчин зөрчин ийм шийдвэр гаргах хэрэг байна уу. Яагаад төсвийн тодотгол оруулж ирэхгүй  байна вэ?

ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдорж "Наад хууль чинь ноднин жил орж ирээд батлагдсан хууль. Хууль дотор чинь байсан учраас орлогод  тооцоогүй. Төсвийн тодотгол хийх ёстой гээд би хэлээд байгаа. Гэтэл ОУВС-тай тодотгол хийхгүй гэж тохирсон юм билээ. Ер нь та нар амьдралд хэрэгжихгүй хуулиудаа авцгаа. Амьдрал баян. Эдийн засаг байнга хөдөлж байдаг. Хэт хатуу хуулиа авч хаях хэрэгтэй. Оруулаад ирсэн төсөл дотор хэрэгжиж эхлэх хугацаа тавиагүй. Хэрвээ 2018 оноос хэрэгжихгүй бол 2019 он гэж зааж болно. Хуультай байсан учраас орлогод тооцоогүй. Гишүүдийн хууль зөрчихгүй байх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна.  Төсвийн тухай хуульд зарим нь хэт зоос хараад амьдралаас хазайсан зүйл зөндөө байгаа" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Энэ бодлогын хүрээнд ойн санг нэмэгдүүлэх талаар тусгасан.  УИХ бодлогын бичиг баримт баталдаг. Хэрэгжих явц дунд гацдаг. Монгол Улс бүхэл бүтэн газар нутгийнхаа 8 хувьд хүрэхгүй сантай болсон. Бид нөхөн сэргээлтийг хийгээд хохирлыг барагдуулж чадахгүй байгаа.  Ойн салбарыг хамгаалах хэрэгтэй. Хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Импортоор оруулж ирж байгаа мод, модон материалыг гаалийн татвараас чөлөөлснөөр төсөвт хохирол учрахгүй. Харин ч байгаль орчноо хамгаалахад хэрэгтэй гэлээ. Ажлын хэсэгт багтсан Сангийн яамны газрын дарга "Гаалийн татвараас чөлөөлснөөр төсөвт хүндрэл учрахгүй. Харин ч төсвийн орлого давж биелж байгаа. Гэхдээ татвараас чөлөөлснийг төсөв тусгаагүй" хэмээн хариулсан нь гишүүдийн шүүмжлэлд өртөж байлаа.

Үүнд:

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Сангийн яамныхан хууль зөрчсөн асуудал оруулж ирж, Сангийн сайдаа чичлүүлж байна.  Хууль зөрчсөн зүйл оруулж ирж УИХ-ыг шахдгаа болиорой, Сангийн яам" гэлээ..

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Татвараас чөлөөлсөн зүйлийг төсвийн орлогод хамруулдаггүй юм. Би Ж.Мөнхбатын Засгийн газрын хэлж байгаа зүйлийг зөв гэж бодож байна. Ажил хийж байсан хүмүүс өөрсдийгөө битгий мартаж бай" гэв. 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа.  Дараагаар нь НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Үүнд мөн мод, модон материалыг татвараас чөлөөлөх асуудал туссан байв.

О.Бямбадэлгэр: Жолооч нар "найркианы" буюу хуурамч шатахуун хэрэглэж байна

"Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ноос чанаргүй шатахуун нийлүүлэгдэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд "Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэрхуурамч шатахуун хэрхэн бий болж, хаагуур борлуулагдаж байгаа талаар онцолсон юм. Тэрбээр манай улсад хуурамч шатахуун, түлш ямар ч татваргүй химийн бодис, нефтийн түүхий эд гэх нэрийн дор орж ирж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хуурамч шатахуун үйлдвэрлэх химийн бүтээгдэхүүн ихээр орж ирж боруулагдаж байна. Манай улс гадаад дотоодын 30 гаруй компани 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг. Тэр дундаа керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг жилд дунджаар 100 гаруй мянган тонныг оруулж ирж байна. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь хуурамч шатахуун гаргах түүхий эд болж байгаа юм.

Хоёр хоногийн өмнө 280 гаруй вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Замын-Үүдийн боомтоор орж ирж байна. Мөн 2016-2017 онд 110 мянга гаруй нэмэлт бүтээгдэхүүн ямар ч татваргүй орж ирсэн. Нэг вагон нэмэлт бүтээгдэхүүн 12 сая төгрөгийн атвар төлөх ёстой байсан. Гэтэл онцгой албан татварын тэглэсэнтэй холбоотойгоор энэ мөнгө үндэстэн дамнасан улс төрийн бүлэглэлийн "хоол" болж байна. 

Энэ нэмэлт бүтээгдэхүүнийг Багахангай дүүрэгт байрладаг Трафигура гэх компани оруулж ирдэг. Энэ компани дэлхийн 36 улсад химийн нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлдэг. Өнөөдөр бид "найркианы" буюу хуурамч шатахуун хэрэглэж байна" гэв. 

Нэмэлт бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун үйлдвэрлэх нэг год шалтгаан бол гаалийн болон онцгой албан татварын хөнгөлөлт. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун "найруулах", "нэрэх" нт компаниудад ашиг орлоготой бизнес болоод байна. Харин тус холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Сайнбаяр "Энэ хуурамч шатахуун үнэртэй, саарал өнгөтэй байдаг. нэмэлт бүтээгдэхүүнээр хийсэн хуурамч шатахуун нь машины зүрх болсон моторыг гэмтээдэг, эдэлгээг нь богиносгодог хор уршигтай.  Өнгөрсөн жил Багахангайд хуурамч шатахууны үнэ 1200 төгрөгтэй байсан. Өнөөдөр 1400-1500 төгрөгийн үнэтэй байна. Хүмүүс хямдханыг нь бодож хуурамч шатахуун авч хэрэглэж хохирч байна" гэсэн юм. 

Мөн "Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ноос ШӨХТГ, НМХГ болон холбогдох байгууллагуудад хуурамч шатахуунд хяналт шалгалт хийж өгөхийг хүссэн шаардлага, албан бичиг хүргүүлж байгаа онцоллоо. 

"Бөхийн цолыг төр өгч болсон юм, буцаагаад хурааж авч болно"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргасан байна. Албан бичгийн хувийг Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөрчил тэмцлийг арилгах тухай Е/06 дугаартай албан бичигт:

“Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай

Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан зөрчил, тэмцэл эрсдэлт хэмжээнд хүрч даамжран, бөхчүүд төдийгүй, бөх сонирхогчдыг хүртэл талцан тэмцэлдэхэд хүргэж байна. Энэ зөрчилдөөнийг даган үндэсний уламжлал, ёс заншил, хүндлэл, жудаг, журмыг умартсан бусармаг үйлдэл, үйл ажиллагаа хэм хэмжээнээс хэтрэх боллоо.

Үндэсний бөхийн асуудал бол зөвхөн бөхчүүдийн болон бөхийн холбоонд хамааралтай хүмүүсийн асуудал биш. Бөх бол үндэсний их өв соёл, түүхэн уламжлал, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн спорт. Өнө эртнээс улбаатай, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Төрийн их баяр наадмын цөм болдог үндэсний бахархалын нэг юм.

Гэтэл хэсэг хүмүүс эрх мэдэл, албан тушаалын төлөө ард түмний хүндлэл, бишрэлийг үл тоон үндэсний их өв соёлыг гутаах хорон муу үр дагавартай, зүй бус аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь уучлан тэвчих аргагүй үйлдэл юм. Цагдаагийн байгууллагаас Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан тэмцлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар надад мэдээлэл, баримт материал ирүүлсэн. Нөхцөл байдал маш эрсдэлт хэмжээнд очсон, хүний амь нас эрүүл мэнд ноцтой эрсдэлт орохоор хэмжээнд хүрч хурцадсан байна.

Миний бие төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах үүрэгтний хувьд Үндэсний бөхийн нэр хүндийг сэвтээсэн хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй хэрхэвч эвлэрэхгүй бөгөөд нийгмийн хэв журам болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Цаашилбал гэмт хэрэг, зөрчилд холбогдсон ёс зүйгээ умартсан улсын цолтой бөхчүүдийн цолыг ч бүрэн эрхийнхээ хүрээнд цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж байна.

Төрийн бус байгууллагын тухай хуульд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулж, ашгийн төлөө бус ажилладаг байгууллагыг төрийн бус байгууллага гэж тодорхойлсон. Мөн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг тодорхой салбараа хөгжүүлэх, зорилтот бүлэг, давхаргынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг.

Монголын Үндэсний Бөхийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд үндэсний бөхийн спортыг шударга зарчмаар хөгжүүлэх, өв соёлоо хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ард түмний хүндлэл бишрэлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний чиг үүрэг хүлээж ажиллаж ёстой.

Харамсалтай нь Монгол бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдан зөрчилдөж байгаа талуудаас өнөөдрийг хүртэл зорилго, зорилт, хөтөлбөрөө танилцуулсан бодлогын дорвитой өрсөлдөөн гарсангүй.

Иймд та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя.

Хэрэв “Их эе” хуралдаанаар асуудлаа нэгмөр шийдвэрлэхгүй, хууль бус зөрчил, гэмт үйлдлийг гааруулж, үргэлжлүүлэх тохиолдолд Бөхийн Өргөөг улсын өмчлөлд хураан авч, ёс зүйгүй бөхчүүдийн улсын цолыг хураах, төрийн их наадам, мөн цагаан сарын барилдаанд барилдах эрхийг хасах хүртэл арга хэмжээг авч хариуцлага тооцох болно гэдгийг анхааруулъя. Төр өгч болсон юм, буцаагаад хурааж авч болно.

Та бүхэнд эвлэрэл, ойлголцлыг хүсье” гэжээ.

Амь насны төлөөстэйгээр барилга барьдаг “Алтай констракшн”-д тооцох хариуцлагыг чангатгая

“Алтай констракшн”-ий "Саруул" хорооллын барилга дээрээс хүн унаж нас барсан тохиолдол нэгээр тогтохгүй ажТодруулбал өнгөрөгч 2015 онд "Саруул" хорооллын барилга дээр осол гарч нэг хүн амиа алдсан хэрэг гарч байсан байна. Эл хэрэг 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн болсон бөгөөд тус барилгын 9-н давхраас 36 настай иргэн Б унаж, нас барсан хэрэг гарч байжээ. Талийгаач Б нь тус барилгад ажиллаж байсан бөгөөд есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байх үедээ ийнхүү амиа алджээ.

Тодруулбал, лифтний ган татлага тасарснаар есөн давхраас унаж амиа алдсан  гэдгийг тухайн үед эх сурвалж болон хэргийн газар ажилласан албаны хүмүүс мэдэгдсэн байдагТухайн үед тус барилгын захиалагчаар “Саруул Хотхон” ХХК, гүйцэтгэгчээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байжээ. 

2015 оны энэ ослын дараа “Алтай констракшн”-ий "Саруул" хорооллын барилгын үйл ажиллагааг зогсоосон ч хэдхэн хоногийн дараа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан гэдэг.  Эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ он гарсаар өнөөдрийг хүртэл “Алтай Констракшн” ХХК-д  339 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байна. 

Тус мэдэгдэлд хөдөлмөрийн аюулгүй  байдлыг ханган ажиллах, дотоодын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалтаа чангатгах, ажлын байрны аюулгүй ажиллах заавар зөвлөмжийг захиалагч гүйцэтгэгч талууд мөрдөн ажиллах зэрэг зөвлөмжийг өгчээ.

Ийнхүү хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллах зөвлөмж, хууль дүрэм, шаардлага хүргүүлж байхад журмаа баримталж ажиллахгүй, хэдий болтол хүний амь, эрүүл мэндээр "дэнчин" тавьж үйл ажиллагаагаа үргэжлүүлсээр байх юм бэ.  

Мэргэжлийн байгууллагын хүргүүлсэн зөвлөмж, шаардлагыг биелүүлдэггүй, эрдэнэт хүний амь нас эрүүл мэндээр "тоглох" “Алтай констракшн”-ий барьж буй барилгад хууль үйлчилдэггүйн удаа дарааллан гарч байгаа ослоос харж болохоор байна.  Он гарсаар гурван удаагийн осол аваар гарч, 2 хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол гаргаж буй энэ барилгын үйл ажиллагааг яагаад зогсоож болохгүй байна вэ. 

Барилгын манлай үйлдвэрлэгч хэмээн өөрийгөө тодотгодог “Алтай констракшн”-ы хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахгүй байгаад нь хатуу хариуцлага тооцох хэрэгтэй байна Салбарын сайд аа.

Ер нь манай улсад барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдал маш доогуур төвшинд байгаа нь нууц биш. Учир нь энэ салбарт гарсан осол, аваарын тоо буурахгүй. Эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал гарсаар байна. Амь насны төлөөстэйгээр барилга барьдаг “Алтай констракшн”-д  тооцох хариуцлагыг чангатгая. 
 

С.Эрдэнэ: Ч.Сайханбилэгийг эргэж очно

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр "Мөнгө хүүлэлттэй тэмцэх болон Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл"-өө УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.  Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18 хувь, цалин, тэтгэврийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 12 хувь байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл өргөн барьсан талаараа тэрээр мэдээлэл өгсөн юм.  Тэрээр “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож, түүнээс дээгүүр зээлийн хүү тогтоосон тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэж, мөнгө хүүлсэнд тооцох, хариуцлага хүлээлгэх боломжтой. Мөнгө хүүлэлтийн талаар өмнө нь тодорхой хууль эрх зүйн ойлголт байхгүй байсан. Энэ хууль хэрэгжсэнээр Монголд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдэх, зээлийн хүүгийн дарамтаас ангижрах гол эрх зүйн зохицуулалт  болно. Өнөөдөр арилжааны банкны дундаж хүү 20-30 хувь  байдаг. Банк болон банк бус санхүүгийн байгууллага 40-60 хувьтай байдаг. Ийм өндөр хүүтэй зээлийн орчинд амжилттай бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулахад хэцүү. Сүүлийн найман жил Монголын банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс дэмжиж ирсэн. Дэлхийн 79 улс оронд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон зохицуулалтууд байдаг. Энэ зохицуулалтын хүрээнд хуулийн төслөө өргөн барилаа” гэсэн юм.

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоовол банкууд зээлээ зогсоох эрсдэлтэй юм биш үү?

-Банк зээлээ зогсоовол амьдарч чадахгүй болно. Төрийн мөнгөөр амьдраад байгаа банкууд байгаа бол амьдраад явах л байх. Ямар ч эх үүсвэрээс зээлээ гаргасан байсан 18 хувийн хүүнд л захирагдана.

-Зээлийн хүүг бууруулвал дагаад хадгаламжийн хүү буурах уу?

-Хадгаламжийн хүү буурах ёстой. Өнөөдөр хөрөнгийн зах зээл зогсонги байдалд байгаа. Үүний гол шалтгаан нь банкны өндөр хүүтэй хадгаламж. Тэгэхээр хууль хэрэгжвэл банкны хадгаламжид буй мөнгөний тодорхой хувь нь хөрөнгийн зах зээл рүү урсах боломж бүрдэнэ.

- Танай намынхан хоригдож буй гишүүдээ эргэж очих уу? 

- Ч.Сайханбилэгийг эргэх хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн байгаа. Хэрвээ АТГ-аас хариу ирвэл очиж эргэнэ. 

Цагдаагийн нэрийг барьж залилан хийжээ

Иргэн У гэгч нь өөрийгөө Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанд ажилладаг гэж бусдад итгүүлэн, цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ.

Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан иргэн Ж-ээс эрхийг нь сэргээж, жолоочийн үнэмлэхийг нь гаргуулж өгнө гэж хуурч мэхлэн 500,000 төгрөг залилж авсан гэмт үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс илрүүлэн шалгаж байна.Иргэд та бүхэн сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага тавихад бичиг баримтыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ

П.ОРХОН хоёр дахь удаагаа "сарын шилдэг тамирчин"-аар тодорлоо

Монголын Үндэсний Олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор сарын шилдэг тамирчинг тодруулж байгаа билээ. 2018 оны гуравдугаар сарын шилдэг тамирчнаар Кыргызстаны нийслэл Бишкект болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д анх удаа түрүүлсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон тодорлоо. Өнгөрсөн сарын шилдэг тамирчинд 30 гаруй спортын сэтгүүлч, 1000 гаруй  хөгжөөн дэмжигч саналаа өгч, тэрбээр 45.1 хувийн саналаар тэргүүлжээ.
Түүнтэй Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-д аваргалсан, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, жүдогийн Екатеринбургийн “Их дуулга”-д алтан медаль хүртсэн ОУХМ Ц.Цогтбаатар, мэргэжлийн сүмогийн Харү башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд нар өрсөлдсөн юм. 
П.Орхон өнгөрсөн жилийн наймдугаар сарын шилдэг тамирчнаар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяатай хамт тодорч байв.

"Торонто хотод гарсан халдлагад Монгол иргэд өртөөгүй"

Канад улсын Торонто хотод өчигдөр буюу 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13.30 цагийн орчим микроавтобустай этгээд явган зорчигчдыг санаатайгаар дайрч, халдлага үйлдсэний улмаас 10 хүн нас барж, 16 хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна.Канадын цагдаагийн байгууллага халдлага хийсэн этгээдийг газар дээр нь баривчилжээ. Торонто хотод манай улсын 5,000 орчим иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад Монгол иргэд өртөөгүй хэмээн Гадаад харилцааны яамны консулын газраас мэдэгдлээ. 

ХХОАТ-ын буцаан олголтын жагсаалтад орсон эсэхээ шалгаарай

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг Татварын ерөнхий газар сайтдаа мэдээлжээ. Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хүлээн авдаг бөгөөд 2017 оны буцаалтыг энэ долоо хоногийн сүүлээр дансанд шилжүүлж эхлэх талаар ТЕГ-аас мэдээллээ. 

Иргэдийн материал зөрчилгүй бол эцсийн дүнгээрээ тавдугаар сарын 15 гэхэд дансанд нь мөнгө нь орох бөгөөд энэ жил нийтдээ 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна.2017 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалтад орсон эсэхээ ЭНЭ линкээр хайлт хэсэгт регистрийн дугаараа оруулж шалгана уу. 

Хүн амины хэргийн сэжигтнийг баривчилжээ
 

Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид хүн амины хэргийн сэжигтнийг баривчилсан байна. Тодруулбал, Иргэн Н 2018.04.14-ны өдөр шөнийн 04.00 цагийн орчимд цэнгээний газарт архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл таних гурван залуутай маргалдаж, зодолдсоны улмаас биедээ гэмтэл авч, нас барсан хэрэг гарсан. Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хамтран хойшлуулшгүй ажиллагааг гурав хоногийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж ажилласнаар уг хэргийг Сүхбаатар аймгийн харьяат А, Ч, Б нар бүлэглэн үйлдсэнийг тогтоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЦАГДАА
ИХ ДЭМ ҮЗҮҮЛСЭН. ЭНЭ МЭТ ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭДЭГ ХҮМҮҮСЭЭР Л АТГ-ЫН ДАРГАД ЗҮТГҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. З.ЭНХБОЛДОО
2018/04/25 202.131.228.131
ЦАГДАА
МИНИЙ ЦАГДАА НАМАЙГ ХАМГААЛНА. ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД БАЯР ХҮРГЭЖ БАЙНА. САРУУЛ ХОРООЛОЛД ШӨНӨ ГАРСАН ХЭРГИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ БАРИСАН. ҮҮНД НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА СУМЬЯА ИХ
2018/04/25 202.131.228.131
мундаг
иймэрхүү төр улсынхаа нэрийг гаргасан хүүхдүдээ өргөмжилж амьдар, бахархаж яв Орхондоо баярладдаг шдээ
2018/04/24 202.179.27.175
  • Recent
  • Most Read
  • Most Comment