8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Алтан мөрдөст генералууддаа хүндэтгэл үзүүлж, Тэмээнд анх удаа гадаад паспорт олгосон өдөр

2018-04-27 18:40:00

Ачаалалтай ч гэсэн амжилт дагуулсан шинэ долоо хоногийн ажлын өдрүүд ийнхүү дуусаж байнаТа энэ долоо хоногт төлөвлөсөн ажлуудаа дуусган, амралтын өдрөөр юу хийхээр төлөвлөж сууна уу. Хайртай гэр бүлтэйгээ энэ амралтын өдрөө халуун ам бүлээрэй сайхан өнгөрүүлээрэй. Хэн бүхний хувьд  хамгийн чухал зүйл бол гэр бүл шүү дээ. Энэ их ажлын дундуур “Бид ер нь амьдрах гэж ажиллаад байна уу?, ажиллах гэж амьдраад байна уу? гэсэн бодол хааяа таньд төрж байна уу . Тэгвэл амралтын энэ өдрүүдээ хайртай ханьдаа гэр бүлдээ зарцуулаарай. “Өргөн орчлонд хүн хайраар л дутаж болохгүй” гэсэн сайхан үг байдаг шүү дээ.

Дэргэдээ байгаа бүхнээ хайрлаарай. Амралтын өдрүүдэд цаг агаар тогтнуун байх  тухай ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэлсэн тул агаар салхинд хайртай гэр бүлтэйгээ хамт гарч, амралтын өдрөө аятай тухтай өнгөрүүлээрэй. Ингээд үдэш бүхнийхээ энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын авлигал авдаг байдал гаарлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан.  Харин төсөл санаачлагч гишүүд төрийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үр дүнг боловсролын үйлчилгээг авдаг иргэдээр үнэлүүлэх, өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан нэг зарчмыг баримтлах үүднээс сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх нь хамгийн бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж. 

Тиймээс дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын зарим гишүүд сум, дүүргийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж чөлөөлдөг байх нь зөв гэсэн байр суурьтай байсан бол нөгөө хэсэг нь хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байв. Тухайлбал, 2012 оноос өмнө цэцэрлэг сургуулийн эрхлэгч нар 10, 20 жилээр ажлаа хийж тогтвортой ажилладаг байсан. Гэтэл 2012 оноос тэдгээр томилгоонд улстөржилт орж, нэг эрхлэгчийн ажилд 9 удаа өөр томилгоо хийсэн тохиолдол гарлаа хэмээн шүүмжилж байлаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэдгээр зөрүүтэй байр суурьтай байгаа гишүүдэд хандаж, “Салбарын яам боловсролын багц хуулийг удахгүй оруулж ирнэ. Бидэнд тогтолцооны өөрчлөлт хийх шаардлага бий. Үүн дотроо мэргэжлийн боловсон хүчний асуудал их чухал. Ямар бодлого дэвшүүлэв, түүнд нь тохирох боловсон хүчин хэн байх вэ гэдгийг уялдуулж багц хуулиа боловсруулна. Иймд одоогийн ярьж байгаа томилгоотой холбоотой энэхүү хуулийг дэмжих боломжгүй. Яагаад гэвэл боловсролын салбарыг системээр нь шинэчлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд салбарын хуулинд 19 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Иймд багц хуулийн шинэчлэлээр тогтолцооны шинэчлэлийг ярих нь зүйтэй" хэмээв.

Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Тогтохсүрэн:- “Сургууль цэцэрлэгийг улс төрийн албанаас хараат бус байх, Захирал цэцэрлэгийн эрхлэгч томилох шаардлагыг тодорхой болгоогүйгээс тохиолдлын хүн томилогдох асуудал гарч байна. Энэ шаардлага, шалгуурыг тодорхой болговол боловсролын салбар тогтвортой, үр дүнтэй ажиллана гэж үзэж байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:- “Төвлөрлийг сааруулах, Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, “хэвтээ” тогтолцоотой болгох гэсэн зарчим нь зөв. Харин энэ томилгоог боловсролын шинэчлэлийн хүрээнд харах нь зүйтэй. Хүн сонгож биш, хөтөлбөр сонгодог болъё. Тэгвэл та бидний яриад байгаа боловсролын байгууллагын удирдлага, боловсролын менежерүүд улс төрөөс ангид байх боломжтой. Сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарыг цэгцлээчээ. Авлигал авдаг, хүнээс үг сонсдогүй, багш нараас мөн авч ажилд оруулдаг, хөдөөд бол мал нэхдэг болсон байна ” гэсэн юм.

Хууль санаачлагч Х.Нямбаатар:- “Цэцэрлэгт арван жил тогтвортой ажилласан бол цэцэрлэгийн эрхлэгч болдог сургуульдаа олон жил үр бүтээлтэй ажилласан бол захирлаар сонгогдож болдог байх 2013 он хүртэл дороосоо дэвшдэг, хамт олныхоо саналаа сонгогддог байх “мэрит зарчим” алдагдлаа. Хамт олны саналыг авдаг байх саналыг хүлээж авч байна. Гол будилдаг асуудал нь томилогдож ирсэн захирал, эрхлэгчийг хамт олон нь зөвшөөрдөггүй. Тиймээс энэ саналыг ажлын хэсэг судалж ажиллах нь зүйтэй” гэснийг олон гишүүн дэмжиж байв.  

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -" Боловсролын тухай хууль эрх мэдэл, албан тушаалын төвлөрлийг сааруулж байгаа нэг оролдлого учир дэмжиж байгаа. Ер нь эрх мэдэл, төсөв, улстөрийн төвлөрөл замбараагаа алдаад олон жил болж байна. Энэ хууль үүнийг нь задлах гэсэн нэг оролдлого гэж харж байна. Засгийн газрын нэг сул тал нь бүгдийг төвлөрүүлэх гэж оролддог. Олон салбарт байгаа энэ төвлөрлийг болих хэрэгтэй. Үүнээс болж орон нутгийн хөгжил удааширч байгаа нь үнэн. Тиймээс орон нутагт нь эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй байгаа юм. Багш нарыг удирдах хүнийг дээрээс нь улстөрийн томилгоог хийснээр орон нутагт сургуулийн цэвэрлэгчийг хүртэл улстөржиж ажлаас нь халдаг болсон. Учир нь "миний хүн байх ёстой" гэдэг үүднээс хандаж байгаа хэрэг. Уг нь орон нутгийн багш нар гэдэг бол тухайн орон нутгийн хөдөлгөгч хүч буюу хамгийн том боловсролтой сэхээтэн хүмүүс байдаг. Тэднийг орон нутгийн хөгжилд ашиглахаасаа илүү бид улстөрд ашиглаж байна. Энэ байдлыг л болиулах нэг оролдлого учир Боловсролын хуулийг дэмжиж байгаа юм" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:- Сумдууд өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй. Суманд үйлчилгээ үзүүлдэг эрүүл, мэнд боловсролын өмч хөрөнгө нь аймагтаа харъяалагддаг. Тэнд ажилладаг захирал, боловсон хүчинг нь аймгийн Засаг дарга томилдог, төсөв нь салбарын сайд нарынхаа багцад байдаг, тамгын газрын ажилтнууд нь босоо тогтолцоотой байдаг. Ийм эрх мэдэлтэй Засаг дарга сумаа яаж хөгжүүлэх вэ, нутгийн өөрөө удирдах ёс хэрхэн яаж, төлөвшиж хөгжих вэ гэдэг асуудал яригдана. Тиймээс ядаж сургуулийн захирал, багш ажилчдаа сумын удирдлага өөрөө шийддэх болох эрх мэдэлтэй байх ёстой гэж бодож байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх хуулийн төслийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн дүү Д.Жүгдэрням оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй

УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаатай холбоотой мэдээлэл байсхийгээд л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гардаг. Тэгвэл түүнтэй холбоотой их хэмжээний мөнгөний хэрэг олны чихэнд хүрч эхэллээ. Тухайлбал түүний болон төрсөн дүү Д.Жигдэрнямын дансанд их хэмжээний ам.доллар орж ирсэн гэнэ. 

Бүүр тодруулбал УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаагийн дансанд 250 000 ам.доллар, “Скай профейшнл ложистик” ХХК-ийн захирал Ц.Жүгдэрнямын дансанд 320 000 ам.доллар /Д.Жигжиднямаагийн дүү/, Ц.Жүгдэрнямын хүү Ж.Гарьдын дансанд 120 000 ам.доллар, УБТЗ-д ажилладаг Б.Энхбаярын дансанд 38 000 ам.доллар тус тус шилжиж орсон гэх мэдээлэл юм.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид  УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын “Фрейткоммондити консалтантс”  ХХК-д  нэгжлэг хийгээд байгаа сурагтай.

Д.Жүгдэрням сүүлийн 3 жил гаруйн хугацаанд Хонконгод бүртгэлтэй 'Class trading limited' компаниар дамжуулан 7.5 сая ам.доллар хил гаргаж, оруулж ирсэн, оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа аж.

- ОФФШОР БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ “ИЙСТ ВИНД”-ИЙН АРД Д.ЖИГЖИДНЯМАА ДАРГА “ТҮШИГ” БОЛДОГ УУ-

Тэгвэл УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаатай холбоотой энэ мэдээлэл хууль, хяналтын байгууллагаас гадагшилж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд хүрч эхэлсэн байна. Мөн УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаа “Ийст Винд” ХХК-тай ямар холбоотой вэ? гэх таамаг гарч эхэлсэн байна. 

 Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилогдох үед Киприйн оффшорт бүртгэлтэй “Ийст Винд” компанитай холбоотой, төмөр замыг хувь эрх ашигтаа, хөлжихдөө ашиглаж байсан гэх гарч эхэлсэнтэй холбоотой аж.

УБТЗ-д өмнө нь нэгэн захидал ирсэн байна. Энэхүү захиадалд тухайн үед УБТЗ-ын  орлогч дарга Д.Жигжиднямаа ОАХХ тээврийн бичиг баримтын 23 дахь параграф, тээврийн хөлсний төлбөрийн өөрчлөх тухай үүрэг өсөн. Түүний даалгавраар “ОАХХ-ийн зааврын 25 дугаар тээвэрлэлтийн гэрээг зөрчих”- ийг зөрчиж Монгол дахь төлбөр төлөгч “Монретранс” ХХК-ийн бичлэгийг дарж илгээгчийн болон ачааны өмчлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр тээврийн бичиг баримтын 12-т “Ийст винд” гэж тавигдсан байна.  Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан “Монретранс” ХХК  нь тээвэр тасалдахад хүрсэн гэнэ. 

Энэ бүхнээс харахад УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “Ийст Винд” ХХК нь тодорхой холбоо сүлбээтэй байж болзошгүйн тухайн захиадлаас ил болсон гэх таамагч гарч эхэлсэн гэнэ. 

Мөн эх сурвалжийн мэдээлснээр Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Винд”-ийн ард Д.Жигжиднямаа дарга “түшиг” болоод байж байдаг гэх яриа гарч эхэлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. п

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 80 хувьд олгох төслийг дэмжлээ

Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртлэх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоохоор” заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684.0 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор баталсан байна.

Холбогдох байгуууллагуудын гаргасан судалгаагаар манай улсын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж, 10.0 пунктээр нэмэгдсэн байна.  Иймээс ядуурлын шугамд ойролцоо байгаа дундаж бүлгийн өрхөд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого, хөтөлбөрийг нэмэгдүүлснээр тэднийг ядууралд өртөхөөс хамгаалах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа аж. Энэ үндсэн дээр хүүхдинй мөнгөн тэтгэмжийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд тэтгэмж авах хүүхдийн тоо одоогийнхоос 228 мянга орчим хүүхдээр нэмэгдэх бөгөөд амьжиргааны түвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болох юм байна. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Мөн уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж дэмжсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргаад харин мөнгөө авах эсэхийг нь иргэд өөрсдөө мэдэхээр нээлттэй болгож болох эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд төсөвт тодотгол хийхгүйгээр энэ асуудлыг шийдэх нь хууль зөрчихөд хүргэх юм биш үү гэдгийг тодруулсан. Эдгээр асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:-Засгийн газар ОУВС-тай анх хөтөлбөр тохирохдоо хүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 60 хувьд нь олгохоор тохирсон. Харин ядуурлын түвшин өссөн, нөгөө талаар эдийн зарим нааштай ахиц өөрчлөлт гарч байгаа учраас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох саналаа хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа талуудад тавьж дөрвөн сар ярилцсаны эцэст тохирч чадлаа. Бүх хүүхдэд мөнгө олгохоор шийдээд мөнгөө авах эсэхийг иргэд өөрсдөө мэдэх сонголттой болгох санал санаачилга гаргаасай гэж хүсч байна. Төсөвт тодотгол хийх эсэх тухайд энэ асуудал нь одоогийн хуульд нийцэж байгаа, учир нь төсвийн багц хоорондын зохицуулалт хийгдэх учраас төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хуулийг давж гардаг тогтоол гэж байх ёсгүй, тиймээс төсөвт зайлшгүй тодотгол хийх ёстой, энэ чиглэлээр Төсвийн байнгын хороо байр сууриа тов тодорхой илэрхийлсэн гэж үзэж байгаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хүүхдийн мөнгө нь халамжаас гадна хүүхдийн хөгжлийг дэмжих бодлого учраас цаашид үе шаттайгаар бүх хүүхдэд олгох асуудлыг хэрэгжүүлэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хүүхдийг аливаа хэлбэрээр ялгаварлахгүй байх олон улсын конвенцид манай улс нэгдэн орсон, иймээс хүүхдийн мөнгийг халамж биш хүүхдээ дэмжих бодлого гэсэн зарчмын үүднээс харж бүгдэд нь олгох ёстой, хүүхдийн мөнгөний талаар Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төсөл, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан тогтоолын төсөл хоёрыг хамтад нь хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хүүхдийн мөнгийг 12 жилийн хугацаанд олгоход нийтдээ 2 их наяд төгрөг зарцуулсан байна. Иймээс энэ мөнгө хүн амаа өсгөх, хүүхдээ хөгжүүлэх бодлого байж чадав уу, халамж болж ирэв үү гэдгийг эргэн харж, үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. Бас тэр их мөнгө хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд хүртээмжтэй байж чадсан эсэх гэдэг асуудал яригдана. Гэтэл сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй, хуримтлагдсан асуудал маш их байна. Иймээс бодлогынхоо араас улстөржихгүйгээр эрүүл зөв ухаанаар харж, өөр өнцгөөс хандах нь зүйтэй гэлээ.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганболд, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 53.2 хувь нь тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар гишүүний асуулгын хариуг сонссоны дараа өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Төрсөн эгчийгээ уул уурхайн тэсэлгээний очлуур ашиглан галдан шатаажээ

Нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн хүнийг санаатай алах, автомашин хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт болон цаг үеийн асуудлаар Нийслэлийн цагдаагийн газар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хошууч Э.Товуудорж Баянзүрх дүүргийн 26-р хороо Саруул хотхоны 112-р байранд гал тавьж 27 настай эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. Цагдаагийн ерөнхий газрын, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хошууч Э.Товуудорж тус хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "27 настай Э гэгч эмэгтэйн  амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж, улмаар маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор талийгаачийн төрсөн дүү найзтайгаа нийлэн  уул уурхайны тэсэлгээний очлуур ашиглан бензинээр талийгаачийн цогцсыг галдан шатаасан нь тогтоогдсон. Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” хэмээн хэллээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг огцруулах үндэслэлтэй, үндэслэлгүй

УИХ дахь АН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ч.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн. 

Сөрөг хүчин шаардлагадаа

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АТГ-т шалгагдаж байгаа "Хотгор шанага"-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан.

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавин зээл авч, Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ц.Нямдоржийн үнэгүй түрээсийн байрны эзэн Г.Алтан нь "Жаст"-ын гэх Ш.Батхүүд зээлсэн нэрийдлээр "Төрийн банк"-наас 53 тэрбум төгрөг гаргуулах болсон нь хууль бус, "Төрийн банк" дээрх хууль бус шийдвэрийн улмаас дампуурч болзошгүй хүнд нөхцөлд орсон” гэж бичжээ.

Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Намайг огцруулах хуулийн үндэслэлгүй” гэж мэдэгдлээ. Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат түүнийг огцруулах үндэслэл хангалттай бий гэж хэлсэн юм. Ингээд тэдний байр, суурийг хүргэе. 

Д.Эрдэнэбат: Хүрэлсүхийн Засгийн газрын зарим сайд нарын хариуцлагагүй үйл ажиллагаа асуудал үүсгэж байна. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АТГ-т Хотгор шанагын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан хэргээр шалгагдаж байгаа. Мөн тэрээр төсвийн тухай хуулийг зөрчиж 180 гаруй тэрбум төгрөгийг төсвийн орлогын зохицуулалт хийлгүйгээр хуулийн зөрчил гаргасан гэж үзэж байна. Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой олон зүйл нийтэд ил болсон. Бид үүнийг хаацайлж, нуугаад чимээгүй явах цаг хугацааг хангалттай өнгөрөөлөө. Тиймээс нэг тийш нь шийдэх ёстой. Хүн амын орлогын албан татварын гурван шатлалыг нэг шаттай болгон өөрчилсөн. Үүнээс болж 40 орчим тэрбум төгрөгийн төсвийн дутагдал үүссэн. Энэ дутагдал зөвхөн төвлөрсөн төсвийн дансанд бус бүх орон нутгийн дансанд үүссэн. Зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой хуулийн заалтыг хийхгүй байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл юм.

Ч.Хүрэлбаатар: ОУВС-ийн хаврын уулзалтад оролцоод ирлээ. Тэнд гол уулзалтууд эхлэхийн өмнө огцруулах мэдээлэл гарч ирсэн. Би үндэслэлийг нь харсан. Засгийн газраас өргөн барьсан татварын хуулиуд төсөвтэй зөрчилдөж байна гэсэн байсан. Хууль батлах эрх зөвхөн УИХ-д байдаг. Хэнтэй ч хуваалцдаггүй эрх нь энэ юм. Татварын ерөнхий хуулинд нэмэлт , өөрчлөлт оруулах, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг нь мөн ялгаагүй УИХ-ын бүрэн эрхийн асуудал. 2013.1.1-ээс 2016.6.1 өдрийг хүртэл нийт 34 хуульд хөнгөлөлт, чөлөөлөлт олгосон байсан. Тэр үед улсын төсвийн орлого жил бүр нэг их наядаар тасарч байхад хөнгөлөлт, чөлөөлөлт олгож байсан байна. Дараа нь 2016.10.1-ээс 2017.10.1 хүртэл дөрвөн хуулинд хөнгөлөлт, чөлөөлөлтийг оруулж ирсэн. Тухайн үед ярьж байгаад УИХ-аар баталсан. Төсөвт тодотгол хийх ёстой гэж зарим УИХ-ын гишүүд ярьж байнаТөсөвт тодотгол хийх шаардлагууд байдаг. Тэр шаардлагууд нь байхгүй байгаа юм. Хүмүүс улс төр хийгээд байна. Тийм учраас би Хотгор шанагын уурхайн асуудлаар АТГ-т шалгуулах хүсэлтээ өгсөн байгаа. 

НИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх боломж бүрдлээ

НИТХ-ын 15-р ээлжит хуралдаан өчигдөр/04.26/ боллоо. Хуралдаанаар хурлын үйл ажиллагааг ил тод нээлттэй, бүтээлч явуулах үүднээс хурлын бүтэц зохион байгуулалтыг  67 хувийн иртэйгээр хууралдаж өөрчлөн баталлаа. Мөн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэлэлцэж батлав. Энэ дэд хөтөлбөр нь Нийслэлийн худалдаа үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих хүн амыг соёлтой, хүртээмжтэй, чанартай худалдаа, үйлчилгээгээр хангахад чиглэгдэж байгаа юм. “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, "Үндэсний үйлдвэрлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх заалтуудтай уялдаж байгаа юм.

Дэд хөтөлбөрийн хүрээнд бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх,бүтээлч байдлыг дэмжих, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, Монгол хүний эрүүл, урт  удаан амьдрах нөхцлийг хангах, өндөр бүтээмжтэй дэвшилтэт технологийг салбар бүрт нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Худалдаа, хоол үйлдвэрлэл үйчилгээний салбар нь ажллах хүчний зах зээлд томоохон байр эзэлдэг. Улсын хэмжээнд 2017оны байдлаар 172,7 мянган хүн энэ салбарт ажиллаж байгаагийн 59 хувь нь нийслэл хотын худалдааны салбарт ажиллаж байна гэсэн судалгаа байна. Иймд худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын талаар төрөөс баримтлах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор тус дэд хөтөлбөрийн төслийг боловсруулсан гэж  Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.

Хуралдааны төгсгөлд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

Тэрбээр "Агаарын бохирдлыг бууруулах дунд, урт хугацааны төлөвлөгөөний төсөл боловсруулах, тусгайлсан хөрөнгийн эх үүсвэр бий болгох, сайжруулсан түлш, зуух халаалтын технологи, гэр амины орон сууцны дулаалгын талаарх оновчтой шийдлийг гаргах, түлшний үйлдвэрлэлийн байршлыг үндэслэлтэй тогтоох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн эрчимжүүлэх шинэ суурьшлын бүс байгуулахад анхаарч байна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, халаалтын зуухнуудыг буулгаж төвлөрсөн дулаан хангамжид холбох, цахилгааны хөнгөлөлтөд халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхийг хамруулах тухай зөвлөмжийг тусгасан"  талаар дурдсан юм.

Түүний хийсэн танилцуулгын дараа  Хурлын төлөөлөгчдийн зүгээс Агаарын бохирдлыг бууруулах талаар явуулж байгаа арга хэмжээний үр дүн болон Ерөнхий сайдын хэлсэн 2019 оны 5 сараас түүхий нүүрс Улаанбаатар хотод оруулахгүй болох тухай шийдвэр, сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр хэзээ баригдах, иргэд ямар хэмжээний өртөгөөр сайжруулсан түлш худалдан авах вэ зэрэг асуултуудыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас асууж байлаа. Мөн тодорхой саналуудыг гаргалаа.

Тухайлбал, төлөөлөгч Н.Баярмөнх "Хувийн компаний ямар нэг бүтээн байгуулалт хийх гэж байсан бол дэд бүтэцгүй, тээвэр ложистик хөгжөөгүй, хамаа хамаагүй тэр хол уулын мухраас нүүрс зөөж Улаанбаатарт ирээд, утаагүй түлш хийгээд нийслэлчүүдэд түгээнэ гэхэд нэг л санаанд багтахгүй байгаа юм. Миний хувьд  дэд бүтэц, төмөр зам нь бэлэн байхад Багануур дээр боловсруулсан нүүрсний үйлдвэрээ бодлогоор байгуулаад, Улаанбаатар хот руу тээвэрлэлтэд нь төрөөс хөнгөлөлт үзүүлээд, Нийслэлд тодорхой цэгүүд байгуулаад тэндээсээ иргэдэд түгээдэг болмоор байна. Энэ асуудлыг Ж.Батбаясгалан та  ажлын хэсэгт байгаагийн хувьд цааш нь хэлж уламжилж өгөөрэй. Уг  бид Нийслэлийн дагуул хот дүүргээ дэмжээд, төмөр замаа түшиглээд, өрхийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлээд, тодорхой цэгүүд бий болгоод ажиллах ёстой, энэ асуудалд жаахан цэгцтэй, шинэчлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй" гэлээ

Харин төлөөлөгч Ц.Байгалмаа "Үйлдвэр барина, сайжруулсан түлш үйлдвэрлэнэ  гэдэгт хэт их анхаараад бусад эрчим хүчний эх үүсвэр, жишээ нь сэргээгдэх эрчим хүчний асуудлыг орхигдуулахгүй байх" асуудалд анхаарч ажиллахыг санууллаа.

Төлөөлөгч Ё.Цацралтуяа  "Өндөр өртөгтэй сайжруулсан нүүрсийг иргэд авч чадахгүйгээс болоод хотод нүүрс оруулахгүй болсон үед  нүүрснээс хортой зүйлүүд түлээд улам хорт удаа гаргах бий. Энэ асуудлыг бодож ажиллаарай" гэв.

Төлөөлөгч Д.Баттулга "Ж.Батбаясгалан даргын хэлж байгаа MCS үнэгүй 2 сая тонн нүүрс Улаанбаатарт өгөхөөр болсон гэдэгт бид хянуур хандах ёстой шүү. Тэд бизнесмэн хүмүүс, үр дүнгүй ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй. Магадгүй уурхайн талбайгаа төсвийн  зардлаар чөлөөлүүлж  авч байгаа юм биш биз. Үгүй юмаа гэхэд тэднээс Улаанбаатар руу нүүрс зөөхөд тээврийн зардал багагүй хэмжээний мөнгө зарна. Энэ асуудлыг судлаж үзэх хэрэгтэй" гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хурлын үл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ "Эрхэм төлөөлөгчидөө, бид НИТХ-ын ээлжит XV хурлаар хэлэлцэх асуудлаа амжилттай хэлэлцэж дууслаа. НИТХ-ын төлөөлөгчдийн идэвх оролцоог сайжруулах зорилгоор Хурлын хороодын бүтцийг өөрчилж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо,   Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо, Төсөв, санхүү, эдийн засгийн хороо, Хууль эрх зүйн хороо, Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хороо, Нийгмийн бодлогын хороо гэсэн үндсэн 5 хороо, тодорхой асуудлуудыг дагнасан 9 дэд хороотой байхаар шийдвэрлэлээ.

Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн гол үндэс болсон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалттай Хуралдааний дэгийн зүйл заалтыг нийцүүлж, нэмэлт өөрчлөлтийг оруулан баталлаа. Улаанбаатар хотын худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчныг сайжруулж, гадаадын зарим улс орнуудын худалдааны салбарын бодлого зохицуулалттай уялдуулан мөрдөж, стандартуудыг шинэчлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, нийслэл хотод энэ чиглэлээр бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийг зорьсон дэд хөтөлбөриыг  бид амжилттай баталлаа.  Үүнээс гадна агаарын бохирдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сонсож, цаашид авч  хэрэгжүүлэх арга  хэмжээний тухай асуудлыг НИТХ-аар  дэлгэрэнгүй бөгөөд нухацтай хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн нэгдсэн байр сууринд хүрлээ гэж дүгнэж байна"  гэж хэлснээр НИТХ-ын 15-р ээлжит хуралдаан өндөрлөлөө.

Монгол тэмээнд анх удаа гадаад паспорт олгожээ

Эх орноо дэлхийд сурталчлах зорилгоор “Offroad mongolia” аялал жуулчлалын компанийн гүйцэтгэх захирал Н.Байгалмаа Европ руу тэмээгээр аялахаар оны өмнө замдаа гарсан. Тэрээр хэд хоногийн өмнө Ховдын хилээр гарах гээд түр саатсан байдалтай байгаа талаар цахим хуудаснаа мэдээлж байсан билээ. Түүний унаж яваа тэмээнүүдийг нь хилээр гаргахгүй хэмээн хориглож хил дээр нэлээд саатсаны эцэст  Монгол Улс түүхэндээ анх удаа тэмээнд паспорт олгож, гадаад оронд зорчих эрх олгосон байна. Н.Байгальмаа “Улсын түүхэнд анх удаа тэмээнд пасспорт олгож гадаад орныг зорьж байгаа нь. Англи Улсын засгийн газар, хатан хааны урилгатай гээд ариа л том уу. Тэмээ болгонд гадаад паспорт олгосон. Мөн чиптэй, бас эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдсан” гэжээ.

Алтан мөрдөст генералууддаа хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд болж, тусгай чиг үүрэгтэй байгууллагуудаас төрсөн генералууд оролцсон юм.

  Генералууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

  Үүний дараагаар Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсад Батлан хамгаалах салбар, Хил хамгаалах, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад генерал цол олгодог хуультай. Эдгээр салбарын алба хаагчдын үйл ажиллагааг удирдаж, иргэдийнхээ амгалан тайван аж төрөх нөхцлийг бүрдүүлэхэд мэдлэг оюун, бие сэтгэлээ зориулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж энэ цолыг олгодог юм. Генерал цол бол нэр төр, хүндлэл, эрхэм чанарын илэрхийлэл юм“ хэмээн онцолсон юм. 

  Монгол улсын хэмжээнд 170 гаруй генерал цолтон байдаг бөгөөд өдгөө алтан мөрдөстнүүдийн 90 гаруй нь ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа харамгүй зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж байна.

   Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Махбариад, О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал О.Үржин, хошууч генерал Т.Бадрал, бригадын генерал Г.Ариунбуян нарын алтан мөрдөст генерал цолтнууд төрөн гарсан юм.

 Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.  Энэ өдрийг  Зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн ёслолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас зохион байгууллаа

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл