8o
Улаанбаатар хот
mobile menu

Г. Солонго: "Өндөр гэгээн" өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёлыг өвлүүлэн үлдээх учиртай жүжиг

2018-04-30 08:59:00

Урлагын Гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонготой ярилцлаа.

-УДЭТ-тай хамтран ажиллах нь манай уран бүтээлчдийн хувьд маш том ололт, амжилт-

- Хутаг хувилгаадын өлгий болсон Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр УДЭТ-тай хамтран ажиллах болсон  гэсэн сайхан мэдээгээр яриа эхлүүлэх нь зүйтэй болов уу?

-Завхан нутгийнхаа Хөгжимт драмын театртай ажил, амьдралаа холбосноос хойш хорь гаруй жил болжээ. Анх хөгжимчнөөр ажиллаж байгаад дараа нь менежер болж улмаар 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс театрын удирдлагаар ажиллаж эхэлсэн. Менежерээр  ажиллаж байх  үеэс эхлээд одоо ингээд удирдлагаар  нь ажиллах явцад театрынхаа урын сан, тайзнаа  бүтээж байсан бүтээлүүд мөн үзэгчдийн эрэл хүсэлт зэргээс нэг зүйл анзаарагдсан нь бүтцийн хувьд, үйл ажиллагааны хувьд, арга барилын хувьд урын сангийн бодлогын хувьд гээд бүхэлд нь ер нь л нэлээд өөрчлөлт хийх шаардлагатай болжээ гэдэг нь мэдрэгдэж эхэлсэн юм. Тэгээд юуны түрүүнд бүтэц орон тоондоо өөрчлөлт хийж уран бүтээлчдийнхээ баг хамт олон бүрэлдэхүүнийг өргөтгөхөөс эхлээд цаашлаад томоохон хэмжээний уран бүтээлийг хийе. Үзэгчдийн хандлагыг өөрчилье гэсэн бодол, хүсэл төрсөн. Хамгийн гол нь уран бүтээлчид болоод аливаа уран бүтээлийн үйлдвэрлэлд гар бие оролцож буй бүхий л хүмүүсийн хээ ур чадварыг нэмэгдүүлье, сургая, одоо байгаа түвшинг нь ахиулъя гэсэн зорилго тавьсан.

Ингээд энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Улсын драмын эрдмийн театртай 2020 оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээндээ дээрх зорилго, зорилтуудаа хэрэгжүүлье гэж шийдсэн юм. УДЭТ-ын удирдлагын зүгээс бидний санал хүсэлтийг нааштайгаар хүлээн авч урт хугацаанд хамтран ажиллах болсонд урамшиж байна. Анхны хамтын уран бүтээлээ Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчтай ажиллах ажиллагаагаар эхлүүлээд байна. УДЭТ-тай хамтран ажиллах энэ ажил маань манай театрын болон уран бүтээлчдийн хувьд маш том ололт, амжилт юм.

-Энэ ажлынхаа хүрээнд Өндөр гэгээн” Занабазарын намтар цадиг бүхий бүтээлийг нийслэлчүүдээ болон нийт Завханчууддаа толиулахаар бэлтгэж байгаа юм байна. Зохиолын  сонголтыг хэрхэн хийв. “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг яагаад онцлох болсон вэ?  

-Зохиолын хэлэх санаа, агуулга цар хүрээг бодоод эцэст нь “Өндөр гэгээн” зохиолыг сонгосон-

-Зохиол сонгох үед хоёр зохиол байсан. Нэг нь Ялгуусан гэгээний тухай жүжгийн зохиол нөгөө нь “Өндөр гэгээн” юм. Хоёр зохиолыг хоёуланг нь уншсан. Төслийн баг хамт олноороо ярилцаж шийдээд зохиолын хэлэх санаа, агуулга цар хүрээг бодоод эцэст нь “Өндөр гэгээн” зохиолыг сонгосон.  Завхан аймаг Монголын төр шашины том төлөөлөл, соён гэгээрүүлэгч, урлахуйн ухааны их мастер анхдугаар богд “Өндөр гэгээн” Занабазарын намтар цадиг бүхий бүтээл мэндэлж төрнөө гэдэг бас нэг учиртай. Тэрбээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл хэмээн газар Ишдорж нэртэйгээр төрсөн гэдэг түүх, намтар нь бий.  Энэ хүний намтар, уран бүтээл зан үйл гэхээс илүүтэй энэ хүний талаар танин мэдэхгүй, хувь хүний зан төлөв, байдлыг харуулахыг зорьж зохиолоо онцолж сонгосон.

Мэдээж жүжгийн агуулга, зохиомж, илэрхийлэл нь Монголын ард түмэнд оюуны том хөрөнгө оруулалт болохуйц бүтээл болсон гэдгийг хэлмээр байна. Нөгөө талаасаа өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёл, түүхээ бид хойч үедээ өвлүүлэн үлдээх учиртай. Ингэж өвлүүлэн үлдээх том үүрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.

-“Өндөр гэгээн” жүжгийн дүрүүдэд УДЭТ-ын уран бүтээлчдээс гадна Завхан аймгийн залуу уран бүтээлчид гол дүр дээр ажиллаж байгаа гэсэн. Арга барил өөр өөр хүмүүс харилцан бие биенээсээ суралцах зүйл ихтэй байгаа байх?

-Мэдээж тэгэлгүй яахав. УДЭТ-ынхан хийх уран бүтээлээ сонгоод баг хамт олноо бүрдүүлээд зохиолын анхны уншилтаас л энэ үйл явц маань цаашаа хөвөрч бүтээл эхэлсэн. Найруулагч жүжигчний ажиллагааны хувьд ч тэр, тайз үйлдвэрлэлийн хувьд ч тэр, хөгжим чимэглэл дуу бичлэг за тэгээд цаашилбал менежмент маркетинг, сурталчилгаа бүтээгдэхүүн борлуулалтын хувьд гээд бүхий л талаар өдөр бүрийн сургуулилт, төлөвлөсөн ажил бүр тэр чигтээ манайханд сургалт болсон. Жүжигчдийн хувьд гэхэд л хоёр гол дүрд нь УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Г.Очирбат хоёртой манай хоёр жүжигчин дублёрролиор ажилласан. Нэг үе тэнгийн уран бүтээлчид хамтарч ингэж ажиллах нь бие биенээсээ суралцах том давуу тал болж байна. Тайз үйлдвэрлэлийн хувьд гэхэд манай ерөнхий зураач маш том туршлага хуримтлуулж дараа дараагийн уран бүтээлийн үйлдвэрлэлд хамт олноо удирдан зохион байгуулах арга ажиллагаанд суралцсан. Энэ түүхэн хүний тухай “Өндөр гэгээн” дуулалт жүжгийн зохиолыг Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж бичиж, ерөнхий найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, хөгжмийн зохиолчоор Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Т.Сэр-Од нар ажиллаж байна.

-“Өндөр гэгээн” дуулалт жүжиг “Гэгээн муза” наамдын нэгдүгээр шатны шалгаруулалтад амжилттай оролцлоо-

-Уран бүтээл хийхэд зардал, мөнгөний асуудал их тулгамдаг. Нууц биш бол “Өндөр гэгээн” жүжгийн санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?

“Өндөр гэгээн” жүжиг зуу гаруй сая төгрөгөөр зуун хувь ивээн тэтгэлэгээр бүтсэн. Энэ бүтээл тайзны бүтээл болж, үзэгчидэд хүрэхэд хөрөнгө санхүү, удирдлага зохион байгуулалтаар Төслийн ерөнхий удирдагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, ерөнхий продюсер, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар үнэхээр их том дэмжлэг үзүүлж ажилласан. Тэдний зүгээс бидэнд “Та нар уран бүтээлээ чанартай сайн хий. Хөрөнгийн асуудал дээр санаа зоволтгүй” л гэж хэлж байсан. Урлагт сэтгэлтэй, оюунлаг ийм арталтай байна гэдэг бол уран бүтээлийн байгууллага, уран бүтээлч бидэнд бас их аз юм. Соён гэгээрүүлэх оюуны бүтээлийг маань дэмжин ажилласан УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ, БСУГ, Төрийн болон хувийн бүх байгууллагууддаа, оюуны хөрөнгө оруулалт хийж ажилласан маш олон хүмүүс бий. Энэ хүмүүст баярлалаа.

-Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр “Өндөр гэгээн” дуулалт жүжгээрээ “Гэгээн муза”-д өрсөлдөж байгаа гэсэн. Бүтээлээ хэр сойж байна вэ?

-Монголын театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтанд жүжгийн уран бүтээлчид амжилттай оролцлоо. Одоо хоёрдугаар шатны шалгаруулалтад орох гээд бэлтгэлээ базааж байна. Бүтээл маань "Гэгээн муза-14" театрын урлагийн шилдэгийн шилдэгийг шалгаруулах олон улсын наадамд  Шилдэг найруулагч номинацад Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Шилдэг тайзны зураач номинацад СТА Т.Ганхуяг, Шилдэг хөгжийн зохиолч номинацад УГЗ Т.Сэр-Од, Шилдэг эрэгтэй гол дүр номинацад Жүжигчин Ч.Лхагвадорж, Шилдэг эрэгтэй туслах дүр номинацад Жүжигчин СТА Б.Сандуйжав, Шилдэг эмэгтэй туслах дүр номинацад Б.Ариунзаяа нар тус тус өрсөлдөж байна. “Өндөр гэгээн” дуулалт жүжиг маань “Гэгээн муза”-д 6 номинацид нэр дэвшиж байна. 

-УДЭТ-тай хамтрахаас гадна Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр энэ онд ямар ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Мэдээж төлөвлөсөн зүйл маш олон байна. Манай театр төлөвлөлт ажлаас гадна тэмдэглэлт өдрүүдэд зориулсан бүтээл тогтмол гаргадаг. Тухайлбал удахгүй олох Эх үрсийн баярт зориулж бүтээл хийхээр төлөвлөж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Амжилт хүсье.
2018/04/30 112.72.14.35
  • Recent
  • Most Read
  • Most Comment