Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Ч.Хүрэлбаатар: Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байхав
УИХ дахь АН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг огцруулах шаардлагыг гаргаад байгаа. Түүнийг Хотгор шанага"-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан хэмээн үзэж огцруулахаар болсон гэж буй. "Хотгор шанага"-ын уурхайг зарсан асуудлаар өчигдөр нэвтрүүлэг гарсан.
Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн байр, суурийг илэрхийллээ. Тэрбээр "Хотгор шанагын” уурхайг худалдан авах үйл ажиллагаанд миний бие ямар нэг байдлаар оролцсон эсэхийг тодруулахаар албан бичгийг Солонгосын талд хүргүүлсэн бөгөөд ирсэн хариуг нь англи, монгол хэл дээр (орчуулга) та бүхэнд хүргэж байна. Энэ бичгийн хариуд Хотгор шанагын уурхайг худалдан авахдаа Ч.Хүрэлбаатартай холбогдож ярилцсан, хэлэлцсэн, туслалцаа авсан зүйл огт байхгүйг дурджээ. Намайг Солонгосын талд нөлөөлөх гэж оролдсон юм шигээр гүтгэж байна лээ. Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байхав, санааны минь зоргоор хөдөлдөг бүхэл бүтэн улс үндэстэн гэж юу байхав. Хэрвээ үнэхээр тийм бол би өөрийгөө Монгол улсын гадаад бодлогод тун тустай нэгэн болохоо ойлгож авъя. Өглөөнөөс эхлээд виз хэлээд өгөөч, хүүхдээ сургуульд явуулах гэсэн юм гэж иргэд эхнээсээ хандаж эхэллээ. Солонгос орон хуулиа хатуу чанд сахиж, дээдэлдэг төртэй улс учир бодит мэдээллийг өгсөн л энэ. Бөхмөрөн суманд 2006 онд ашиглалтад орсон Нүүрсний хийн цахилгаан станцыг намайг бариулж, туузыг нь хайчилж, улмаар 800 гаруй сая төгрөг шамшигдуулсан мэтээр дурджээ. Гэтэл тэр үед миний бие сайд битгий хэл УИХ-д нэр дэвшихээ ч мэдээгүй төрийн албанд зүтгэж явсан нь бас үнэн. Юун тууз хайчлах манатай. Харин намайг Эрчим хүчний сайд байхад Бөхмөрөн сумыг Цагааннуураас өндөр хүчдэлийн шугамд холбох ажил эхэлж байнгын тог цахилгаантай болсон гэдгийг хэлье" гэлээ.
Б.Чинбат: 2012 оноос хойш таван жилийн хугацаанд 7876 удаагийн газар хөдлөлт болсон
Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран зохион байгуулж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт өчигдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд эхэллээ. Улаанбаатар хот гамшигт тэсвэртэй хот мөн үү? сэдвийн хүрээнд Нийслэлийн онцгой байдлын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Чинбаттай ярилцлаа.
- Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь хоёр өдрийн сургалт эхэллээ. Гамшиг эрсэдлээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар судалгаа хийж байна вэ?
-Нийслэлийн онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хэлтэс дээр Улаанбаатар хотын гамшгийн сүүлийн жилийн нарийвчилсан судалгааг хийсэн байдаг. Энэ судалгаанд үндэслээд хотын энэ хэсгийн иргэд газар хөдлөлтөд өртөх илүү магадлалтай гэсэн тойм төсөөллийг бий болгочихсон байгаа. Манай улс Япон улсын туршлагыг илүү тусгаж авахыг хичээж байна. Яагаад гэвэл “Жайка” олон улсын байгууллагын төслийн хүрээнд хэрэгжиж байгаа МУ-ын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд 2017 оны сүүлээр НБОГ, ОБЕГ-ын төлөөллүүд Япон улсад очиж, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх туршлагыг судалсан байгаа. Японы туршлагыг илүү судалж сургалт, судалгаандаа ашиглахыг хичээж байна. Япон улс газар хөдлөлтийн хувьд маш өндөр туршлагатай болсон. Мөн нөгөө талдаа Япон улс бай, МУ ч бай ямар нэгэн гамшиг боллоо гэхэд нэрвэгдэх магадлалтай хүн амын хувьд адилхан. Японд 1995 болсон Кобе хотын газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан 6435 хүний 70 хувь нь эхний 15 минутад юманд дарагдаж нас барсан байдаг. Үүнээс үүдэж ямар сургамж гарч ирж байна вэ гэхээр болзошгүй газар хөдлөлтийн үед хүмүүс эхлээд өөрийгөө хамгаалах арга техникд суралцах хэрэгтэй. Сурсан арга ажиллагаагаа бусаддаа зааж будсыг аврах чадвартай болох ёстой. Өөрийгөө хамгаалаад бусадтай хамтраад ажиллачихдаг бол гамшгийн эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулж болох юм байна гэдэг сургамж тэр газар хөдлөлтөөс үлдсэн. Тэр сургамжын дагуу боловсруулагдсан Японы боловсролын систем буюу гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтуудын аргыг монголдоо нутагшуулахыг хичээж байна.
-Японы улсын туршлагаас илүү их судалж байна гэж та хэллээ. Япон улс газар хөдлөлтөд тэсвэртэй барилгыг хэрхэн барьдаг, шинэ технологиос судалж байна уу. Манай улс сүүлийн жилүүдэд маш олон барилга баригдаж байгаа. Эдгээр барилгууд газар хөдлөлтөд тэсвэртэй байж чадах уу?
-Японы туршлагаас авах юм их байна. Жайка төслийн хүрээнд гурван ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
- Хот төлөвлөлтийн талаар туршлага судлах
- Барилга байгууламжын бат бэх байдал, газар хөдлөлтөд тэсвэртэй технологийг судлах
- Сургалтыг судлах гэсэн гурван ажлын хэсэг явагдаж байна. Бүх зүйл төслийн хүрээнд төлөвлөсөн хэмжээндээ туршлагаа судлаад хэрэгжүүлэх ажил арга хэмжээгээ аваад явж байна.
-Нийслэлд ашиглалтад орсон болон баригдаж буй барилгууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?
- Монгол Улсын хэмжээнд 125015 ширхэг барилга байгууламж байдаг. Үүний 108464 барилга нь нийслэлд байдаг. 108464 барилгын 1010 барилга 1970 оноос өмнө баригдсан. Хамгийн аюул нь эдгээр барилгууд дотор орон сууцны барилга 349, сургууль 29, эмнэлэг 30, цэцэрлэг 56 ширхэг байна. Гол аюул нь үүнд байна. Үүнийг мэдсээр байж, 2008 онд БНХАУ-ын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн улмаас сургууль дээрээ хичээлээ хийж байгаад 10 мянга гаруй хүн дарагдаж нас барсантай адилхан нөхцөл байдал үүсэхийг та нар ч, төр засаг ч хүсэхгүй нь ойлгомжтой. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хуучин барилгуудыг нураах ёстой. 1950-1970 онд баригдсан тоосон барилгууд 8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэхэд шууд нурна. 1965-1990 онд баригдсан мэргэжлийн хэллэгээр угсармал барилгууд муудсан байгаа болохоор тодорхой хэмжээний эвдрэл сүйрэл үүсэх магадлалтай. 2000 оноос хойш баригдсан олон давхар барилгууд 8 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байгаа.
-Өнгөрсөн жил НБОГ-т хичнээн дуудлага ирсэн бэ. Тоо баримтаас та танилцуулахгүй юу?
-Нийслэлд 2017 оны байдлаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 2681 удаагийн дуудлага ирсэн. Үүнээс ой хээрийн түмэр 18 удаа, объяктын түймэр 2383 удаа, техникийн холбогдолтой осол, эрэн хайх аврах ажиллагааны дуудлага 280 удаа ирсэн байна. Эдгээр гамшиг ослын дуудлагаар онцгой байдлын албан хаагчид ажиллахдаа 1057 иргэний амь насыг аварч 3,3 тэрбум төгрөгний эд хөрөнгийг болзошгүй гамшигаас аварсан байгаа. Гал түймэрийг онцолж байгаа нь Нийслэл хотын хэмжээнд бүртгэгдэж байгаа нийт осол дуудлагын 85-90% объяктын түймэр байдаг.
Мөн дараагийн эрсдэлтэй хүчин зүйл нь газар хөдлөлт байгаа. Улаанбаатар хотыг тойроод зургаан газар хөдлөлтийн идэвхитэй хагарал байдаг. Эдгээр зургаан хагарал нь Шархай, Эмээлт, Мөнгөн морьт, Хустай, Авдар, Гүнж гэсэн газар байгаа. Хамгийн ойрхон нь нийслэлтэй 20 км хамгийн хол нь 212 км-т байгаа. Эдгээр хагаралууд дээр 6,5-8 магниутын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Энэ нь газар хөдлөлт нийслэл хотод мэдэгдэхдээ 5-9 баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдэх магадлалтай. Монгол Улсын нийт газар нутгийн 75% нь 7 ба түүнээс дээш баллын хүчтэй газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог. Улаанбаатарт аюул учруулж болзошгүй гурван газар хөдөлтийн бүс байдаг.
- Булганы Могод сум 290 км газар хөдлөлт боллоо гэхэд нийслэлд газар хөдлөлт нь 80-90 секунтын дараа мэдрэгдэнэ.
- 269 км-ийн цаана байрлах Бүрэн-Бүтээлийн голомт бүсэд газар хөдөлвөл 70-80 секунтын дараа нийслэл хотод мэдрэгдэнэ.
- Дундговь аймгийн Дэрэнгийн голомтод газар хөдөлвөл мөн нийслэлд газар хөдлөлтийн чичирхийлэл 50-60 секунтын дараа мэдрэгдэх магадлалтай байна.
Нийслэл хот болон түүний орчмын бүс нутагт газар хөдлөлтийн тоо 2005 оноос хойш 3-5 дахин ихэссэн. Газар хөдлөлтийн идэвхижил сүүлийн 18 жилийн хугацаанд эрс идэвхижсэн. 2012-2017 онд 0,1-5,2 магниутад хүчтэй 7876 удаагийн газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, 2012 онд 827, 2013 онд 2148, 2014 онд 1147, 2015 онд 1084, 2016 онд 1280, 2017 онд 1390 удаа газар хөдлөлт болсон. Газрын чичирхийллийн тоо, давтамж нэмэгдэж хүчдэл нь ихсээд байхаар хүчтэй газар хөдлөлт магадлал ойртож байна гэсэн үг.
-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо улам ихсэж байгаа тоо баримт байна. Энэ талаар манай улсад судалгаа хийсэн байсан уу?
-2013 онд Японы Жайка олон улсын байгууллага ОБЕГ-тай хамтран Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшигийн эсрдэлд үнэлгээ хийсэн. Энэ эрсдэлийн үнэлгээгээр 6,6-7,6 магниутын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжын 22-50 орчим хувь нь нурж, 30-60 орчим хүн гэмтэж бэртэх, амь насаа алдах аюул дагуулна гэсэн үнэлгээ гарсан байгаа. Газар хөдлөлт боллоо гэхэд зөвхөн барилга байшин нураад хүний амь нас хохироод зогсохгүй. Дагалдаад дулааны цахилгаан станцын үйл ажиллагаанд доголдол гарч цахилгаан болон дулаан түгээлтийн саатал үүсэх магадлалтай. Та бүхэн 1995 оны 1-р сарын 17-ны өдөр Японы Кобе хотноо болж байсан газар хөдлөлтийн зургийг харж байсан байх. Гүүрнүүд сууриараа уначихсан, дэд бүтэц нь сүйрчихсэн байсан. Үүнтэй адилхан түүнээс ч дор хохирол манай улсад учрах магадлал байгаа.
-Нийслэл хотод хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэг нь шар усны үер байдаг. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэл хэр байна, цаашид үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Нийслэл хотын хэмжээнд 2017 оны судалгаагаар 1,362 мянган хүн амьдарч байгаа. Эдгээр хүн амын 37% нь байшин, орон сууцанд амьдардаг. 63% нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд амьдардаг өрхүүдийн 3019 өрх нь үерийн аюултай бүсэд амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Нийслэл хотын инженерийн шугам сүлжээ, далан суваг шуудуу яагаад ачааллаа даахаа болив гэхээр анх нийслэл хот маань 500 мянган хүнийг амьдруулах зориулалттай байгуулагдсан хот. Гэтэл хотын хүн ам гурав дахин ихэссэн байна. Тухайн үеийн хот төлөвлөлтөөрөө баригдсан инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжыг өргөтгөх боломжгүй болсон гэсэн үг.
Х.Баянмөнх: 2017 онд зохион байгуулагдсан бүрэн эрхтэй Цэцдийн зөвлөл хуралдаж Их хурлаа зарлах ёстой
Дархан аварга Х.Баянмөнх, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүд Цэцдийн зөвлөлийн хурлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан даалгаврын хэрэгжилт болон МҮБХ-ны өмчийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал, 2002 онд байгуулагдсан Цэцдийн зөвлөл хуралдах нь хууль бус бөгөөд 2017 онд байгуулагдсан бүрэн эрхтэй Цэцдийн зөвлөл хуралдаж МҮБХ-ны Их хурлыг зарлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.
Улмаар Монгол Улсын цэцдийн зөвлөлийн гишүүн, дархан аварга Х.Баянмөнх энэ асуудалд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Монгол бөхийн өргөөний эргэн тойронд юу болж байгааг ард түмэн та бүхэн сайн мэдэж байгаа. Хоёр холбоо, хоёр ерөнхийлөгчтэй болчихсон юм шин нөхцөл байдал үүсчихээд байгаа. Үнэн чанартаа Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан ёсны тамга тэмдэгтэй Л.Чинбат тэргүүтэй МҮБХ гэсэн ганц л байгууллага байна. Үүсээд байгаа талцалд МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Л.Чинбат нарын дөрвөн хүний нэр дээр албан бичиг ирүүлсэн. Үүнд эв найрыг эрхэмлэн хуулиа дээдэлж, бөхийн холбооныхоо дүрмийг баримталж хурлаа хий гэх утга бүхий үүрэг өгсөн байсан. Ийм цэцдийн зөвлөлтэй хурал хийнэ гэдэг нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Миний хувьд эрх зүйн чадамжаа алдаж, дуусгавар болсон Цэцдийн зөвлөлийг энэ сарын 03-нд хуралдуулахгүй гэдэг байр суурьтай байна. Ямар ч байсан тавдугаар сарын 03-нд болох 2002 онд байгуулагдсан Цэцдийн зөвлөл хурал хууль бус гэдгийг хэлье. Харин 2017 онд зохион байгуулагдсан бүрэн эрхтэй Цэцдийн зөвлөл хуралдаж Их хурлаа зарлах ёстой” гэсэн юм.
АТГ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах санал асуулга өнөөдөр хаагдана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын газар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг иргэдийн саналаар тодруулахаар санал асуулга явуулж эхэлсэн. Санал асуулгаа өнөөдөр 22.00 цагт хаах юм байна.Хамгийн их санал, хуулийн шаардлага хангах нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэн томилуулахаа мэдэгджээ.
Санал асуулга хаагдахаас өмнө саналаа өгөх бол энд дарна уу?
1 сар 20 хоногтой хүүгээ хүнсний дэлгүүрт орхиод явжээ
БЗД-т хүнсний дэлгүүрт 17 нас А-н өөрийн төрсөн хүү орхиж явсан хэрэг гарсан байна. Тодруулбал, иргэн А- нь өөрийн төрсөн хүү болох нэг сар 20 хоногтой хүүгээ орхиод явжээ. Хэргийн дагуу тус дүүргийн цагдаагийн газар шуурхай ажиллаж иргэн А-г барьж хүүгээ орхиж явсан шалтгааныг нь асуухад тэрбээр төрсөн эцэгт нь өгнө гээд орхиж явсан гэсэн мэдүүлэг өгсөн гэнэ.
Одоогоор тус хэргийг БЗД-ийн цагдаагий хэлтэс шалгаж байгаа аж.
Багш нар Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудав
"Багш нарын цалин нэмүүлэх" түр хорооноос мэдээлэл хийж, сайд нарыг халз уулзалтад дуудлаа. Тэд өмнө нь мэдээлэл хийж тавдугаар сарын 1-ны өдрийн дотор цалинг нь нэмэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.
Засгийн газраас тэдний шаардлагын хугацаанд цалинг нэмээгүй учраас ийнхүү дараагийн алхам руу гаа оржээ. Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооноос Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг мянган багшийн халз уулзалтад дуудаж, цалин яагаад нэмэхгүй байгаа, цалин нэмэхгүй байх шалтгаануудыг тодруулахыг хүсчээ. Багш нарын зүгээс сайд нарт хандан, тавдугаар сарын 9-ны дотор хариу мэдэгдэхийг шаардаж байна. Хэрэв багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгийг түр хорооныхон хэллээ.
Мөн салбарын сайд маань багш нарыгаа дэмжихийн оронд та нарын оронд ажиллах хангалттай боловсон хүчин байна гэж мэдэгдсэн гэлээ.
ШУУД: С.Баярцогтыг үргэлжлүүлэн 15 хоног хорино
ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, хорих хугацааг сунгах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс С.Баярцогтыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргасан байна..
Энэ талаар С.Баярцогтын өмгөөлөгч шүүх хурлын талаар мэдээлэл өгч байна. Мэдээллийг энд дарж үзнэ үү
Шүүх Б.Бямбасайханыг үргэлжүүлэн 1 сар хорих шийдвэр гаргажээ
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд хэлэлцлээ. Шүүхээс "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргасан байна.
Түүнийг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж цагдан хориод байгаа билээ.
Манай сэтгүүлчийн мэдээлснээр Б.Бямбасайхан нь Цагдан хорих 461-р ангиас онлайнаар шүүх хуралд оролцсон гэх мэдээллийг ирүүллээ.
Тариаланчдад шатахуун зээлээр олгож байна
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас “НИК” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 3500 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэй, зээлээр олгож эхэллээ. Шатахуун литр тутамдаа бөөний үнэ 1720-1800 төгрөг, жижиглэнгийн үнэ 1949-2080 төгрөгөөр тогтоож, орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан тариаланчдад хүргэж байгаа аж
Тариалалтыг хэвийн явуулахад 7800 тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35-40 хоногийн шатахууны нөөц байгаа юм.
"Сант Марал"-ын судалгаа: Х.Баттулга, Н.Энхбаяр, С.Ганбаатар нар рейтингээрээ тэргүүлжээ
Хараат бус бие даасан “Сантмарал” сан Монгол орны нийгэм эдийн засгийн байдлын талаар ээлжит судалгаагаа хийжээ. Энэ удаагийн судалгаа нь 2018 оны 3 сарын 15-наас 4-р сарын 2-ний өдрийн хоорондох үеийг хамарч байна. Харин түүврийн хувьд Улаанбаатар хот болон 21 аймгаас түүвэрлэн иргэдийг нь хамруулжээ.
Ингээд тайлбараа орхиж, судалгааны дүнд анализ хийе.
Түүнээс биш Монголын шилдэг улс төрчдийг Х.Баттулга тасарч тэргүүлнэ гэдэг явцуу хэрэг болно
“Сантмарал” сангийн судалгааны хамгийн амттай бөгөөд сонирхолтой асуулт нь шилдэг улс төрчдийг нэрлэхэд чиглэгддэг. Энэ удаагийн улс эх орны хэмжээний шилдэг улс төрчдийн жагсаалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга 33.6 хувиар тэргүүлжээ. Түүний араас МАХН-ын дарга Н.Энхбаяр 20.8 хувь, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар 19.8, У.Хүрэлсүх 14.7 хувь, С.Жавхлан 12.6 хувь, Р.Амаржаргал 8.5 хувь, Ц.Нямдорж 8.5 хувь, Б.Жаргалсайхан 5.8 хувь, Ж.Батзандан 5.6 хувь, Б.Бат-Эрдэнэ 3.6 хувиар эхний арван байрыг эзэлжээ. Энэхүү судалгааг хийх үед Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах саналыг гаргаж олон нийтийн дунд дуулиан, шуугиан тарьсан учраас түмний нүдэн дээр ил байжээ. Түүнээс биш Монголын шилдэг улс төрчдийг Х.Баттулга тасарч тэргүүлнэ гэдэг явцуу хэрэг болно. Харин Н.Энхбаярт хоёрт жагсах шалтгаан бий билүү.
Түүнд сүүлийн хэдэн жилд хийж, бүтээсэн ажил бий билүү. Сиймхий гарвал улс төрд орж ирэхээр анаж суугаа түүнийг ард түмэн үнэлсээр л байгаа нь эндээс харагдаж байна. Сүүлд намаасаа УИХ-д сууж буй ганц гишүүн О.Баасанхүүтэй намын даргаа булаацалдаж, бужигнасан тэрбээр заргалдсаны эцэст МАХН-ын даргадаа үлдэж чадсан. Гэхдээ түүний нам өнөөдөр гялайж, гялтайгаад байх зүйлгүй л байна.
Харин гуравдугаарт бичигдсан С.Ганбаатар Шинэ үндсэн хуульд ард түмний саналыг авна хэмээн орилж яваа нь улс төрчийн дүрээр гялтайж байсан юм. Энэхүү “гэрэлд гарах” үе нь судалгаа хийх хугацаатай давхцсан учраас ингэж дээгүүр цахилсан байх үндэслэлтэй. Бусад улс төрчдийн хувьд эргэлзэж гайхаад байх юм алга. Жижүүрийн гэдэг шиг судалгаа бүрт л эхний аравт эргэлддэг хүмүүс байна.
Энэхүү томоохон судалгаанаас нэг онцгой зүйл харагдаж байна. Энэ нь АН-аас ойрын хэдэн жилд багтаагүй тооны хүн эхний 10-т багтжээ. Х.Баттулга, Р.Амаржаргал, Ж.Батзандан нарын гишүүд энэ удаад шилдэг улс төрчдийн жагсаалтад орж ирсэн байна. Гэхдээ АН-ын дарга С.Эрдэнийн сураг ч алга нь анхаарал татна. Гэтэл МАН-ын дарга У.Хүрэлсүх дөрөвт эрэмбэлэгджээ. Түүнээс гадна МАН-аас Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын шилдэгт багтсан байна. Сонирхолтой нь шилдэгүүдэд С.Ганбаатар, Н.Энхбаяр, С.Жавхлан, Б.Жаргалсайхан гээд гуравдахь хүчний орон зайг төлөөлж байгаа дөрвөн эрхэм шилдэг аравын 50 хувийг эзэлж байна. Ирэх сонгуульд гурав дахь хүчний орон зай байгааг өгүүлсэн хэрэг юм. Манай сонгуулийн хууль ч тэдэнд боломж олгож байгааг бас дурдъя.
“Сантмарал” сангийн уламжлалт асуулт болох “Хэрвээ маргааш УИХ-ын сонгууль болвол та аль намын төлөө саналаа өгөх вэ?” гэдэгт судалгаанд оролцогчдын 41.5 хувь нь АН-ын төлөө, 38.8 хувь нь МАН-ын төлөө, 16.1 хувь нь МАХН-нд, 1.5 хувь нь ИЗ-НН-д, 2.2 хувь нь өөр намд өгнө гэжээ. МАН болон АН-ын хувьд рейтинг бараг л ойролцоо, аваатай өгөөтэй гэсэн үг. Гэхдээ эрх баригч МАН-ын рейтинг унаж буйг харж болно. Энэ нь ирэх сонгуулиар АН олон болж болно шүү гэдэг сануулга. Хэрвээ МАН-ынхан дотроо хэмлэлдэж, хэрэлдээд хийсэн ажилгүй 2020 он хүргэвэл АН-ын өнөөдрийн түүхийг үргэлжлүүлнэ. Цаашлаад Засгийн газраа дахин унагавал ирэх сонгуульд ухсан нүхэндээ өөрсдөө унаж амаа шороо үмхэх нь тодорхой юм. Тэгэхээр МАН бодлогын түвшний ажлуудаа эхлүүлж ажлаа түргэвчлэх цаг болсон байна. Хөдөөгийн сонгогчдын олонхи нь МАН-д итгэлээ өгч уламжлалаа хадгална гэдгээ илэрхийлжээ. МАХН-д 16.1 хувьтай байна гэдэг бол өндөр үзүүлэлт билээ. Энэ нь сонгуулийн дараа хамтарсан Засгийн газрын дүр зураг харагдаж буй юм.
Салхи эргэж АН-д нэмэх оноо нээгдсэнийг улс төр гадарладаг хүмүүс яриад байгаа нь батлагдлаа
Мөн судалгаагаар “Тулгамдсан асуудлыг аль нам нь шийдэж чадах вэ” гэх асуултад 11.1 хувь АН гэсэн бол 9.6 хувь нь МАН гэжээ. Тэгэхээр салхи эргэж АН-д нэмэх оноо нээгдсэнийг улс төр гадарладаг хүмүүс яриад байгаа нь батлагдлаа.
Өөр нэг сонирхолтой асуудал Монголд ямар засаглал тохирох вэ гэх асуулт. Уг асуултад нийт судалгаанд оролцсон иргэдийн 60.6 хувь нь намуудын нөлөөллийг багасгасан Ерөнхийлөгчийн засаглал гэжээ. Тэгэхээр улс төрийн намуудад итгэх итгэл унаж байна гэсэн үг. Судалгаанд оролцогчдын дийлэнхи нь буюу 69.4 хувь нь сонгуулийн хувьсгал хийх цаг болсныг сануулжээ. Тэгсэн мөртлөө шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн хуулийг эрхэм гишүүд ашиг сонирхолдоо нийцүүлсэн гэж 44.3 хувь нь үзсэн бол дөнгөж 5.4 хувь нь ард түмний эрх ашигт тааруулсан гэжээ. Энэ мэт ойлгомжгүй, зөрчилтэй зүйлүүд ч “Сантмарал”-ын судалгаанаас ажиглагдаж байна.
Уг судалгаагаар өнөөгийн улс төрийн байдалд олгархийн бүлэглэлүүдэд дэндүү их эрх мэдлийг оногдуулж байна, хүнд суртал, авлигал хээл хахууль жирийн иргэдэд дийлдэгдэхгүй болсон, бүх зүйл шударга бус болсон, УИХ-ын гишүүд намуудын удирдлагууд сонгогчидоосоо дэндүү их хөндийрсөн, баян хоосны ялгарал нь үймээний эх үүсвэр болно зэрэг анхаарал татсан асуудлууд ч уншигдаж байна. Мөн Монголын нийгэмд ажилгүйдэл их болж иргэд ядуурч байна, эдийн засгийн үзүүлэлтүүд унаж гэж дүгнэсэн байна. Ингээд судалгааны бүрэн эхтэй танилцана уу.
http://santmaral.mn/sites/default/files/SMPBM18.pdf
Зөвшөөрөлгүй барилгыг нураах ажилд саад учруулж байна
Зайсангийн аманд иргэн О.Одсүрэн ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр Богдхан уулын дархан цаазат газрын зүүн энгэрт газар шорооны ажил эхлүүлсэн байсныг зогсоосон байна.
Тэгвэл өнөөдөр Зайсангийн аманд иргэн Б.Дайчинхүү эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, тухайн газрын унаган төрх байдал алдагдахад хүрсэн нөхцөл байдал үүсгэсэн байна. Тиймээс Бурхан багшийн цэцэглэгт хүрээлэнгийн зүүн хойд талд барьсан 3 давхар төмөр карказыг буулгах, үйл ажиллагааг нь албадан зогсоохоор албаныхан ажиллалаа.
Харамсалтай нь тус байгууламжийн хамгаалалтын алба хүчтэй эсэргүүцэл үзүүлснээс болж барилгын карказыг буулгаж чадалгүй, хойшуулжээ. Уг газрыг эзэмших зөвшөөрлийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн дүү эзэмшдэг гэх мэдээлэл байгаа юм.
Нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна
Монгол Улсад иргэнд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилго” сэдэвт үндэстний форумыг зохион байгууллаа. Форумд УИХ- ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Барилга хот байгуулалтын яам, Оюуны өмч улсын бүртгэлийн газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 150 төлөөлөгч оролцсон юм.
Форумын үеэр иргэнд газар өмчлүүлж эхэлснээс хойшх 15 жилийн хугацаанд олсон ололт амжилтыг ярилцаж, цаашдаа газрын харилцааны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн болон мэргэжлийн байгууллагуудын хариуцлагыг сайжруулах, газар өмчлөлийг иргэдэд нээлттэй ил тод байлгах, хот бүхий газрыг иргэдэд өмчлүүлэн хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын иргэд оршин суугаа газар нутагтаа өөрийн гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчийн газартай байх, түүнийхээ үр шимийг хүртэх түүхэн үйл явдлыг эхлүүлсэн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийг 2002 онд баталж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Улс орны хөгжил дэвшил, нийгмийн шинэ харилцааны өөрчлөлт, шаардлагатай уялдуулан 2008 онд УИХ-аас Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хуульд заасан хэмжээгээр өмчлүүлэхээр нэмэлт өөрчлөлтийг оруулж баталснаар “газар” хэмээх өмч хөрөнгийг захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн таатай орчинг бий болгож, өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 570771 иргэн 57767,25 га газрыг өмчилж аваад байна. Ийнхүү газраа өмчилж авсан иргэдийн тоо жил бүр өсч, улсын бүртгэлд газар өмчлөх эрхээ баталгаажуулсан иргэдээс худалдсан 63559, бэлэглэсэн 80514, барьцаалсан 220904, түрээсэлсэн 70 иргэн байгаа нь өмчлөлийн газар эдийн засгийн эргэлтэд орж, үр шимээ өгч буйг илтгэж байна гэж албаныхан онцоллоо. Анх батлагдахдаа иргэнд таван жилийн хугацаатай өрхийн хэрэгцээнд зориулан газар өмчилж байсан хуулийн заалтыг 2008 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрт газар өмчлөх болгож өөрчилсөн. Өмчлөх ажлыг 2013, 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл тус бүр таван жилээр хоёр удаа сунгасан. Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд газар өмчлөлийн ажил 18 хувьтай, нийслэлийн иргэдийн 14 хувь нь газраа өмчилж авчээ.
Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191.276 иргэнд 10087.2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа бөгөөд нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна.