МҮБХ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар МҮБХ-ы тэргүүн асан Р.Нямдорж, Д.Данзан болон Улсын заан Д.Мягмар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МҮБХ-г үүсгэн байгуулагч Р.Нямдорж "1990 оны хоёрдугаар сард Улсын заан Давааням МҮБХ-г байгуулах санаачилга гаргаад миний бие болон Д.Данзан, Д.Мягмар, Даваасамбуу, Давааням нарын таван хүн зуу, зуун төгрөг нийлүүлж тус байгууллагын анхны санхүүжилтийг гаргаад тамга тэмдгээ захиалж хийлгүүлсэн. Энэ утгаараа биднийг МҮБХ-г үүсгэн байгуулагчид гэж үздэг. Би тус холбоог 28 жил тэргүүлэн ажиллахдаа Монгол бөхийн түүхэнд байгаагүй 60 шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Гэтэл сүүлийн саруудад МҮБХ-ны нэр хүндэд халдсан зохион байгуулалттай нэвтрүүлгийг Х.Баянмөнх аварга тэргүүтэй хүмүүс удаад дараа гаргаж байна. Үүнээс болж иргэдийн дунд буруу ойлголт төрөөд байна. Үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс энэ хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Бөхийн өргөө бол Монголын Үндэсний бөхийн өмч гэж дүрмэндээ заасан. Улсад бүртгэлтэй Бөхийн өргөөний татварыг 2004 оноос эхлэн төлж явсан байна. Та бүхэн баримтыг нь харж болно. Мөн улсын бүртгэлтэй гэрчилгээг давхардуулж олгох нь хууль бус байдаг. Гэтэл Үндэсний бөхийн холбооны гэрчилгээ, тамгыг давхардуулаад авчихсан байна. Энэ бол одоогийн будлианыг үүсгэж байна. Үүнийг хийхийн тулд одоогийн Хууль зүйн яамны өндөр албан тушаалтан нөлөөлсөн. Л.Чинбатыг гурван шатны шүүхээс МҮБХ-ны тэргүүнээр баталгаажуулсан гэдэг нь худлаа. Бүрэлдэхүүний шаардлага хангаагүй хурал зохион байгуулж, Л. Чинбатыг тэргүүнээр сонгосон. Энэ хууль бус үйл ажиллагааны талаар би Ерөнхийлөгчид захидал бичсэн.
Монголын үндэсний бөхийн өргөө хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Би энэ асуудалд мөн тайлбар өгье. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч мөн. МҮБХ-ны 2010 онд хуралдсан 6-р их эеээр баталсан дүрэмд бөхийн өргөөг МҮБХ-ны өмч мөн гэж тусгаж өгсөн байгаа. Мөн тус дүрэмд бөхийн өргөөг зээлийн барьцаанд тавих болон өмчлөхийг хориглосон.
Улсын бүртгэлийн газраас Л.Чинбат нар МҮБХ-ны гэрчилгээ авсан байна. Тэр гэрчилгээндээ үндэслээд тамга авсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн тавдугаар бүлгийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэсэн заалт бий.
Тэгэхээр МҮБХ гэдэг энэ байгууллага 1990 онд улсын бүртгэлд бүртгүүлчихсэн, гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа. Дахиад МҮБХ гэдэг байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхийн тулд өмнөх МҮБХ нь татан буугдсан байх ёстой байдаг. Хуульд төрийн бус байгууллагын татан буулгах заалт хоёрхон байгаа. Үүсгэн байгуулагч нар мөн эрх барих дээд байгууллага, шүүхэд энэ эрх бий. Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээг давхардуулж олгосон хууль бус үйлдэл гарсан. Энэ гэрчилгээг олгоход хууль зүйн яамны өндөр албан тушаалтан нөлөөлсөн гэж яригдаж байгаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг шууд бичлэгээс үзнэ үү.