8o
Улаанбаатар хот
mobile menu

Холливудын од саатаж, Т.Цогт, Г.Маралмаа нар Өршөөлд хамрагдаж, Женко Х.Баттулгын “Но” илэрсэн өдөр

2015-11-19 20:07:00

Дуулиантай шуугиантай нэгэн өдрийг монголчууд үдэж байна. Амьдралаас авах хамгийн том аз жаргал бол гэр бүл. Тиймдээ ч гэртээ харих зам хамгийн зөв байдаг. Өдөржин ажил, хичээл гээд завгүй явсаар аав, ээж, үр хүүхэд, хань ижил, хайртай хүмүүс дээрээ яаран гэртээ ирсэн та амрах цаг хугацаагаа умартан цаг товлон телевизийн суваг эргүүлэх хэрэггүй. Улс оронд өнөөдөр юу болж, ямар дуулиан дэгдсэнийг маш товчхоноор "Монголын нэг өдөр" булангаараа хүргэе. Эрүүл биед саруул ухаан гэдэг дээ. Антибиотик ханиад, томууг эмчилдэггүй гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөсөн байна. Мөн Замын цагдаагийн газраас бага насны хүүхдүүд зам тээврийн осолд ихээр өртөж байгааг онцлон анхааруулсан гэдгийг юуны түрүүнд дуулгая.   


Улс төрийн ноён нуруу, түшиг тулгуур гэж түүнийг л хэлэх байх. Хэдийгээр нас дээр гарсан ч өнөөгийн улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг төлөө сэтгэл оюунаа чилээж явдаг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай манай сэтгүүлч ярилцлаа. "Ойрын 3-5 жилд эдийн засаг маань өндийх боломжгүй болчихлоо, улс төрийн хүчнүүд маань төр барих чадваргүй байна, үндэснийхээ эд баялагаа үнэгүйдүүлж, газар нутгаа худалдах дээрээ туллаа” хэмээн хатуу бөгөөд яах аргагүй үнэний тухай ширүүхэн ярьжээ. “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн эргэлт хийхээр санаархаж байна” гэх энэ ярилцлага энд дарж бүрэн эхээр нь уншаарай.

Эцэг эхчүүдийн заавал унших ярилцлага: Аутизм. Энэ бол өвчин биш. Харин эдгэхгүй эмгэг юм. Аутизмыг ихэнх хүмүүс дауны синдромтой андуурдаг. Гэтэл миний, чиний, таны хүүхдүүд ийм эмгэгтэй байх магадлалтайг “Аутизм монгол-анд” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Нямгэрэлтэй хийсэн “Аутизмтай хүүхдүүд аюулыг мэдэрдэггүй, айх айдас гэж байдаггүй” гэх ярилцлагаас анхааралтай уншаарай. Зөвхөн зан төлвөөр нь л оношилдог энэ эмгэгийн ерөнхий онош нь нэг зан үйлээ олон дахин давтдаг, хэл ярианы хөгжил муу, заримд нь огт үгүй, ганцаардмал байх. Аутизмтай хүүхдүүдийн нэг онцлог нь аюулыг мэдэрдэггүй,  айх айдас гэж огт мэддэгүй тул тэд гэрээсээ гараад яваад өгдөг тул гэмт хэрэгт амархан өртөх магадлалтай байдаг аж. Монгол улсад 18600 орчим аутизмтай хүүхэд байх магадлалтай.

Х.Баттулгын салсан эхнэртэйгээ нийлж 42 сая ам долларын угаасан гэх дуулиан

Төмөр замтай холбоотой дуулиан өнөөдөр улам хүчээ авч, но-той ноцтой баримтууд дэлгэгдлээ. Тодруулбал “Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг” компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолжээ. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэгт Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, болон түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул /одоо хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа/ нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хууль хяналтынхан хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Мэдээж Х.Баттулга үүнд албан ёсны тайлбар өгсөн. Тэрбээр “Энэ бол гүжир гүтгэлэг. Тавантолгойн ордыг төмөр замын хамт луйварын гэрээгээр авах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сүүлчийн улайрсан дайралт болж байна. материалыг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан болохыг хэллээ. Цаашдаа юу болохыг ч би хэлж чадна. Тэд хүслээ хангахын тулд төрийн эрх мэдлийг ашиглаж байна. Ард нь Хятадтай хамтарсан манай нэг компани байдаг. Тэд өрөнд ороод дампуурлын ирмэгт байгаа. Эзэд нь мөнгөө нэхээд, эд нар болохоор өрөө хаахын тулд Тавантолгойн ордыг төмөр замтай нь өгөх наймаа юм даа.  1911-1919 он хүртэл Монгол улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэж байсан бүх эх орончид бусдад хорлогдож дууссаны дараа тусгаар тогтнолыг устгаад, дахин 1915 оны автономи эрхийг 1919 онд  устгасан түүх давтагдаж байна” гэв.  Цахим ертөнцийнхөн ийнхүү түүний тарьсан “хэрүүлийн алим” дээр алалцаж байх зуур харин мань хүн харин зарим нэг хэвлэлийнхнийг сэмээрхэн зохицуулчихав. Одоо ч гэсэн түүний талаар тавигдсан дуулиант материалууд эхнээсээ алга болсоор байна. 

Т.Цогт, Г.Маралмаа нар Өршөөлд хамрагдаж, Н.Батнямын цаазын ялыг хүчингүй болгов

Өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэд хэдэн дуулиант хэргийг шүүн хэлэлцлээ. Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс тус бүр 24 жилийн ял сонссон Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг хэлэлцээд байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэх зүйл анги нь Өршөөлийн хуулинд хамрагдсан тул тус бүрээс нь 2 жилийн ял хаслаа. Мөн Сод монгол” группийн захирал Ц.Анандбазарын хүү 17 настай Ц-г хөнөөсөн  Н.Батнямын цаазын ял сонссон. Тэгвэл шүүхийн ноцтой алдаанаас болж түүний цаазын ял хүчингүй боллоо. Анхан шатны шүүх түүнд цаазын ял оноохдоо ямар зүйл ангийг баримтлан оноосон гэдгээ шийтгэл тогтоол дээрээ бичээгүй байна. 

Цочирдуулсан хэрэг
Өөрийнхөө хэвлийд хүн болгож төрүүлчихээд эцэст нь гарт амь тавина чинээ хэн ямар л ээж санах билээ. Тэгээд бүр хэцийгээр шүү. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд 20 гаруй настай эмэгтэй Б гэгч нь 54 настай ээжийгээ 32 удаа хутгалж, амийг нь хохироосон байна. Уг хэрэг гудамжинд гарсан бөгөөд шалгаан нь зөвхөн гэр бүлийн маргаан гэнэ. Монголчууд минь бие биеэ хайрлахсандаа.

Г.Майцэцэгийн халтирч хэлсэн дуулиан
“Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг болон “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагынхан Шийдлийн Засгийн газрыг огцрохыг шаардаж буйгаа мэдэгдлээ. Ерөнхий сайд есдүгээр сарын 21-нд гааль, татвар, мэргэжлийн хяналтын удирдлагуудтай уулзалт хийж, “Эксклюзив” компанийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах боломжийг олгох тухайгаа мэдээлсэн. Энэ шийдвэр гараад хоёр сарын хугацаа өнгөрсөн ч асуудал шийдэгдээгүй учраас Шийдлийн Засгийн газрыг огцрохыг шаардсан юм. Гэвч түүний энэ мэдэгдэл халтирч хэлсэн үгнээс болж түймэр мэт дэгдэв. Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрээр цаашид тавьж буй шаардлагаа биелүүлээгүй бол "Бүтээгдэхүүнүүдээ эзэнгүй, хүн хохирохооргүй газар аваачиж шатаадаг юм бил үү" гэж хэлсэн нь цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байна.

Дахин барилга дээрээс төмөр уналаа
Төв номын сангийн урд өдрийн 12.00 цагийн орчимд "Мастер инженеринг" компанийн барилгаас төмөр унажээ. Унасан төмөр замын хөдөлгөөнд оролцож явсан суудлын автомашин дээр унаж, тоёота "chaser" маркийн автомашины хамрыг хатгаж тогтсон байна. Дээрээс нь төмөр унасан машинд жолооч, 10 орчим насны охины хамтаар явж байсан бөгөөд азаар бэртэж гэмтээгүй. 

 

Муухай мэдээгээ ингээд дуусгая. Харин хэдэн сайхан мэдээ байна.
-     Холливуудын жүжигчин Мэтт Дэймон Монголд нэг хоноод буцжээ. Тэрбээр өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд Монголд ирээд “Шангрила” зочид буудалд саатаад өнөө өглөө буцсан байна. Мэтт Дэймон өнгөрсөн зун нээлтээ хийсэн “Марсын хүн” киноныхоо идэвхжүүлэлтийн ажлаар Бээжинг зорьж байжээ. Түүний хувийн онгоцны Бээжинд буух зөвшөөрөл дутуу байсан учир Монголд түр саатсан аж.  
-    Мөн өнөөдөр 1591 иргэн газартай боллоо. Өнгөрсөн наймдугаар сард явагдсан Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэлээр Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нийт 16 байршилд 26 302 иргэд газар өмчлөхөөр сонгогдсон. Тэдгээрээс 1591 иргэн хуулийнхаа хугацаанд багтаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байсан бөгөөд өнөөдөр тэдгээр иргэдийн газар дээр дахин сугалаа явуулсан байна.
-    П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны гранпри шагнал хүртсэнээсээ хойш дэлхийн алдарт тайзнаа уригдан дуулж байгаа Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо “Монгол сонгодог” бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Өдгөө тэрээр Улаан Үдийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Москва хотноо алдарт төгөлдөр хуурч Денис Манцуевтэй бэлтгэлээ базаан тэд хамтдаа Тюмень хотод тоглолтоо хийх аж.

 

Үйл явдлын товчхон
Өнөөдөр "Дэлхийн 00-ын өдөр"
Өнөөдөр Олон улсын эрчүүдийн өдрийг Англи, Канад, Гана, Унгар, Энэтхэг, Ямайка, Сингапур, Өмнөд Африк, АНУ зэрэг дэлхийн 70 гаруй орон тэмдэглэлээ. 
•    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочилж, Францын мал, амьтны зохиомол хээлтүүлгийн лабораторитой танилцлаа.
•    Үндсэн хуулийн өөрчлөлт болон цаг үеийн асуудлаар "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай мэдээлэл хийлээ.
•    Ж.Батзандан Бүлгийн дарга Б.Гарамгайбаатарыг огцруулах санал гаргалаа
•    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Тэтгэврийн өнөөгийн тогтолцоог сууриар нь өөрчлөх, нэг шатлалтай тогтолцоог олон шатлалтай тэтгэврийн тогтолцоонд шилжүүлснээр тэтгэвэр авч буй ахмадуудын амьжиргааны наад захын хэрэгцээг хангах нөхцөл бүрдэнэ” гэв.
•    Энэ сарын III долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4010 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5595 төгрөгийн үнэтэй байна. 
•    Эмчилгээ хийлгэх зорилгоор гадаадад аялсан Монгол Улсын иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг гэх тооцоог Монголбанк гаргасан байна.
•    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёнъян хотын даргын урилгаар тус хотод арваннэгдүгээр сарын 19-нөөс  24-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
•    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 42 байгууллагад шалгалт хийж, 268 зөрчил илрүүлэн, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан “Баянзүрх эмнэлэг” ХХК, “Эвада” ХХК-ийн шүдний эмнэлгийн рентген аппаратын ашиглалтыг түр зогсоосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
imio
arai ch dee 4 nastai nyalh huuhdiig zagnaj tarchlaadag bur torson uree ingesen hun hun mon uu adguus ch iim bish ed nariig orshooj blhgui olon ulsad iim humuusiig shuud ustgaj bga shuu dee islamiin uls laliin uls buleglel ch ingej sonsogdoogui tedniig u
2016/01/13 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment