8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Баяр, Ч.Сайханбилэг нарт хилийн хориг тогтоож, Улаан номд орсон Зантахай загас Онон голоос олдсон өдөр

2018-05-10 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

ШУУРХАЙ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллуулахгүй гэж прокуророос өргөдөл гаргажээ

АТГ-аас  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг өдөр баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон. С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 12-нд прокурорын саналыг үндэслэн тэднийг 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэ хугацаа нь  өнөөдөр дууссан. Улмаар өнөөдөр өглөө Чингэлтэй,Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэх хорих эсэхийг шийдэх шүүх хурал болсон билээ. Шүүхээс Ч.Сайханбилэгт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно С.Баярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм. 

Тэгвэл шүүхийн энэ шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын байгууллагаас гомдол гаргасан байна. Тодруулбал,  С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллуулахгүй гэж прокуророос Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.   

Ц.Нямдорж: ТЕГ-аас дуудсан нь үнэн. Би мэдүүлэг өгөөгүй

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн үүргийн дагуу нэр бүхий сэтгүүлчдийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамт тагнаж чагнасан, сүрдүүлж машин руу нь буудсан гэх мэдээлэл гарсан. Нийслэлийн прокуророос энэ талаар мэдээлэл өгөхдөө "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна" гэсэн билээ. 

Тэгвэл уг асуудлаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг Тагнуулын Ерөнхий газраас өчигдөр дуудан байцаалт авчээ. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа. 

-Тагнуулын ерөнхий газар ямар асуудлаар байцаалт авах гэж дуудсан юм бэ?

-Тагнуулын ерөнхий газар гэрчийн мэдүүлэг авна гэдэг асуудал тавьсан. Би хууль хүндэтгэж очсон нь үнэн. Би мэдүүлэг өгөөгүй. Яагаад гэвэл надад гэрчлэх асуудал байхгүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал байхгүй. Намайг тагнуулсан, чагнуулсан гэж байгаа бол баримтаа гаргаж ир гэдгээр ажил дууссан.

БАЙР СУУРЬ: Төсөв 2.1 их наяд төгрөгөөр алдагдалтай гарчээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Байнгын хороон дээр гишүүд асуулт асууж, үг хэлснийг хүргэе.

Ч.Хүрэлбаатар: Судалгаанаас үзэхэд өсөлттэй салбаруудад ажлын байр шинээр бий болж байна

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар "Төсвийн алдагдлаа бууруулах, өрийн дарамтыг багасгаж, төгрөгийн ханшаа тогтворжуулах зэргээр эдийн засгийн зөв бодлого явуулах үед хувийн хэвшлийнхэн ажлын байр бий болгож байгаа нь харагдаж байна. Монгол улсад хөдөлмөр эрхлэх чадвартай 1,4 сая хүн байгаагаас 188 мянга орчим нь төрийн алба хашиж байна. Төрийн албан хаагчдын тоо хязгаартай тул ажлын байр хувийн хэвшилд л бий болох боломжтой. Хувийн хэвшлийг дэмжихийн хэрээр ажлын байр бий болно. Засгийн газар дотоодын арилжааны банкнуудаас сүүлийн 6 сард нэг ч төгрөгийн зээл аваагүй, харин ч авсан зээлээ буцааж төлж байгаа. Ингэснээр арилжааны банкнууд иргэд, ААН-үүдэд олгох зээлээ нэмэгдүүлж байна. 2017 онд Монгол улсын эдийн засаг 5,1 хувиар өссөн. Судалгаанаас үзэхэд өсөлттэй салбаруудад ажлын байр шинээр бий болж байна. Цаашид эдийн засгийн зөв бодлого явуулж, төсвийн алдагдлаа бууруулж, өрийн дарамтыг багасгаж, төгрөгийн ханшийг бууруулахын хэрээр ажлын байр нэмэгдэнэ" гэсэн тайлбарыг өгч байгаа юм. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Орлого бүрдүүлэх талд төлөвлөсөн зүйл харагдахгүй байна

- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төсвийн зарлага их нэмэгдэж байна. 2019 онд төсвийн зарлага 11 их наяд, 2020 онд 11.5 их наяд орчим төгрөг байхаар төсөөлсөн байна. Орлогын өсөлт бий болж байгаа ч хангалттай биш байна. Уул уурхайн салбар дэлхийн зах зээл, түүхий эдийн үнээс хамааралтай  орлогын хийсвэр төлөвлөлт байх вий. Эдийн засгийн төлөвлөлт, бүтцээ өөрчлөх талд анхаарах нь чухал. Төсөв хэлэлцэж байхад орлого бүрдүүлэх талд төлөвлөсөн зүйл харагдахгүй байна. Ер нь жил бүрийн төсвийг алдагдалтай баталдаг. Тиймээс төсвийн алдагдлаа бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ" гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлогыг нэмэгдүүлнэ 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төсвийн нийт орлогыг 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Зарлагыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирсэн. Үүнээс урсгал зардал 583 тэрбум, хөрөнгийн зардал болон цэвэр зээл 760 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн. Төсвийн алдагдлыг бууруулах бодлого барьж байна. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд агшсан эдийн засгийг тэлэх шаардлага бий. Хөнгөлөлттэй зээлээр санхүүжих хэмжээгээр төсвийн алдагдал буурч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцсон.  Үүнээс гадна төсвийн алдагдлын дийлэнх нь хөнгөлөлттэй зээлээр санхүүжихээр төсвийн алдагдал гарч байна. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй зээлээр санхүүжих шаардлагагүй учир төсвийн алдагдал эдийн засагт одоогоор сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцсон. Төсвийн орлогыг сайн шахаж оруулж байгаа. Учир нь, зэс, алт, нүүрсний үнийг нэлээд өндөр тооцсон. Төсвийн хөрөнгө оруулалт эрчимжиж байгаа. Аж ахуйн нэгжүүд татвараа сайн төлж байгаа учир татвар төлөгчдийн мөнгөөр өндөр хүүтэй өр, зээлийг төлж байгаа. Түүнээс өрийг өрөөр хаасан юм шиг ярьж болохгүй. Иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо өр төлөхөд их бий. Дахиж өндөр хүүтэй зээл авахгүйгээр төсвийн алдагдал, орлогоо зөв болгох боломжтой" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.БаттөмөрИнфляци найман хувь гэдэг нь өндөр байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Инфляци найман хувь гэдэг нь өндөр байна. Үүнийг төсөв ярилцах үеэр нухацтай хэлэлцэх ёстой. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа нь хүн амын худалдан авах чадартай холбоотойгоор эрэлтийн гаралтай инфляци нэмэгдэнэ гэж байгаа. Би үүнд их ачаалал ирэхгүй гэж бодож байна. Харин нийлүүлэлтийн гаралтай инфляци өсч магадгүй юм. Түүнчлэн санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд маш их ажиллах шаардлага байна. Ер нь Монголын хөгжлийн хоцрогдлын гол шалтгаан нь санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, тэгш бус харилцаа, хөрөнгийн зах зээлийн хоцрогдол. Үүнд онцгой анхаарах ёстой" гэв.  

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төсвийн хүрээний мэдэгдэлд найдвар төрүүлсэн үзүүлэлтүүд байна

УИХ-ын гишүүн Ч.Улаан "Төсвийн хүрээний мэдэгдэлд найдвар төрүүлсэн үзүүлэлтүүд байна. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн орлого өсч байна. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Өрийн ачаалал буурч байгаа нь нэлээд сайн үзүүлэлт. Үүнийг тооцоо судалгаагаар баталгаажуулж цаашаа ажил хэрэг болгох ёстой. Бидний анхаарах зүйл бол зарлага. Орлогоо буруу төлөвлөөд алдаж байсан явдал бий. УИХ-ын чуулганаар төсөв ярихад зарлага нэмэх талаар л ярьдаг. Ингээд сүүлд нь нэмэгдсэн зарлагадаа тааруулаад орлогоо тооцчихдог. Ингээд орлого тасарч, өр үүсдэг. Тиймээс энэ хандлагыг өөрчилж, зарлагад онцгой анхаарах ёстой. Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг байна. Төсвийн алдагдал дотор хөрөнгө оруулалт нэмэгдсэн хэмжээгээр алдагдал өсч байхыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл энэ алдагдалд хөрөнгө оруулалтын өсөлт 760 тэрбум төгрөг байна. Үлдсэн нь урсгал зардал" гэлээ. 

"Хуурамч бичиг баримт мэдүүлвэл виз гаргуулах эрхийг нь хугацаагүйгээр хасна" гэв

 Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.  Тодруулбал, хурлаар Солонгосын визний нөхцөлийн талаар мэдээлэл өгч, виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын лавлагаа болон бусад  бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа асуудлын мэдээлэл өгсөн юм. Мөн түүнийг шийдвэрлэх чиглэлд дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгөв. Хурлын эхэнд Нийгмийн даатгалын асуудал хариуцсан дэд дарга Г.Саран дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Нийгмийн даатгалын лавлагаа машинаас сард 24 мянган иргэн лавлагаа авдаг. Зөвхөн 2017 онд  432 иргэний нийгмийн даатгалын хуурамч лавлагааг шалгуулсан байна. Лавлагаа машинаас иргэд хурууны хээгээ таниулаад авдаг. Тиймээс бид хуурамч лавлагааг шууд онлайнаар шалгах программыг нэвтрүүлээд байгаа юм. Тухайн виз хүсэгчийн регистрийн дугаар, лавлагаан дээрх 18 оронтой кодыг хийхэд виз хүсэгчийн талаар үнэн зөв мэдээлэл гарч ирнэ.

Мэдээлэл таарахгүй бол хуурамч лавлагаа гэдгийг шууд мэдэж авах боломжтой. Ингэснээр нийгмийн даатгалын лавлагааг хуурамчаар үйлддэг явдлыг таслан зогсоож чадаж байна" гэв

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард илэрсэн хуурамч материалын тоо 400-500 хүрсэн гэдгийг хурлын үеэр онцолсон юм.  Хэрвээ хуурамч бичиг баримт мэдүүлээд баригдах юм бол наад зах нь нэг жил, цаашид бүр виз мэдүүлэх эрхийг нь хугацаагүйгээр хасч байгаа аж.  Бидний ажигласнаар хууль бусаар бичиг баримт үйлдэж байгаа этгээдүүд цахимаар үйл ажиллагаагаа сурталчилдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. 

 Хуурамч бичиг баримт үйлдэж байгаа этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19-р бүлгийн 19.14-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Үүнд нэгжээр буюу мөнгөн дүнгээр торгох, 6 сараас 1 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах, 2-6 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг юм байна. 

 Л.Данзанноров: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдал тааруу байгаа

 рөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдан хорих хугацааг сунгах эсэх  шүүх хурал өнөөдөр Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурал дуусаж шүүхийн шийдвэрийн танилцуулсны дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноровоос шүүхийн шийдвэрийн талаарх байр суурийг нь сонслоо. Өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдал тааруу байгаа. Хоригдож байгаа хүний бие байдал ямар байх нь ойлгомжтой. Суллах ёстой гэсэн байр суурьтай шүүх хуралд оролцлоо. Шүүхийн шийдвэрийн талаар шүүхээс мэдээлэл аваарай" хэмээн хэллээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргах шүүхийн шийдвэр гарсан байна. Шүүх хурал дууссаны дараагаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдээлэл өгнө гэв.  Бичлэгийг энд дарж үзнэ үү    

Улаан номын ховор ангилалд орсон Зантахай загас Онон голоос олджээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгааллалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид энэ сарын 1-8-нд тус газрын “А” хэсэгт судалгаа, эргүүл, хяналт шалгалтаар ажиллажээ. Тус үеэр Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Балжийн голын Тавтын гацаа нэртэй газарт Монгол Улсын Улаан номын ховор ангилалд орсон Зантахай загасыг бүртгэсэн байна. Загасны биеийн урт нь 23 см байсан гэнэ. Мөн энэхүү загас нь 2013 онд тус голын эрэгт үхсэн байсныг нь олж байжээ. Зантахай загас нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансанд “Мэдээлэл дутмаг” гэсэн зүйлд хамаардаг ажээ. Учир нь тархацын хувьд маш сийрэг бөгөөд Амар мөрний сав, Сахалин, Онон гол зэрэг цөөхөн газар байдаг юм байна. 1930 онд Хэнтий аймгийн Биндэр сум орчмын Онон голоос баригдсанаар Монгол Улсад анх бүртгэгдэж байжээ.

Бензинийг устай андуурснаас болж түлэгджээ

Говь-Алтай аймгийн Цогт суманд өчигдөр шөнө /2018.05.09/ 36 настай иргэн бензинийг устай андууран халуун тогоо руу хийсний улмаас их хэмжээгээр хордож, биеийнх нь 80 хувь түлэгджээ. Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн иргэн Б-гийн биеийн байдал хүнд байгаа учраас яаралтай Улаанбаатар хотод ирж эмчлүүлэх шаардлагатай болсон аж. Гэвч онгоцны суудалгүй гэх асуудал тулгарчээ. Харин тус аймагт ажиллаж байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, тухайн иргэнийг яаралтай Улаанбаатар хот руу явуулахаар болсон байна. 

Б.Пүрэвдорж: Бүх иргэдээс сонгогдсон Ерөнхийлөгчийн саналыг 5000 хүнээс сонгогдсон Ш.Раднаасэд буцааж байгаа нь харамсалтай

 Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагуудад шинээр нэр дэвшигчдийн нэрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн. Харин Хууль зүйн байнгын хороо АТГ-ын одоогийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учраас уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзээд буй. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос байр, суурийг нь сонслоо. 

Тэрбээр "Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг оруулж ирэхдээ Үндсэн хуулийн суурь зарчим болох "Төрийн эрх ард түмний мэдэлд байна" гэсэн зарчимд тулгуурлаж, иргэдээс санал авч оруулж ирсэн. Харамсалтай нь үүнийг буцааж байна. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналыг байнгын хорооны хурал дээр 5000 хүнээс сонгогдсон Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар хэдхэн үндэслэл хэлээд буцааж байна. Энэ нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг. УИХ-ын дэгийн тухай хуульд УИХ-д ажлаа шууд тайлагнадаг албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана гэсэн байдаг. Мөн нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн санал болоод байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Гэтэл хууль зөрчөөд буцаачихлаа. Хууль зөрчиж буцаасан АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-ын дарга нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх буюу УИХ-ын дэгийн тухай хуулийг сахиулах чиглэлийг байнгын хороонд өгөх нь зөв гэж үзэж байна" гэлээ. 

ШУУД: Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарт хилийн хориг тогтоолоо

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон. Тэднийг сарын хугацаатай цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Ерөнхий сайд С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж, батлан даалтад гаргалаа. Шүүх хурлын талаар албан ёсны мэдээллийг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх өгч байна. 

Шүүхийн шийдвэр 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллаж, хилийн хориг тавьсан талаарх албан ёсны мэдээллийг шүүхээс гаргаад байна. Энэ тухай мэдээллийг хүргэе.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг анх 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг тус бүр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг өнөөдөр буюу 2018.05.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

Ч.Сайханбилэгт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно С.Баярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно Шүүх хуралдаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нар нь цагдан хорих 461-р ангиас Онлайнаар шууд холбогдож оролцсон болно. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

С.Шаарийбуу: Охин маань амьд сэрүүн байсан бол 40 нас хүрэх байлаа

Малайзын парламентын сонгууль эхлэхээс хэдхэн цагийн өмнө Монгол Улсын иргэн С.Шаарийбуу тус улсын Ерөнхий сайд асан Махатхир Мохамэдтэй холбогдон малайзчуудад хандан мэдэгдэл хүргүүлсэн байна. Тодруулбал, тэрбээр “Малайзчууд аа, сонголтоо хийхдээ Ш.Алтантуяаг санаарай. Хэрэв Малайзын ард түмэн буруу сонголт хийвэл миний охины аллага шиг шударга бус явдалтай нүүр тулах болно. Охин маань амьд сэрүүн байсан бол тавдугаар сарын 6-нд 40 нас хүрэх байлаа. Түүний төрсөн өдөр Малайзийн парламентын сонгуультай давхцаж байгаа учраас би тус улсын иргэдэд хандаж Ш.Алтантуяаг битгий мартаарай, сонголтоо ухаалгаар хийгээрэй гэж хэлмээр байна" хэмээн бичээд тус орны тугийг барьсан өөрийн гэрэл зургаа хавсаргажээ

Хэргийн талаар эргэн сануулахад, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг зэрлэг, балмадаар  2006 оны аравдугаар сард Шах Аламын ойролцоох ойд хөнөөсөн бөгөөд түүнээс хойш  12 жил өнгөрсөн байна. Тус хэргийг үйлдсэн хэрэгтнийг  2015 онд  Холбооны дээд шүүхээс Азила болон Сирулыг тус хэрэгт буруутай хэмээн цаазын ял оноосон билээ. Цаазын ял оноосон хэдий ч Сирул ялын тогтоол гарахаас өмнө Австрали руу оргон зайлсан юм. Тэрээр Австралийн хууль сахиулагчдад баригдан, Сидней дэх Виллавүүдийн Цагаачлалын саатуулах төвд хоригдсоор байгаа юм. 

Талийгаачийн аав С.Шаарийбуу “Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Малайзын улстөрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас их хэмжээний хахууль авсан хэргийн гэрч, уг үйл ажиллагаанд орчуулагчаар ажилласан учраас охиныг минь зэрлэгээр хөнөөсөн нь зарим баримтаар тогтоогдсон” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан билээ. 

Дашрамд дуулгахад, Өчигдөр Малайз улсад болсон парламентын сонгууль болж, Ерөнхий сайд асан 92 настай Махатхир Мохамадын тэргүүлсэн сөрөг хүчин одоогийн ерөнхий сайд Нажиб Разакын 61 жил төр барьсан Барисан Насионал намыг ялсан байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment