Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчинд ээлтэй туршлага нэвтрүүлэх бүсийн төслийн нээлтийн үеэр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар оролцсон.Нээлтийн үеэр Ц.Цэнгэл “ Хог хаягдлыг ил задгай хаях, шатаах, орчныг бохирдуулах нь ямар их хор хөнөөлтэйг бид төдийлэн сайн мэддэггүй юм байна. Тиймээс энэ төслийн хүрээнд хүүхэд залуус, олон нийтэд хог хаягдлын хор уршгийг ойлгуулах нэгдсэн сургалт зохион байгуулж шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Энэ ажилд яам, нийслэл, төслийн багийнхан хамтран ажиллана.Хог хаягдлыг ил задгай шатаахад хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж хорт хавдар үүсгэн, үр удамд нөлөөлдөг диоксин, фуран хэмээх бодис ялгардаг. Төслийн хүрээнд энэ бодисыг бууруулахад анхаарч, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгахыг зорьж байна” гэсэн юм.Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Хог хаягдлыг бууруулах, орчны бохирдлыг багасгахад нийслэлээс анхааран ажиллаж байна. Эдгээр арга хэмжээний дотроос төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангасан, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоонд түшиглэсэн зөвлөлдөх ардчиллын хүрээнд хийгдсэн ажлууд илүү үр дүнд хүрч байна. Төр бол оршин суугчдын төлөө ажилладаг байгууллага. Иргэдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр, дулаан тохилог орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Тиймээс ч иргэдийн оролцоотой зураглал, дулаан техникийн шинэчлэл хийх, хог хаягдлын шинэ менежмент хэрэгжүүлэх гэх мэт олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг багасгахад анхаарч ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд хог хаягдлын хор хөнөөлийн талаар хичээл зааж эхэлсэн” гэлээ. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд удаан задардаг органик бохирдуулагчийн тухай, Стокгольмын конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд хамгийн боломжит арга технологийг ашиглан байгаль орчинд ээлтэй арга технологийг нэвтрүүлэх ажлууд хийгдэнэ.Мөн Нэгдсэн үндэсний байгууллагын Аж үйлдвэрийн байгууллагатай хамтран хог хаягдлын тухай хууль эрхзүйн орчныг сайжруулах, олон нийтийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх сургалт сурталчилгаа хийх, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах юм. Айл өрхийн хашаандаа хог шатаахыг зогсоох зорилгоор төмөр, хувцанцар савыг цэвэрлэн айл өрхөд тараана.Айл өрхүүд төмөр саванд үнс, хуванцар саванд бусад хог хаягдлыг хийснээр хөрсний болон агаарын бохирдол буурах боломж бүрдэнэ. Мөн халуун үнсийг аюултай хог хаягдлын зориулалтын ландфиллд булшилснаар хогийн цэг дэх хогны цэг дэх хогны шаталт буурах юм байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Аюултай хог хаягдлыг устгах туршлага нэвтрүүлэх төслийн нээлт боллоо
2016-02-05 11:20:00