8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МҮБХ-ны удирдлагууд байр сууриа илэрхийлж, АН-ын бүлэг хаврын ээлжит чуулганыг дүгнэсэн өдөр

2018-06-18 18:45:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 2018 оны улсын төсөвт хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжид зориулан 164 тэрбум төгрөг хуваарилжээ. Энэ нөөцийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно.Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан юм. Харин өнгөрсөн оны сүүлээр улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн тул бүх хүүхдэд нөхөн олгосон. 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг 2017 оныг дуустал бүх хүүхдэд олгоход зориулан 104,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд бүх хүүхдэд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын тогтоолын дагуу босго оноо тогтоон, босго даваагүй өрхүүдэд л хүүхдийн мөнгө олгох талаар мэдээлэл гарлаа. Ингээд бусад онцлох мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Б.Лхагважав: Банкуудыг тэтгээд байгаа 500 тэрбумаа татвар төлөгчдөд буцаагаад өгчих

Засгийн газраас оруулж ирсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-аас хэлэлцээд буцаасан билээ. Учир нь тус хуулийг гаднын компаниудад тэр дундаа Оюутолгойд зориулан оруулж ирсэн гэж гишүүдийн олонхи үзсэн юм.  Үүнтэй холбогдуулан  Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав мэдээлэл хийлээ.   

Тэрээр "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл бол Татварын багц хуулийн гол амин сүнс.  Татварын багц хуулийн төслийн өөрчлөлтийг 2013, 2014 оны хямралын дараа зөвхөн мөнгөний бодлогоор их мөнгийг зах зээл рүү оруулаад хямралыг давж гарахгүй юм байна. Баялаг бүтээгч нартаа татварын эрх чөлөө олгосноор энэ хямралаас гарах юм байна гэх дүгнэлтэд хүрч 2014 онд боловсруулсан. Үүнээс 2014 онд НӨАТ-ын хууль батлагдаад бусад гурван хууль нь тухайн үедээ батлагдаагүй юм. 2015 оны наймдугаар сард Ил тод байдлын хуулийг баталсан. Татварын багц хуулийн өөрчлөлтийг хийхдээ 5400 саналыг иргэд аж ахуй нэгжээс авч хуульд тусгаж оруулсан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийг унагааж байгаа нь баялаг бүтээгчдийг дэмжсэн татварын системийн эдийн засгийн үр өгөөжийг нь олж харахгүйгээр зөвхөн улс төрийн өш хонзонгоор харж байна. Татвар төлөгч нар өөрсдөө шинэ системийг хүсч байна. Түүнээс улс төр биш юм" гэлээ. 

Мөн "Татварын систем  ялангуяа НӨАТ систем хоёр жилийн хугацаанд үйлчилсэн. Хаана орлого олж байна түүнийг бүртгэх, татвараа авах, татвараа авч байгаа нь зах зээлийн эзэн байх зарчим дээр тулгуурласан. 2016 онд НӨАТ-аар 207 сая талон тэмдэглэгдэж түүний хойно 34.5 их наяд төгрөг тэмдэглэгдсэн байгаа.  Гэтэл 2017 онд 247 сая талон тэмдэглэгдээд түүний хойно бараг 53.5 их наяд төгрөг тэмдэглэгдсэн. Зөвхөн нэг жилийн дотор 20 гаруй их наядын зөрүү гарч байгаа юм. Үүнийг олж харж чадахгүй байна. Ил тодын хууль, НӨАТ-ын хууль  Монголын эдийн засгийг босгож ирсэн. 6.1 хувийн эдийн засгийн өсөлт бол цэвэр эрх чөлөөгөө эдэлсэн баялаг бүтээгч нарын үр дүн. Ил тод байдлын тухай хуулийн дараа 33 мянган компани 34.5 их наядын төгрөгийн ажил үйлчилгээ орлогоо ил болгосон.34 их наяд бол асар их мөнгө. Түүнээс татвар авсан бол 7-8 их наяд буюу улсын төсөв шиг татвар авсан байх ёстой юм. 34 их наядыг төрийн систем нууж байсан" гэсэн юм. 

Цаашлаад "Төрийн нэр барьсан байцаагч нарын хойно байгаа маш том авилгыг ил тод болгох татварын систем юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль бол цэвэр НӨАТ-ын системийн бүртгэл дээр суурилсан. 

Сүүлийн 27 жилд татвар төлөөгүй, Нийтийн татварын мөнгөнөөс тендер юм уу ямар нэг улс төрийн зорилго, лоббигоор хувь хүртдэг, хар зах зээлийг улам өргөн байлгах зорилготой хүмүүс энэ хуулийн төслийг унагасан. Нийгмийн ядуурал татварын зөв систем байхгүйгээс үүдэлтэй юм. Энэ татварын системийг улс төрчдөөр лобби хийлгэхгүйн тулд гаргаж ирсэн. Түүнээс аль нэг салбар, аж аж хуй нэгжийг онцолж лоббидоогүй. Цэвэр, шударга татварын систем юм.   

Баялаг бүтээгч нарыг боомилох, чөдөрлөх, өөрсдийн эрхшээлд оруулах, авилга авах тийм алхам руу түлхэж байна. НӨАТ-ын системийг унагах маш том систем ажиллаж байна.  Зарим нэг банк,  аж ахуй нэгжүүд дата баазыг хууль бусаар авах гэж оролдож байна.     

Хуулийг эсэргүүцсэн зарим улс төрчид татварын багц хуулийн цаана Оюутолгойн лобби байна гэж байна. Оюутолгойд зориулсан хууль биш. Оюутолгойг онцолж байгаа нь тэр хүмүүсийн өөрсдийн оюуны чадварын үнэлгээ. 1997 онд Татварт ногдох зарлагаас тооцдог 23 зүйлийг заагаад өгчихсөн байдаг юм. Энэ 23 заалтыг аваад зардал гэдгээ баталж чадах юм бол компани түүнийгээ эдлэх эрхтэй болгосон. Үүнийг Оюутолгойтой холбож онцлоод байгаа юм.       

Үнэндээ 2006 онд бид 45 хувийн татвартай байснаа 25 хувь болгож Татварын хуулиа өөрчилж байж Оюутолгойн гэрээг хийсэн. Тэнд цэвэр лобби явчихсан юм. Тэр үед бүх зүйл болж өрнөсөн.    

Төгсгөлд нь хэлэхэд, Татварын багц хуультай зэрэгцээд Банкны болон тендерийн хуулиуд хэлэлцэгдэж байна500 тэрбумаар банкнуудыг тэтгээд байгаа тэр мөнгөө татвар төлөгчдөд буцаагаад өгчих. Монголыг хамгийн их хямралд аваачиж буй банкны систем яагаад лоббигоор ингэж их мөнгө хийж явдаг юм бэ" гэлээ. 

Б.Бат-Эрдэнэ: Наадамдаа орох нь оролцоод, авдаг цолоо аваад явах байлгүй дээ

УИХ-ын гишүүн А.Сүхбат мэдээлэл хийж наадам замбараагүй бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээгээрэй хэмээн мэдэгдсэн. Түүний мэдээллийг энд дарж уншина уу. 

Тэгвэл түүний мэдээллийг дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид ээлжит чуулгана зохион байгуулсны дараа санал нийлэхгүй байгаа хүмүүстэйгээ уулзаж, шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж, тайлбараа хэлсэн. Нөгөө талаас Л.Чинбат, А.Сүхбат нарын байр суурийг сонсч, би өөрөө ч дахин Монголын бөхийн холбооны даргад нэр дэвшихгүй гэдгээ ч эхэлсэн. Бид бол байнга санаачилга гаргаж, цэцдийн зөвлөл, Их эеээ хуралдуулах гээд асуудлуудаа ярилцаад шийдсэн. Үүний дагуу Их эе хурлаа зохион байгуулахаар 11 хүний бүрэлдэхүүнтэй, олонхоороо шийдэх боломжтой хурлын комисс байгуулсан. Гэвч нөгөө талаас заан н.Ганболдыг эсэргүүцээд эхэлсэн. Түүнээс хойш эв зүйгээ олох, саналаа илэрхийлсээр ирсэн. Түүний дараа Л.Чинбат аваргуудтай уулзсан.  Тэр уулзалтаар Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатар, Б.Гантогтох нарыг томилох саналаа илэрхийлэхэд нь бид хүлээн зөвшөөрсөн. Гэвч өмнөх саналуудаа өөрчилж, дахин өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх, солих асуудал ярьж эхэлсэн. Бидний зүгээс тэдний тавьсан саналуудыг Их эе хурлаараа шийднэ гэдгээ тайлбарласан. Ийм л нөхцөл байдалтай байна" гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Наадмаас өмнө Их эе хуралдахгүй нь. Тэгэхээр энэ жилийн наадмаар маргаангүй, үймээнгүй наадам болох уу гэдэг эргэлзээ төрүүлж байна.  Хэрэв бөхчүүд барилдахгүйд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ?

-Баяр наадмын комиссын дарга аваргуудыг хүлээн авч уулзсан. Аваргууд зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Монгол бөхийн жудаг, уламжлалаар үлгэрлэсээр ирсэн. Төрийн баяр наадам өөрөө хуулиараа зохион байгуулагдаад ирсэн.  Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэн нэг нь оролцохгүй бол оролцох хүмүүс нь оролцоод, авдаг цолоо аваад явах байлгүй дээ. Хамгийн ноцтой асуудал бол допингтой холбоотой асуудал. Хуучин бөхийн холбоо л допингийн асуудлыг гаргаж ирж, асуудалд өөрөөр хандаад байгаа юм шиг мэдээлэл өгөөд байх юм. Допингтой холбоотой асуудлыг хэдхэн сайн дурын хүмүүс ТББ хийж, хүмүүсийн эрхэд халдаж байна гэх буруу ойлголтыг яриад байгаа . Гэтэл Монголын допингийн байгууллага дэлхийн Допингийн эсрэг байгууллагын салбар байгууллага. Энэ байгууллага бүх л спортын тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Допингтой холбоотой асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Өнөөдрийг хүртэл бид эв, зүйгээ олохын төлөө ажиллаж байгаа гэдгээ үргэлж илэрхийлж байгаа.

-Монголд анх удаа допинг хэрэглэсэн, ийм холбогдож байсан анхны бөх нь А.Сүхбат аварга. Тухайн үед түүнд ямар нэг хариуцлага хүлээлгэж байсан уу?

-Огт тооцож чадаагүй. Одоо яг тийм маягаараа явж байна. Эмчийн магадлагаа гаргуулаад түүгээрээ асуудлаа шийдүүлэхээр явж байгаа.  Дэлхийн аль ч спортын төрөлд байдаггүй зүйл. Допинг нэгэнт илэрсэн бол түүнийг нь эсэргүүцдэг улс, тамирчин байхгүй.

30 ишлэл:  "Хөрөнгийн биржийн хувьчлалаас ухарвал жинхэнэ утгаараа эдийн засгийн бүлэглэлийг дэмжинэ"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн.

2020 ондоо багтаа “МИАТ”-ийн 49 хувь, Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж 100 хувь, Монгол шуудан 10 хувь, Монголын цахилгаан холбоо 66 хувь, ХАА-н бирж, Мэдээлэл холбооны сүлжээ 49 хувь болон орон нутгийн өмчит 20 АЗЗА компанийг дуудлага худалдааны зарчмаар худалдахаар оруулж ирээд байгаа юм.

Хувьчлалын асуудлаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Ням-Осор иргэдэд зориулан ямар мэдээлэл өгснийг ОНЦЛОХ 30 ИШЛЭЛЭЭР ХҮРГЭЖ БАЙНА.

1.    Олон нийтийн оролцоог хангаж, хувьчлалыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хийх нь илүү өгөөжтэй гэж үзсэн юм. 
2.   Өмч хувьчлал өнгөрсөн жил яригдсан хэдий ч ихэнх компаниуд алдагдалтай ажиллаж байсан учраас хойшлуулсан. Дахин оруулах гэтэл Засгийн газар огцорсон. Ийм байдлаар хойшилж ирсэн байдаг.
3.    Хөрөнгийн биржээр хувьчилбал хүн шахдаг, бараа шахдаг зүйл байхгүй болно. Дур зоргоороо машин, байшин худалдаг авдаг юм үгүй болно.
4.    Хяналт сайжрахаар компанийн засаглал сайжирч, үр ашиг дээшилдэг.
5.   МИАТ, хоёрт, Төрийн банк, гуравт, Монголын хөрөнгийн бирж,  дөрөвт, Арилжаа төлбөр тооцооны төв, тавд, Хөдөө аж ахуйн биржийг,  зургаад Мэдээлэл холбоо сүлжээ компанийг, долоод нь Монгол шуудан компанийг хувьчлахаар тусгасан. 6.    Хувьчлах эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Хөрөнгийн үнэлгээг хуулиараа бид үнэлэхгүй. Хууль тогтоомжийн хуулийн хүрээнд бид зөвхөн блансын үнэн дүнг тавьсан юм. 
7.    Заавал үнийн төсөөлөл байх шаардлага тавьсан учраас дүн оруулж ирж байна. УИХ хувьчлахаар шийдвэр үнэлгээ дахин хийгдэж, үнэ тогтоно.
8.    26 жил хөрөнгийн зах зээл мэдэхгүй гэж ухарсан. Дахиад 50 жил хүлээх үү. Өнөөдөр ч УИХ -ын зарим гишүүн тэгж ярьж байна лээ.  Одоо болсон.  
9.    Хөрөнгийн зах зээлд хувийн хэвшлүүдээс хамгийн сүүлд Монгол базальтынхан хувьцаа гаргасан нь амжилттай явж байна. 
10.    Төрийн өмчит компаниас “Монгол шуудан” мөн хувьцаа гаргасан. “Монгол шуудан” компанийн 66 хувийг төр эзэмшдэг бол 34 хувь нь хувьд гарсан. Одоо 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Тодорхой хувийг нь хувьчилснаар хувьцааны үнэ нь гурав дахин өссөн. Өмнө нь 100 хувь төрийн өмчид байхад жилийн нэг тэрбумын ашигтай ажилладаг байсан бол хувьцааг биржид гаргаснаар энэ оны нэгдүгээр улиралд нэг тэрбумын ашигтай ажилласан байгаа.  
11.    Байгаа мөнгөө банкинд хадгалаад ахиу хүү аваад сууж байдаг тогтолцоогоо өөрчлөх цаг болсон. Монголын хөрөнгийн зах зээлийн 97 хувийг банк, банк бус санхүүгийн байгууллага бүрдүүлж байна.
12.     Дэлхий нийтэд санхүүгийн зах зээлийн 45-50 хувийг банк, 40-45 хувийг хөрөнгийн бирж, үлдсэн таван хувийг ломбард, хоршоо, банк бус санхүүгийн байгууллага бүрдүүлдэг.
13.     Цэнхэр, ягаан тасалбар дээр алдсан нь үнэн. Гэхдээ одоо тийм болно гэж хардаад, ажлаа явуулахгүй байж болохгүй л дээ.
14.    Хөрөнгийн биржийн хувьчлалаас ухраад дуудлагын худалдаагаар хувьчлалыг явуулна гэж улс төрийн шийдвэр гаргах юм бол жинхэнэ утгаараа эдийн засгийн бүлэглэлийг дэмжинэ.
15.    Том компаниудыг хөрөнгийн биржээр гаргаад хувьцааг нь иргэд авдаг, өгдөг болчихвол ядаж хүн амын 20 хувь нь хөрөнгийн зах зээлд тоглодог болчих болов уу л гэж зорьж, энэ тогтолцоог  үүсгэхийг оролдсон.
16.     МИАТ -ыг салбарын сайд нь хувьчлах хэрэгтэй гэж үзэж жагсаалтад оруулсан. Нэгдүгээрт, МИАТ менежмент муу байна, хоёрдугаарт таван онгоцтой хэрнээ 800 хүн ажилладаг. Гуравдугаарт, гадаадын компаниудтай өрсөлдөх чадваргүй, дөрөвдүгээрт либералчлал явуулах хэрэгтэй гэсэн үндэслэлээр оруулсан. Бид бол өрсөлдөөн байхгүй гэж үзсэн. 
17.   Улсын хэмжээнд авто зам засвар арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан 495 компани байгаа. Үүнээс тогтмол үйл ажиллагаа явуулдаг, тайлан баланс гаргадаг 90 орчим компани бий. Энэн дотор төрийн өмчит 20 АЗЗА багтдаг. 
18.   АЗЗА-д 2006 онд Кувейтын сангаас таван сая орчим доллараар тоног төхөөрөмж авч өгсөн байдаг. Түүнээс хойш төр хөрөнгө оруулалт хийгээгүй. Техникийнх нь 80 хувь элэгдэж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон.
19.    Авто замыг засварлахад жилд 50 тэрбум шаардлагатай гэж үздэг. Гэвч дээрх 20 АЗЗА-д жилдээ 11-17 тэрбумыг л төсвөөс өгдөг. Нэг компанид дунджаар 200-500 сая төгрөгийн санхүүжилт ногддог. Түүнийгээ цувуулж авдаг,  тэр нь засвар үйлчилгээндээ хүрдэггүй.  Гэтэл жилээс жилд өр нь нэмэгдээд байдаг. 
20.    2016 оны сүүл, 2017 оны эхэнд 9.5 тэрбумын өртэй хүлээж авсан. Ноцолдсоор байгаад жилийн турш нэг тэрбумын өрийг дарсан.  Цаана нь есөн жилийн турш төлж чадаагүй таван тэрбумын Кувейтын зээл байгаа.  Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэл, татвар, мөн банкинд өртэй. Өр зээлтэй учраас тендерт оролцож чаддаггүй. 
21.    Хуулиараа өртэй компани тендерт оролцох боломжгүй. 
22.    АЗЗА нь хэрэгцээт техник нь 1600 байх ёстой ч 600 техниктэй.  Нэг компани арав гаруй техник авъя гэхэд дунджаар 4-5 тэрбум хэрэгтэй. 20 компанид 80-100 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байж, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх шаардлагатай болж байгаа. Төр энэ хэмжээний санхүүжилт хийх боломжгүй. Одоо жаахан удвал бүгд дампуурна.  
23.    Саяхан Авто зам тоног төхөөрөмжийн түрээс ТӨХК дампуурсан. Парк шинэчлэлт, тоног төхөөрөмжийн үйлчилгээ хийж чадаагүйгээс, түрээсийнх нь үйл ажиллагаа зогсож,  хүнд байдалд орсон. Татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 600 сая төгрөгт хүрч, өрөнд орсон.  Засгийн газарт асуудлыг тавьж, татан буулгасан байгаа.Аймгуудын АЗЗА түүний л нэг адил хүнд нөхцөлд байна. Балансын үнэ тавьсан. Үнэлгээ хийгдээгүй байгаа гэж ойлгох хэрэгтэй. Үнэлгээ хийлгэхэд мөнгө хэрэгтэй. 
24.    Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар компанийг гурван ангиллаар үнэлнэ. Үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй компани хийнэ. Дараа нь үнэлгээг нь хөндлөнгийн аудитын компани үнэлнэ. Буруу үнэлж үү, зөв үнэлж үү гэдгийг аудитынхан дүгнэнэ.
25.    Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн хуучин байрыг,  газартай нь долоон тэрбумаар үнэлсэн байдаг.  Дуудлага худалдаанд оруулахад 27 тэрбум төгрөгт хүрсэн. 
26.    Оргил рашаан сувиллыг 7.7 тэрбумаар хувьчилж, орлогыг нь улсын төсөвт оруул гэж УИХ-ын тогтоол батлагдсан. Тэгтэл 15.2 тэрбумаар хувьчилсан нь хоёр дахин нугарсан үнэд хүрсэн. 
27.    Хувьчлах жагсаалтад орсон компаниуд Хөрөнгийн бирж дээр гараад хэд хүрэхийн, дуудлагаар худалдахаар хэд хүрэхийг бид мэдэхгүй. 
28.    Эдийн засгийн ойлгоц байхгүй байна уу, улс төр хийгээд байна уу. Ойлгохгүй байна. Би олон өдөр тайлбарласан. Үнэлгээ хийдэг журамтай гэдгийг.
29.    Бид хулгай хийх гээгүй, ажил хариуцаж байгаа учраас хийх гээд л ноцолдож байгаа шүү дээ.
30.    Энэ ажилтай жил шахуу ноцолдлоо. Салбарын яамд нь мөн ноцолдож байгаа юм.

И.Одончимэг олон улсын кино наадмаас Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртлээ

X ТҮЦ" продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн "Солиот эх" өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино бүтээж, өнгөрсөн нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар МУГЖ И.Одончимэг, продюсерээр Н.Онон ажилласан юм.

Тэгвэл энэхүү киног БНХАУ-ын зах зээлд гарах болсон талаар "X ТҮЦ" продакшны жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр, "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Чиндао хотод зохион байгуулж буй "Олон улсын анхдугаар кино наадам"-д "Солиот эх" кино амжилттай оролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү кинонд оролцсон нийт уран бүтээлчиддээ, биднийг дэмжиж хамтарч ажилласан хамт олон албан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Монголын кино урлаг мандан бадраг" хэмээжээ.


Түүнчлэн Шанхайн хамтын ажиллагааны Олон улсын кино наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацид нэр дэвшин өрсөлджээ. Үүнээс Монгол Улсаа төлөөлөн "Солиот эх" уран сайхны киноны Номоо-н дүрээр МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон байна.

Саналын хуудас, техникийн хэрэгслийг хүргүүлж эхэллээ

Энэ сарын 24-нд болох Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил явагдаж байна.

Энэхүү сонгуульд хэрэглэх нийт 30  төрлийн 27 мянга гаруй  саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулан гэрчилгээ олгох ажил тус тус дуусч тэдгээрийг хүлээлгэн өгөх, санал авах байранд хүргүүлэх ажил эхэллээ.

Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, намын ажиглагчид болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж байна.

Мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг СЕХ-ны дэргэдэх  Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг хариуцан гүйцэтгэжээ.

Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн 4 суманд болно. Сонгуульд оролцохоор 3 нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэх авчээ.Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 6-ны өдрөөс эхлүүлээд байна

2 настай хүүг дааганы эмээлтэй хүлж уралдуулсан этгээдэд хариуцлага ногдуулжээ

Хоёр настай хүүхдийг дааганы нуруун дээр хүлж баглаж, уралдуулсан гэх зураг  олон нийтийн сувгаар шуугиан тарьж шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 18-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарт уяач Б зээ хүүгийнхээ үсний найранд зориулан хурдан дааганы уралдаан зохион байгуулсан байна. Тус  уралдаанд 23 даага уралдахаар бүртгүүлсэн гэнэ.

Гэтэл тус сумын малчин Б нь өөрийн 2 нас хоёр сартай хүүгээ даага унуулан гараанаас гаргасан байна.  Хүүг дааганы эмээлэнд хүлж уралдуулсан байжээ. Энэхүү уралдаан нь нэгд, хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Аймгийг засаг даргын захирамжийг, хоёрдугаарт, Хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл болжээ. 

Түүний энэхүү үйлдэл нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн энэхүү үйлдэлд нь хариуцлага тооцсон байна. Тухайлбал, тус аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газраас Цагдаагийн газартай хамтран энэхүү хэргийг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлд зааснаар "Эрүүл мэнд амь насанд аюултай тоглоом наадгайд хүүхэд оролцуулсан" гэсэн үндэслэлээр хүүгийн эцэгт, мөн захирамж зөрчин морь уралдуулсан алдарт уяачид тус тус арга хэмжээ авсан байна. 

Хурдан морины унаач хүүхдүүд  тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж, эрх нь зөрчигдөж байгаа талаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох мэргэжилтнүүд байнга онцолж ярьдаг.  Гэтэл өнөөдөр томчуудын зугаа цэнгэлийн хохирогч нь хүүхдүүд болж байгааг энэ үйлдлээс харж болохоор байна. 

Аз болоход 2 настай хүү морьноосоо унаж бэртээгүй. Гэхдээ унахгүй, бэртэж эрүү мэнд, амь насаараа хохирохгүй гэх баталгаа байхгүй.  

Гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ. УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх юм. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн энэ долоо хоногт  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдэх юм. 

Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу Малайзын Хууль зүйн сайдтай уулзаж байна

Малайзын Куала Лумпур хотод онц ноцтойгоор амиа алдсан Монгол улсын иргэн Алтантуяагийн хэргийг дахин нээхээр түүний эцэг С.Шаарийбуу Малайзад очжээ. Тэрбээр тус улсын Хууль зүйн сайдтай уулзахаар Куала Лумпурт ирсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх боломжийг хэлэлцэхээр тус улсын шинээр сонгогдсон Хууль зүйн сайд Томми Томас, Ерөнхий сайд Махатир Мухамад нар хүлээн авч уулзахаар болсон талаар Шаарийбуугийн хуульч Рамкарпал Синг мэдэгджээ.

Тэрбээр 'Ш.Алтантуяагийн амийг санаатайгаар хөнөөсөн. Зохих ёсны шийтгэлийг гэмт этгээд хүлээх ёстой. Хэргийн талаар бидний мэдэхгүй, мэдээгүй, олж илрүүлэх шаардлагатай зүйлүүд маш их байгаа учраас энэ хэргийг дахин нээж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх ёстой' гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл