8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Наадмаар 5 хоног амрахаар болж, Шатахууны үнэ нэмэгдсэн өдөр

2018-06-27 18:45:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн гэгээлэг мэдээллээр өнөөдрийн тоймоо хүргэж байна. Их ажлын өдрүүд дуусаж байгаа учраас та бүхэн амралтын өдөр гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Харин одоо бид дуулиантай дуулгах сонин ажлын эхний өдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Шатахууны үнэ буурна гэж мэдэгдэж байсан Д.Сумъяабазар сайд хариуцлагаа хүлээ

Шатахуун импортлогч компаниуд АИ 92, АИ 80 шатахуун, дезиль түлшний зохиомол хомсдол үүсгэж хэрэглэгчдийн уур, бухимдлыг барсан цаг саяхан. Тэд шатахууны онцгой албан татварын нэмэгдлийг эсэргүүцэн Засгийн газрын эсрэг хоёр долоо хоногийн туршид бойкот хийсний эцэст ялалт байгуулсан. Тодруулбал, шатахууны хомсдолд өртөж үнэтэй бензин хүчээр авч байсан иргэдийн бухимдлыг намжаахын тулд Засгийн газраас АИ 80, АИ 92 шатахууны албан татварыг тэглэсэн. Ингэснээр дээрх хоёр төрлийн шатахууны үнийг нэмэхгүй байх тохиролцоонд Засгийн газар болон нефть импортлогч компаниуд хүрсэн. Гэтэл шатахуун импортлогчид уг тохиролцооноосоо буцаж Цагаан сарын баярын үеэр АИ 92, АИ 80 шатахууны үнийг нэмсэн.

Иргэдийг Цагаан сарын бэлтгэл гэж мунгинах зуурт "даварсан" шатахууны импортлогчид аль хэдийн ард түмний хэрэглэдэг бензиний үнийг нэмж орхиСОН. Тэд энэ үеэр хэнээс ч асуухгүйгээр ямар ч зөвшөөрөлгүйгээр АИ 95 шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмсэн. Засгийн газраас тэдний уг шийдвэрийг дуугүй хүлээн зөвшөөрөөд нэмүүлсэн. Гэтэл гар бариад бугуй барьж дахин даврав.

Баяр далимдуулан үнээ нэмж гаршсан шатахуун импортлогчид энэ удаа НААДАМ-ыг далимдуулжээ. 


Тодруулбал шатахуун импортлогчид өчигдөр нэгэн зэрэг шатахууны үнийг 90-120 төгрөгөөр нэмлээ. Чоно борооноос гэгчээр шөнө дөлөөр үнээ нэмдэг нь бүр хачирхалтай. 

Яг одоо Петровис компани 

АИ 98- 2090

АИ 95- 2050

АИ 92 - 1830

АИ 92-1730 

ДТ 2010-2070 төгрөгийн хооронд борлуулж байна. 

Магнай Трейд 

АИ 92-1830 

АИ 92- 1750

АИ 95 - 2040

АИ 98 -2100

ЕДТ- 2010  төгрөгөөр борлуулж байна. 

Уул, уурхайн дэд сайд, Үнийн зөвлөлийн тэргүүн асан Д.Загджав 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр манай сайтад өгсөн ярилцлагадаа  “Нефть импортлогчдоос шатахууны онцгой албан татвар гэж 68 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөөд байсан юм. Үүнийг нь Засгийн газар тэглэсэн. Тэгэхээр АИ 92, АИ 80 шатахууны үнэ нэмэгдэхээргүй болж байна. Нефть импортлогч комданиудын захиралтай ярьсан. Тэд “Шатахуунаа хэвийн олгоно. Өнөөдрөөс эхлээд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн.

Гэтэл Д.Загджав сайдыг ингэж хэлээд НЭГ САР ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД шатахуун импортлогчид бензинийн үнээ нэмсэн. Ёстой нөгөө эргэж хараад нуруунд хутга зооно гэдэг нь энэ байх. 


Үүний дараа Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үнийн зөвлөлөө би тэргүүлэхгүй бол болохгүй юм байна гэж хэлээд шатахууны үнийн зөвлөлөө ахалж эхэлсэн.

Тэрбээр энэ үед “Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна” гэсэн юм.

Гэтэл дөрөвдүгээр сараас хойш гурван сар болох гэж байна. Энэ хугацаанд шатахууны үнэ буух нь битгий хэл өсчихлөө.

Сайд та худлаа хэлсэн хариуцлагаа хүлээнэ үү.

Бүтэн хоёр долоо хоногийн хугацаанд шантааж хийсний эцэст татварын нэмэгдлээ тэглүүлчихээд ийм үйлдэл гаргах нь хэр зохистой вэ.Түүгээр үл барам дахин үнээ нэмлээ. Ер нь шатахуун импортлогч компаниудад хэн хариуцлага тооцох вэ. Тэдний дуртай цагтаа үнээ нэмдэг энэ үйл ажиллагааг хэн хазаарлах вэ. Шатахуун импортлогч компаниудын дэгдээсэн өнгөрсөн удаагийн бужигнааны үр дүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тэдний АИ 95 шатахууны үнээ нэмж бусад бензинд зохиомол хомсдол бий болгосноос болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ.

Шатахууны үнэ нэмэгдсэн өнөөдрийн нөхцөл байдал ч бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлнө. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ.

Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хойшлууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тогтоолын төслийг хэлэлцлээ. Өмнө нь Улсын Ерөнхий Прокурорын зүгээс Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн ч хүлээж аваагүй. 

УИХ-ын энэхүү тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан билээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцээд дэмжсэн. 

Ингэснээр Д.Мурат гишүүнийг түтгэлзүүлэх асуудлыг дахин хэлэлцэх эрх зүйн боломжтой болж байгаа юм. Ингээд уг асуудлыг өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Түдгэлзүүлэх нь зүйтэй” гэсэн өөрчлөлт оруулах асуудлаар хуралдсан юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хуулийн ойлгомжгүй байдал үүслээ. Асуудлыг дахин нягталж, хуульчид гаргалгаагаа зөв гаргах ёстой” гэсэн байр суурь илэрхийлэв. Ингэснээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлаар хуулийн хүрээнд дахин зөвлөлдөж, УИХ-д оруулж ирэхээр болов. 

Уг асуудлыг хаврын чуулганы хуралдаанд хэлэлцүүлж амжихгүй учир намрын чуулганаар хэлэлцэх нь тодорхой боллоо. 

Хэнтийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд 228.9 сая төгрөгөөр зохион байгуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах товыг тогтоож, холбогдох зардлыг нь баталлаа. Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд 228.9 сая төгрөгөөр зохион байгуулахаар тогтов. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны дарга Содномцэрэн "Өмнөх хуулиудаар нөхөн, дахин сонгуулийн хугацааг хуульд заагаагүй байсан. Энэ сонгуулийн хуулиар хугацааг заасан. Жилдээ 40-50 сонгууль явагддаг байсан. Энэ сонгуулиар нэгтгээд зун, намар хоёр удаа зохион байгуулдаг болсон. Хугацааг нь хууль дээр тодорхой зааж өгсөн. Нөхөн сонгууль гэж юуг хэлэх вэ гэдгийн мөн тодорхой зааж өгсөн. Орон нутгийн сонгууль, УИХ сонгууль нэг өдөр явагдана. УИХ-ын гишүүний орон тоо гарсан бол нөхөн сонгууль явуулна гэж хуульд заасан. 70 санал авах өдрийн өмнө сонгуул аравдугаар сарын 7-н хүртэл 3-5 хоногийн хугацаатай ажлууд байгаа. Төрийн албан хаач сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгнө гэж заасан. Энэ бол сонгууль болон төрийн албаны тухай хуульд заасан. Сонгуулийн ерөнхий хороо энэ шаардлагад нийцүүлэн бүртгэнэ. Бүртгүүлэхээр материал ирүүлэхдээ төрийн албан хаагчаас чөлөөлсөн шийдвэрээ нотариатаар батлуулан авчирна гэж хуульд заасан" гэлээ. 

Наадмаар хэд хоног амрах вэ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. 

Энэ жил үндэсний их баяр наадмаар  тав хоног амрах юм байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрахаар заасан байдаг.

Тэгвэл долоодугаар сарын 11-ний өдөр тухайн долоо хоногийн лхагва гарагт, 15-ны өдөр ням гарагт таарч байна. Иймд иргэд долоодугаар сарын 10-ны мягмар гарагт ажиллаад, 11-ний лхагва гарагаас эхлэн 16-ны даваа гараг хүртэл амрах юм.

Туул голд живсэн охины цогцос Яармагийн гүүр орчмоос олджээ

Өчигдөр 10 настай хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр 15.33 цагийн үед цагдаагийн байгууллагад ХУД-ийн 11 дүгээр хороо “Зайсангийн гүүрний орчим хүүхэд усанд живчихлээ” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад, 10 настай эмэгтэй Э нь дөрвөн найзын хамт усанд орж байгаад живж алга болсон байна.

Ниийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай өчигдөр өдрийн 15:30 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гүүрнээс тус дүүргийн 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлснээр 09.00 цагийн үед Яармагийн гүүрний орчмоос цогцсыг олжээ.

Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал авилгачдыг хамгаалж, сул цалин авч байна

Энэ  сарын 25-ны өдөр  АТГ-аас өнгөрсөн сард хийсэн ажлын тайлан мэдээ өгсөн. Энэ үеэр 60 тэрбумын хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “60 тэрбумын бичлэгийн эх хувь нь олдоогүй учир хэргийг хаасан. МАН-ын 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд, хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь нь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй. Тиймээс прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж сэтгүүлчдийн асуусан асуултанд хариу тайлбар өгсөн юм.

Үүнтэй холбогдуулан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ" сэдвээр Г.Баасан дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дэлхий дахинаа оффшортой хүчтэй тэмцэж байна. Гэтэл Монголд одоог хүртэл оффшорчдыг шийдэж чадахгүй байна. 60 тэрбумын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад үүнийг эвлүүлэг биш болохыг тогтоосон. Гэтэл энэ хэрэг хүртэл өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа.Тиймээс АТГ хууль зөрчигчдөд хүлэгдсэн байна гэж үзэхээс өөр арга алга. Би болон манай Олон нийтийн дэд зөвлөв тэгж ойлгож байна. Ойлгохоос өөр аргагүй байна. АТГ-ын дарга Х.Энхжаргалын цалин авах эрх өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хаагдсан. Дуусан. Гэтэл тэр өнөөдрийг хүртэл авилгачдыг хамгаалж, сул цалин авч байгаа.АТГ-т бүхэлдээ авилгачид сууж байна. Авлига албан тушаалтны гэмт хэргийг таслан зогсоох, хууль ёсны хариуцлага тооцох, авлигаас ангид байх нийгмийн эрэлт хэрэгцээ ихсэж байна. Хууль хяналтын байгууллагууд хуулиа дээдлэн мөрдөж, Монгол Улсыг авлигаас ангижруулахад мэдэгдэхүйц үр дүнд хүргэх үндсэн үүрэгтэй. Гэтэл хуулийн байгууллагуудад хуульч мэргэжилтэй авлигачид орогнож байна.  Бид өнөөдөр 30 саяын бэлэг авсан хүнийг 576 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаж байгаа шүүгчийг, 200 мянган төгрөгийн хахууль авсан цагдаад 1.6 жилийн ял өгсөн шүүгчийг хуулийн байгууллагаас зайлуулъя гэж хөдөлгөөн өрнүүлэхийг зорьж байна” гэдгийг онцоллоо.

СЭРЭМЖИЛ: 35 хүн усанд осолдож амиа алджээ

Энэ он гарсаар өнөөдрийг хүртэл 12 аймгийн 20 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 27 удаа усны осол гарч, 35 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.

Үүнээс 8 нь бага насны хүүхэд, 27 нь том хүмүүс байна.  

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас гардаг байна. Тиймээс үер усны аюул, амралт зугаалгын үеэр  аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Иймд: 
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

-Голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох тогтоол усанд, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудпуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлнэ

  “Сонгино-говь усан хангамжийн төсөл”-ийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр концесс зарлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төсөл нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсийн хэрэглэгчдийг үйлдвэр, техникийн ус /хоногт 200 мянган м.куб/-аар хангаж, 50 мянган м.куб-ыг станцад нийлүүлэх зорилготой юм. Ингэснээр бүс нутгийн газрын доорх усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, усны нөөцөө хэмнэх, үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, ногоон бүс, хиймэл нуур, цөөрөм байгуулан хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзлээ.

  Урьдчилсан тойм судалгаагаар Тавантолгойн нүүрсийг угаан, экспортод гаргаснаар нэг тонн нүүрснээс 50-60 хүртэл ам.долларын ашиг олох боломжтой. Ингэснээр жилд хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж тооцоолжээ.

”Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны замын концессийн хугацааг сунгав  

Дээрх чиглэлийн концесс эзэмшигч байсан “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг зургаа хүртэлх сараар сунгалаа.

Концесс эзэмшигч дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй бол Засгийн газар гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашиг зэргийг хариуцахгүй байхыг  гэрээнд нэмж тусгахаар болсон байна.

“Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал”, “Майдар хот”, “Аэро сити”, “Тээвэр ложистикийн төв”, “Богдхан төмөр зам” зэрэг бусад төсөлтэй холбоотой 97 км гаруй хэсгийн авто замын трасс тодорхойгүй, трасстай давхцаж байгаа болон давхцаж болзошгүй газар байдаг. Энд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр боллоо.  

Дорноговь аймагт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ

  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажилласан. Орон нутгийн удирдлага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн Сайншанд суманд баригдаж байгаа 50 ортой төрөх эмнэлэг, Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав.

  Мөн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18 км замыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн замаас Ханбаянхайрхан хүртэл 6.8 км хатуу хучилттай зам тавихыг судалж шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.

  Аймгийн төвийн дулааны станцын хоёр зуухыг шинэчлэх, Замын-Үүд сумын Соёл, спортын төвийн барилгад дутагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгахаар болов.

Томилгоо

 Эрдэнэбатын Эрдэнэсүрэнг Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Э.Эрдэнэсүрэн өмнө нь УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ахлах зөвлөх, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан.

Мөн Самдангийн Энхбаатарыг Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. С.Энхбаатар Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн төв, Бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагад мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд даргаар ажиллаж байжээ. 

Товч мэдээ

-  “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрийн дагуу манай экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд тээвэрлэхэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм. Манай улс дамжин өнгөрөх тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт авч байна.

-  Увс аймгийн Улаангом суманд төсвийн хөрөнгөөр ашиглалтад орсон “Дулааны II станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ-ыг “Улаангомын дулааны II станц” төрийн өмчит компани болгов.

-  Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц 75.8 хувьтай байна. 2017 оны эцсийн байдлаар 12 яам, дөрвөн агентлагт 60 хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Эдгээрийн 58 нь цаашид үргэлжлэх бөгөөд хоёрынх нь хугацаа дуусгавар болжээ.

-  Энэ оны зургаадугаар сард Архангай, Өвөрхангай аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, голомтыг устгах, хохирлыг арилгахад шаардлагатай 250 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

-  Долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хангайн бүсийн зуны уралдаан Булган аймагт, Төвийн бүсийнх Орхон, Зүүн бүсийнх Сүхбаатар, Говийн бүсийнх Дорноговь аймагт болно. Уралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг аймгуудын Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 ШУУД. ШТС-ууд 20-30 төгрөгөөр шатахууны үнээ нэмж байна

Өчигдөр оройноос эхлэн шатахуун түгээгүүрийн газар үнээ нэмсэн. Зарим газар нь 90-100 төгрөгөөр нэмсэн байна гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээд гарч эхэлсэн билээ. Тэгвэл Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун болон үнийн нэмэгдлийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Холбооны зүгээс  "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хүн хуурамч шатахуун байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин бусад яам салбарынхан хуурамч шатахуун байгааг хүлээн зөвшөөрч байгаа юм. Хуурамч шатахууны талаар дүгнэлтийг хийсэн байгаа. Хуурамч шатахууныг нийтэд мэдээлэхгүй байна.  Гэтэл өнгөрсөн шөнө гэхэд ШТС-ууд 20-30 төгрөгөөр шатахууны үнээ нэмж байна. Хуурамч шатахууныг төрийн байгууллагууд зөвшөөрсөн ч ганцхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л. Эрдэнэчулуун үгүйсгэж байна. Нефтийн татварыг үгүй болгосон нь хуурамч шатахуун оруулж ирэх үндэс болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон хуурамч шатахуун үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхийг шаардаж байгаа. Гэсэн ч төр засгийн шийдвэр удаан байгаагаас иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна. Хуурамч шатахуун зөөдөг “Магнай трейд”, “М-ойл” зэрэг компанийн машинууд шөнийн цагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Багахангай дүүрэгт 1200-1300 төгрөгөөр ихэнх шатахуунаа түгээдэг" гэв. Мэдээллийг энд дарж үзнэ үү 

Утсаар ярьж байгаад аянганд цохиулж амиа алджээ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул суманд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас гурван иргэн аянганд ниргүүлж амиа алдсан байна. Тодруулбал, тус гурван иргэн бороотой үед гар утсаараа ярьж байгаад аянгад ниргүүлж амиа алдсан байна. Тиймээс иргэдэд хандаж анхааруулахад тэнгэрийн дуу, цахилгаантай үед гар утсаар ярихгүй, утсаа унтраах, интэрнэт ашиглахгүй байхыг зөвлөж холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Үлэг гүрвэлийн ясыг зуслангийн байшиндаа хадгалж байжээ

Үлэг гүрвэлийн яс хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруубал энэ сарын 24-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үлэг гүрвэлийн араг яс хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг тус дүүргийн цагдаа нар илрүүлсэн байна. Одоогоор  тээвэрлэж явсан үлэг гүрвэлийн араг ясыг шинжлүүлэхээр Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Үлгэ гүрвэлийн ясыг хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг саатуулж хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байгаа юм байна.

Уг хэрэгт Хөвсгөл аймгийн харьяат, 1982 онд төрсөн С гэгчийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр үлэг гүрвэлийн олдворыг зуслангийн байшиндаа хадгалж байжээ. Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулан олдворыг ШУА-ийн Палентлоги, геологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна. Судлаачийн хэлж буйгаар энэхүү олдвор нь одоогоос 80 сая жилийн өмнө амьдарч байсан протератопс гэх үлэг гүрвэлийн чулуужсан яс бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс л олдож буй ховор төрлийн палентлогийн олдвор ажээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Даам
ХОГИЙН СОЛОНГОС КИНОГ ХААХ ХЭРЭГТЭЙ
2018/06/28 202.179.24.113
tavilan
20 garan jil mongolchuudiig korea kino allaa odoo mongolchuudaa boddog ym bol. Bux televizuud tolgoidni ur xoich mongoloo gesen nevtruulguud yvuulmaar bainashuu bid xersuu uxant mongolchuudiin ur xoic
2018/06/27 27.123.214.119
tavilan
Ok
2018/06/27 27.123.214.119
  • Recent
  • Most Read
  • Most Comment