8o
Улаанбаатар хот
mobile menu

Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчдөө илт давуу илүүрхэж алтан медаль хүртлээ

2018-08-21 09:03:00

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий алт, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурав, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчдөө илт давуу илүүрхэж алтан медаль хүртэв. 


Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн 12, эмэгтэй хоёр дахь эмэгтэй тамирчин болж байна. 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг “Шар тив”-ийн олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр дахь шар өнгийн медалийг авчирлаа. Түүнчлэн манай чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас хос алтан медаль хүртсэн дөрөв дэх тохиолдол болж байгаа юм. 1974 онд Тегеранд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, 1982 онд Шинэ Делид З.Дүвчин, Б.Болд, 2010 онд Гуанжоуд Г.Мандахнаран, Г.Наранчимэг, энэ жил Жакартад Э.Бэхбаяр, П.Орхон нар түрүүлээд байна.
П.Орхон Индонезийн нийслэлд шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр ялснаар аваргын тавцанд зогсохоор болсон юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл