8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ЗГХЭГ аймаг бүрт шалгалт явуулж, Оюун ухааны тамирчид дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон өдөр

2018-08-28 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ардын Заcгийн Газрын сайдууд ба АТГ

Энэ сарын эхээр ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурсанаас болж, тус яамны газрын дарга Т.Гомбосүрэн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргээс үүдэж  Ерөнхий сайд үүрэг болгож, төрийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэл өгснөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг байгуулж, бүх яамдад буюу ЗГХЭГ-аас 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар Төрийн тусгай хамгаалалттай 18 газар буюу төрийн байгууллагуудаас 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11 ширхэг шатамхай бодис буюу салют, бензин гэх мэт бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав илрүүлсэн талаар мэдээлэл өмнө нь хүргэж байсан. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс цаашид архи, дарсны зүйлсийг төрийн албан байгууллагуудад нэвтрүүлэхгүй байх, иргэдэд хүнд суртал гаргасан тохиолдолд хариуцлага тооцож байх жишгийг нэвтрүүлэх үүрэг даалгавар өгөөд байгаа. Энэ асуудал намжаагүй байтал өчигдөр АТГ мэдээлэл хийж бас л дуулиан дэгдээв. Тодруулбал, АТГ-аас хийсэн хяналт шалгалтаар: 

БОАЖ-ын сайд төслийн 200 сая төгрөгийн тодорхой хэсгийг авсан гэх хэргийг шалгаж байна

Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын  хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал  тогтоогджээ. 

Эрчим хүчний яамныхан 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендер хувьдаа завшжээ

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байна. Тодруулбал, Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017  оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь илэрчээ. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  \тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь шалгалтаар илэрсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ц.Даваасүрэн: АТГ-аас мэдээллэсэн 5.8 тэрбумын тендер надтай ямар ч холбоогүй

-Энэ тендер хэрвээ надтай холбоотой байвал ажлаа өгөхөд би бэлэн-

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрчим хүчний удирдлагууд 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх мэдээллийг АТГ-аас өгсөн. Энэ мэдээллийн талаар тайлбар хийсэн юм. Тэрбээр "Эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүсийн үүсгэн байгуулсан таван компани тендерт орж, 5.8 тэрбум төгрөгийн ажил авсан мэдээлэл байгаа юм. Тухайлбал, манай станцад инженер хийдэг хүн ч юм уу эсвэл түүний компани өөр газар ажилд авах асуудал байх гэж ойлгосон. Надтай ямар ч холбоогүй.  Энэ тендер хэрвээ надтай холбоотой байвал ажлаа өгөхөд би бэлэн. АТГ-аас өгсөн мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. АТГ-ын сайдад байгаа мэдээлэлд ч нэр минь байхгүй гэдгийг хэлмээр байна. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь үнэлгээний хороонд тухайн хүн орсон тохиолдолд гэж байгаа.

Түүнээс эрчим хүчний салбарт ажилладаг хүний компани энэ салбараас ажил авч болохгүй гэсэн зүйл байхгүй. Тухайн хүн тендерт оролцож байгаа тохиолдолд заавал мэдүүлэг өгөх ёстой. Ер нь 130 компани байгаа юм байна лээ. Уг нь АТГ энэ хүмүүсийг ажиллуулах уу, үгүй юу гэдгээ өөрсдөө шийдэх хэрэгтэй” гэсэн юм. 

“Stamford” сүлжээний бизнест хохирсон 39 хүн мэдүүлэг өгчээ

Манай улсад Ирландын “Stamford trading technologies” гэх компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байсныг Цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. “Stamford” гэх сүлжээний бизнестэй холбоотой Баянзүрх, Сүхбаатар дүүргий нутаг дэвсгэрт үйлдэгдсэн нийт 14 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд одоогоор 39 хүн хохирогчийн мэдүүлэг өгчээ. Нийтдээ 17 мянган иргэн элсэн бүртгүүлсэн аж.

Олон шатлалт маркетинг луйврын тогтолцооны аргаар үйлдэгдэж байгаа энэ гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгий хуулийн 17.3 зүйл ангиар, хуулиар хориглосон. Гэтэл таньдаг найз нөхөд, ах дүү нар нь тухайн иргэнийг өөрөө мэдээ байхад нь бүртгүүлчихсэн байдаг. Ийм байдлаар жил хүрэхгүй хугацаанд манай Улсын 35 мянган иргэн  олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй гэмт хэргийн хохирогч болж, 56.5 тэрбум төгрөгөөрөө хохирчээ.

“Stamford trading technologies” гэх компани нь "Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа таван хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22, жилд 1264 хувь гэх мэтээр өснө” гэх мэтээр иргэдийг залилдаг байна.Тус компани нь одоогоос жилийн өмнө Монголд  “Стамфорд” гэх нэртэй компани үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэбилэг “Одоогийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт энэ сүлжээтэй холбоотой 14 хэрэгт бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Нийт 39 хүн хохирогчоор мэдүүлэг өгөөд байна. Нарийн тоо нь гараагүй. Цаашид хохирогчийн тоо нэмэгдэж магадгүй” гэлээ.

ЗГХЭГ аймаг бүрт шалгалт явуулна

Төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг ЗГХЭГ-аас холбогдох байгууллагын удирдлагуудад шат дараалан өгч байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн аймгийн ЗДТГ-ын дарга нартай нэгдсэн уулзалт хийж, Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажилласан эсэхэд ирэх долоо хоногоос шалгалт явуулж, Засгийн газраас гаргасан тогтоолыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгөв.

Аймгуудын төрийн албаны хүний нөөцийн дүүргэлт, албан хаагчдын ёс зүйн байдал, төрийн өмчийн  барилга байгууламж, ажлын өрөөний дотоод дэг журам, ажилчдын цаг ашиглалтад нарийвчилсан шалгалт явуулна гэв.

9 сарын 1-нд нийслэлийн 18 сургууль, цэцэрлэг “ажиллахгүй”

МХЕГ-ын даргын баталсан удирдамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсролын, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийсэн байна.  
Шалгалтаар боловсрол, эрүүл ахуйн хяналтаар нийт 715 зөрчил илрүүлж, газар дээр нь 200 зөрчлийг буюу 34%-ийг арилгуулан, нийт 465 заалт бүхий 73 албан шаардлагыг хүргүүлээд байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу арга 19 хуулийн этгээдэд 4.400.0 нэгжийн шийтгэлийг ногдуулсан байна. 
Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй нийт 18 сургууль цэцэрлэг, Сургалтын орчны талаар налайх дүүргийн 152-р цэцэрлэг, Голомт цогцолбор сургууль, Баянгол дүүргийн 120-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн Мэргэн хүү, Цоглог найзууд, Шинэ хотхон, Алтан нар, Аминэрдэнэ Ундраа, Солонго, Гэрэлт-оюу, Мянганбуян, Хатанбүүвэйбаатар, Содон ертөнц цэцэрлэгүүд.
2018 оны 09 дүгээр сарын 01-нд хичээл эхлэхгүй сургууль, цэцэрлэгүүд нь Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 54-р цэцэрлэг, Хан-уул дүүргийн 121, 41-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 47-р сургууль, 164-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль, 146-р цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18 цэцэрлэг /2018 оны 8-р сард улсын комисс хүлээн авсан боловч суурийн давхарт хөрсний ус нэвчиж, зоорийн давхарт байрлах цахилгааны шит болон узелийн өрөөгөөр ус нэвчиж, 2 цаг тутамд насосоор шавхалт хийгдэж, чийгтэй орчинд цахилгаанд цохиулах, аваар осол гарах эрсдэлтэй/, Сонгинохайрхан дүүргийн 127–р цэцэрлэг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх нөхцөл боломж бүрэн хангагдаагүй, хяналтын камергүй, автомашины зогсоолгүй, хашаажуулаагүй, галын аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын бус байртай. Үүнд:138, Гурван хөгжил зайсан, Бумбардайн найзууд, Мөндөө, Даргиатын жаалууд, Мандах наран, Далай багачууд, Ачлал, Содон эрдэнэ, Мянган буян, 243, 121, 250,151, 152, Очхон, Цэцэгбал, Элбэрэлт ээж, Бумбагдай, Алтан манцуй, Эрдэнэ бүрэн, Индиго, Ирээдүйн гүнтэн, Баянмангол, Амин дэлбээ, Сувдхан, Дуду цэцэрлэг 115, 15, 63, 87, 136, MIU , Шинэ зуун билэг, Онон, Боловсрол, Гүн галуутай, Баянзүрх цогцолбор, Чандмань Шинэ зуун билэг, Алтан нар, Ундраа, Содон ертөнц, Этүгэн, Чухаг, Даргитын жаалууд, Мандах наран, Сод сургууль байгаа аж. 

Зүүнгарын говиос газрын тосны орд илрүүлжээ

Хятадын газрын тос, байгалийн хийн магнат “Петро Чайна” компанийн төлөөлөгч Тан Юн Шинжаан Уйгурын автомат тойргийн Зүүнгарын говиос дэлхийд тэргүүлэх томоохон орд газар шинээр илрүүлснээ мэдэгджээ. Зүүнгарын говийн сав газарт хамаарах Ма нуурын ойролцоогоос илрүүлсэн уг ордын түүхий нефтийн нөөц 1.24 тэрбум тонноор хэмжигдэж байгаа аж. ТАСС агентлагийн мэдээлж буйгаар уг орд нь АНУ-ын эзэмшил Аляскийн “Хамлок”, Бразилийн газрын тос орлогч “Кампус” ордоос ч илүү нөөцтэй юм байна.

Үүний зэрэгцээ Зүүнгарын говийн геологийн өгөгдлүүдэд хийсэн судалгаагаар тус сав газар нэг тэрбум гаруй тонн нөөцтэй газрын тос, байгалийн хийн өөр орд газар байгааг шинжээчид онцолж байна. Ма нуурын орчим 1990-ээд оноос газрын тосны геологийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч орчин үеийн технологи дутагдалтай байсан нь эрлийг саатуулж байжээ. “Петро Чайна” компанийн төлөөлөгч Тан Юны хэлснээр энэ орд геологийн томоохон нээлт төдийгүй газрын тос, байгалийн хийн салбарын ирээдүйд нөлөөлөх юм байна.

Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах боломж

IWFCI буюу Дэлхийн Эмэгтэй бизнес эрхлэгчдийн Худалдаа Аж Үйлдвэрийн холбоо жил бүр сонгогдсон Улсад Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, хамтын ажиллагааны олон талт боломжуудыг эрэлхийлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжигч, хөгжүүлэгчдийг нэгтгэн зохион байгуулдаг билээ. Энэ жилийн "Global Women's Trade summit" 2018 буюу Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалт ирэх есдүгээр сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан IWFCI Монгол дахь салбарын төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм. 

Мэдээллийн эхэнд IWFCI Монгол дахь салбарын Ерөнхийлөгч О.Байгаль "Дэлхийн өнцөг булан бүрээс бизнес эрхлэгч, манлайлагч, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүд Улаанбаатар хотод чуулах гэж байгаад баяртай байна. Энэ удаагийн чуулга уулзалт "Глобал инноваци ба харилцаа холбоо" уриан дор зохион байгуулагдана. Чуулга уулзалт "Цахим эдийн засгийн шилжилт" сэдвийн хүрээнд "Монгол улс дахь боломжууд", "АСЕАН-Монгол-Төв Ази", "Дижитал эдийн засаг-Экосистем", "Инноваци-Энтрэпренёршип", Санхүүгийн Ирээдүй", "Бүтээлч Үйлдвэрлэл", Глобал Эдийн Засаг дахь эмэгтэйчүүд" гэсэн 7 салбар хэлэлцүүлэг болно. Дэлхийн 12 орны 300 гаруй оронд Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ таниулах, эспорт, импортын боломжуудыг эрэлхийлэх, туршлагатай бизнес эрхлэгчид уулзаж харилцаа холбоогоо өргөжүүлэх чухал ач холбогдолтой чуулга уулзалт болно" гэв. 

Түүнчлэн  чуулга уулзалтад IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Diana Abruzzi,  Бусаны Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч Jeon Ho-Hwan, салбар байгууллагын ерөнхийлөгчид тэргүүтэй олон улсын энтэрпренёр, хүндэт зочид оролцож Монголын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын төлөөллүүдтэй олон талт хамтын ажиллагааг эрэлхийлсэн ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, “Олон Улсын Үзэсгэлэн Худалдаа”, “ Загварын шоу”, “Гала үдэш” гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм байна. 

Манай улс тус холбоонд 2016 онд албан ёсоор бүртгүүлж  байжээ.  ашрамд дуулгахад тус чуулга уулзалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг info@iwfci.mn хаягаар холбогдох буюу  www.facebook/IWFCI Mongolia энэ хаягаар холбогдож авах боломжтой. 

Худалдаа, хөгжлийн банк Япон улсын Tryfunds компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Япон Монгол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бизнесийн хүрээнд өргөжүүлэх, гадаад хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэр татах зорилгоор Худалдаа, хөгжлийн банк анх 2014 онд Япон улсын Токио хотноо төлөөлөгчийн газраа нээн өдгөө Японы жижиг, дунд бизнес эрхлэгчдийг Монгол улсад хөрөнгө оруулахад нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Япон, Монголын компаниудыг холбох, бизнесийг нь дэмжих чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. 

Уг ажлын хүрээнд Худалдаа, хөгжлийн банк Япон улсын Tryfunds ХХК-тай 2018 оны 8-р сарын 2-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулан, Токио хотноо хэвлэлийн бага хурал хийлээ.

Tryfunds компанийн “BIZIT M&A” платформ нь Япон улсын жижиг дунд бизнес эрхлэгчдэд гадаадад бизнесээ өргөжүүлэх, хөгжиж буй орнуудад бизнесийн гараагаа эхлүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай бөгөөд, өдгөө 400 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа, Япон дахь хамгийн олон гадаад хэл дээрх мэдээлэлтэй M&A платформ юм.

“BIZIT M&A” платформд компани худалдах болон худалдан авах сонирхолтой талууд мэдээллээ бүртгүүлэн, бизнесийн шинэ хамтрагчаа хялбархнаар хайж олох, мэдээлэл цуглуулах боломжтой ба, өмнө нь хөрөнгө оруулагчидтай анхан шатны мэдээлэл солилцохоор уулзалт товлон, хэлэлцээр хийдэг байсан бол уг хамтын ажиллагааны үр дүнд цаг алдалгүйгээр мэдээллээ интернэтээр солилцон, хөрөнгө оруулалт олох боломжийг олгож байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.  

Та бүхэн доорх линкээр орж бүртгүүлэх боломжтой. http://ma.biz-it.co

Бүртгүүлэхэд үнэ төлбөргүй

Хөгжил Дэвшилд Хамтдаа

 

Оюун ухааны тамирчид дээд амжилтуудыг шинэчлэн тогтоов

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 25, 26-нд Солонгос улсад 60 сая төгрөгийн шагналын сантай Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 9 орны нийт 200 орчим тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцон 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 90 медалийн 72 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгууллаа.

Мөн манай тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалдаа дэлхийн 9 дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна нийлбэр дүнгээр илүүрхэж нас насны ангилал тус бүртээ эхний гурван байрт орлоо.

Насанд хүрэгчид:
1-р байр: ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7766 оноо
2-р байр: ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 6949 оноо
3-р байр: ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6222 оноо

Өсвөр нас:
1-р байр: ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 7382 оноо
2-р байр: Б.Лхагвадорж 5784 оноо
3-р байр: Г.Мянганбаяр 4927 оноо

Бага нас: 
1-р байр: О.Ганжигүүр 3147 оноо
2-р байр: Д.Мөнхтүшиг 2739 оноо
3-р байр: Б.Эрмүүнболд 2362 оноо

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Дэлхийн аварга, Геннисийн рекорд эзэмшигч, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр (7766 оноо) тэргүүлж аваргын цом хүртлээ.

Ингээд Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур,Солонгос гэх мэт олон арван улсад оюуны спортын 50 дахь тэмцээндээ амжилттай оролцож нийт 861 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Монголын говиос солир олджээ

Монголын говийн бүс нутагт эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж буй ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн эрдэмтэд солир олж илрүүлжээ. Энэ талаар vz.ru цахим хуудсанд мэдээллэсэн аж. Солирыг ноён гэдэг нэртэй газраас олдсон байна. Нийтдээ 800 грамм орчим жинтэй бөгөөд ойр орчмоос нь өөр хэлтэрхийнүүд олдох магадлалтай гэж уг мэдээлэлд бичсэн гэнэ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
harin tiin ene hatanbaatar gedeg hun hunii nyalh huuhduudeer ooriin ner hund kareerig osgoh geed bur ashiglaj duuslaa ter iveeliin naizuud gene uu neg teneg tsetserlwg neechij ee neeh jijighen oroond
2018/08/28 64.119.27.31
Zombi
Oyunii sport gej balai yumiig khaagaachee! Khynii khyykhdyydiig robot zombi bolgood bna! Tarkhi chini setgedeg erkhten bolokhoos bichleg khiideg ed bish! Khatsnbatar ged MAN ii bogsnii alchuuriig bar
2018/08/28 139.5.217.184
  • Recent
  • Most Read
  • Most Comment