8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ЗТХЯ-нд томилгоо хийгдэж, Хакухо М.Даваажаргал эх орондоо ирлээ

2018-09-25 18:40:00

Намрын шар нар над дээр, чам дээр тусна.
Найган найгах улиралд нь бид бас найгана.
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна.

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр үгүүлнэ.

Өглөөний хяруу сувдын адил гялтаганан бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ.
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ.

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторхи уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно хэмээн их зохиолч Д.Нацагдорж шүлэглэсэн байдаг. Гэхдээ маргаашнаас эхлээд налайсан намрын өдрүүд дуусч ихэнхи нутгаар цас орох төлөвтэй байна. Энэ талаарх мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Маргаашнаас цас орж хүйтэрнэ

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 26,27-нд ихэнх нутгаар, 28,29-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж  байна-
 

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна.

Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч гэсэн хүү нь сайхан мэдээтэй эх орондоо ирлээ

Би босоо түрүүлсэн, маш олон түрүүлсэн гэсэн хоёр геннесийн сертфикаттай боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртсэн түүхэн амжилт гаргасан билээ. Тэрбээр  дээд зиндаанд 1000 дахь ялалтаа байгуулсныхаа дараа эх орондоо ирсэн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Тэрбээр "Миний хувьд энэ жил гэмтэл бэртэл ихтэй байлаа. Аав минь бурхны оронд заларч, сэтгэл санааны байдал ч сайнгүй үе таарлаа. Энэ сарын башё эхлэхийн өмнө эрүүл мэндийн байдал таагүй байв. Гэвч яг башё эхлээд хэд хоноход бие хаа, сэтгэл санаа аяндаа цэгцэрч, сайхан болоод ирсэн. Олон сайхан рекордыг эвдэж чадлаа. Өмнө нь Японы мэргэжлийн сумод 13 жил дараалан түрүүлсэн бөх байгаагүй юм билээ. 22 настайдаа аварга болж, 29 насандаа дээд зиндаанд барилдаж эхэлснээр даваа маань 1000 хүрч, 41 дэх түрүүгээ босоо давж авлаа.

Энэ их амжилтын дараа эх орондоо ирэхдээ туйлын таатай байна. Аав минь тэнгэрт гарсан ч гэсэн хүү нь сайхан мэдээтэй ирлээ. Би босоо түрүүлсэн, маш олон түрүүлсэн гэсэн хоёр геннесийн сертфикаттай боллоо. Цаашид ч энэ амжилтууддаа эвдээд явна" гэв. 

О.Баасанхүү: УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг намаасаа хөөх хэрэгтэй

МАХН-ын гишүүнчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурал хийв.

Тэрбээр  “ТВ-9” телевизээр нэг талыг барьсан, буруу мэдээлэл цацагдсан. Телевизээр УИХ-ын гишүүний нэр төрд халдаж байгаа учраас би үнэн зөв мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Дээд шүүх хэвлэлээр гараад байгаа шиг ямар нэг шийдвэр гаргасан байвал Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор аль нэг шүүгчид эрүү үүсгэсэн үү, гэм буруутай этгээдийг тогтоосон уу гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокуророос тодруулахаар асуулга явуулна. Одоо аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий прокурор УИХ-д тайлан тавина. Тэр үед би асуулгын хариугаа авна гэж бодож байна. Хэрэв худал мэдээлэл өгсөн бол Зөрчлийн хуулиар Х.Нямбаатар гишүүн шийтгүүлнэ. Үнэн байвал буруутай этгээд нь ял авна. Хоёрдугаарт, хуулийг дэндүү сонголттой хэрэглэж байна. Тухайлбал саяхан Зам тээврийн яаманд хүн амины хэрэг гарсан. Шалгагдаж байгаа этгээдүүд дунд гэм буруугүй хүн бий. Тэр нь төрийн байгууллага руу орж, гарч байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгаад цаг завгүй явдаг нэгэн залуу юм. Энэ хүн хэн хаана архи уусныг шалгаад явах цаг завгүй байдаг нь ойлгомжтой.

Хуулиараа төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах ёстой болохоос төрийн албан хаагчийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээгээгүй шүү дээ. Төрийн албан хаагч, иргэний аюулгүй байдлыг хангах нь цагдаагийн байгууллагын үүрэг. Гэтэл тэр залууг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ зовлонтой асуудлаас болоод тэр залуугийн ар гэрийн амьдрал хэцүүдэж, төрийн албанд дахиж ажиллах боломж нь хаагдсан байна. Гайтай хүмүүсээс болоод ийм асуудалд орсон. 

Гэтэл манай намын гишүүн, сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нэр бүхий гишүүдтэй архи уучихаад Ерөнхийлөгч дээр орсон байдаг. Маргааш нь Төрийн ордны хамгаалалт хариуцсан хурандаа н.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймэрхүү буруутай этгээд нь өөрсдөө хариуцлага хүлээхгүй байна. “Бэрэн” компанитай холбоотой асуудлаар З.Баянсэлэнгэ анхан шатны шүүхээс ял авлаа.  МАХН-ын шинэ дүрэмд хөөх тухай шийдвэрийг оруулсан би бол их баярлах байсан. Өнөөдөр гэм буруутай нь тогтоогдсон З.Баянсэлэнгэ гишүүнийг намаасаа хөөх хэрэгтэй. Нам бол төрийг цэвэршүүлэх, төрд зөв жишиг тогтоохын төлөө явж байгаа юм бол өөрсдөөсөө эхлэх ёстой" гэв. 

Б.Дамдиндорж: Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр зөнөх өвчнийг эмчлэх боломжтой

Монголын Neuroscience холбооны гүйцэтгэх захирал Б.Дамдиндоржтой ярилцлаа.

-Олон улсын судлаачид, эрдэмтэд XXI зууны тэргүүлэх салбар болон хөгжиж буй “Тархи судлал” гэж тодорхойлж байна. Манай улсад Тархи судлалын шинжлэх ухаан хэр хөгжиж байна вэ?

-Өнөөдөр дэлхий нийтийн хэрэглэж байгаа хиймэл оюун ухаан хүний урт наслуулах, тархины хөнөөлт өвчнүүдийг устгах, эдгээх, хүний оюун ухаан, ухамсар, ой тогтоолтын механизмыг маш эрчимтэй судалж байна. Үүнийхээ хэрээр хөгжиж байна. Монгол улсад Тархи судлалын шинжлэх ухаан хөгжиж байгаа. Анх 1940-1960-аад оны үед эрдэмтэд энэ чиглэлээр ОХУ-д томоохон судалгаа танилцуулж байна. Энэ үргэлжилж явсаар өнөөдөр Neuroscience буюу тархины мэдрэлийн эмгэг судлалын чиглэлээр Япон, Солонгос, Америк, Баруун Европын орнуудад судалгаа шинжилгээний ажил хийсэн 20 гаруй залуу эрдэмт бийМанай мэдрэл судал, сэтгэц судал болон манай бусад салбартай холбоотой судалгаа шинжилгээ хийдэг маш олон эрдэмтэн судлаач байдаг.

Тархи судлал манай улсад хөгжсөнөөр тулгамдаж буй маш олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тухайлбал, хүн хүн гэж юу юм, монгол хүний оюун ухаан, багтаамж, тархины цус харвалт, хорт хавдар, мэдрэлийн эсийн өвчлөл, зөнөгрөл, алцхаймер зэрэг өвчгүүдийг эмчлэх боломжтой. Ингэснээр Тархи судлалын монгол эрдэмтэд суралцах, өрсөлдөх чадвар нэмэгдэх боломж бүрдэнэ.

-Хүн тархиа удирдах боломж хэр байдаг юм бэ. Дэлхий нийтийн хандлагаас харахад хүн тархиа өөрөө удирдаж чадвал хийж чадахгүй зүйл гэж үгүй болсон байна гэж олон улсын судлаачид үзэж байна?

- Дэлхийн шинжлэх ухаан хүний оюун ухаан тархийг сайтар судлах ёстойг дэлхийн эрдэмтэд  онцолж байна.Тархинд 100 гаруй тэрбум мэдрэлийн эс бий. Нэг эс нь 10 мянга орчим эстэй холбогдож,  цахилгаан долгионоор дамжуулан мэдээлэл хүлээн авч, дамжуулдаг аж. Үлдсэн 99 хувь нь нууц хэвээр байна. Хүний тархийг бүрэн орлох компютер бүтээхэд одоогийн Нью-Йорк хотын газар нутагтай тэнцэх хэмжээний процессор байх шаардлагатай гэсэн судалгаа бий.Одоогоор үүний нэг хувийг л судалсан гэж хэлж болно. Хүн төрөлхтөн өөрсдийгөө танин мэдэхээс гадна гариг ертөнцийг танин судлах сонирхол асар их. Гэтэл хүн өөрийнхөө уураг тархийг бүрэн судалж чадаагүй байна. Би болон та бол тархи. Тархи хүнийг удирдаг. Хүн тархийг удирдаггүй. Өөрөөр хэлбэл тархи гэдэг урамсартай болон ухамсарт буй автомат үйл ажиллагааг бүгдийг нэгтгэн зохион байгуулж зохицуулж байдаг. Үүнийг чухам ямар механизмаар удирдаж байна вэ гэдэг олон нарийн физилогийн үйл ажиллагааг нээж, олох нь өөрөө дээр дурдсан том зүйлийн эхлэл болно.

Хэрвээ бид тархи судлал, хүний оюун ухаан, тархины механизмыг нээж чадвал магадгүй ангараг гариг, сансарын хорт туяа зэргээс хүний тархийг хамгаалж чадах шинэ нээлт гаргаж ирэхийг үгүйсгэхгүй.

Мөн тархи судлал хөгжсөөр дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй алцхаймер болон сэтгэцийн өвчнүүдийг эдгээхэд чухал ач холбогдолтой. Урьдчилан сэргийлэх, нэгэнт өвчилсөн бол удаашруулах, хиймэл эд эрхтэнийг тархины тусламжтайгаар яг өөрийн төрөлхийн эрхтэн шиг удирдах боломжийг бий болгоно. Тархи судлал маш олон салбар шинжлэх ухааны уулзвар дээр байдаг гол шинжлэх ухаан.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй энэ эрдэм шинжилгээний хурлын гол ач холбогдол?

Мэдээж энэ эрдэм шинэжилгээний хуралд дэлхийн хамгийн сайн гэсэн Тарх судлалын эрдэмтэд оролцож байна. Өөрсдийн хийсэн судалгаа шинэжилгээний бүтээлээ танилцуулж дэлхийн Тархи судлалын шинжлэх ухаан хэр хөгжиж, хаашаа явж байна, бид хаана нь явж байгааг харуулж байна. Энэ нь дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулах, шинжлэх ухааны мэдлэгийг эх орондоо бүтээхэд залуу эрдэмтэн судлаач чухал. Хурлын хүндэтгэлийн лекцэнд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд маань нэрт эрдэмтдийн илтгэлээс мэдлэг оюун, эрдэм шинжилгээний цар хүрээгээ тэлж, ихийг бүтээх сэдэл, эрч хүчийг авч, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж бий болж өгч байгаа юм. Залуучууд тархи судлалын салбарыг сонирхон судалж байгаа нь манай улсад энэ шинжлэх ухаан хөгжиж боломж нөхцөл бий гэдгийг харуулж байна. 

- Манай улсад Тархи судлалын шинжлэх ухааны хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Монгол Улсын хувьд 1970 оны үед хүний тархинд электрод суулгах зэрэг судалгаа хийж байсан. Харин сүүлийн жилүүдэд төдийлөн хөгжөөгүй. Энэ нь санхүүгийн чадамжгүй байдлаас үүдэлтэй. Тиймээс тархи судлалын салбарыг хөгжүүлэх асуудлыг төр бодлогоор дэмжих нь чухал.

АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзоригт таслан сэргийлэх арга хэмжээ авсан

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ. 

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог "Жаст групп" Стандарт банкнаас их хэмжээний зээл авч ашигласан. Энэ хэрэг дээр яллагдагчаар татагдсан "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригт  өнөөдөр прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг авсан" гэлээ. 

Эрдэнэтийн экс захирал Ч.Ганзоригийг саатууллаа

2018-09-25 08:31

"Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг хуулийн байгууллага саатуулсан байна. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авсан нь хууль зөрчсөн байна гэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс гаргасан. Эрдэнэтийн 49 хувийн талаас шүүхийн процесс дууслаа эрдэнэт үйлдвэрийн 49 хувь маргаангүй гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсан. Шүүхийн шийдвэр гараад удаагүй байхад хуулийн байгууллага ажлаа эрчимжүүлж "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг баривчилсан байна. 

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААНД ТАВЬСАН ХЭРГИЙН ЭРГЭН ТОЙРОНД...

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү 2009 онд Эрдэнэтийн Монголын засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Африкийн “Стандарт” банкнаас 102 сая ам.долларын зээл авсан байдаг. Түүнээс хойш “Эрдэнэт" үйлдвэр “Стандарт” банкны гомдлоор олон улсын Арбитрын шүүхэд дуудагдсанаас хойш маргаан ийнхүү таван жил үргэлжилж байгаа. Хамгийн сүүлийн шүүх хурлаар Монголын тал “Стандарт” банкны зээлийн үндсэн төлбөр болон хүү, алдангид нийт 120 сая ам.долларыг төлөх ёстой гэх шийдвэр /2018-02-01/ байдаг.  Хэрвээ тус төлбөрийг төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх шүүхийн шийдвэр ч мөн гарсан талаар тухайн үед дуулиан дэгдэж байсан. 

Хамгийн эхэнд Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахдаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, нар зээл авахад батламж гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал дуулиан дэгдээж байсан. Тус мэдээллийн мөрөөр УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрх эрхмүүд харин ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой асуудал огт байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр болоод УБТЗ-ыг өрөнд тавьж гарын үсэг зураагүй” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ гарын үсэг хуурамч эсэхийг шинжээчид шалгаж эхэлсэн юм. Хэрэв Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү баталгаа гаргаж гарын үсгээ зурсан гэдэг нь тогтоогдвол Монгол Улс 140 сая ам.доллар “Стандарт” банкинд төлөх нь тодорхой болно гэж албаныхан мэдэгдэж байсан. Ш.Батхүү дээрх асуудал нийгэм даяар шуугиан тарих үед сэтгүүлчдэд “Хадгаламж” банк юунаас болж дампуурсан, Олон Овоотын ордны нөөц худлаа, ТӨХ болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ын дарга нар “Стандарт” банкнаас зээл авах үед баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь үнэн” гэж мэдээлэл хийж байсан билээ.

Эхэндээ тэд гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн нь үнэн гэж хэлж байсан Ш.Батхүү гэнэт л 2015 оны гуравдугаар сараас эхлэн өөрийн өгсөн мэдүүлгээсээ буцаж, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нар энэ хэрэгт ямар ч холбоогүй, би хуурамч гарын үсэг зурж, тамга тэмдэг хийлгэсэн хэмээн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Түүний зүйл анги ч өөрчлөгдсөн.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Дээрх зүйл ангийн заалтад “Тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин, тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” гэсэн зүйл ангиар шалгагдсан. Түүнээс хойш хэдхэн сарын дараа Ш.Батхүү 2015 он долдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Өршөөлийн хуульд хамрагдсан. Тэр яагаад өршөөлийн хууль гарахаас өмнө мэдүүлгээ өөрчилсөн бэ. Өршөөлийн хууль хэрэгжиж эхлэх хугацаатай тааруулан өөр дээрээ хэргээ хүлээж, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарыг уснаас хуурай гаргасан уу гэсэн олон эргэлзээтэй асуудал анхаарлын тэмдэгтэй үлдсэн. Уг нь бол олон улсын шинжээчдийн байгууллагын зүгээс тамга тэмдэг, гарын үсэг хуурамч биш гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Тус дуулианд нэр холбогдсон , Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарын хувьд 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн даргаар томилогдож байсан. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. 2004 онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутаг нэгт дүү Д.Зоригт Монгол шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ. Тэрбээр МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэгт нэр холбогдож байсан. Би дарга байхдаа 41 удаа шүүхэд дуудагдаж байсан хэмээн өөрөө нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой

Манай орны нөхцөлд анги танхимд сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав, байхгүйн улмаас өдөр бүр цүнхэндээ үүрч явж байна. Энэ нь тэдний бие махбод, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгааг I-V ангийн сурагчдын цүнхний жингийн талаар хийсэн судалгаа харуулж байна.

Цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном (500-1100 г), номын тавиур том, жижиг (300-500 г), хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300 г, зургийн болон бусад хэрэглэгдэхүүн (100-160 г), үдийн цайны хэрэгсэл (100-120 г), ундаа, савтай ус гэх мэт зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Тэгэхээр гадаадын зарим улс оронд дараах байдлаар цүнхний жингийн жишгийг тогтоосон байна. Дэлхийн улс орнуудын хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг аж.

Манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стан­дарт, хуульчилсан нарийн зохицуулалт байхгүй. Иймээс сургуулийн удирдлага, багш, эцэг, эх асран хамгаалагч та бүхэнд БСШУСЯ-наас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Зөвлөмж:

Сурагчийн цүнхний жинг Монгол хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцох
2.Гадаадын зарим улс орнуудад хэрэглэж буй цүнхний хэмжээнд дараах нийтлэг шаардлага буйг анхаарч хүүхдийнхээ цүнхийг сонгох

Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт: 

Сурагчийн биеийн жинг хэмжиж, сурагч цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих;
Сурагчдын өөрсдийн жинд тохируулан цүнхний жингийн норм хэмжээг анги бүр гарган мөрдөх ажлыг зохион байгуулах;
Тухайн өдөр орох хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага гэх мэт зүйлсийг ялгаж буйд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
Сурагчдад боломжтой бол аль болох нимгэн дэвтэр ашиглахыг дэмжих;
Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр сурагчдын цүнхний жинг нэмэгдүүлэхгүй байх;

Эцэг эх, асран хамгаалагчдад:

Сурагчийн цүнхийг авахдаа элдэв тоноглолгүйг сонгох,
Хүүхдэдээ цүнх болон бичгийн хэрэглэлийг хөнгөн жин, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг анхаарах;
Хүүхдэдээ хичээлд шаардлагагүй зүйлс /тоглоом, үлгэрийн ном г.м/ өгч явуулахгүй байх;
Хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага хичээлийн хэрэгслээ ялгахад туслах;
Биеийн жинг хэмжиж, цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаарах;
Сурагчийн үүрч буй цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарах;

ЗТХЯ-нд томилгоо хийгджээ

ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Мөнхнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр Д.Мягмарсүрэнг томилжээ. Д.Мягмарсүрэн нь МИАТ, ИНЕГ-т ажиллаж байсан туршлагатай, энэ салбарын хүн аж.  Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Мөнхнасан нь өөр албан тушаалд томилогдохоор өнгөрсөн долдугаар сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ удирдлагууддаа өгч байжээ. Улмаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр түр орлон гүйцэтгэгчээр Д.Мягмарсүрэн томилогдсон байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл