Чимээгүй суугаад цас орохыг харлаа… гуниг төрж байна
Чийглэг уруул, гоо сайханд дурлалаа… гуниг л ирж байна
Тээр тэнд нисэх шувуу, хэсэг үүлс ч гунигтай харагдаад болохгүй
Тэр чигээрээ энэ хорвоо миний сэтгэлд гуниг л авчирж байна
Газар руу тонгойсон өвс үндсэндээ гуниг шивнэж бүүвэйлээд
Гандсан навчны хүлцэнгүй үхэл ч гуниг л тээж одсоор байна
Есөн зүйлийн бодлуудыг минь гуниг зангидаад эцэст нь
Ерөөсөө би энэ хорвоод гуних л гэж ирсэн байж магадгүй
Сар яг л санаашран буй хэн нэгний харц мэт гунигтай
Сар туссан цагаан цаас бас л цайлган сэтгэл мэт гунигтай
Үүл яг л уйлах гэж байгаа бүсгүйн сул гэгээн гэзэг мэт гунигтай
Үзэг минь бас өвс мэт анир чимээгүй далд гунигтай
Дэрвэгэр сормуус, уруул, цэцэг, голын урсгал гунигтай
Дэлхий тэр чигээрээ даашгүй тийм хүнд гүн гунигтай
Хорин зургаан жил эрээлжин өнгөрсөн үйл явдлуудын цаана байгаа
Хожим надад ирэх гэгээн алсад харин гуниг бий болов уу, үгүй болов уу? гэсэн намрын нэгэн сайхан шүлэгтэй хамт Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХЯ-ын сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн түүнийг ажлаас нь чөлөөлсөн юм.
Үүний дараа тэрбээр "Болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөг өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл 4 хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлэт явдалд дахин уучлал гуйж байна. Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийх болно" гэв
Одоогоос хэдэн жилийн өмнө “Зэс эрдэнийн хувь” компани хуурамч хувьцаа гаргаж компанид хувь нийлүүлсэн Орхон аймгийн 24.400 иргэн 600 сая төгрөгөөр хохирсон ноцтой хэрэг гарсан байна. Энэ талаар “Эрдэнэтийн хохирогчдыг хамгаалах, нийгэмд үйлчлэх ТББ”-ын тэргүүн Д.Батбаяртай ярилцлаа.
- “Зэс эрдэнийн хувь” компаниас хуурамч хувьцаа худалдаж авч Эрдэнэтийн маш олон иргэд хохирсон гэсэн. Нэг хүн хамгийн багадаа хэдэн төгрөг, хамгийн ихдээ хэдэн төгрөгөөр хохирсон бэ?
-“Зэс эрдэнийн хувь” компани Орхон аймгийн 24000 ард иргэдийн дэмжлэгтэйгээр 2010 онд байгуулагдсан. Тус компани анх ард иргэдийг ажлын байраар хангана, өндөр цалин өгнө, үйлдвэр барина, 24000 иргэндээ жил болгон ногдол ашиг хүртээнэ гэж амалсан.Үүнд итгэж Орхон аймгийн иргэд 600 гаруй сая төгрөгөөр хувьцааг гар дээрээс худалдаж авсан. Хамгийн багадаа 1000, 2000, 5000, 10000..............дээд талын хүн 20 сая төгрөгөөр хуурамч хувьцаа худалдаж авсан. Гэтэл энэ хувьцаа нь хууль бус байсан. Хөрөнгийн бирж, үнэт цаасны хувьцаанд бүртгэлгүй байгаа юм. Нэг зальтай хүн ирээд л хуурамч компани байгуулаад ард иргэдийн толгойг эргүүлээд залилчихлаа.
-Анх Эрдэнэт үйлдвэрийн ашиглаагүй хаясан хоёр овоолго шороог ашиглая та нар үүнд хөрөнгө оруул гэж анх иргэн Д.Алтанхуяг ард иргэдэд санал тавьсан гэж сонссон?
-Үнэн. Эрдэнэт үйлдвэрийн ашиглаагүй хаясан хоёр овоолго шороог ашиглана. Та бүхэн үүнд хөрөнгө оруул. 1000 төгрөгний хөрөнгө оруулсан ч гэсэн та хөрөнгө оруулагч шүү гэх мэтээр залилсан."Эрдэнэт үйлдвэр"-ийн ашиглаагүй хаясан хоёр овоолго гэдэг нь Эрдэнэт үйлдвэрийн технологид таардаггүй баласын болон балансын бус цэвэр зэс шороондоо овоологдоо хаягдсан. Асар их нөөцтэй зэсэн уулан овоолго гэсэн үг. Үндсэндээ алтан уул гэдэгтэй адилхан зэсэн уул гэсэн үг. Үүнийг 1996 оноос хойш “Эрдэнэ” гээд компани ашиглаж байна. Бид нарыг залилуулчхаад 7,8 жил энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр явж байхад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нарын компани болох “Ачит Эхт” ХХК мөн тус баялагийг ашиглаж байна.
– Иргэдээс цугласан 600 сая төгрөгийг юунд зарцуулсан талаар та нар мэдэх үү?
-“Зэс эрдэнийн хувь” компанийг үүсгэн байгуулагч Д.Алтанхуяг гэх хүн хувьдаа захиран зарцуулаад дуусгасан. 2016 оны сонгуулиар Орхон аймагт нэр дэвшихдээ компанийн үйл ажиллагааг сурталчилж байна гэх нэрийдлээр сонгуулийн сурталчилгааны ажилдаа зарцуулсан энэ мөнгийг дуусгасан. Энэ асуудлыг нэг тийш шийдэж чадаагүй байж байтал “Зэс Эрдэнийн хувь” компанийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон гэр бүлийнхэн нь компани болох “Блью Мон” гэх компанид шилжүүлж, зарсан асуудал үүсч байгаа. Үүнийгээ баталгаажуулах гэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хууль бус шийдвэр гаргуулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Төрийн ордонд С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ тэрбээр " Би ажил авсан өдрөө С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч гэж үнэхээр байгаа бол түүнийг зарла гэж хэлсэн. Одоо хүртэл тэр ажлыг нь хийлгэхгүй байна. Саяхан Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Ял шийтгэл авсан гурван хүн хэргийн жинхэн алуурчид биш гэж Б.Булган мэдүүлэг өгсөн" гэж ярьсан байна. Би анх үүнийг нь мэддэггүй байсан юм. Цорын ганц гэрчийг нь шүүхэд оролцуулахгүй, хүний аман зургаар тэр гурван хүнд хэрэг тохно гэж юу байхав дээ. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Энэ хэргийг шалгуулах шаардлагууд тавигдаж байгаа. Маш их өргөдөлүүд ирж байгаа. Прокуророос шалгая гэсэн шаардлага, жижигхэн хөдөлгөөн хийж эхэлсэн талаарх мэдээлэл надад бий.
Хэргийн захиалагчийг ялтан Ц.Амгаланбаатар мөрдөн байцаалт болон шүүх хурлын шатанд яриад л байсан юм билээ. Хэн хэний нэрийг хэлсэн гэдгийг хуулийнхан бүгд мэдэж байгаа. Захиалагч гээд хүний нэр хэлсээр байтал нүүрэлдүүлэлгүй шүүх хурлаар тасалсан" хэмээн хэллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХЯ-ын сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн түүнийг ажлаас нь чөлөөлсөн юм.
Үүний дараа тэрбээр "Болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөг өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл 4 хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлэт явдалд дахин уучлал гуйж байна. Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийх болно" гэв
ТЕГ-аас "Голомт хотхон"-д тусгай ажиллагаа явуулсан. Энэ тусгай ажиллагааны үеэр баривчлагдсан гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргасан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн. Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Уг гурван иргэний хоёр нь БНХАУ-ын, нэг нь Монгол иргэн байсан гэнэ. Тэдний хоёрыг нь Төв аймгийн хорих ангид, нэгийг нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Энэ сарын 4-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас гадаадын иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрх болон түүний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөж журмыг ирэх 12 сараас мөрдөхөөр болжээ. Энэ нь БНСУ-д эмчилгээний визээр орж ирэн, бага хэмжээний даатгалын хураамжаар эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлж байгаа гадаадын иргэдийн асуудлыг цэгцлэх зорилготой юм байна.. Хэрэв гадаадын иргэд эрүүл мэндийн даатгалын хураамжаа хугацаандаа төлсөн тохиолдолд оршин суух виз сунгах болон Солонгос Улсад дахин орж ирэх боломжтой байхаар зохицуулсан байна.
Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах статистик мэдээг харвал 2013 онд 162 265 хүн, 2014 онд 184 805, 2015 онд 208 184, 2016 онд 248 479 хүн, 2017 онд 270 416 хүн байгаа бол 2018 оны 06-р сард 2 987 630 хүн болсон байна. Энэ тоо нь цаашид ихсэх төлөвтэй байна. Жишээвэл: “А” гэх гадаад иргэн 5 жилийн турш 3 сая вонын эрүүл мэндийн даатгал төлсөн тохиолдолд 600 сая вон хүртэлж эрүүм мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 12-13 насны гурван эмэгтэй хүүхэд ухаангүй байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу аймгийн эрүүл мэндийн нэгдэл болон цагдаагийн байгууллага очих үед 12 настай хүүхэд нас барсан байдалтай, хоёр хүүхэд нь ухаангүй байдалтай байжээ. Ухаангүй байдалтай хүүхдүүдийг яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгүүлэхээр явуулсан байна. Одоогоор урьдчилсан байдлаар хүүхдүүд хордлогонд орсон байж болзошгүй гэнэ.
Өнгөрсөн 2017 оны аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг гэмтээсэн хэрэгт холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэрийг өнгөрөгч оны 11-р сард гаргаж байсан тэрээр шүүхэд дуудагдаж болзошгүй хэмээн Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурдаж эхэлжээ.
Тодруулбал, Таканоива А.Баасандорж түүнээс хоёр сарын өмнө сэтгэл санааны болон эмнэлгийн зардал, мөн хоёр башё өнжсөн зэрэг шалтгаануудыг үндэслэн мөнгө нэхэмжилсэн гэх бөгөөд шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд шүүхэд өгөх тухай дурдсан байна.
Аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Ж.Батсуурь 2013-2016 онд захирамж гарган төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус" компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн" компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авчээ.
Мөн Засаг даргын захирамжаар 762 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөшөө дурсгалын ажлыг Засаг даргатай хамаарал бүхий этгээдийн компаниар гүйцэтгүүлсэн байна.
Энэ бол шалгагдаж байгаа тоо баримтуудын цөөхөн хэд нь. Үүний цаана хууль бус газар олголт, ашиг сонирхлын зөрчилтэй компаниар ажил гүйцэтгүүлсэн, эхнэрийнхээ компанийг илт давуу байдлаар дэмжсэн гээд баримтууд цааш хөвөрнө. Төрийн албанд төрөл саднаа дүүргээд зогсохгүй ашиг сонирхолын зөрчилтэй ажиллаж байсан гэдгийг нутгийн зон олон нь ам уралдан ярих юм билээ.
Татвар төлөгчдийн мөнгөөр ийн “гараа угаасан” байхад түүнийг хамгийн сайн Засаг дарга, түүнээс суралц хэмээн хэвлэлээр АН-ын эрх мэдэлтнүүд нэг биш удаа хэлж байсан нь төрийн албанаас хайр найргүй хөрөнгө мөнгө шамшигдуул гэсэн даалгавар байсан гэж үү...
Нийслэлийн шүд эрүү нүүрний төв шинэ байранд орлоо
Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв ганцхан байдаг. Уг төв 3 жил орчим хугацаанд зориулалтын бус, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр шинэ байрандаа нүүн орж, стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий орчинд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлог Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо.
Шүд эрүү нүүрний төв 1986 онд байгуулагдсан. Нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог, гажиг засал, захиргаа санхүү, аж ахуй гэсэн дөрвөн нэгжтэй 72 ажилтантай. Жилд 100-120 мянга гаруй иргэнд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.
Тэгвэл шинэ байранд орсноор иргэдийн тав тухыг бүрэн хангасан, стандарт шаардлагад нийцсэн өрөө тасалгаа, тоног төхөөрөмжөөр хангагдсан төдийгүй тус төвийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж жилд 500 мянга гаруй иргэнд үзлэг оношлогоо, эмчилгээ хийх боломжтой болжээ.
Тус төвийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Судалгаагаар 2-15 насны хүүхдүүдийн 85-96 хувь нь шүд цоорох өвчтэй. Нэг хүүхдийн аманд 4-6 шүд цооролттой байгаа дүн гарсан. 18 настай залуучуудын 67.5 хувь нь бүтэн шүдтэй. 33.5 хувь нь ямар нэг хэмжээгээр дутуу шүдтэй байна. Нийслэлийн ЗДТГ-аас орчин үеийн шийдэлтэй 6 давхар шүдний эмнэлгийг нээж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс баярлаж байна. Тэр дундаа Засгийн газраас “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталж 5 жилийн турш 2-12 насны хүүхдүүдийн шүдний цоорлыг бүрэн эмчилэх, урьдчилан сэргийлэх, иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох боломж бүрдэж 2019 онд төсвөө батлах гэж байгаа энэ үед Шүд эрүү нүүрний төв үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Нийслэлийн зүгээс эрүүл мэндийн салбарт олон ажил хийж байгаа. Тухайлбал 18 эмнэлгийн гадна тохижилтын ажлыг өөрсдийн төсвөөр хийж тохижуулсан нь иргэдэд зориулсан эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах сайшаалтай ажил болж байна” гэлээ.
Шүд эрүү нүүрний төвийн энэхүү барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан. Үйлчлүүлэгч болон ажилчдын цахилгаан шат, нэгдсэн агааржуулалтын систем, эмнэлгийн зориулалтаар тохижуулсан өрөө тасалгаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иргэдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүн ам, ялангуяа хүүхдүүдийн дунд нүүр амны өвчлөл зонхилох хандлагатай байна. Шүдний тусламж үйлчилгээ нь өөрөө өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээний 80 орчим хувийг хувийн эмнэлгүүд үзүүлж байна. Гэтэл хүүхдүүд, ахмадууд, орлого багатай иргэд гээд зайлшгүй төрөөс тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэх ёстой юм гэж үзсэн. Шүд эрүү нүүрний төв нь хувьчлагдсаны дараа өөрийн гэсэн байргүйгээр түрээсийн байраар үйл ажиллагаа явуулж байсан. Жилд 280 орчим сая төгрөгийн түрээсийг төлдөг байсан. Түрээсэнд төлдөг мөнгөөрөө шинэ байр барих бололцоо байсан. Үүнийг бид судалж үзээд ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж үзээд НИТХ-ээр хэлэлцүүлж шинэ байртай боллоо. Ер нь нийслэлийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндэд өндөр анхаарал тавьж ажиллаж байгаа. Энэ төв ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Цаашдаа тоног төхөөрөмжийг сайжруулж, тохилог орчинд, өндөр бүтээмжтэй, шинэ техник технологи ашиглан хүүхэд залуучууд ахмад үеийнхэнд үйлчилгээ үзүүлнэ” гэж ярилаа.