8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Facebook”-ын 50 сая хэрэглэгч цахим халдлагад өртөж, Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа

2018-10-05 18:40:00

Ажлын өдрүүд ийнхүү дуусаж, хайртай дотны хүмүүстэйгээ цагийн хөгжилтэй өнгөрөөх амралтын өдрүүд айлчлан ирж байна.  Та энэ өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ юу хийхээр төлөвлөж байна. Сэтгэл сэргээсэн, мартагдашгүй өдрүүдийг өнгөрөөхийг хүсэж байгаа бол амралтын өдрийг сонирхолтой өнгөрөөх таван аргыг сонирхуулж байна. 

1. Хосуудын хувьд хамгийн чухал зүйлийн нэг бол яалт ч үгүй гэрэл зураг. Та хоёрт мэргэжлийн студид даруулсан уран сайхны гэрэл зураг байдаггүй бол заавал үүнийг хийгээрэй. Хамаг бүхэн шороо мэт арилж, гэрэл зураг л түүх болон үлдэнэ. 

2. Өглөө эртлэн босоод явган аялал хийх. Эрүүл мэндэд, мөн та хоёрт дотно яриа өрнүүлэхэд хамгийн тохиромжтой цаг болох юм. 

3. Амралтын өдрөөр гэртээ цаг гарган хоол хийх хэдий сайхан ч гэсэн амралтын аль нэг өдрийг сонгон, өвөрмөц хоолтой рестораныг сонгоорой. 

4. Хөгжилтэй тоглоомууд
Та 2 гэртээ видео тоглоомтой бол өдөржингөө тоглож нэг өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөгөөрэй. Олон тоглоомтой бол янзтай.

5. Хамтдаа хоол хийх. Цоо шинэ хоолны жорыг хамтдаа туршиж үзээрэй. Ялангуяа оройн хоолыг хийвэл илүү гайхалтай байх болно. 

Ингээд бидний бяцхан зөвлөгөөг туршиж амралтын өдрийг гэр бүлээрэй ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. 

Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тоймоо хүргэж байна. Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа


Б.Мэдрээ: Манай улс ам.доллараас хараатай, ам.долларын колони болсон улс

Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2568 төгрөгт хүрлээ. Өнгөрсөн наймдугаар сарын эхэнд 2450 төгрөг байсан ам.долларын ханш сүүлийн нэг сард ийнхүү эрчимтэй өссөн байна. Ам.долларын ханшийг хэрхэн барих, Төв банк ямар бодлого барьж байгаа цаашид хэрхэн ханшийг барьж тогтоох талаар өчигдөр хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон банкны зарим удирдлагууд оролцлоо. Тус хэлэлцүүлэгээс гарсан санаа оноо, Төв банкны барьж буй бодлогын талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ булангаа хүргэж байна. 

МОНГОЛ БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН: АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨӨД БАЙВАЛ МОНГОЛБАНКНААС АРГА ХЭМЖЭЭ АВНА.

-Хууль эрх зүй тогтолцоо талаасаа ярьвал зүгээр байх. Монгол улс валютын чөлөөт зах зээлтэй орны тоонд ордог. Валютын ханшийг хатуу чанга барьдаг улс орон байна. Манай улс шиг чөлөөтэй эдийн засгийнхаа суурь үзүүлэлт эдийн засгийн өсөлтөөс үүдэж дээшээ доошоо хэлбэлздэг улс орнууд ч бас байдаг. Эсвэл хэсэг улсуудын мөнгө тэмдэгтүүдийг багц сагсанд хийж байгаад тэр улсуудтай өөрийнхөө мөнгө тэмдэгтүүдийг уячихдаг улс орон бас байна. Жишээ нь евро ингэж өөрчлөгдөхөд манай валют ингэж өөрчлөгдөнө гэж тооцоолдог. Энэ тогтолцооноос харахад валют хатуу тогтдог зүйл биш ээ. Байнга хэлбэлзэж байдаг тогтолцоо. Нөгөө талаар валютын ханшийн хөдөлгөөнд нөлөөлж чадах арга хэрэгсэл нь Монгол банк байдаг. Хамгийн сүүлийн Монголбанкны мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх шийдвэр гарсан. Ерөнхийдөө ханшийг огцом зогсоох юм уу, огцом арга хэмжээ бол бодлогын хүү байдаг юм. Сүүлийн үеийн ОУ-ын хандлага, мэдээллээс харсан байх. Жишээ нь ОХУ өөрийнхөө рублийн ханшийн хөдөлгөөний тогтворжуулах үүднээс бодлогын хүүгээ өсгөсөн байна. Монголбанкны хувьд бодлогын хүүндээ гар хүрэхгүй. 2016 оны эдийн засгийн хүндрэлээс хойш одоо л эдийн засаг сэргэж эхлэж байна. Сэргэлт маань 6,3 хувьд хүрээд явж байна. ЭЗ эргээд сэргэж байгаа энэ үед бодлогын хүүндээ гар хүрэхгүй.

Сэргэж байгаа эдийн засгаа жоохон дэмжинэ. Гэхдээ ам.долларын ханш өсөөд төгрөгний ханш суларч байгаа энэ үед өөр арга хэмжээ авсан дээр байна гэж харж байгаа. Ам долларын ханш өсөөд байгаа суурь шалтгаан нь юу байна гээд аваад үзэхээр сулрах суурь шалтгаан харагдахгүй байгаа. Худалдаа тэнцэлээ харахаар худалдаа ашигтай байнаЕсдүгээр сарын 30-ны өдрийн мэдээгээр Монголбанкинд 850 сая ам.долларын нөөц байгаа. Хэрэв цаашид энэ байдлаараа ам.долларын ханш өсөөд байвал Монголбанкнаас арга хэмжээ авна.

 МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ: МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНГИЙН САЙД НЬ  ТЭР ГОЁ ТООГ ХАРААД СУУХ ГЭСЭН ЮМ УУ.

-Монголбанк цаашлаад арилжааны банкууд мөнгөний бодлогын зах зээл дээр гол тоглогч нар байдаг. Гол бодлогыг тодорхойлдог. Тэгэхээр энэ асуудлыг нарийн ярих хэрэгтэй. Учир нь өнөөдрийн ЗГ, Монголбанк мөнгөний бодлого, төгрөгийн уналт дээр зохицуулалт хийж чадахгүй байна гэж шууд хэлэх хэрэгтэй.

Өнөөдрийн цаг хугацаа бол 2013,2014 он биш. Тэр үед бол төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байсан. Нүүрсний үнэ 5 дахин унасан, бүх эрдэс баялагийн үнэ уначихсан цаг үе байсан. Тэр үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын хийж байсан менежмент бол өөр асуудал.

Хоосорч хумигдаж байсан үе. Гэтэл өнөөдөр төсвийн орлогын  татварын орлого 880 тэрбумаар даваад биелэсэн. Сүүлийн дөрвөн сар дахиад 1 их наядаар давж явна. Дээр нь 4 тэрбум ам долларын зэс нүүрсний борлуулалт хийчихсэн. Мөн ОУВС-аас бас мөнгө орж ирж байна. Орлого бүх сувгаар нэмэгдэж байгаа энэ үед яагаад ЗГ, Монголбанк ажлаа хийхгүй байгаа юм бэ. Өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нь  тэр гоё тоог хараад суух гэсэн юм уу. Тэр өсөлтийг авчирсан ААН-үүд чинь мөнгөгүй байна ш дээ. Үүнийг дагаад мөнгөний ханш унах юм бол энэ өсөлтийг авчирч яах юм бэ. Татвар төлөгч нар өнгөрсөн жил 1 их наядын татварыг илүү өгсөн. Энэ асуудлыг шийдэж чадах сувъякт нь ажлаа хийх хэрэгтэй байна. Одоо менежмэнтээ өөрчлөх хэрэгтэй. Одоо бидэнд мөнгө, хүний нөөц л хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэтгүүлч эмэгтэйд бүлэглэн хүчирхийлсэн ноцтой хэрэг гарчээ

Сүхбаатар аймагт хэрцгий хүчирхийллийн хэрэг гарчээ. Аймгийн SB телевизэд сэтгүүлчээр ажилладаг эмэгтэйг зургаан залуу харгис хэрцгийгээр хүчирхийлсэн байна. Сэтгүүлч эмэгтэй хоёр танилтайгаа уулзаж байх үедээ ухаан алдсан гэдгээ цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлжээ. Ухаан ороход хувцсыг нь урж таслан байж боломгүй бүх бохир аргаар уг бүсгүйг 6 залуу ээлжлэн хүчирхийлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Хоёр залуу сэтгүүлч эмэгтэйгийн согтууруулах ундаад нь ухаан алдуулах зүйл хийсэн байх магадлалтай. Ухаан алдсаны дараа нэмж хүчирхийлэгч дөрвөн залуугаа дуудаж зургуулаа нийлж уг бүсгүйг балмад муухайгаар хүчирхийлжээ” гэсэн юм. Энэ хэргийн талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас асуухад ийм хэрэг бүртгэгдсэн. Гэхдээ одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.  

"Гэмт хэрэгтэн Б.Махбалын 21 настай хүү гэхэд л найман үл хөдлөх хөрөнгөтэй"

УИХ-ын чуулганы өчигдөрийн  нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг асуудлыг хэлэлцэж, улмаар гишүүдийн 76.2 хувийн саналаар чөлөөлсөн.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.Тэрбээр, "Талийгаач айлын удам залгах ганц хүү. Энэ онд эхнэр нь одонгоо авчихаад угаахаар бэлдэж байсан. Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын уугуул байсан. Талийгаачийн асуудал ганц нэг шөнө болсон зүйл биш. Б.Махбал 2014 онд н.Дорждагвад бид эргэж ирээд чамд газрын даргын албан тушаал олж өгнө өө гэж хэлж байсан байгаа юм. Б.Махбал нь 4-5 компанитай, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй, төрсөн дүү нь нэг тэрбумын үнэлгээтэй компанитай. Баянзүрх дүүрэгт хэд, хэдэн орон сууцтай. Төрсөн хүү 21 настай хүү нь М.Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Машины тоо ч бүр замбараагаа алдсан. Албан тушаал авах гэж санаархаж байсан н.Дорждагва гэхэд л ХОМ-д мэдүүлээгүй “Лотус” гэж компанитай. Газрын даргын албан тушаал руу ингэж их тэмүүлж байсан байгаа юм. Дорждагва нь эхнэрийнхээ нэр дээр “Төслийн удирдлагын хөгжлийн төв” гэж байгуулаад тендер авч байсан.  Зам тээврийн яаманд бугшсан байгаа сайдаас үл хамаарах асуудлыг хэзээ засах вэ. Мөрдөн байцаалтын нууцлал хаана байна вэ. Бүх зүйл хэвлэлээр явж байна. Бичлэгүүд алга болчихсон байна. Бичлэгүүд алга болсон нь ар талдаа албан тушаалын төлөөх тэмцэл байсан нь харагдаж байна. Ар талд нь дөрвөн бүлтийсэн хүүхэд үлдлээ. Шүүх засаглал гэж байдаг юм уу. Ер нь төрийн алба тогтвортой байх ёстой. Засгийн газар бүрэн эрхийнхээ хэмжээнд ЗТХ-ийн сайдыг чөлөөлсөн гэж байна. Засгийн газарт энэ эрх байхгүй. Энэ эрх УИХ-д байдаг" ​хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Ж.Батзандан: Жилдээ 800 гаруй тэрбум төгрөгөөр тансаг зэрэглэлийн машин худалдаж авдаг байдлыг болиулах хэрэгтэй
 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Нэг их наяд 913 тэрбумын төсвийн алдагдлыг сайн үзүүлэлт гэж хэлэх ямар ч бололцоогүй. Дэлхий дээр ийм их алдагдалтай төсөв баталж байгаа цөөхөн улсын нэг нь Монгол Улс болох нь. Төсвийн урсгал зардлын тухайд 8 их наяд 228 тэрбумын урсгал зардалтай төсөв байна. Энэ урсгал зардлын 1.7 их наяд нь бараа үйлчилгээний зардал эзэлж байна. Тиймээс энэ урсгал зардлаа танах хэрэгтэй. Жилдээ 800 гаруй тэрбум төгрөгөөр тансаг зэрэглэлийн машин худалдаж авдаг байдлыг болиулах хэрэгтэй. Өнөөдөр 21 аймаг засмал замаар холбогдчихоод байхад, дарга нь үнэтэй жийп машин унаад явдаг байдлаа одоо больё.Үнэтэй машинуудын оронд бага оврын машин хэрэглэх бүрэн боломжтой. Тиймээс урсгал зардлын 1.7 их наядыг таначих юм бол татвар төлөгчдийн нуруун дээр ирэх дарамтыг бууруулах бүрэн боломж бололцоо байгаа.
Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын төсвийн үр өгөөж маш доогуур, муу байна гэж гарсан байна. Төсвийн үр өгөөж гэдэг төсвийн зарлагын нэг төгрөг ямар өгөөжтэй байгааг л харуулж байдаг үзүүлэлт. Энэ чиглэлд төсвийн реформ олигтой хийгдэхгүй байна гэж харж байгаа. Тиймээс энэ чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй байна" хэмээн хэллээ. 

“Бангкок-2020” тунхаглалын хэрэгжилтийн явцыг хэлэлцэж эхэллээ

бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дүгээр чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Энэхүү чуулга уулзалт өнөөдөр өндөрлөх юм. Чуулганд оролцогчид

“Бангкок-2020” тунхаглалын хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, эхэллээ. Бангкок 2020 тунхаглалыг Ази дахь бүсийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр”-ийн 5 дугаар форумаар баталсан бөгөөд тунхаглалын хүчинтэй хугацаа 2 жил үргэлжилнэ. Бангкок 2020 тунхаглал нь байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн нийт 20 зорилт болон хяналтын үзүүлэлттэй ба Ази дахь анхны байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий бүсийн тунхаглал юм.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” олгох тогтоолын төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, О.Батнасан, Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа ажээ.

Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Тиймээс эл мөнгөн тэтгэмжийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.

Ингэж олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна. Хүүхдийн мөнгийг 100 хувь, бүх хүүхдэд олгож байх үед 10 орчим хувь нь огт авдаггүй гэсэн судалгаа байдаг .

Б.Пүрэвдорж: Төсөв хэлэлцэж байхад Засгийн газрын дөрөв сайд танхимд сууж байна

УИХ-ын чуулганы хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд төсөвтэй холбоотой асуулт асуусан бол өнөөдөр үг хэлэх саналтай гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Төсөв хэлэлцэж байхад Засгийн газрын дөрөв сайд танхимд сууж байгаа нь харамсалтай. Тиймээс төсвийг хойшлуулахыг хүсэж байна" гэсэн юм.  

Гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 96.3 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнгөрсөн тавдугаар сард болсон Засаг даргын зөвлөлийн хурлаар нийслэлийн 2018-2019 өвөлжилтийн бэлтгэл хангах, зарим арга хэмжээний талаар хэлэлцэж инженерийн байгууллагуудад 14 чиглэлээр үүрэг өгсөн юм. Тус ажлын гүйцэтгэлийг аравдугаар сарын 1-ний өдрийн дотор нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгосны дагуу өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл хангасан тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээ төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гйүцэтгэлтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дара Т.Гантөмөр “Амгалан дулааны станц, II, III, IV цахилгаан станцууд нийтдээ 295 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 259 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувьтай. 12-20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, ОСНААУГ, УСУГ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК зэрэг Инженерийн хангамжийн 12 байгууллага өвөлжилтийн бэлтгэл хангахаар 349 ажил төлөвлөснөөс 337 ажлыг гүйцэтгэж 97 хувийн биелэлтэй байгаа. Нийслэлийн харьяа агентлагууд 94 хувь, дүүргүүд 97 хувийн бэлтгэлтэй байгаа” гэв.

Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламжийн цас арилгах 2472.08 тонн тусгай зориулалтын бодис, 1420.8 тонн давс нөөцөлсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэрэмжлүүлэг: Загастай, Солонготын давааны замыг хаажээ

Өчигдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Тухайлбал, Завхан аймагт их хэмжээний цас орж, зарим замыг хаасан байна. Завхан аймгийн Загастай, Солонготын даваануудын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтож халтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбогдуулан өнөөрийн 10.00 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон байна. 

“Facebook”-ын 50 сая хэрэглэгч цахим халдлагад өртжээ

“Facebook”-ын 50 сая хэрэглэгч цахим халдлагад өртжээ.  Аюулгүй байдлын алдааны улмаас 50 сая орчим хэрэглэгчийн хаяг халдлагад өртлөө гэж “Facebook” компани мэдэгдлээ. “Халдлага үйлдсэн этгээдүүд хэрэглэгчдийн хаягийг хянахын тулд “View As” хавсралт дахь сул талыг ашигласан байна.

Халдлагыг болсон гэдгийг мягмар гарагт олж мэдсэн бөгөөд цагдаагийн байгууллагад уг асуудлын талаар мэдээлэл явуулсан байгаа” гэж компани мэдэгдэлжээ. 

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу  10 дугаар сарын 05-нд Сэлэнгэ,Төв аймгийн нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл