7o
Улаанбаатар хот
mobile menu

2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

2018-10-12 14:09:40

 

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад хувийн 50.7 ирцтэй эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудал хэлэлцсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулав.

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Малын генетик нөөцийн тухай хууль энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаа. Эдгээр хууль батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 81 дүгээр тогтоолоор “... холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ чиг үүргийн хүрээнд шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалтыг мал аж ахуйн салбарт үйлчилж байгаа бусад хуулийн зохицуулалттай нийцүүлэх, мөн эдгээр хуулийг батлах хүртэл үйлчилж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан бусад хууль тогтоомжид үүсэх давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, үр нөлөөллийг тодорхойлох ажлыг салбарын яам гүйцэтгэжээ.

Энэ ажлын үр дүнд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд нийт 14 зөрчил, 3 хийдэл илэрсэн тул нэр бүхий хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэнтэй холбогдуулан Засгийн газраас эдгээр хуулийн төслийг боловсруулжээ. Эдгээр хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулснаар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Засгийн газраас энэ оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын хэсэг байгуулж, уг асуудлыг нарийвчлан хэлэлцэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва шинээр батлагдсан хоёр хуультай нийцүүлэн өөрчлөлт орж байгаа учраас хэлэлцээд явах нь зүйтэй, ажлын хэсэг байгуулахдаа төрийн бус байгууллага болон мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулах нь зүйтэй гэсэн саналууд гаргасан байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар мал, махаа экспортлох, малаа эрүүлжүүлэх, шинэ хуулиа шуурхай хэрэгжүүлэх, ингэхдээ иргэд малчдад хүнд суртал, чирэгдэл учруулахгүй байхад анхаарах талаар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Сайд Б.Батзориг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өнгөрсөн онд улсын хэмжээнд 20 мянган тонн мах экспортод гаргаж байсан бол энэ оны эхний хагасын байдлаар 20 мянган мах гаргаад байна, оны эцэс гэхэд 50 мянган тоннд хүргэх боломжтой гэж харж байгаа. Мал, мах авах хүсэлтэй улс орны тоо нэмэгдэх хандлагатай байна. Цаашид малынхаа тоонд биш чанарт анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байгаа, энэ үндсэн дээр мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, иргэд малчдынхаа орлогыг өсгөхөд анхаарч ажиллана.

Мал өсөж байгаа ч малынхаа эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай тулгараад байна. Иймээс малаа эрүүлжүүлэх, генетик нөөцийг нь бүрдүүлэхэд чиглэсэн хоёр хууль шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэн нь төрийн бодлогын чухал шийдвэр болсон. Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан, одоогоор 19 аймгийн мал эмнэлгийн газрын дарга нар томилогдоод байгаа. Малын шилжилт хөдөлгөөнийг хянаад эхэлсэн, энэ нь малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга юм. Шинэ хуулийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх, ингэхдээ хуулийн дагуу төр иргэддээ хүнд суртал, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэхэд салбарын яам анхаарна гэлээ.

Аль ч улс малаа вакцинжуулах замаар малынхаа эрүүл мэндийг асуудлыг  шийддэг юм байна. Манай улс бүх малаа вакцинжуулахад наад зах нь 100 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай, гэтэл бид төсвийн боломждоо түшиглэн жилд 15 сая толгой мал вакцинжуулж байгаа. Мөн Бэлчээрийн тухай хуулийн төслийг ярих цаг нь болсон гэж салбарын яам үзэж байгаа. Тариалангийн бүсээ тодорхой болгосон, цаашдаа усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх, үр, бордооны чанар сортыг сайжруулахад анхаарна гэдгээ хэлэв.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат ажлын хэсэг байгуулна гэж цаг алдахгүйгээр хуулийн өөрчлөлтийг шуурхай хийж хууль хэрэгжүүлэх механизмаа хурдан бүрдүүлэх шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Атар газар эзэмшиж эхэлсний 60 жилийн ой ирэх онд тохиож буйтай холбогдуулан салбарын яам Атрын 4 дүгээр аянаа зарлах хэрэгтэй байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан манай улсын бүх худалдаа, импорт, экспорт нэг зах зээлээс хамааралтай байгаад төр, засаг нухацтай хандах хэрэгтэй байна, наад зах нь Япон Улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг ашиглан мал, махаа гаргах гарц байна гэдгийг хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Пүрэвдорж, А.Сүхбат нар санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийг төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Ирэх оны төсөвтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уг хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хийх явцад хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг ажлын таван өдрийн завсарлага аваад байсан юм.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Монгол Улсын 2019 оны төсөв нь Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хэрхэн нийцэж байгаа талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авсаны дараа төсвийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр Ардчилсан намын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссаныг мэдэгдлээ. Гэхдээ ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтыг тэгшигтгэсэн байдлаар хуваарилсан, ямарч тооцоогүй зарцуулагдах эрсдэлтэй их хэмжээний мөнгийг орон нутагт төсөвлөсөн атлаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр мөнгө төсөвлөөгүй зэрэг дутагдал байгаа тул намын бүлгээс хэлэлцүүлгийн дараагийн шатуудад зохих шаардлага тавьж ажиллах болно гэдгээ хэллээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, дэлхий нийтийг хамарсан санхүүгийн асар том хямрал ирж байгааг дэлхийн санхүүгийн тэргүүлэх мэргэжилтнүүд, Олон улсын валютын сангийн удирдлагууд удаа дараа хэлж анхааруулсаар байгаа нөхцөлд Монгол Улсын 2019 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байна. Миний зүгээс 2019 оны төсвийн төсөлд өгөх шүүмжлэл, санал цөөнгүй байна. Юуны өмнө эдийн засгийн үзүүлэлтүүдээ тогтож харвал сайжирсан зүйл огт байхгүй, инфляци өссөн, төгрөгийн ханш эрс суларсан байдалтай байна. Харьцуулахад, инфляци 2015 оны эцэст 1,9 хувьтай байсан бол өнөөдөр он дуусаагүй байхад 8,8 хувь болж өсжээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны 6 дугаар сард 1950 байсан бол өнөөдөр 2552 болж 602 төгрөгөөр суларсан байна. Энэ юуг хэлж байна гэхээр Засгийн газар, Монгол банк инфляци, төгрөгийн ханш хоёрыг тогтвортой барих үүргээ биелүүлээгүйгээс өнөөдөр бараа үйлчилгээний үнэ өссөнөөс монгол хүн бүрийн орлого алдагдаж, нийгмийн ачааг голлон нугалдаг дунд давхаргыг үгүй хийж байна. Бензин шатахууны үнэ 19-30 хувиар өсчихөөд байхад салбарын сайд, Засгийн газар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй суусаар байна.

Дараагийн нэг зүйл нь сүүлийн хоёр жилд нийт өр буурах биш эсрэгээр нэмэгдсэн байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өр 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол одоо 21.1 их наяд төгрөгт хүрсэн. Гэтэл 2021 оноос бондуудын бүтэн төлбөрүүд хийгдэж эхэлнэ. Энэ нь түүхий эдийн үнийн уналтын мөчлөгтэй давхцахаар байгаа. Дээр нь дэлхийн эдийн засаг урьд хожид үзэгдээгүй том хямралтай нүүр тулж магадгүй. Энэ бүх эрсдэл давхацвал юу болохыг төсөөлөхөд ч хэцүү юм. Засгийн газар одоо сонгуулийг март. Айсуй эрсдэлт нөхцөлийг даван туулахад л илүү анхаарах цаг ирлээ.

2019 оны төсөвт хууль зөрчсөн зүйл заалтууд их оржээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.3, Төсвийн тухай хуулийн 6.2.2 болон 22, 29.4 дэх заалтууд ноцтой зөрчигдөж байгааг засахгүйгээр энэ төсөв батлагдаж болохгүй. Ялангуяа Төсвийн тухай хуулийг зөрчиж, гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, төслүүдийг Сангийн яаманд төвлөрүүлэх нь гэсэн шүүмжлэл Улсын Их Хурлын гишүүдээс гарч байгааг шалгаж, хууль зөрчсөн үйлдлийг арилгасны дараа төсөв батлагдах ёстой.

Үндэсний аудитын газраас төсвийн орлогыг биелэхээргүй, хийсвэр төсөөлөл учраас орлогын бүрдэл нь хамгийн том эрсдэл болно гэж үзсэн нь зөв. Эдийн засаг бүхэлдээ өсөөгүй, зөвхөн түүхий эдийн экспорт, үүнээс нүүрсний үнийн дүн, биет хэмжээ л өссөн байхад Засгийн газар ДНБ-ий өсөлтийг 2019 онд 8 хувь байхаар тун өөдрөг төсөөлжээ.  Төсвийн 2019 оны тэнцвэржүүлсэн орлого 2 их наяд 445,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ, үүний 1,3 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас орохоор тооцсон нь нийт нэмэгдэх орлогын 53,1 хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл хамгийн баталгаагүй орлогоор төсвийн талаас илүү хувийг бүрдүүлэхээр тооцож байгаа нь төсөвт асар том цоорхой гаргаж мэдэх эрсдэл мөн. Сангийн яам батлагдаагүй байгаа Татварын багц хуулийг батлуулснаар орлого нэмэгдэнэ гэх хэрнээ төсвийн орлого яг хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдэхийг тодорхой заасангүй. Улсын төсвийг зөвхөн батлагдсан, үйлчилж байгаа хуулийн хүрээнд хийх хуультайг дахин сануулъя.

Харин нэр бүхий гишүүдийн зүгээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг санаачилж, өргөн барьсан. Тогтоолын төсөлд тусгаснаар “Хүүхдийн мөнгийг” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх юм байна. Энэ бол монгол төрийн хүн амаа өсгөх уламжлалт бодлого, сайн туршлага юм. Хүүхэд бүрт 100 хувь хүүхдийн мөнгө олгож байх үед 10 орчим хувь нь авдаггүй байсан гэх судалгаанд үндэслэвэл тогтоол батлагдсанаар нийт хүүхдүүдийн 90 хувь нь хамрагдах боломжтой болно.

Төсвийн байгууллагуудын урсгал зардлын төлөвлөлтөд ч нарийн тооцоолоогүй, үрэлгэн зардал ихээхэн байгааг анхаармаар байна. Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны Улсын Их Хурлын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын орон тоо зардлыг 10 хувиар буюу 546,4 сая төгрөгөөр бууруулж байгаагаа дурдаад “…Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо, зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалж байна…” гэсэн. Үүнийг 2018 оны батлагдсан төсвийн урсгал зардал 7 их наяд 455,8 тэрбум төгрөгөөс тооцож 10 хувийн хэмнэлт гаргавал 745 тэрбум төгрөгийг хэмнэж болохоор байна. Үүнийг 2019 оны төсвийн байгууллагуудын зардал 8  их наяд 230 тэрбум төгрөгөөс хасахад 1,5 их наядын төсөв хэмнэгдэхээр байна. Ингэхдээ 2019 онд нэмэхээр төлөвлөсөн төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийн нэмэгдлийг хэвээр үлдээх хэрэгтэй. Улсын Их Хурлын даргын 10 хувь гэсэн хэмнэлтийн саналыг дэмжихийн зэрэгцээ дарга нарын армиас 15 хувь цомхотгол хэмнэлт гаргах боломжтой гэж үзэж байна. Энд бүх шатны төрийн захиргааны байгууллага, дэд сайд, орлогч нар, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хамааруулж болно.

Орлогоо бодитоор төсөөлж, зарлагаа аль болох хэмнэх чиглэл рүү хандуулахыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Олон улсын валютын сангаас “Санхүүгийн нөөцтэй байх хэрэгтэй. Элдэв хямрал, салхи шуурганд ганхахааргүй санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн сууриа хадгалах нь чухал” гэж сануулсаар байгааг төсвийг боловсруулахдаа тооцох, тусгах талаар санаачилгатай ажиллаач гэж Сангийн яамны албан тушаалтнуудаас, Сангийн сайдаас хүсэж, шаардах байна.

Эрхэм гишүүд ээ, та бүхнийг 2019 оны төсвийн төслийг ахин нягталж хараад, намчирхсан, улстөржсөн, үр ашиггүй зардлуудаасаа зоригтойгоор татгалзах, орлогыг хийсвэрлэн өндрөөр төсөөлсний хийг гаргахад анхаарахыг хүсэж байна. Ирэх жилийн төсөв бодитой хийгдэж, батлагдахгүй бол маш хүнд сорилттой тулгарахыг дэлхийн шилдэг шинжээчид анхааруулсаар байгааг битгий мартаач. Ирж буй хямралын учрыг олоход хүнд байх болно. Урьдчилан таамаглах аргагүй, огцом өөрчлөлтүүд авчирна гэж мэргэжилтнүүд сануулсаар байгааг тоохгүй орхиж боломгүй байна гээд хямралд хохирол багатай өртөхийн тулд нөөцтэй, хуримтлалтай байж, хөрөнгө оруулалтын шинэ, ухаалаг бодлого хэрэгжүүлэхийг дэлхий нийт зөвлөж байна. Тийм учраас ирэх жилийн төсөвт үндэсний эрх ашгийг эрхэмлэсэн, шинэчлэл хийсэн, бодитой байдлаар хандахыг уриалав.

Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороо, намын бүлгүүд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

Хэлэлцээрт нэгдэж орох тухай хуулийн төслийг соёрхон баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудал хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулсан юм.

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдээд байгаа аж. Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалтыг өөрийн орны хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.

Иргэний нисэхийн салбар нь нийгэм эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбаршуулах, Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Монгол Улс нэгдэн энэ хэлэлцээрт нэгдэж орсноор юуны өмнө агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж хялбаршуулах, ингэснээр арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд ангиуд, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур татвараас чөлөөлөгдөх боломжтой болно. Түүнчлэн агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ өргөжин хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

Уг хэлэлцээрт Монгол Улс нэгдэж орох тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ.   

Салбарын сайд Я.Содбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор ерөнхий зориулалтын нисэхийн бизнесийн таатай орчин бий болгох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, агаарын зайн зохион байгуулалтыг сайжруулах, нисэгч, инженер техникийн ажилтнууд бэлтгэх сургалтын төв, засвар үйлчилгээний төв байгуулах зэрэг үйл ажиллагааны харилцан уялдаатай нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг тодорхойлж, 2018-2022 онд хэрэгжүүлэх “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан.

Монгол Улсын хууль тогтоомжид зорчигч тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалттай. Харин ерөнхий зориулалтын агаарын хөлгийн хувьд татвараас чөлөөлөх зохицуулалтгүй учраас “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын хөлгийг татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм гэдгийг тодотголоо. Мөн МИАТ компанийн зардлын 27 хувийг шатахууны үнэ эзэлдэг, иймээс шатахууны үнийг тогтвортой байлгах, хямдруулах зайлшгүй шаардлагатай байгаа, энэ чиглэлд анхаарч ажиллана. Түүнчлэн компанийн засаглалыг сайжруулах, үргүй зардлыг багасгахад анхаарч байгаа, энэ үндсэн дээр ялангуяа оргил ачааллын үед нислэгийн тоо, давтамж, суудлыг тоог нэмэх замаар нэгж суудлын үнийг бууруулах арга хэмжээ авна, ахиц гаргана гэдгээ хэлэв.

Одоогоор манай улсын иргэний нисэхийн салбарт зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг байгаа. Агаарын тээврийн байгууллагуудын хувьд өндөр үнэ өртөг бүхий агаарын хөлгийг шууд авч ашиглахад санхүүгийн хүндрэлтэй байдаг тул агаарын хөлгийг түрээсээр авч ашиглах нь түгээмэл байдаг. Одоогийн байдлаар манайх 4 агаарын хөлгийг түрээсээр ашиглаж байгаа, ирэх онд агаарын хоёр шинэ хөлгийг түрээсээр авч ашиглана. Орон нутгийн нислэгийн үнийг бууруулахын тулд өнгөрсөн онд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгай төслийг хоёр аймагт хэрэгжүүлж нислэгийг сэргээсэн, энэ хөтөлбөрийг ирэх жил бас хоёр аймагт эхлүүлнэ гэдгийг дурдлаа. Түүнчлэн “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар нь Европын Холбоо, БНСУ зэрэг орны Иргэний нисэхийн удирдах газраас агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх эрх авч гэрчилгээжсэн, 2017 онд гадаадын 50 гаруй агаарын хөлөгт засвар, үйлчилгээ хийсэн байна гэдгийг нэмж тодотголоо.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь  Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлав.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагаас “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоногэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Сурагчдыг ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд 12-р сарын 15-наас 2-р сарын 15 хүртэл амраах нь зөв үү.

Нийт санал өгсөн: 55