8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 20 жилийн өмнөх хүн амины онц ноцтой хэргийг нөхөн илрүүлж, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д шинээр төгөл байгуулав

2018-10-22 18:40:00

Эрхэм уншигч та бүхэнд  шинэ  7 хоногийн мэнд хүргэе. Энэ 7 хоногт төлөвлөсөн ажил нь амжилт бүтээлээр арвин байх болтугай. Үдэш бүрийн энэ цаг мөчи та бүхэнд хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр хэвлэлийн хуудаснаа

"Дубайн гэрээг баталгаажуулсан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан"

“Дархан Монгол” нэгдлээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон түүний байгуулсан Дубайн гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд Дубайн гэрээг баталгаажуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэн хандсан гэдгээ онцолсон юм.

“Дархан Монгол” нэгдэлийн эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ: "Тухайн үед Дубайн гэрээг байгуулахдаа зөвхөн англи хэл дээр гэрээ байгуулсан. Талууд тус гэрээнд ямар нэгэн асуудал гарвал зөвхөн англи хувилбарыг баримтална гэж заасан байгаа нь монгол улсад ямар нэгэн байдлаар хохирол учруулж болзошгүй гэж үзэж байгаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөнд Монголын талаас гарын үсэг зурах эрхийг Эрдэнэс Монгол болон Эрдэнэс Оюутолгой компанийн захирлуудад өгсөн байдаг. Энэ эрхийг зөвхөн Ерөнхий сайдын захирамжаар өгсөн. Монголын нийт ард түмний эрх ашигт нөлөөлөх зүйлийг ганцхан Ерөнхий сайд гэдэг хүн захирамж гаргаж шийдсэн.

Энэ гэрээний монгол хувилбар гэж байхгүй. Тухайн үед Ерөнхий  сайд асан Ч.Сайханбилэг сайд Дубайн гэрээг байгуулж  ирснийхээ дараа УИХ-ын чуулган дээр "Дубайн гэрээг монгол хэл дээр орчуулж байгаа. Удахгүй ирнэ" гэж мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Дубайн гэрээний монгол хувилбарыг хэн ч хараагүй. Үүнээс бол бид Дубайн гэрээ өөрөө хүчинтэй юу гэсэн асуултыг Ч.Сайханбилэгээс болон тухайн үеийн Засгийн газраас асууж байна. Энэ асуултандаа хариут авна.  Мөн  Дубайн гэрээний үр дүн, хүчинтэй эсэх,  энэ гэрээний нөхцөл тохиролцоо монголд улсад маш их хэмжээний хохирол учруулж болзошгүй гэж үзэж хүчингүй болгохоор шүүхэд хандаж байна. Зөвхөн айлын талын нөхцөл байдлыг харж хөдөлж байна. " гэсэн юм. 

Дашрамд эргэн сануулахад: АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр эрхмийг нэг дор баривчилж нийгэм даяар дуулиан тарьсан үйл явдал болсон.  Тодруулбал, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр 2018 оны зургаадугаар сарын 8-ныг хүртэл яг хоёр cap хоригдсон. АТГ-аас тухайн үед  Ерөнхий сайдуудыг шалгаж байгаа хэргийн тухай албан ёсоор мэдэгдэхдээ “ ...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн мэдээлж байсан юм.

АН: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр  ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлж байгаатай холбоотойгоор ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ.

Ирэх оны Улсын төсөвт багцалсан дүнгээр оруулж ирсэн тоон дүнгүүдийн өмнөх оны төсвийн төслүүдтэй ижил задаргааг хийх ёстой гэдгийг бүлгийн зарим гишүүд хэлэв. Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, энэ талаар мэргэжлийн хүмүүсийн мэдээллийг сонсох чухал шаардлага байгаа талаар гишүүдээс санал гарсан байна.

Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухайд бүлгийн гишүүд хүүхдүүдийг ялгаварлахгүй, ямар ч чирэгдэлгүйгээр 100 хувь хүүхдийн мөнгийг олгох нь зөв гэдэг байр суурин дээрээ бүлгийн гишүүд байна гэдэгт санал нэгджээ.

З.Батжаргал: Төр зөв бодлого явуулбал сэргээгдэх эрчим хүч хөгжих бүрэн боломжтой

Манай улс нар, салхины эрчим хүчний эх үүсвэрээс жилдээ 15,000 тераВатт цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Сэргээгдэх эрчим хүчийг цаашид эрчимтэй хөгжүүлэх замаар Монгол улс цахилгаан эрчим хүчний импортын хараат байдлаас аажмаар ангижраад зогсохгүй, эрчим хүч экспортлогч орон болох зорилгодоо хүрч, Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030 болон Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН), Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг хэрэгжүүлэхэд нэмэр болох юм. Тэгвэл өнөөдөр уг салбарт ажиллаж буй төр, хувийн хэвшлийнхний зөвлөлдөх уулзалт Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болж байна.

Үндэсний хэмжээнд 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20% хүртэл, 2030 он гэхэд 30% хүртэл нэмэгдүүлэх зорилт (Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого 2015-2030 он) тавиад байгаа. Тэгвэл энэ тоо 2019 он гэхэд хангагдах бүрэн боломжтой бөгөөд одоогоор бараг 18 хувьтай байгаа аж.

НҮБУАӨСК-ийн үндэсний зохицуулагч, ХКОМ-ын Монгол талын дарга З.Батжаргал:

-Сэргээгдэх эрчим хүчний нөөц хангалттай байна. Манай улсын эрчим хүчний 15 мянган тераВатт гэж гарсан. Энэ тоог бүгдийг нь ашиглаж чадвал ганцхан манай улсын хэрэгцээг хангахаас гадна хөрш зэргэлдээ маш том, бараг тэрбум хүн амын хэрэгцээний тодорхой хувийг хангах хэмжээний хүчин чадал юм. Үүнийг ашиглаж эхлэхэд мэдээж өндөр технологи, мэргэжлийн ур чадвар, технологийг нэвтрүүлж ашиглах хөрөнгө оруулалт нэлээд өндөр шаардагдана. Тухайлбал, Дарханы 10 мегаваттын нарны станцыг байгуулахад 20 саяас доошгүй долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байна. Тиймээс энэ тийм ч амар зүйл биш. Гэхдээ ирээдүйтэй. 2014 онд УИХ-аас баталсан “Ногоон хөгжлийн бодлогын бичиг баримт”-д 2020 он гэхэд Монгол улс суурилагдсан эрчим хүчнийхээ дотор сэргээгдэх эрчим хүчний ашиглан үйлдвэрлэж байгаа хэмжээг 20 хувьд хүргэнэ гэж заасан. Уг зорилтыг 2019 онд биелүүлчихнэ. Одоо бараг 18 хувь буюу 220 мегаваттын босгонд хүрчхээд байна. Сэргээгдэх эрчим хүч ашиглах асуудалд төр зөв бодлого явуулж, олон улсын хэмжээний хоёр талын хамтын ажиллагааны механизмыг оновчтой ашиглаж чадвал энэ ажил урагштай явна.

Монгол улсын эрчим хүчний салбар нь цахилгаан эрчим хүчний хангамж, эрэлт хэрэгцээний төлөвлөлт, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэхэд техникийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Эдгээр бэрхшээлүүдийг даван туулахын тулд Монгол улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний хууль (2015)-нд сэргээгдэх эрчим хүчний урамшуулал, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, дамжуулах шугамын тогтвортой байдлын тэнцвэрийг сайжруулах зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг ч энэ үеэр мэргэжилтнүүд онцолж байлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Өвлийн сарын цаг агаарын төлөв байдал

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсээс ирэх гурван сарын цаг агаарын дундаж хэм, хур тунадасны мэдээллийг гаргажээ.

Арваннэгдүгээр сард.

2018 оны 11 дүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Увсын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.



Завхан, Архангай, Булган, Төв, Хэнтийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.


 

Арванхоёрдугаар сард
 

2018 оны 12 дугаар сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Баян-Өлгий, Булган, Төв, Хэнтийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0,5 градусаар хүйтэн, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.



Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Архангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд  хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр сард
 

2019 оны 1 дүгээр сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсэг, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Таамаглаагүй аварга ЗАУРБЕК СИДАКОВ

“Будапешт-2018” бөхийн төрлүүдийн ДАШТ өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхэлсэн билээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болж Кубын Йовлес Бонне, ОХУ-ын Заурбек Сидаков, АНУ-ын Дэвид Тэйлор анх удаа дэлхийн аварга болж, Гүржийн Гено Петриашвили аваргаа хамгаалав.

61 кг: Өнгөрсөн жил Парист үзүүрлэсэн ОХУ-ын Гажимурад Рашидов энэ жинд алтан медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай бөхөөр яригдаж байсан. Тэгвэл түүнийг Дэлхийд хоёронтоо хүрэл медаль зүүж байсан Кубын хашир туршлагатай бөх Йовлес Бонне шигшээ барилдаанд 5:5-аар ялж харих яагаа ч үгүй гэдгээ харуулан 35 настайдаа дэлхийн аварга боллоо. Боннегийн Рашидовыг тэнгэр харуулсан өмсөх мэх Будапештийн ДАШТ-ий гол чимэг болох нь дамжиггүй. Манай ОУХМ Бооёо буюу Т.Түвшинтулга хүрэл медаль хүртэж, дэлхийд данстай бөх гэдгээ харуулсан. Хүрлийн төлөө хоёр жилийн өмнө Лос-Анжелесийн Дэлхийн цомд гайхалтай мэхээр шидэж ялж байсан Гүржийн Бека Ломтадзег дахин бахтай сайхан ялсан билээ. Нөгөө хүрлийг АНУ-ын Жо Колон хүртэв.
74 кг: Үнэндээ энэ жинд бөхийн хүрээнийхэнд “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо нарын хэн нь аварга болох вэ гэсэн яриа гарч байсан хилсдэхгүй. Тэгвэл Оросын хошой аварга, 23 хүртэлх насны ЕАШТ-д түрүүлж, үзүүрлэж байсан даруухан амжилттай Хойд Осетийн 22 настай Заурбек Сидаков өнөөх хоёрыг чинь ээлж дараалан ялж, шигшээд амжилт хийгээд нас ойролцоо Гүржийн Автандил Кенчадзег 2:2-оор илүүрхэж дэлхийн аварга боллоо. Харин Барроуз, Чамизо нар хэн нь медальтай үлдэж, хэн нь хоосон буцах шийдвэрлэх барилдаанд Барроуз Чамизог 4:4-өөр ялж хоорондын барилдааны харьцааг 2:1 болголоо. Мөнгөн медаль хүртсэн Кенчадзе тааруухан өрсөлдөгчийг ялж шигшээд гарч ирээгүй. Энэ жингийн гол фаворитаар нэрлэгдэж байсан олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Туркийн Демирташ, “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн хошой аварга Узбекистаны Бекзод Абдурахманов гээд шилдгүүдийг “гол гаргасан”. Түрэг, чантуу эрчүүд медальтай үлдэх эсэх барилдаанд хоорондоо хүч үзэж Абдурахманов ДАШТ-ий хошой хүрэл медальтан болов. 
86 кг: Энэ жинд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай олимп, дэлхийн аварга Ираны Хассан Яздани, түүнийг өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд нутаг нь цэвэр ялсан АНУ-ын Дэвид Тэйлор, 2017 оны Европын аварга ОХУ-ын Даурен Куруглиев нар нэг хэсэгт багтав. Америк эр эхний даваанд Язданиг 11:6-гаар, хагас шигшээд Куруглиевийг 7:5-аар ялснаар аваргалах замаа зассан. Тайлор нөгөө зооноос шигшээд шалгарах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч Туркийн Фатих Эрдинийг шигшээ барилдаанд оноогоор цэвэр ялж, энэ жинд Сэм авгын бөхчүүдээс Лес Гачесаас хойш 21 жилийн дараа дэлхийн аварга боллоо. Харин Яздани, Куруглиев нар хүрэл медалийн төлөө тулж иран эр 11:5-аар илүүрхсэн.
Нөгөө хүрлийг буурал тивийн аваргад медаль хүртэж байгаагүй Испанийн Таймураз Фриев хүртсэн. 
125 кг: Хамгийн хүнд жингийн дээд хэсэгт багтсан найман бөхийн оноолтыг харахад “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, АНУ-ын Ник Гвяздовски, манай Н.Золбоо нарын ялсан нь шигшээд шалгарах боломжтой дүр зураг харагдаж байв. Гэсэн ч “Жакарта-2018” Азийн наадмын дэд аварга БНХАУ-ын Ден Живэй америк эрийг 1/4 шигшээд 5:4-өөр ялж тааврыг орвонгоор эргүүлсэн. 
Доод хэсэгт “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Таха Акгуль, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Гено Петриашвили, олимп, ДАШТ-ий медальт Азербайжаны Жамалуддин Магомедов, Ибрагим Саидов, Азийн наадмын хошой аварга Ираны Парвиз Хади, сүүлийн хоёр жилийн Оросын аварга Анзор Хизриев гээд бараг бүх “томчууд” чихэлдэж хоёр нь медальтай үлдэж, үлдсэн нь хоосон нутаг буцлаа. Ялангуяа хүнд жингийн өнөө цагийн шилдэг бөх Турк “гулливер” Ахгуль шөвгийн наймд Ираны Хадид 3:4-өөр дийлдэж, өнөөх нь хагас шигшээд Петриашвилид ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн юм.
Гүржийн Петриашвили шигшээ барилдаанд Хятадын Живэйг 6:0-ээр ялж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга боллоо. Боломжоо тултал ашигласан нанхиад эр Хятадын эрэгтэй чөлөөт бөхийн түүхэнд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны бөх болов. Түүнд ялагдсан Сэм авгын Ник Гвяздовски өнгөрсөн жилийн амжилтаа ихэрлүүлсэн. Харин нөгөө хүрэл медалийн төлөө 86 кг-ын жингийн адил Орос, Иран эрчүүдийн дуэль болж Парвиз Хади ДАШТ-ээс анхны медалиа зүүв.

Буу гаргаж танхайрсан этгээдийг саатуулжээ

Урт цагааны гуравдугаар корпуст байрлах ломбардад буу гаргаж танхайрсан хэрэг энэ сарын 19-ны өдөр гарсан байна. Иргэн 38 настай эрэгтэй О нь тус барьцаалан зээлдүүлэх төвд мөнгөний барьцаанд тавьсан өөрийн эзэмшлийн хөөрөгнөөс болж маргалдаж, 61 настай Н рүү буу гаргаж сүрдүүлэн танхайрсан байна.

Хэргийг газарт цагдаагийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу очиж, гар буу болон хийн бууны сум хураан авчээ.

20 жилийн өмнөх хүн амины онц ноцтой хэргийг нөхөн илрүүлжээ

Одоогоос хорин жилийн өмнө буюу 1998 онд гарсан хүн амины онц ноцтой хэргийг цагдаагийн алба хаагчид нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, иргэн Б гэгч нь 50 гаруй удаа хутгалуулан онц хэрцгийгээр алагдсан бөгөөд энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас тасралтгүй шалгалтын үйл ажиллагаа явуулсны үр дүнд Мөрдөн байцаах албаны онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид сэжигтэн этгээдийг илрүүлэн саатуулсан байна.

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д шинээр төгөл байгуулав

Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд байгаль орчны бохирдлыг бууруулахад залуусын оролцоог нэмэгдүүлж, тохижилт бүхий талбайн тоог олшруулах зорилгоор "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д төгөл байгууллаа.

Эл "Сагсан бөмбөгийн ногоон төгөл"-д эхний ээлжинд 50 ширхэг нарс, улиас суулгав. Нийтдээ 3000 ам метр талбайг хамрах тус төгөлд ургуулах моддын нэр төрөл, тоог дараагийн жилүүдэд нэмэгдүүлэх юм. Мөн сүүдрэвч, тоглоомын талбай, сандал зэргийг байрлуулан тохижуулна. Үүний зэрэгцээ ногоон байгууламжийн усалгаа, арчилгаагаа мэргэжлийн байгууллагаар хийлгэх юм.

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил төгөлийг нээх үеэр "Спортод сонирхолтой, түүгээрээ нэгдсэн 100 гаруй оюутан, залуу, багш нар нийслэл хотынхоо төв цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, төгөл байгууллаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын ногоон байгууламж бүхий тохижилттой талбайг нэмж буй ч хүртээмжгүй хэвээр байна. Тиймээс нийслэлийн ИТХ-аас дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, "Цагдаа толгой" дахь олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар бэлтгэл хангаж байна. Цаашид нийслэлийн ИТХ-аас иргэдэд зориулсан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх ажлаа улам идэвхжүүлж, энэ мэт талбайг олшруулна" гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл