8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монголчуудын бүтээсэн цахилгаан машин шагнал хүртэж, Олон жил нүүрс хулгайлж байсныг тогтоосон өдөр

2018-10-23 18:40:00

Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимас
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь
Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр хэмээн  /Л. Өлзийтөгс - Моддын дээр цас орно/  гайхалтай шүлэг бичсэн байдаг. Өнөө маргаашгүй цас орж хүйтэн өвөл айлчлан ирэх гэж буй энэ цаг үед энэ шүлэг л яг зохицох мэт санагдлаа. Өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа ийм нэгэн шүлгээр эхлүүллээ. Үргэлжлүүлэн та бүхэн манай сайтад орсон онцлох мэдээллийг хүлээн авна уу. 

Б.Дэлгэрсайхан: Би бол оффшорчны нэг

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд Ерөнхий Прокурор М.Энх-Амгалангаас асуулт асуув. 

18 ЖИЛИЙН ДАРАА ЭНЭ ХЭРЭГ ИЛЭРСЭН. ЦААШДАА ДАХИН ШАЛГАХ ШААРДЛАГАГҮЙ

УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зоригийн хэргийн зарим хэсгийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газар гаргасан ч хэрэгжээгүй. Хэрэг нь захиалагчийг илрүүлэхээр шилжсэн. Үүнийг Ерөнхий прокурор та яаж харж, ямар гаргалгаа хайж байна вэ?

Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Энэ хэрэгт төр туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. 18 жилийн дараа энэ хэрэг илэрсэн. Цаашдаа дахин шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Оффшорын хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн төгрөг манайд орж ирсэн бэ?

 Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Оффшор данстай байсан хүмүүс мөнгөө оруулж ирсэн. Тодорхой хэмжээний мөнгө битүүмжлэх асуудалд гадаадын хууль хяналтын байгууллагад санал тавьчихаад байж байна. Нүүрсний хэргийн асуудалд АТГ-аас хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа.

 УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Оффшор гэж ярьснаас болоод хөрөнгө оруулалт эрс багассан. Би бол офшорчны нэг. Шалгуулж ч байгаа. Засгийн газар Тавантолгойн IPO-г Хонг Конгт гаргах шийдвэр гаргасан. Гэтэл Хонг Конг өөрөө офшор бүс. Энэ офшор бүст IPO гаргавал хууль зөрчих үү. 

Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Оффшор гэдэг нь бизнесийнхээ хувьд байх ёстой зүйл юм шиг байгаа юм. Татвараас нуугаад өөрийнхөө мөнгийг офшорт байрлуулж байгаа нь буруу болохоос оффшороос орж ирсэн мөнгийг хориглоно гэж байхгүй. Нуусан мөнгөө офшорт аваачиж хийж байгаа нь татвараас зугтаж байгаа л асуудал шүү дээ

Л.Одгэрэл: Утааг багасгана гэж 164 тэрбум төгрөг зарцуулсан ч агаарын бохирдол буурсангүй

Үндэсний аудитын газраас Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг танилцуулж байна.

Аудитаар гарсан зөрчлийн талаар Гүйцэтгэх аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Л.Одгэрэл  мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Энэхүү аудитыг гурван чиглэлээр явуулсан. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн орчин уялдаатай байсан уу, Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зөв зохистой төлөвлөж хэрэгжүүлсэн эсэх, Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа үр дүнтэй явагдсан уу гэсэн гурван чиглэлээр аудит хийсэн байна. 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг харвал Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдлуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлон, арга хэмжээний үр дүнг агаарын чанартай харьцуулсан үнэлгээ хийгээгүй байна. Тиймээс агаарын бохирдол дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй байна. 

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг юунд хэрэглэснээр нь ангилж үзвэл, Үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулахад 26 хувийг, Сайжруулсан зуух үйлдвэрлэх, үнс тээвэрлэх автомашин худалдан авахад 22 хувийг, Нам даралтын зууханд шинэчлэл хийхэд 14 хувийг, Сайжруулсан түлш болон агуулахын зардалд 10.9 хувийг гэх мэт бусад зардалд зарцуулсан байна" гэх мэдээллийг онцоллоо.

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнээс шагнал хүртлээ

Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи" Олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-21-ны өдрүүдэд болж байна. Энэ үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2500 гаруй шинэ технологи бүхий машин тавигдсан байна. Энэ үзэсгэлэн яармагт Монгол Улсыг төлөөлөн "Билиг" Дээд сургуулийн дэргэдэх "Билиг" эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон өөрсдийн зохион бүтээсэн "SALVO буюу АЯНГАН МОТОР" нэртэй цахилгаан мотор бүхий машинтайгаар анх удаа оролцлоо. Энэ машин нь өөрөө өөрийгөө цэнэглээд явдаг гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглүүлэхгүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй хамгийн энгийн гэдгээрээ шалгарч Бээжингийн ОУ-ын наадмын тэргүүн шагналын ЭЗЭН болж чадлаа.

Н.Цэрэнбат: Ах нар утааг арилгах дургуйдээ, утааны төсвийг хасч байна

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр өдөржингөө хуралдсан юм. Бүлэг  2019 оны төсвийн төслөөр хуралдаж эрх баригчид хэтэрхий том төсөв байна гэдэг шүүмжлэлийг хэлэлцэж  нэлээн удаан маргалджээ. Ямартаа ч олны шүүмжлэлийг дагуулаад байсан утаанд 154 тэрбум төгрөг төсөвлөхөөс 80 тэрбумыг хассан байна.

Яндангийн шүүлтүүрийн төсөв хасагдсанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бухимдаж гэнэ. Тэрбээр  "Ах нар утааг арилгах дургуйдээ, утааны төсвийг хасч байна" гэх утга агууллагатай үг хэлжээ. 

Олны анхаарал татсан хэргүүд ЮУ БОЛОВ

АТГ-аас энэ жил дуулиан шуугиан дагуулсан нэлээд хэдэн хэрэг шалгасан. Тодруулбал,  олны анхааралд байгаа ялангуяа төрийн алба хашиж байсан томчууд буюу цагаан захтнуудад холбогдох эрүү, авлига, албан тушаалын хэргийг нэлээд шалгасан. Гэтэл уг сүр дуулиантай экс Ерөнхий сайдууд, Сангийн сайд асанд холбогдох хавтаст хэргүүд сураг алдарлаа. Тодруулбал,

АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан  хоёр эрхмийг нэг дор баривчилж нийгэм даяар дуулиан тарьсан үйл явдал болсон.  Тодруулбал, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр 2018 оны зургаадугаар сарын 8-ныг хүртэл яг хоёр cap хоригдсон. Монгол Улсын түүхэнд төдийгүй АТГ үүсгэн байгуулагдсан цагаас хойш төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан хоёр Ерөнхий сайдаа нэг өдөр хорьж шалгаж байсан түүх байхгүй. Энэ утгаараа тус баривчилгаа манай улсын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон. АТГ-ын энэхүү баривчилгаа нь  2018 оны дуулиант баривчилгааны тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигдэх нь тодорхой. Үүнийгээ дагаад ч хоёр Ерөнхий сайд ял авах нь тодорхой боллоо гэсэн хүлээлт өндөр байлаа. Гэтэл экс ерөнхий сайдууд хоёр сар хоригдоод суллагдсаныхаа дараа өнөөдрийг хүртэл холбогдсон хэрэг нь нам чимээгүй болчихлоо.

Энэ хооронд хууч өвчин сэдэрч, эрүүл мэнд нь муудсанаас болж батлан даалтад гарсан С.Баяр бие хаагаа тэнхрүүлэхээр энэ зун баруун аймгуудаар аялж яваад ирсэн сураг дуулдсан . Харин Ч.Сайханбилэгийн хувьд мөн л суллагдсаныхаа дараа Архангайн Цэнхэрийн халуун рашаанд хэд хоног амарсан талаар эх сурвалж мэдээлэл өгч байсан юм.

АТГ-аас тухайн үед  Ерөнхий сайдуудыг шалгаж байгаа хэргийн тухай албан ёсоор мэдэгдэхдээ “ ...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн мэдээлж байсан юм. Гэтэл шалгаж байгаа, мөрдөж байгаа нэрээр уг хэрэг замхрах тийшээ хандав бололтой.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

"Эрдэнэс тавантолгой"-н талбайгаас олон жилийн турш нүүрс хулгайлж байсныг тогтоолоо

Засгийн газар хуралдаж, “Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой”-н газраас хил даван нүүрс олборлосон байж болзошгүй асуудлыг шалгаж, нягтлах ёстой гэж үзээд ажлын хэсэг байгуулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудлыг нягталж, шалгаад судалгааны дүнгээ танилцуулсан байна. Шалгалтаар “Тавантолгой” ХХК хил давж, “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлсан нь тогтоогдсон.  Олон жилийн өмнөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлдаг байжээ гэдгийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Учир нь “Тавантолгойн хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулаад үзэхээр экспортоор гаргасан нь их байна” гэсэн юм.  Өөрөөр хэблэл Тавантолгой компани олборлосноосоо их нүүрсийг хилээр гаргаж гадагш зарсан нь тогтоогдсон байна.  Энэ асуудлаар “Тавантолгой” компани, ажнай Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой.” гэдгийг тэрээр мөн хэлсэн юм. Тиймээс хуулийнханд хандаж, энэ асуудлыг шалгаад “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгож өг гэдэг шаардлагыг Засгийн газраас тавьж байгаа юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс хяналтгүйгээр хилээр гарсан талаар Л.Энхболд гишүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийж байсан. Гэтэл дөрвөн сарын дараа буюу 8 сард хийсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын хөнд­лөн­гийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон нь тогтоогдсон байдаг. 340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг гэсэн үг юм. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын даргад хууль бус газрын зөвшөөрлийг цуцлах шаардлага хүргүүллээ

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюунлаг сургуулийн  ойр орчмын  Хос өргөө хотхон, 13 дугаар хорооллын Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122 дугаар цэцэрлэг, орон сууны  67, 69, 70 дугаар байрнуудын дундах нийтийн эзэмшлийн замыг Оюунлаг сургууль өөрийн хөрөнгөөр цементлэн хатуу хучилттай болгож 195 сая төгрөгний тохижилт хийж  ашиглалтанд оруулсан боловч бүлэг этгээдүүд зохион байгуулалтайгаар эвдлэн сүйтгэж иргэдийн биед халдсан тухай  мэдээлэл гарсан.

Тэгвэл тус асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга С.Батболдод шаардлага хүргүүллээ. Тэрээр 2015 оны 03дугаар сарын  11-ний  Баянзүрх дүүргийн засаг даргын А/180 тоот шийдвэрээр “ ЭМ ЖИ ТИ ЭМ ЭП”  ХХК-д газар олгосон нь  тус хороодын иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн мөн тодорхой шалтгаануудыг харгалзан үзэж зохих журам хуулийн дагуу шийдвэрлэж газрын зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүсчээ.

“ТЭЦ-4” ТӨХК-ийн захирлаар Ү.Төмөрхуягийг томиллоо

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн үйл ажиллагааны доголдлын улмаас нийслэл болон таван аймаг эрчим хүчгүй болж, тэг зогсолт хийсэн. Ослын шалтгааныг тодорхойлж, зарим дулааны станцын удирдлагуудад хариуцлага тооцож, тэдний оронд мэргэжлийн гэх тодотголтой хүмүүсийг томиллоо. Тодруулбал, “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар “ДЦС-3” ТӨХК Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг томилжээ.  Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирал, ерөнхий диспетчерээр ажиллаж байсан Г.Балжиннямыг томилсон байна. 

Дашрамд дуулгахад “ДЦС-4” ТӨХК-д  өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр “Ил хувиарлах байгуулам-4” дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарсан. “ЦДҮС” ТӨХК-ийн 220 кВ-ын гуравдугаар систем шинийг чөлөөлж, хуурай залгуур солих ажлын байрыг бэлдэх захиалгын дагуу сэлгэн залгалтын программыг “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-ийн ерөнхий инженерүүдийн 2018 онд батласан “ДЦС-4” ТӨХК дахь “ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн 2210/110 кВ-ын “Ил Хуваарилах Байгууламж-4”-ийн сэлгэн залгалт хийх үлгэрчилсэн программын дагуу боловсруулж, “ДҮТ” ХХК-аар хянуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлнэ. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-ийн ерөнхий инженерүүдийн 2018 онд батласан “ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн 220/110 кВ-ын  “Ил Хуваарилах Байгууламж-4”-т шуурхай ажиллагаа явуулах хүмүүсийн харьцааны зааврын 4.1, 4.2 4.4, 4.8, 4.10 заалтуудыг зөрчисний улмаас осол гарч, станц бүрэн зогссон билээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл