8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Бямба гарагт төрийн байгууллага ажиллаж, “Ноён уул"-ын хэргийг анхан шатны шүүхэд буцаасан өдөр

2018-11-15 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

МЭХ: Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийг үнэн зөвөөр, шуурхай шийдвэрлэхийг шаардаж жагсаал хийнэ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 07-ны өдөр  Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгийг хийсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй. Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал өнгөрөгч зургадугаар сарын 29-нд болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.

Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан нь баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нарыг хохирогч архины цочмог хордлогын улмаас амь нас хохирсонд гэм буруутай эсэх талаар мөрдөн шалган ажиллагаа явуулаагүй, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хэргийг буцаасан билээ.

 Тэгвэл яг одоо “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 13 настай охиныг харгис хэрцгийгээр хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгтэнд зохих хариуцлага хүлээлгэхийн төлөө тууштай ажиллахаа мэдэгдэж, энэ үйлсэд олон нийтийг нэгдэхийг уриалж  мэдээлэл хийж байна.

Энэ талаар МЭХ-оос “Насанд хүрээгүй охиныг хүчиндэж, амийг нь хороосон гэмт хэрэгтнийг Эрүүгийн шинэ хуулиар 1-2 жил хорих ялаар шийтгэх боломж бүрдсэн байгаа. Хүүхдийг гутаан доромжлон, хүчиндэж хүний ёсноос гажуудаар амийг нь хөнөөсөн гэмт хэрэгтэнд энэ хариуцлага оновчгүй бөгөөд хохирсон хүмүүст доромжлол болно гэж Монголын эмэгтэйчүүд, эхчүүд бид үзэж байна. 13 настай охин биеэ үнэлэгч болтлоо ёс зүйгүй болчихно гэдэгт Монголын эхчүүд, эмэгтэйчүүд итгэхгүй байна. Гэтэл сүүлийн үед биеэ үнэлэгч байсан гэх хандлага гарч байгаад үнэхээр харамсаж байна. Иймд гэмт хэрэгтэн хуулийн хүрээнд оноовол зохих хамгийн чанга хатуу шийтгэлийг оногдуулахыг шаардаж байна” гэв.

Дашрамд дуулгахад: Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь шинэ бодлого, үйл ажиллагааны хүрээнд аливаа хүчирхийллээс ангид байж, хүн бүр хүчирхийллийг хүчгүйдүүлэхийн төлөө эерэг хандлагаар өөрийгөө, эргэн тойрноо өөрчлөх “ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЬЕ”  олон нийтийн хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ. Олон нийтийн энэхүү аянд “Монолын өмгөөлөгчдийн холбоо”, “Монголын багш нарын холбоо” нэгдэж, орон нутагт давалгаалан үргэлжилж байна.Мэдээллийн бичлэгийг энд дарж үзнэ үү.

У.Хүрэлсүх 27 жилийн хугацаанд хэний ч зориглоогүй “ТӨРИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ”-г хийж байна

Эрх баригч намын дотоод зөрчил төрийн зөрчил болж хувирлаа гэх ойлголт өнөөдөр нийгэмд хурдацтай тархаж байна. Гэтэл яг бодит байдал дээр эсрэгээрээ. У.Хүрэлсүх олон жил улстөрд ноёрхож, одоо ч ноёлож буй том мафийг задлах гэж зоригтой том дуугарсан. Анх Монгол Улсын Ерөнхий сайд болохдоо ч тэрээр шударга бус зүйлстэй тэмцэнэ амиа алдахаас ч айхгүй гэж хэлж гарч ирж байлаа. Гэтэл өнөөдөр түүнийг ЖДҮ-ээс зээл авсан гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй хамгаалж байна гэсэн зохион байгуулалттай мэдээллийг түүний эсрэг тарааж ард олны тархийг угаах ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа харагдана. У.Хүрэлсүх ЖДҮ-ээс зээл авсан, өгсөн гэх үндэслэлээр Б.Батзоригт хариуцлага тооцсон. Танхимын сайд нь ч өөрөө ажлаа өгч хариуцлагаа хүлээсэн. Дээрээс нь Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр өчигдөр няцаалт мэдээллийг албан ёсоор өгөхдөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлсан байр суурь огт илэрхийлж байгаагүй болно. Ерөнхий сайдаас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангуудын зарцуулалтыг шалгах үүргийг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгсөний дагуу зохих шалгалтыг явуулж байна. Түүнчлэн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбогдсон гишүүд хууль зөрчсөн эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн хэмээсэн байдаг.

Бодит байдлыг зориуд мушгин гуйвуулсан явдал нөгөө том мафийн бүлэглэлийн зохион байгуулалттай ажил.  У.Хүрэлсүх үнэндээ бол шударга ёс,ард түмэн хоёроос өөр найдах зүйлгүй цаг дор Засгийн газрыг тэргүүлж суугаа. Тэрээр эх орноо зарчихсан луйварчидтай, 60 тэрбумынхантай, ЖДҮ-ээс зээл авсан нөхдүүдтэй бүгдтэй нь хариуцлага тооцох ажлыг буюу “ТӨРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-г эхлүүлсэн. Монгол төрийн хувь заяа, ард түмний эрх ашигийг нэн тэргүүнд тавьж, эх орноо харийнхантай нийлж амин хувьдаа завших үзэгдлийг зоригтойгоор таслан зогсоохоор ажиллаж буй. У.Хүрэлсүх тэр албан тушаал гээчийг чинь харин ч нэг сайн дураараа сайхан гэгч нь хүлээлгээд өгчихдөг ганц "хүнд гар" гэж түүнийг цоллох нэг хэсэг бий.

Өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий Аудиторыг ЖДҮ-ээс зээл авсан гэдэг үндэслэлээр ажлаа өг гэсэн нь УИХ-ын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа л хийж буйн илрэл. Энэ нь огт М.Энхболд ЖДҮ-тэй хариуцлага тооцоод У.Хүрэлсүх хамгаалаад байгаа явдал огт биш юмаа.  УИХ-аас томилогддог эрх мэдэлтнүүдийг Ерөнхий сайд бус Их хурлын дарга нь хариуцлага тооцдог парламентын засаглалтай ард түмэн. Иймээс дор бүрнээ хариуцсан ажилдаа чин шударгаар хандаж ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж дор бүрнээ ажлаа үргэлжлүүлэх нь  одоо хамгийн чухал байна.

Б.Наранхүү: Би тэрбум төгрөг өгье, наад төслөө хий гэж дүүдээ хэлсэн

УИХ-ын гишүүн Б.Наранхүү болон Б.Саранчимэг нарын дүү Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс тодруулахад "  Лабораторид, биотехнологийн салбарт европт доктор хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь манай дүү. Австрид 12 жил эрдэм шинжилгээний ажил хийж байгаад ирсэн. Тэндээс нийт 26 мянга орчим ам. долларын зээл авсан. Би зээлийг нь төлчих нь өө. Би хэлсэн тэрбум төгрөг өгье, наад төслөө хий. Жилдээ Монгол Улсад 2-3 тэрбумын орлого оруулах юм байна. Тиймээс ах нь дэмжээд өгье, хүүгүй 2 тэрбум төгрөг  нэмээд өгье гээд хэлчихсэн байгаа. Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй шүү дээ. Өөрийнхөө дүү болохоор чи чадах юм уу гэсэн нүдээр хараад байдаг. Тиймээс анхааралтай хийх юмыг нь үзлээ. Хүн чинь дүүгээ болохоор байж байж бай гэчихээд л шал танихгүй бөхөд ч юм уу тусламж үзүүлээд л явдаг. Хажуудахаа анзаарч баймаар юм байна" гэлээ.

1.0 тэрбум төгрөгийн “Парк Таун” бонд гаргана

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан “Минжпроперти” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах нэг жилийн хугацаатай 1.0 тэрбум төгрөгийн “Парк Таун” бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Тус компани Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх Парк Таун-2 төслийнхөө урсгал санхүүжилтийг энэхүү бондоор босгох бөгөөд ирэх онд бондын хоёр дахь хэсгийг хоёр жилийн хугацаатай 2.0 тэрбум төгрөгийн дүнтэйгээр гаргахаар бэлтгэж буй аж. “Парк Таун” бондын арилжааг “Монголын үнэт цаасны бирж” ХК эрхлэн гүйцэтгэх аж.  Мөн өрийн хэрэгслийн жилийн хүүг арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүү болон Засгийн газрын үнэт цаасны хүүгээс өндрөөр санал болгохоор үнэт цаас гаргагчид төлөвлөжээ.

ЕТГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргажээ. 

Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн үүсгэн байгуулсан “Дөлгөөн оргил” ХХК нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас зарласан тендерийн болзол, шаардлага, барьцааг бүрэн хангаж малын тэжээл нийлүүлэх зориулалттай зээл авч, зээлийг зориулалтын дагуу зарцуулж, хуваарьт газруудад тэжээлийг нийлүүлсэн байна.

Мөн дээрх компанийн үйл ажиллагаа нь Ж.Цэсэнгээс хамааралгүй, тендер зохих журам, шаардлагын дагуу явагдсан хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий иргэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан хэргийн шуугиантай зэрэгцүүлэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох иргэдийн шаардлагыг бусдад хавтгайруулан нялзааж саармагжуулах үйлдлүүд хийгдэж байгаа тул ийм бусармаг үйлдэлд боломж олгохгүйн үүднээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнгийн дээрх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. 

СБД-ийн МАН-ын хорооны даргаар Д.Цогтбаатар дахин сонгогдлоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хорооны 7 дугаар хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. 166 төлөөлөгч оролцсон уг хурлаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатарын “Сүхбаатар дүүргийн МАН-ын Хорооны ажлын тайлан” илтгэл, Хяналтын хорооны мэдээлэл, намын хорооны дотоод зохион байгуулалт гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэв. Намын хороо болон Хяналтын хороогоо шинэчлэн байгуулсан Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо үргэлжлүүлэн Анхдугаар бага хурлаа хуралдуулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг дахин сонгосон байна.

Бараа, үйлчилгээний үнэ 6.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлснээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэоны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас нэг хувиар, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөн дүнтэй байна. Ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.0 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 12.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.Үүн дотроо согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.9 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 9.0 хувь, цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 14.7 хувь тус тус өсчээ.

Тодруулга: Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нийт өрхөөр тооцсон үнийн өөрчлөлтийг харуулдаг байна.

Мөнгөний нийлүүлэлт 3.8 их наяд төгрөгөөр өсчээ

Mөнгөний нийлүүлэлт энэ оны 10 дугаар сарын эцэст 18.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 391.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 10 дугаар сарын эцэст 887.8 тэрбумтөгрөг болж, өмнөх сарынхаас 41.3 тэрбум төгрөгөөр буюу 4.4 хуваир буурч, өмнөх оны мөн үеийнхээс 55.7 тэрбум төгрөгөөр буюу 6.7 хувиар өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 10 дугаар сарын эцэст 16.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 105.8 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр өссөн байна.

Хөрөнгийн орлого буурчээ

Татварын нийт орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өсөхөд тусламжийн орлого 18.5 тэрбум төгрөг, тусгай зориулалтын орлого 0.1 тэрбум төгрөг, хөрөнгийн орлого 0.2 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч НӨАТ444.2 тэрбум төгрөг, орлогын албан татвар 427.3 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 245.3 тэрбум төгрөг, Онцгой албан татвар 210.9 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 147.9 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийнорлого 145.0 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.3 хувийг татварын орлого, 9.7 хувийг татварын бус орлого, 6.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Бямба гарагт сургууль, цэцэрлэгүүд орно

Энэ бямба гараг буюу нөгөөдөр төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “Монгол бахархлын өдөр” тохиосон.Энэ өдөр бүх нийтээр амардаг бөгөөд Засгийн газрын хуралдаанаар баасан гарагт нь мөн амрах шийдвэр гаргасан билээ. Ингэснээр арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн ажлыг дараа долоо хоногийн бямба гарагт шилжүүлсэн юм.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гарагийн ажил болон хичээлийг энэ бямба гарагт нөхөх аж. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургууль хичээллэх юм байна. 

Ц.Даваасүрэн: 13 настай охин биеэ үнэлэгч байна гэж юу байсан юм бэ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Дөнгөж сая Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.Тодруулбал,  С.Соёмбо-Эрдэнэ нь 12 жил шүүгчээр ажиллажээ. Тэрбээр шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70.6 оноо авчээ. Иймд Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох саналыг УИХ-д хүргүүлж хэлэлцэж эхэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Шүүгчийн хувьд энэ салбарт ажиллаж байсан хүн сайн ажиллах байх гэж найдаж байна. Энэ салбарыг харьцангуй зөв тогтолцоотой болгоход анхаараарай. Би таньд зүгээр иргэний үгийг дайх гэсэн юмаа. Би саяхан 100 айлын тэнд ажлаар явж байхад барилгын материал зарж байсан хоёр хүн ирж уулзлаа. 13 настай охиныг буудалд алчихсан гэж ойлгосон. 13 настай охиыг биеэ үнэлэгч байсан гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгох гэж байна гэж надад хэлсэн. 13 настай охин биеэ үнэлэгч байна гэж юу байсан юм бэ. Энэ шүүх хуулийн байгууллага чинь мөнгөтэй хүнд үйлчилж мөнгөгүй хүнд үйлчилдэггүй болсон байна. Энэ хэрэг хяналтын шатны шүүхэд явж байна та хэлж өгөөч гэж надад хэлсэн юм. Та нар энэ асуудалд анхаараарай. Би эцэг хүний хувьд бас бодлоо. Хүний амь гэдэг чинь “хүний л амь, хуулиар хамгаалагдах ёстой шүү” гэдгийг хэлж өгөөрэй гэсэн. Томоохон хэргүүд чимээгүй алга болчихож байна гэсэн ойлголт ард түмэнд байна. Энэ бол том завхрал шүү. Улс орноо луйвардсан асуудлыг шийдэж чадахгүй байна” хэмээн хэллээ.

Нэмэлт мэдээлэл дуулгахад “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийг үнэн зөвөөр, шуурхай шийдвэрлэхийг шаардаж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жагсаал зохион байгуулахаар болсон байна.Тус жагсаал цуглааны талаар  МЭХ-оос Үндэсний мэдээллийн төвд 13.00 цагаас мэдээлэл хийх юм байна. 

“Ноён уул"-ын хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “Сентеррагоулд монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацуурт гэдэг газарт олгогдсон 372А, 431А, 5082А, 10810А дугаар бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэл бүхий байна гэж үзэж, хэвээр үлдээж шийдвэрлэв.

М.Хишигмаа ХҮРЭЛ МЕДАЛийн төлөө хүчээ үзнэ

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Хөлөнбуйрын ОУТ-ий алт, хүрэл, УАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер М.Хишигмаа Румыний Анна Симона Буйбар, Унгарын Николетта Смолкаг тус бүр цэвэр ялсан. Тэгвэл хагас шигшээд жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Японы Мива Морикаватай дөнгөж сая барилдав. Манай бөх өрсөлдөгчдөө 0:2-оор ялагдснаар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
55 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Болор-Эрдэнэ, 59 кг-д “Аваргууд” академийн тамирчин Н.Наранцацрал 76 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Загардулам нарын өрсөлдөгчид шигшээд шалгараагүй тул тэмцээнээ өндөрлүүллээ.

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг Прокурорт шилжүүлжээ

ЗТХЯ Б.Махбалд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дуусан Прокурорт шилжүүлсэн байна. Өнгөрсөн наймдугаар сард ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайлбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм. Харин сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сар гаруй болжээ.

Түүнийг цагдан хорих хугацаа есдүгээр сарын 10-нд дуусч прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан билээ.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар зээл авсанаа хүлээн зөвшөөрч ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтанууд нэн хөнгөлттэй зээл авсан нь илэрч нэлээд дуулиан шуугиан тарьсан. УИХ, Засгийн газрын гишүүдийн мэдээллээс гадна Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, Ерөнхий прокурорын орлогч, Монгол Улсын ерөнхий аудитор  Д.Хүрэлбаатар  нэр хүртэл ил болсон. МУ-ын Ерөнхий сайд хэд хоногийн өмнө МАН-ын УЗ-ын хурал дээр зээл авсан гишүүд болон төрийн өндөр албан тушаалтанууд зээлээ эргэн төлж ард түмнээсээ уучлалт гуй. Уучлалт гуйхгүй бол 2020 оны сонгуулиар нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдсэн. Үүний дараахан зарим гишүүд зээлээ төлж, ард түмнээсээ уучлалт гуйгаад байгаа. Мөн нэн хөнгөлөлтэй зээл авсан нь илрээд байгаа  Монгол Улсын ерөнхий аудитор  Д.Хүрэлбаатар ойрын үед ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн байна. Тодруулбал, Монгол Улсын ерөнхий аудитор  Д.Хүрэлбаатар хамгийн сүүлд бичсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн 100 хувь эзэмшдэг "Цэн стайл" компанидаа хөнгөлөлттэй зээл авсан гэсэн мэдээлэл ил болсон. Өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардсан байна. 

УИХ-ын дарга М.Энхболд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг  аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг та мэдэж байгаа. Зээл авсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, зээл авч чадаагүй жирийн иргэд бичиг захидал хүртэл олноор ирүүлж байна.

Миний хувьд үүнийг шударга шаардлага гэж үзэж байгаа. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрыг толгойлж буй Таны нэр холбогдсон. Тиймээс Та хариуцлага хүлээх ёстой. Би Таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна гэсэн юм.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамаарал бүхий компани, авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад, иргэд олон түмний болон Таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно гэв.        

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment