28o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын бөхчүүд 23 ХҮРТЭЛХ НАСНЫ ДАШТ-ийг дөрвөн медальтай өндөрлүүлэв

2018-11-20 11:18:06

ДБНХ (UWW)-ны бөхийн төрлүүдийн 2018 оны 23 хүртэлх насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестийн 5300 хүний суудалтай “Polyvalent Hall” спортын ордонд боллоо. Хоёр дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн төрөлд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон бөгөөд эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Аваргууд” академийн тамирчин, спортын мастер Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 62 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ. Түүнчлэн манай гурван бүсгүй хүрэл медалийн (Б.Болортуяа, М.Хишигмаа, П.Номин-Эрдэнэ) оосроос атгаад алдсан юм. 
Медаль хүртсэн бөхчүүд маань хувийн хэд хэдэн амжилтыг өөрийн нэр дээр бичүүлсэн. Г.Ганхуяг насны ангилалд эрчүүдээс анхны дэлхийн медалийг эх орондоо авчирч, С.Цэрэнчимэд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчид гээд дөрвөн насны ангиллын ДАШТ-д медаль хүртсэн анхны тамирчин болж, Э.Гантуяа хоёр жил дараалан хүрэл медаль хүртэж, манайхны анхдагч тамирчин болов.
Бухарестийн дэвжээнд эрэгтэйчүүдийн багийн дүнг хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтай 181 оноогоор тасархай өнгөлж, Гүрж (3 алт+1 хүрэл) 108 оноогоор удаалж, Иран (1 алт+4 хүрэл) 105 оноогоор гутгаар байрт оров. Эмэгтэйчүүдийн багийн дүнг таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн Японы бөхчүүд 188 оноогоор тасархай тэргүүлсэн. ОХУ (2 мөнгө+3 хүрэл) 113, БНХАУ (1 алт+2 мөнгө+1 хүрэл) 106 оноогоор удааллаа. 
Монголын эрэгтэй бөхчүүд 39 орноос 40 оноотой 11, бүсгүйчүүд 29 орноос 75 оноогоор зургадугаар байрт орсон юм. 
Ирэх жилийн ДАШТ 2019 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Манай бөхчүүд медалийн хур бууж, олон медаль хүртэхийн ерөөл тавья.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг (19 бөх): 
1. Тоширо Хасегава (Япон) 2. Рави Кумар (Энэтхэг) 3. Жу Ванхао (БНХАУ), Тарас Маркович (Украин) ...9. Занданбудын Занабазар (Монгол)
61 кг (21): 1. Магомедрасул Идрисов (ОХУ) 2. Син Кристиан Фауз (АНУ) 3. Николай Оклопков (Румын), Лиу Минху (БНХАУ) ...15. Цэрмаагийн Чинзориг (Монгол)
65 кг (25): 1. Рей Хигүчи (Япон) 2. Али Рахимзаде (Азербайжан) 3. Ислам Дудаев (ОХУ), Максим Сакултан (Молдав) ...9. Төмөр-Очирын Тулга (Монгол)
70 кг (28): 1. Таймураз Салказанов (Словак) 2. Давид Баев (ОХУ) 3. Эмес Услу (Турк), Жинтаро Мотояма (Япон) ...8. Энхтуяагийн Тэмүүлэн (Монгол)
74 кг (23): 1. Автандил Кенчазе (Гүрж) 2. Максим Васильогло (Румын) 3. Тимур Бижоев (), Навид Морад Занганех (Иран) ...12. Занданбудын Сумъяабазар (Монгол)
79 кг (22): 1. Ника Кенчазе (Гүрж) 2. Гажи Набиев (ОХУ) 3. Довлетмурат Оразгылыжов (Туркменистан), Омарасхам Нажмутдинов (Румын) ...8. Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ (Монгол)
86 кг (21): 1. Камран Гасемпур (Иран) 2. Артур Найфонов (ОХУ) 3. Ганбаатарын Ганхуяг (Монгол), Мурад Сулейманов (Азербайжан)
92 кг (18): 1. Шамиль Зубаиров (Азербайжан) Асланбек Сотиев (ОХУ) 3. Богдан Хрицай (Украин), Хоссейн Шахбазигазвар (Иран) ...9. Чинбатын Алтангэрэл (Монгол)
97 кг (19): 1. Гиви Матчарашвили (Гүрж) 2. Колин Мур (АНУ) 3. Игорь Овсянников (ОХУ), Али Шабанибенгар (Иран) ...14. Болдбаатарын Одсүрэн (Монгол)
125 кг (21): 1. Саид Гамидов (ОХУ) 2. Юссиф Ибригим Хемида (АНУ) 3. Амин Тахери (Иран), Роланди Андриадзе (Гүрж) ...10. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол)
Эмэгтэйчүүдийн 50 кг (17): 1. Михо Игараши (Япон) 2. Надежда Соколова (ОХУ) 3. Цогт-Очирын Намуунцэцэг (Монгол), Стефания Присипуту (Румын)
53 кг (17): 1. Момока Кадоя (Япон) 2. Милана Дадашева (ОХУ) 3. Ана Андреа Беатрис (Румын), Кристина Береза (Украин) ...5. Бат-Очирын Болортуяа (Монгол)
55 кг (15): 1. Саки Игараши (Япон) 2. Жунлин Оуян (БНХАУ) 3. Марина Седнева (Казахстан), Элена Хейке Брюггер (Герман) ...12. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Монгол)
57 кг (15): 1. Ребекка Таун (Канад) 2. Акиэ Ханаи (Япон) 3. Сүхээгийн Цэрэнчимэд (Монгол), Александра Андреева (ОХУ) 
59 кг (15): 1. Грейс Буллен (Норвеги) 2. Рон Ниннинг (БНХАУ) 3. Олена Кремзер (Украин), Юзүрү Күмано (Япон) ...14. Нармандахын Наранцацрал (Монгол)
62 кг (19): 1. Юкако Кавай (Япон) 2. Илона Прокопевнюк (Украин) 3. Энхбатын Гантуяа (Монгол),Луиза Хельга Неймеш (Герман)
65 кг (18): 1. Аяна Гемпеи (Япон) 2.Элис Манолова (Азербайжан) 3. Мария Кузнецова (ОХУ), Ирина Коляденко (Украин) ...11. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)
68 кг (15): 1. Юдари Санчез Родригез (Куба) 2. Мива Морикава (Япон) 3. Ханум Велиева (ОХУ), Александрия Юнис Глауде (АНУ) ...5. Мөнхбатын Хишигмаа (Монгол)
72 кг (16): 1. Бусе Тосун (Турк) 2. Александра Николета Анхель (Румын), 3. Жамиля Бакбергенова (Казахстан), Ван Шиакиан (БНХАУ) ...5. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Монгол)
76 кг (15): 1. Палиха Палиха (БНХАУ) 2. Айсегуль Озбеге (Турк) 3. Гульмарал Еркебаева (Казахстан), Коринахе Жакия Буллок (Канад) ...12. Найгалсүрэнгийн Загардулам (Монгол)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment