“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол 2016.01.12-нд батлагдсан юм. Тогтоолоор түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Энэ талаар өнөөдөр БХБ-ын Сайд З.Баянсэлэнгэ мэдээллээ. Түрээсийн орон сууцны метр квадратын үнэ хөдөө орон нутагт 4,000, нийслэлд 5,500 төгрөг байхаар тогтсон байна.
Иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт
- Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн
- Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
- Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
- Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй.
Бүрдүүлэх бичиг баримт
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
- Өргөдөл
- Орлого тодорхойлох баримт бичиг
- Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
Түрээсийн сууцанд тавигдах шаардлага
- Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн;
- Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м2 хүртэлх талбайтай байна.