8o
Улаанбаатар хот
mobile menu

Найман тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2019-01-25 13:00:00

Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод түүний нэрэмжит спортын ордонд эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж манай бөхчүүдээс нэг тамирчин алт, найман тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. 
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр, хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр тус тус ялснаар шигшээд шалгарав. Мандахаа гавьяат маргааш алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга эзэн орны Магомедрасул Газимагомедовтой хүч үзнэ. Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Г.Отгонбаатар, 70 кг-д Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Э.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь, 55 кг-д “Женко” клубийн тамирчин спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдах юм. Тэмцээн хоёр өдрийн форматаар болж байгаа бөгөөд медалийн төлөөх барилдаан маргааш болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл