8o
Улаанбаатар хот
mobile menu

Ю.Үнэнбүрэн: Эрлийз адуунд төр засгийн эрх бүхий хүмүүс хууль бус бичиг хийж өгдөг

2016-03-02 08:52:00

Гурван хоногийн өмнө Төвийн бүсийн хурдан морьдын “Дүнжингарав-2016” уралдаан Төв аймгийн Хүй долоон худаг, “Цагаан хөтөл”-д болж өнгөрсөн. Энэ жилийн уралдаанд 900 гаруй хурдан морь уралдаж, мөн тооны унаач хүүхэд оролцсон байна. Уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж  хүнд болон хүндэвтэр гэмтэл авч, эмнэлгийн тусламж авчээ. Хурдан морины уралдааны үеэр мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн дөрөв нь ГССҮТ-д хүргэгдэн ирж эмнэлгийн тусламж  авч, хоёрынх нь хөлийн шилбэний яс хугарсан байдалтай ирж, эмнэлгийн тусламж авсан байна. Тун удахгүй буюу гурав хоногийн дараа  Хангайн бүсийн хурд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болох гэж байна.

Засгийн газраас тавдугаар сарын 01-ны өдрийг хүртэл Хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргаж байсан ч төд удалгүй Засгийн Газар шийдвэрээ өөрчилж зохион байгуулах зөвшөөрлийг өгөөд байгаа. Тус уралдааны үеэр хамгийн их яригдаж байгаа асуудал нь унаач хүүхэд. Хүүхэд унаж бэртэх цаашлаад амь нас нь хохирохгүй гэсэн баталгаа байхгүй байна.

Энэ тал дээр хэрхэн анхаарч уралдаанаа зохион байгуулах талаар  “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэнгээс тодрууллаа.

-Тун удахгүй хангайн бүсийн хурд зохион байгуулагдах гэж байна. Бэлтгэл ажлаа хэр хангасан бэ?

-МУ-ын Засгийн Газрын тогтоолоор гуравдугаар сарын 05,06  Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо Хангайн бүсийн хурд хурдан морины уралдаан зохион байгуулагдана. Сая “Дүнжингарав-2016” уралдаан амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Араас нь нэлээд шүүмжлэл дагуулсан. Манай холбоо хурдан морины уралдаан зохион байгуулахад бусад холбооноос арай өөр арга барилтай ажилладаг. Улсын баяр, Дүнжингарав зэрэг уралдаанууд хурдан морьдыг хар хурдаар нь хөөж очоод эргүүлчихдэг манай холбооныхон арай өөр зохион байгуулна. Манайх морь эргэдэг зурхайгаас 1-2 км наана бүх хүүхдүүддээ буулгаад алхуулдаг, замбараатай зохион байгуулаад сурчихсан.

-Наадам болгон дээр яригддаг зүйл эрлийз, монголоор ялгах тухай яригдаж, маргаан ч дэгддэг. Та наадамд яаж уралдах вэ?

-Уралдаан зохион байгуулахад хамгийн их яригдаж байгаа асуудал нь эрлийз морьд. Өнөөдөр манайд уралдаж байгаа морьдын хэдэн хувь нь эрлийз юм гэхээр цөөхөн байгаа. Ихэнхи хүмүүс монгол адуугаар уралдаж байна. Засгийн Газар Монголын морин спорт уяачдын холбооноос дээд гурван нас уралдуулахын сацуу эрлийз морь уралдуулна гэсэн байхад өөрсдөө эрлийз морьдтой уралдах ёстой адуугаа монгол адуутай уралдуулж маргаан дэгдээдэг. Эрлийз адуу уралддаг асуудал зөвхөн наадам дээр яригддаг асуудал биш болж. Үндэсний соёлд хүртэл яригдах хэмжээтэй боллоо. Эрлийз морьдтой хэдэн том хүн наадам болгон дээр ирээд байвал бусад нь хэзээ ч морио уралдуулахгүй. Дүнжингарав болсоноос хойш аймгуудаас санал ирж байна. Танай аймаг эрлийз морио ялгах юм уу гэж асууж байна. Хаа холоос морио уяад л ирдэг. Гэтэл тэр наадамд нь эрлийз морь түрүүлбэл ямар ч утгагүй. Манай холбооноос эрлийз монголоо ялгаж уралдана. Эрлийз морио монгол адуутай уралдуулах гэсэн хүмүүс янз бүрийн арга заль мэх хэрэглэдэг. Тамгаа будгаар буддаг, нөгөөдөх эрлийз адуу нь уралдаад эрхээр хөлстэй нь хамт будаг нь урсаж байдаг.

Мөн үүнд бас төр засаг оролцоод эхэлсэн. Ямар адууны төл гэдгийг цусаар баталж чадахгүй байж, төр засгийн эрх бүхий хүмүүс нь бичиг хийж өгдөг. Энэ адуу бол тийм удамтай гээд бичиг хийж өгдөг. Ийм асуудлыг Хангайн бүсийн хурд наадамд бага гаргана

-Тавиач хүүхдийн асуудал бас  их яригддаг. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Сая Дүнжгаравт тавиач хүүхдийг 100 мянган төгрөгийн хураамжтай явуулсан. Тавиач хүүхэд угаасаа наадамд  тохирохгүй. Хэрвээ шударга уралдая гэвэл бүгд л тавиач хүүхэдтэй байх ёстой. Том уяачдын морьд бүгд тавиач хүүхэдтэй хамт явуулдаг. Манай наадамд тавиач хүүхэд явахгүй.


Тавиач хүүхэд гэдэг нь нэг насаараа хурдан морь унасан одоо хүндээд гарсан хүүхдийг хэлж байгаа юм. Тэр хүүхдүүд яаж үймүүлэх вэ, хаана нь яаж зогсох вэ гэдэгээ мэддэг хүүхдүүд. Нэг тавиач хүүхэд нэг морийг хөтөлсөн давхиж байхад нэг нь араас нь шавхардаж байх жишээтэй. Тэгээд толгой хэсэгт гаргаж өгөөд тавиач хүүхэд үүргээ биелүүлдэг.


-Унаач хүүхдийн асуудалд хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ. Хүүхэд унаж бэртэхгүй гэсэн баталгаа байхгүй байна?

-Тус уралдаанд аюулгүй байдлыг анхаарч ажиллана. Хүүхдийн хамгааллын хувцсыг иж бүрдэлээр нь хэрэглүүлнэ. Наадамд хүүхдийн төлөө байгууллагын ажилтанууд цагдаагийн байгууллага, эмнэлгийн ажилтанууд бүх хүүхдийг шалгана. Бүх юм бүрдсэний дараагаар уралдаанд оролцуулна. Хүүхэд унах асуудал маш хэцүү. Аль болох цөөхөн машин явуулаад, гарааны төхөөрөмж рүү зөөлхөн тууж очоод гаргавал хүүхэд унах нь гайгүй байна. Хамгийн гол нь уралдаан зохион байгуулахад хамаг учир нь байна. Бусад наадам шиг 100 морь уралдахад 100 машин уралдаж болохгүй. Манай наадмыг 10 машин л дагана. Тэр өдрүүдэд цаг агаар тогтуун байна гэсэн.  

-Хаврын бүсийн уралдаан зохион байгуулах асуудал нэлээд шүүмжлэл дагуулж байна. Энэ асуудалд танай холбоо ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай холбоо цаашдаа энэ уралдааныг зохион байгуулахгүй байх тухай ярьж байгаа. Ийм шийдвэр ч гаргана. Төр засгаас нэлээд шаардлага тавьж байна. Хүүхдийн тухай асуудал байна. Тэгэхээр цаашид зохион байгуулахгүй гэж ойлгож болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
айхтар л юм болдог юм байна, морины уралдаан д хүртэл төрийнхэн уралддаг аяяаа
2016/03/02 103.17.108.42
Иргэн
ТӨР ДАНДАА ЭРЛИЗҮҮД БАЙГАА ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ...
2016/03/02 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment