Төөрсөөр төрөлдөө гэж...
Улс төрийн амьдрал хүчтэй өрнөх тусам, цааш харах өнцөг хийгээд үйл явдалын таамаглал нэн сонирхол татна. Хэн нь хэнтэйгээ нэгдэж, хэн нь эвсэж, хэн нь хор найруулагчийн гол дүрд тоглох бол. Олон салаа замын хаагуур нь явж, хэнтэй нь дайсагналцах бол гээд л эйкшн кино үргэлжилсээр. Эхэнд төөрсөөр төрөлдөө хэмээн зүгээр ч нэг хэлсэнгүй. Таван жилийн өмнө салж, төөрөлдсөн МАН МАХН хэмээх “ах дүүс” өнөөдөр төрөл садныхаа холбоог эргэн сэргээхийг оролдож байна. Зарим нь тэднийг “нэг хөнжилд” оруулахыг хүсч байгаа бол нөгөө хэсэг нь эв найрамдлыг илүүд үзэх...
Эвийг эрхэмлэсэн баяр, инээмсэглэл тодруулсан царайнаас харахад МАН, МАХН аль хэдийнэ хамтарчээ. Тэд гар гараасаа барилцаж, гарах гарцаа хамтдаа бичилцээд эхэлчихэж. Тиймдээ ч таван жилийн дараа албан ёсны арга хэмжээнд хамтдаа оролцсон МАН, МАХН-ын нэгдэл өчигдрөөс эхлэлээ гэх яриа ч дэлгэрээд байна. Учир нь баярын хурал дээр Н.Энхбаяр “МАН, МАХН УИХ-ын сонгуульд хамтдаа орох уу, дан дангаараа оролцох уу гэдэг нь олны анхаарлын төвд байна. Та биднийг хамтраасай гэж хүсч буй нэг хэсэг байхад тус тусдаа байгаасай гэсэн өөр нэг хэсэг байгааг бүгдээрээ ойлгож байгаа. Одоогийн байдлаар хоёр нам УИХ-ын сонгуулиас өмнө нийлж, нэгдэх тухай ойлголт хууль эрх зүйн хүрээнд хаагдсаныг ойлгож байгаа байх. Харин УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орох боломж та бидэнд нээлттэй байна. Та бидний дунд нурааж дийлэхгүй хана хэрэм байхгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Манай хоёр намын гишүүд, дэмжигчид ч ингэж ойлгож байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна” гэжээ.
МАН, МАХН-ын хувьд хамтарч сонгуульд оролцох нь аль алинд нь ашигтай. Учир нь энэ хоёр нам угшил адил тул сонгогч нь нэг. Хэрвээ салж орлоо гэхэд аль нэг нь саналаа өгөх шаардлага гарч, санал хуваагдах нигууртай. Тиймдээ ч МАН өнгөрсөн сонгуульд МАХН-д саналаа булаалгаж, УИХ-д бага суудал авсан.
Харин МАХН-ын тухайд байр байдал дөрвөн жилийн өмнөхөөс эсрэгээрээ эргэчихсэн. МАХН 2012 оны сонгуульд амжилттай оролцож, 10 гаруй хувийн санал авсны гол хүчин зүйл нь Н.Энхбаяр. Н.Энхбаярын нийгэмд үзүүлэх нөлөөлөл хүчтэй байсан учраас сонгуульд амжилттай оролцсон билээ. Харин одоо түүний нийгэмд үзүүлэх нөлөөлөл, байр суурь 2012 оныхтой харьцуулахааргүй болсон.
Төрийн албан тушаал хаших эрх байтугай сонгуульд өрсөлдөх ч эрхгүй гэдгийг АТГ-аас орон даяар зарлачихсан. Нөгөөтэйгүүр МАХН дотроо тодорхой хэмжээнд асуудалтай байгаа. Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө их хэмжээний мөнгө хадгалж байгаад баривчлагдсан. Үүнээс улбаалж санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нь саатуулагдсан зэрэг нь МАХН-ын нэр хүндэд муугаар нөлөөлсөөр байгаа юм.
Гэхдээ тэдний нэгдэл АН-д хүчтэй цохилт өгнө гэдэг нь зарим итгэдэг. АН-ын хувьд хот хөдөөд рейтинг нь муу байгаа. Гэхдээ тэд өнгөрсөн хоёрдугаар сард ИЗНН-ын өөртөө нэгтгэсэн. Дараа нь одоогийн Шударга ёс эвслийн нэг хэсгийг бүрдүүлэгч МҮАН-тай тохироонд хүрч ирэх сонгуульд нэг далбаан дор оролцохоор болсон нь бас нэгэн хамгаалалт гэж хэлж болохоор.