Нийслэлчүүдийн нэрлэж заншсан “Ард” кино театрын буудал дээр өглөө бүр эртлэн ирчихсэн наймаа зарж суух энэ хүнийг Жаргал гэдэг. Уншигч танд түүний амьдралын эгэл бор түүхээс илүү амбицаа нэмэгдүүлэх гэсэн аль нэг улс төрч, оддын гаргасан этгээд үйлдлийн талаарх сенсаци дагуулсан мэдээлэл сонирхолтой санагдаж магад. Гэвч энэ нь эгэл жирийн хүмүүсийн амьдралын ард арвин туршлага, агуу түүх нуугдаж байдгийг бид тэр бүр анзаардаггүйтэй ч холбоотой байж мэдэх юм. Сэтгүүлч миний бие өглөөнөөс үдэш, өвлөөс зун хүртэл цаг наргүй сууж ард түмэндээ жижиглэнгийн бараагаа зарах 40 дөнгөж шүргэж яваа эгэл жирийн энэ хүний амьдралын ээдрээт түүхийг үзгээрээ бичиж үгээрээ холбож уншигч танд зуучлахыг зорилоо. Бусдын адил алхаад гүйх хөлгүй ч амьдралд дэндүү хайртай гэдэг нь ярианых нь өнгөнөөс л бэлхэнээ мэдрэгдэх энэ хүн өөрийн амьдралын туулсан зам, зовлон бэрхшээл баяр гунигаа бидэнтэй хуваалцахаас татгалзангүй ээ.
- Сайн байна уу ? Юуны өмнө та уншигчдад өөрийгөө танилцуулаач Хэзээнээс эхэлж энд жижиглэнгийн худалдаа хийж эхлэв ?
- Намайг Жаргал гэдэг. Одоо 41 настай. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Анх 2006 оноос Ардын буудал дээр цагаан утас ажиллуулж эхэлсэн. Ингээд 2011 оноос эхэлж жижиглэнгийн худалдаа эрхлэх болсон юм. Энд жилийн дөрвөн улирал хөөгдөн барин худалдаагаа эрхэлдэг. Би энд гурван тэргэнцэртэй хүнтэй ээлжилж суудаг.
- Гар дээрээс наймаа эрхлэхийг хууль бус гэж үздэг байх аа. Танд дарамт шахалт их ирдэг үү?
- Цагдаа нарт хөөгдөж олон удаа торгуулж байсан. Өглөө ирээд хөөгдөөд орлогогүй буцах үе ч байдаг. Амьдрахын төлөө худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, хөдөлмөрөөрөө зүтгэж явна. Цагдаа нарыг хөөгөөд байхаар нь “Би яаж амьдрах юм бэ” гэхээр чи хэний төлөө амьдраад байгаа юм бэ гэдэг. Би өөрийнхөө төлөө л үр хүүхдийнхээ төлөө л энд ажиллаж байна. Би тэгээд эндээс хөөгдөөд юу хийх юм. Гуйлга гуйх уу, худлаа ярих уу, хулгай хийх үү. Ах нь энд худалдаа хийлээ гээд гурван ч удаа шүүхээр орж байсан. Шүүх гурван давхарт. Намайг өргөөд гаргах хүн байхгүй болохоор шатаар нь мөлхөөд л өгсдөг байлаа.
- Бид мөнгө, мөнгө биш болсон хэцүү нийгэмд амьдарч байна аа даа?
- Өнөөдрийн 200 мянган төгрөг яг үнэнийг хэлэхэд хүүхдийн мантожны л мөнгө юм. Ах нь амьдрах гэж их үзсэн. Хийгээгүй ажил гэж байхгүй. Хөлтэй байх үедээ гялалзаж л явлаа.
- Уучлаарай. Танд юу тохиолдсон юм бэ?
- Хүн гэдэг чинь бас л тэнэг амьтан байдаг юм байна лээ. Би 8 дугаар ангиа төгсөөд Хүнсний баазад ачигчаар 5 сар ажиллаад дараа нь орон сууцны 12-р конторт засварчины мэргэжил эзэмшсэн. Улсад нийт 15 жил ажилласан юм байна. Ажилдаа амжилт гаргаж “Дэвшил” Сангийн Аж ахуйн аварга олон жил болсон. Ёстой л “бурхан” нь гэж явлаа. Тэгж яваад 2003 онд жоохон архи уучихсан үедээ галт тэрэг ирж явахыг анзааралгүй урдуур нь гүйчихсэн. Галт тэрэгний замд хальтраад нэг хөлөө дайруулчихсан. Гэвч хөлөө авах гэж байгаад нөгөө хөлөө бас дайруулчихсан. Ийм л юм болсон доо.
- Хоёр хөлөө тайруулах гэж байсан үе их л хүнд хэцүү байсан байх даа?
- Аваарт орсны дараа хуучин эхнэр маань хөлгүй боллоо гээд хоёр сартай хүү бид хоёрыг хаяад явчихсан. Гэхдээ түүнд буруу өгдөггүй юм. Осолд орсоныхоо дараа их гутарч нэг хэсэг архи уусаан. Нуух юун. Хэцүү үед гэрийнхэн маань л дэргэд ээлжээр сахидаг байлаа. Хоёр хөл минь арвын бедон шиг болчихсон. Хүн чинь амьдаараа үмхийрдэг юм байна лээ шдээ. Унтаж ч чаддаггүй тарчилдаг байлаа.
- Хоёр хөлөө тайруулахаас өөр аргагүй гэсэн эмчийн шийдвэр гарахад танд юу бодогдож байсан бэ?
- Ёстой битгий эдгээсэй гэж бодогддог юм билээ. Ингээд үхчих юмсан л гэж...Эмч нараас хүртэл гуйсан. Намайг ингэж байхаар алаад өгөөч гэж. Би эмнэлгийн орон дээр уйлж байлаа. Одоо бол би шал өөр амьдралтай болсоон. Надад ахин амьдрах итгэл хайрласан ханьтайгаа учирсан. Үр хүүхэдтэй болсон. Одоо надад үхэх эрх байхгүй.
- Хэцүү үед орхиод явсан эхнэр тань одоо хүү дээрээ ирдэг үү?
- Үгүй. Хүний төрсөн эх нь юм байна хүүтэйгээ ирж уулзаасай гэж боддог. Одоо хүү маань том эр болсоон 7-р анги. Ээж нь өөр хүнтэй суусан л гэж сураг дуулдсан. Тэр хүнд бас буруу өгч болохгүй л дээ. Хэдийгээр хаяад явсан ч гэсэн. Урд нь нэг хэсэг буруу өгдөг л байлаа. Одоо больсон. Яахав дээ, хөлгүй хүнийг авч явж чадахгүй л байсан юм байлгүй дээ. Одоогийн эхнэртэйгээ 2006 онд танилцсан .
- Таныг ойлгоод түшээд явж байгаа их буянтай хүн юм. Эхнэртэйгээ танилцсан түүхээсээ хуваалцаач ?
- 2006 онд би энэ Ардын буудал дээр цагаан утас ажиллуулдаг байсан юм. Тэгээд тэргэнцэртэй найзтай болоод тэднийд очиж байгаад л эгчтэй нь танилцсан. Дүү нь Хөгжлийн бэрхшээлтэй болохоор намайг илүү ойлгосон юм болов уу даа. Бид хоёр одоо гурван хүүхэдтэй. Эхнэр маань энд ирж надад тусалж дэмэндээ л байдаг юм. Ах нь архи уугаагүй 6 жил болж байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох нь тийм ч амар биш байх?
- Ах нь тэргэнцэр дээр сууснаас хойш өөрт тохирсон ажил хайж амьдрах гэж их зүтгэсэн. Бэлх, 61 гарамд ногоо тарьсан. Гар сайртаад хагараад л байдаг юм. Би хөлтэй хүн шиг хөлөөрөө явах биш. Бөгсөөрөө мөлхөж явдаг болохоор бөгс цоорох гээд асуудал их бий. Хүмүүстэй уралдаж ногоо тарих гээд эрүүл хүмүүсээс дутахааргүй л ажилладаг байлаа. Явсан нохой яс зууна гэдэг үг байдаг даа. Тэр л байхгүй юу. Бас нэг хэсэг хөлтэй найзтайгаа нийлээд айлын шинэ муу усны нүх, жорлонгийн нүх ухдаг. Хүнээр шороог нь татуулаад өөрөө дотор нь ороод ухдаг. 30-40 мянган төгрөг авдаг байсан юм. Тухайн үедээ боломжийн л мөнгө байсан. Би Хөгжлийн бэрхшээлтэй гээд яах юм бэ? Энэ бол миний л амьдрал. Нэг удаа хүнээс гуйна, хоёр удаа гуйна гуравдахь удаагаа хүн өгөхгүй шүү дээ. Ах дүүдээ дараа болохгүй, өөрийнхөө хүчээр л амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дутагдах зүйл их. Адаглаад л олон нийтийн газар зориулалтын нойл байхгүй. Би чинь одоо Багшийн дээд эсвэл бөмбөгөрийн тэргэнцэртэй нойлд очдог. Өдөрт хоёр удаа явна. Ганцаараа тэргэнцэрээрээ яваад ирэхэд 40 минут болно. Түүнээс гадны үргэлжийн эмчилгээний мөнгө хэрэг болно. Нэг эмчилгээ хийлгэхэд 40-50 мянган төгрөг. Дээр нь пампарсны мөнгө хэрэг болдог юм. Төрөөс олгож байгаа эм тарианы 60 мянган төгрөг их дэм болно. Толгой өвдөнө, гэдэс гүйлгэнэ гээд зовиур их. Гуанзны хоол хурцаддаг болохоор өдөрт 2000 төгрөгөнд тааруулаад л багахан хооллочихдог.
- Та өглөө 6 цаг гэж ирээд 9 цаг гэж буудаг гэнэ . Гэр хаана вэ?
- Баянхошуунд ээжийнхээ хашаанд байдаг. Аав маань өнгөрчихсөн. Жижигхээн хашаа бий. Тэндээ би жижигхээн байшин барьчихсан. Урд нь гэрт байхад хэцүү байсан. Гэрийг жилд 2 удаа буулгаж барих болно. Тэр болгоныг би хийж чадахгүй. Найзууд маань л барьж тусалдаг байсан.
- Хүн сайн явахад найз нөхөд их, саар явахад найз нөхөдгүй болж хүмүүс дөлдөг гэж ярьдаг. Танд тийм үе байсан уу?
- Байлгүй яах вэ дээ. Ихэнх найз нөхөд танихаа байчихсан. Сайн явахад найз нөхөд олонтой байлаа. Харин энэ хөлгүй болчихлоо одоо үүнээс юуг нь олж долоох вэ дээ гэсэн хүмүүстэй зөндөө таарсан. Гэхдээ бас туслая гэсэн найз нөхөд ч байсан. Таван сайхан найзтай байлаа гэж бодоход шигшигдээд ганц найз л үлддэг юм байна лээ. Би найз нөхөд олонтой явсаан. Одоо бол цөөн. Хөлгүй болчихоод гутраад байхад энэ надаас архины мөнгө нэхчих вий, талхны мөнгө гуйчих вий гэсэн айсан найзууд зөндөө байсан.
- Эрүүл саруул мөртлөө ажил голох залуус бидний дунд цөөнгүй байх юм. Ер нь залуусын харьцаа ямар байна? Манай Монголын олон залуус таниас үлгэр аваасай гэж бодох юм
- Уулын мод урттай богинотой гэдэг дээ. Сайхан харьцаатай, соёлтой залуус зөндөө байна. Ахаа яаж байна даарч байна уу гэсэн хүн байхад нэг нь хэрүүл өдөж байгаад нөгөөх нь самрыг минь хулгайлаад явчихсан тохиолдол ч бий. Архиар сольж уудаг юм байгаа биздээ. Ер нь Монголын төр иргэдээ туйлдуулж гүйцлээ. Шинэ залуу үеийг гаргаж ирмээр байна. Ард түмэн ядраад байна ш дээ.
- Амьдралын хамгийн сайхан зүйл нь юу вэ? Та амьдрах эрч хүчийг юунаас авдаг вэ?
- Амьдралын жаргалыг би ард түмнээсээ л авдаг . Түмэн олноосоо л хоолоо олж идэж байна гэж баярлаж суудаг юм. Бас үр хүүхдээ харж баясана. Амьдрал баялаг шдээ. Нэг хүн худалдаа хийгээд “Баярлалаа” гэж хэлэхэд хүртэл баясдаг шдээ би.
- Таны амьдралын зорилго, бодож явдаг зүйл юу байна?
- Маш их юм бий. Зарим үед зүүд ч юм шиг, мөрөөдөж байгаа ч юм шиг. Би бусад хүмүүсийн адил нэг газар очоод хог шүүрдчихнэ, барилга барьчихна гэх юм биш. Жижигхээн өөртөө таарсан дэлгүүртэй болоод ард түмэндээ үйлчлээд л сууж байх юмсан гэж боддог. Өвөл цастай шуургатай, зун бороотой, шороотой алийг тэр гэхэв. Олон жил гадаа суулаа даа.
Ийнхүү сэтгүүлч миний бие амьдралдаа сэтгэл хангалуун мишээл тодруулан ярих Б.Жаргал ахаас ухаарлыг мэдэрч суулаа.
Хүмүүн бид чинь дүүрэн савыг хоосон болгож, бүтэн биеэ голж гоочилох нь их юм уу даа гэсэн бодол хөврөх шиг... Хорвоо дэлхий дээр ямар олон хүн өвдөлт, өлсөлт, өр зүрхний шаналан мэдэрч байгааг бид мэдэхгүй ч өөрт тохиолдоогүй зовлонг бусдынх мэт бодолгүй өглөөний наран хэзээ ч жаргахгүй мэт эндүүрэлгүйгээр бусдын зовлонг нимгэлэлцэх нинжин сэтгэлтэй байцгаая. Тиймээ бид чинь дэм дэмэндээ амьдардаг Монголчууд шүү дээ.
Б.Мөнхдалай