8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговьчууд хоёр бөхт тэмээгээрээ гоёж байна

2016-03-07 09:43:00

Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох “Монгол тэмээ-999” арга хэмжээний нээлт сайхан болж, говь нутгийн эрдэнэ болсон тэмээн сүргээрээ Өмнөговьчууд дэлхийд гоёж байна. Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ц.Бурмаа, шадар сайд Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Б.Бадраа болон тэмээг өсгөн үржүүлэх, хайрлан хамгаалахад гар бие оролцож яваа улс, аймгийн сайн малчид оролцож өргөн дэлгэр сайхан арга хэмжээ боллоо.

Газар газрын сайхан тэмээтэй сайхан хос, хурдан тэмээ, шилмэл ингэ, шилмэл буур хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, тэмээ судлаач, уяачдын мэлмийг баясгаж байна. Сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа хоёр бөхт  тэмээгээ өсгөн үржүүлэхэд чиглэсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүний үр дүнд Өмнөговь аймгийн тэмээн сүрэг улсдаа тэргүүлж, 118 мянгад хүрсэн юм.

Энэхүү “Монгол тэмээ-999” дэлхийн хэмжээний тэмээний баярт нийт 9 аймгийн 1240 тэмээ уралдахаар бүртгэгдээд байна.

Сайхан тэмээтэй сайхан хос шалгарав

“Монгол тэмээ-999” арга хэмжээ Сайхан тэмээтэй сайхан хосоо шалгаруулж тэмээ судлаач, тэмээчид, үзэгч олныг баясгалаа. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй дэлхийн хэмжээний баярт Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгаас 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчид хүрэлцэн иржээ.

Нээлтийн арга хэмжээний дараа "Сайхан тэмээтэй сайхан хос" шалгаруулах тэмцээн болж 1-р байранд Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын хос, 2-р байранд Мандал-овоо сумын хос, 3-р байранд Ханхонгор сумын хос тус тус шалгарсан юм.

Буухиа тэмцээний дүн гарлаа

“Монгол тэмээ-999” арга хэмжээний хүрээнд буухиа тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 19 баг тамирчид оролцсон байна. Баг тус бүр тэмээгээр ачаа ачиж, хангал тэмээг бугуйлдаж унагаан зогдор хяргаж түүгээр бурантаг томох даалгаварыг гүйцэтгэсэн байна.

Мөн багийн нэг гишүүн буйл зорж хангал тэмээгээ бурантаглан туйлуулж ур чадвар , тэсвэр тэвчээр уран ухаанаа үзэгч түмэнд гайхууллаа.

Буухиа тэмцээнд:

 I дүгээр байрыг Ханхонгор сумын Базархайрхан  баг

II-р байранд Булган сумын Хөсөгтөн баг

 III-р байранд Ханбогд сумын баг тус тус шалгарч, үзэгч олныг баясгалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл