Хонгор охин минь амьдралд эргээд тавтай морил. Чиний төлөө амиа хувааж төрүүлсэн ижий чинь нулимсаараа урсаж, алдар нэрийг нь ч үл мэдэх олон арван хүн санаа зовсон шүү. Цагдаагийн байгууллага, эмнэлэг, онцгой байдлын аврагчид шуурхай ажиллаж, цалгардуухан амьдралтай түүхий эд түүдэг хүмүүс хүртэл хөлсөө дуслуулан байж цуглуулсан хуванцар савнуудаа байрны чинь доор асгаж, амийн чинь төлөө тэмцсэн шүү. Үнэ цэнийг мэдэрч, үнэнтэй зэрэгцэж амьдраарай охин минь...
Өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах есөн давхар 57 дугаар байрны дээвэр дээрээс арван жилийн сурагч охин амиа хорлохоор завдлаа. Хоёр цаг гаруй дээвэр дээр зогссон охиныг онцгой байдлын таван аврагч болон ээж, найз бандитай ирж ярилцсанаар амийг нь аварлаа.
Юунд бяцхан үрс маань зүүний үзүүрт будаа тогтох хувь тавилангаас сайн дураараа татгалзана вэ? Баяр баясгалан, амьдралын гэрэл гэгээ болсон тэд ямархан хүнд асуудалтай тулгарсан болоод амиа юман чинээ бодсонгүй. Ээж аавынхаа энгэрт нахиалж, найз нөхдийнхөө дунд цэцэглэж, дэлбээлэх насан дээрээ ийм болчимгүй алхам хийнэ вэ?... гэх асуултууд өөрийн эрхгүй толгойд эргэлдсээр...
Хэдэн жилийн өмнө хойд эцгийн дарамт шахалтыг үл тэвчсэн жаалхүү гэрээслэл үлдээгээд хорвоог сайн дураараа орхисон тохиолдлыг санаж байна. Хойд аав нь ээжийг нь байнга дарамталж, үр хүүхдээ зоддог байсан нь хүүгийн амиа хорлох шалтгаан болж, үхэл л түүнийг хойд эцгийн зэрлэг авираас салгаж чадна хэмээн аравхан настай жаалхүү сэтгэсэн хэрэг. Дунд сургуулийн төгсөх ангийн дөрвөн охин нийлж архи уугаад, нэг нь ээжээсээ айсандаа есөн давхраас үсэрч амиа хорлосон, 17 настай охин “Дурлал мандтугай” гэж хэлээд өндрөөс үсэрсэн, 12 настай хүү амьдралаас уйдсан, ядуу амьдралаар амьдарч байгаадаа найз нараасаа ичиж байна гэсэн утгатай захидлыг ээж, аавдаа үлдээгээд өөрийгөө егүүтгэсэн гээд л эргэн сөхөхөд ч сэтгэл эмтрэм хэргүүд санаанаас огт гарсангүй.
Охин юунаас болж ийм хүнд замыг сонгов, хэн итгэхэд хүргэв, хэн буруутай гэх асуултууд мэдээж сонирхол татна. Зарим цахим мэдээллийн хэрэгслүүд ч дуулианыг шүүрч “Бид энэ талаар эргэн мэдээлнэ” хэмээн шуугилдана.
Гэвч үнэндээ бид хүнлэг бус хүйтэн нийгэмд амьдарч байна. Мэдээлэл хэтрэхээрээ олон үр дагавар авчирдаг талтай. Өдөр болгон гадаад мэдээллээр буутай эдгээд тэгж дээрэм хийсэн, ингэж гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн нарийвчилсан мэдээлэл, адал явдалд кинонуудаас үүдэн өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд хоёр том дээрэм гарлаа. Зөвхөн баяр тэмдэглэх мөнгөний төлөө залуус буу тулгаж, бусдыг амийг сүрдүүллээ. Харин одоо сайтууд “Охины чухам юунаас болж амиа хорлох болсон талаар эргэн мэдээлнэ” гэж байна.
Боль... Охинд жаахан ч амьдрах итгэл хайрлаач...! Хайр дурлалаас болсон байлаа ч хамаагүй бусад асуудлаас үүдсэн ч байлаа үхлийг бус амьдралыг сонгосон түүнд дэм болооч. Нууцлахыг хүссэн зүйлийг нь дэлгэж, нийгмээрээ гадуурхаад ирвэл магад тэр амьдралыг сонгосондоо харамсах бус уу. Ахин ийм үйлдэлээ давтаж, араас нь гашуудаад ч барахгүй зүйл тохиовол яах вэ? Тэртээ тэргүй үхэл амьдралын заагаас ирсэн түүнд хүнд байгаа. Үсрээд л бүхнийг дуусгахаар шийдчихсэн байсан түүний сэтгэхүй ч эмзэг байгаа. Тиймээс одоо охинд итгэл үлдээгээч...!
Бусдын л адил эрх дураараа гүйх эрх түүнд бий гэдгийг санаач...
Одоо юунаас болсон, хэн ийм байдалд хүргэсэн нь чухал биш. Охины болчимгүй үйлдэл эцэг эх, элгэн садан, найз нөхдөд нь сургамж болоод л үлдэг. Харин одоо төрийн болоод төрийн бус байгууллага, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, эгч дүүс бүгд аз жаргал чинь болж ирсэн үрээ ингээд алдчихгүйн төлөө чадах чинээгээр хичээх ёстой.
Өсвөр нас гэдэг хүний хамгийн тогтворгүй нас байдаг. Хүүхэд энэ насан дээрээ жинхэнэ утгаар нь амьдралыг мэдэрч, зарим нь сөхрөх нь бий. Харин тэр л үед нь эцэг эхчүүд нь хүүхдээ сонсч, юу бодож, хүсч, мөрөөдөж байгаа нь ядаж ганц ч болов удаа сонссон бол магад ийм зүйл тохиохгүй ч байсан юм билүү.