Зарим том биетэй залуучууд машинаасаа гарч ирчихээд ерөөсөө тусалдаггүй. Хурдал даа , хурдан машинд ачаачээ гээд л хүлээгээд зогсоод байдаг. Бас үнэтэй гоё хувцастай ч хувцасаа халтайлгахаас эмээлгүй өөрсдөө зөөгөөд ачдаг хүн ч бий.
Хүмүүний амьдрал газар тэнгэр, гал ус мэт ялгаатай. Үнэтэй машин унаж ганган дэгжин хувцасласан ч гарт нь атгасан мөнгө өөрийг нь дааруулж дэр нойтон хонодог сэтгэл хоосон нэгэн байхад, хөлөглөх унаагүй, хөлжих хөрөнгөгүй ч мөр дэрлэн инээх хань, мөлхөж ирэн эрхлэх үрээсээ л амьдралын сайхныг мэдэрдэг сэтгэл баян нэгэн бий. Аяа... амьдрал хүнийг зовлонгийн ташуураар ташуурдаж, жаргалын харгуйгаар алхуулах гэж эрээнтэй бараантай байдаг ч юм болов уу даа. Уншигч танд эгэл жирийн нэгний алдсан, оносон баярласан, гуньсан амьдралын түүхийн багахаан хэсгийг хуваалцаж бодлын тань үзүүрт түрхэн хором тухлан саатахыг зорьдог “Амьдрал сайхан” булангынхаа хойморт энэ удаад Монголын ирээдүй мянга мянган залуусын төлөөлөл болсон нэгэн эрхэм зочиныг урилаа. Энэ бол Саранчимэгийн Сумъяа. Жижигхээн биендээ ахадмаар хүнд ачаатай ч , залуу хүний зоримог зангаар хөдөлмөрлөж өөрийгөө хурцалж мэргэжилтэй боловсон хүчин болохын тулд цаг минутыг залуурдаж, тэмцэж яваа Монголын олон мянган үлгэр жишээч залуучуудын нэгэн төлөөлөл. Тэрээр өдгөө ШУТИС-ийн 3-р курст Дулааны инженер мэргэжлээр суралцаж байна. Ингээд түүнтэй ажлынх нь зав чөлөөгөөр ярилцсанаа хүргэе.
- Сайн байна уу? Уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу?
- Намайг С.Сумъяа гэдэг. Би 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Одоо ээж дүү хоёртойгоо амьдардаг. Ээж маань одоо хувиараа ажил хийж байгаа. Харин манай дүү одоо зургаан настай.
- Гэр нь хаана вэ? Одоо хаана амьдарч байна ?
- Одоохондоо би тусдаа найзтайгаа хамт сургуульдаа ойр байр хөлсөлж байгаа. Харин ээж дүү хоёр маань долоон буудалд байдаг юм. Ээж маань их хөдөлмөрч хүн л дээ. Хоёр хүүхдүүдийнхээ төлөө цаг наргүй л хөдөлмөрлөж байна. Одоо лангуу түрээсэлж гоо сайхны бараа зарахын хажуугаар долоон буудалд үйлчилгээний төвд давхар цэвэрлэгч хийж байгаа.
- Яагаад ээж дүүгээсээ тусдаа амьдрах болсон юм бэ?
- Одоо ээж дүү хоёр минь ээжийн том ахтай цуг амьдардаг. Тэгээд ээжийн том ах архи уугаад агсан согтуу тавиад намайг ажилладаг болохоор мөнгө нэхээд хэцүү байдаг юм. Уг нь дөрөвдүгээр станцад ажилладаг байхдаа ажилдаа их гарамгай таван жил дараалан станцын шилдэг ажилтан хүртэл болж байсан. Тэгээд эхнэр нь Солонгос явахын тулд ажлаас нь гаргаад хоёр хүүхдээ харуулаад Солонгосоос таван жил болоод ирэхдээ хоёр хүүхдээ аваад ахаас салчихсан. Тэгээд л сэтгэл санаагаар унаж архи ууж бидэнтэй амьдрах болсон. Сүүлийн үед нэг архи уудаг эмэгтэйтэй нийлчихсэн бүр л зан нь эвдрээд байна. Ээж хоол унд, түлээ түлшний мөнгө үлдээвэл түүгээр нь архи аваад уучихдаг юм. Одоо амьдарч байгаа байшин манай өвөө эмээгийнх ч гэсэн ээжийн дүү нь өөр дээрээ шилжүүлээд авчихсан. Нэг үгээр хэлбэл ээж дүү хоёр маань одоо айлд амьдарч байгаа юм. Тэгээд л би ээждээ тээр болохгүйн тулд өөрийгөө болгоод явъя гэж бодсон ээж ч зөвшөөрсөн.
- Уучлаарай аавынхаа талаар ярихгүй юу?
- Аавыгаа би сайн мэддэгүй юм. Намайг төрөөгүй байхад хэлс хэрэгт ороод гурван жилээр шоронд явсан юм гэнэ лээ. Харин эргээд ирэхэд нь манай өвөө, эмээ дургүйцээд суулгаагүй юм гэсэн. Би аавыгаа ганц ч удаа хараагүй. Харин дүүгийн минь аав ирдэггүй юм.
- Ээж, дүү хоёртоо их л санаа зовдог байх. Ээжийг нь ажилтай үед дүүг нь хэн хардаг вэ?
- Үргэлж сэтгэл зовнилтой байдаг. Дүү минь ихэнхдээ гэртээ ганцаараа л байдаг. Заримдаа гэрийнхээ ойр хавьд таньдаг айлд үлдээдэг. Ээж, дүүтэйгээ сэтгэл амар хамт амьдрахын тулд хамгийн түрүүнд өөрийн гэсэн гэр оронтой болохсон доо гэж боддог. Уг нь манай найзын ээж нь Испанид амьдардаг юм. Тэгээд ээж чинь үнэхээр хэцүү байгаа бол онгоцныхоо тийзийг аваад хүрээд ир татаж авъя гэсэн лдээ. Онгоцных нь тийз 3 сая 800 мянга болохоор ээж явахгүй гээд дургүйцээд байгаа. Уг нь тийшээ ээж дүү хоёроо явуулчихвал сэтгэл амар байх юм л даа.
- Одоо ШУТИС-д дулааны инженер мэргэжлээр суралцаж байгаа гэсэн. Энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?
- Би Сүхбаатар дүүргийн 35-р сургуулийг төгссөн. Уг нь анх батлан хамгаалахад оръё гэж боддог байсан. Гэтэл ЭЕШ өгөөд ШУТИС-д тэнцээд дулааны инженер мэргэжилтэй болсон. Одоо энэ мэргэжилдээ их дуртай. Ямар ч л байсан бүх боломжоо ашиглаад сургуулиа төгсөхийг нэгдүгээр зорилгоо болгож байна.
- Сургуулиудын сургалтын төлбөр их өндөр байна. Төлбөрөө төлөхөд хэн тусладаг вэ?
- Оюутан болсон анхны жил сургалтын минь төлбөрийг ээж хийсэн. Харин хоёрдугаар курсын төлбөрөө төлж чадаагүй нэг жил өнжсөн. Тэр хугацаандаа ажил хийгээд төлбөрөө олсон. Ямар ч байсан сургуулиа орхилгүй заавал төгсөнө дөө л гэж бодсон. Дараа жил нь төлбөрөө цуглуулж байгаад л хичээлдээ орсон. Сургуулиудын төлбөр жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед санхүүгийн асуудлаас болоод сурч чаддаггүй олон оюутан байдагт харамсдаг. Сургуулиа төгсч чадаагүй ч олон сургууль төгссөн нэгнээс хамаагүй чадвартай залуучууд олон байдаг болов уу гэж боддог.
- Танай сургуулийн төлбөр хэд вэ?
- Манай сургуулийн төлбөр одоо 2 сая 600 мянган төгрөг. Өмнө нь дэлгүүрүүдэд цагийн ажил хийж төлбөрөө олсон. Харин энэ жил түлээ, нүүрс зардаг өвөөд туслаад гудамжинд нүүрс зарж төлбөрөө хийсэн. Хичээлээ өөрөө сонгодог болохоор долоо хоногийн гурван өдөр нь хичээлдээ явж бусад дөрвөн өдөр нь нүүрс, түлээгээ зардаг.
- Энд нүүрс зарах ажилд анх яаж оров? Ээж нь энд ажиллая гэхэд дургүйцаж байсан уу?
- Манай гэр долоон буудалд байдаг болохоор нүүрс зардаг энэ өвөөг таньдаг болсон юм. Өвөөд тусалж энд ажиллая гэхэд ээж анхандаа гадаа хүйтэнд, эмэгтэй хүүхэд хүнд юм өргөөд хэцүү гэж дургүйцэж байсан л даа. Гэхдээ надад сургалтынхаа төлбөрийг олох, санхүүгийн хэрэгцээ зайлшгүй шаардлага байсан учраас энд ажиллахаарр шийдсэн. Миний сайн найз маань намайг энд ажиллахад дургүйцдаг байсан ч сүүлдээ ойлгодог болсон.
- Ер нь залуучууд ажлыг их голдог гэж ярьдаг шдээ. Тэр тусмаа эмэгтэй хүүхэд нүүрс зараад гудамжинд зогсоход санаа зовох зүйл байдаг уу?
- Ерөөсөө санаа зовох зүйл байгаагүй ээ. Эхний нэг өдөр жаахан эвгүй байсан л даа. Гэхдээ дасчихсан. Ээжийн маань дүү нэг удаа согтуу ирээд: Миний дүү чи ингэж гудамжинд ажиллах учиргүй гэж намайг загнаж, бас уйлж байсан. Гэхдээ л энэ миний л амьдрал юм чинь дээ. Би гудамжинд сууж нүүрс зардаг энэ ажлаасаа ичдэггүй. Би худлаа хэлж , хулгай хийж биеэ үнэлээгүй ээ өөрийнхөө л төлөө хөдөлмөрлөж байна. “Ажил хүнийг голохоос биш хүн ажлыг голохгүй” гэдэг үг байдаг даа. Өнөөдөр би нүүрс зарж байгаа ч ирээдүйд би дэлхийн хэмжээний инженер болно гэж боддог.
- Чи өдрийн хэдэн цаг ажиллаж байна. Цалин хэд вэ?
- Өглөөний 11 цагаас оройн 11 цаг хүртэл ажилладаг юм. Өдрийн цалин хоолноосоо гадна 20 мянган төгрөг. Сарынхаа цалинг нэмээд үзвэл гурван зуун мянган төгрөг авдаг юм Хураагаад л байвал их мөнгө дөө. Далайд дусал нэмэр гэдэг дээ. Энэ жил 7 сараас хойш ажиллаад сургалтынхаа төлбөр 2 сая 600 мянган төгрөгөө олсон. Намайг ажиллуулдаг өвөө надад их сайн. Одоо чинь оюутнуудыг ажиллуулаад цалингаа өгдөггүй ч газар байна шүү дээ. Миний охин энд ажиллаад сургалтынхаа төлбөрийг олоод сургуулиа төгсөөд ав гэдэг юм. Би өөрийгөө маш их азтай гэж боддог юм. Намайг ажиллуулдаг өвөө нас өндөр ч гэсэн өөрийн хүүхдээс өөрцгүй үзэж алтан сургаалиа ч хайрладаг. Өвөө намайг гололгүй ажилд авсанд нь баярладаг
Би гудамжинд сууж нүүрс зардаг энэ ажлаасаа ичдэггүй. Би худлаа хэлж , хулгай хийж биеэ үнэлээгүй ээ өөрийнхөө л төлөө хөдөлмөрлөж байна
- Хичээлээсээ гадуур нүүрс, түлээ зарж сургалтын төлбөрөө олдог гэдгийг нь багш нь ангийхан нь мэдэх үү?
- Мэдэхгүй. Ангийхандаа хэнд нь ч хэлж байгаагүй ээ . Намайг ойлгох ч хүн байна ойлгохгүй ч хүн байна. Хүнд ер нь өөрийнхөө зовж шаналж байгааг харагдахгүй юмсан гэж боддог.Нэгдүгээр курст байхдаа заримдаа өөртөө гутрах үе байсан. Бусад айлын хүүхдүүдийн сургалтын төлбөр, өмсөх зүүх, идэх уух -нь бэлэн очих газар нь бэлэн байхад яагаад заавал надад ийм олон бэрхшээл тулгардаг юм бэ? Яагаад заавал би гэж өөрөөсөө асуух шантрах үе байсан.
Ийнхүү ярих үед С.Сумъяагийн цовоо сэргэлэн нүдэнд нь нулимс цийлэлзэж жижигхээн цагаан гараараа нүднээс нь урсан хацар дагах нулимсаа аажуухан арчиж хоолой нь зангирлаа. Өөрийнхөө амьдралын тухай сэтгүүлч надтай ийнхүү чинь сэтгэлээсээ ярилцаж байгаа түүнийг хараад бодолд минь бараан үүл хургаж хэсэг чимээгүй суулаа. С.Сумъяа ч зүрхэн тушаа нь хурсан ямар нэгэн зүйлээсээ надтай хуваалцсандаа сэтгэл нь жаахан тайвширах шиг болж бид яриагаа ийнхүү үргэлжлүүллээ.
- Хүний амьдралд шантрах үе олон тохиолддог л доо . Тэр үед чи юунаас эрч хүч авдаг вэ?
- Би өөрөө өөрөөсөө л маш их урам зориг эрч хүчийг авдаг даа. Зорьсон ажлынхаа ард гараад би энэ ажлыг чадчихлаа гэж өөрөөрөө бахархдаг. Бахархах тусам улам илүү урагшилмаар санагддаг.
- Гудамжинд нүүрс , түлээ зарахад хүндрэлтэй зүйл олон байх ?
- Амар хялбар ажил гэж байхгүй шүү дээ. Өөрийгөө зовоож байж олсон мөнгө илүү амттай. Мэдээж өвлийн хүйтэнд гадаа суух хэцүү л дээ. Тэгээд эмэгтэй хүүхэд болохоор худалдан авагчийн нүүрсийг машинд нь өргөж ачиж өгөхөөс өгсүүлээд бэрх л дээ. Зарим том биетэй залуучууд машинаасаа гарч ирчихээд ерөөсөө тусалдаггүй. Хурдал даа , хурдан машинд ачаачээ гээд л хүлээгээд зогсоод байдаг. Бас үнэтэй гоё хувцастай ч хувцасаа халтайлгахаас эмээлгүй өөрсдөө зөөгөөд ачдаг хүн ч бий.
- Төлбөрөө ээж, ааваараа төлүүлээд сайн сурдаггүй ч хүн байдаг шүү дээ. Чамд хичээлээ давтах цаг зав гарч байна уу?
- Ажил хичээлээ аль алиныг нь л амжуулъя гэж боддог. Ер нь хүн завтай байх тусмаа юу ч хийдэггүй гэж ярьдаг шдээ. Ажлын амтыг мэдрэх, хөдөлмөрийнхөө хөлсийг үнэлүүлэх тусмаа урам авдаг. Хамгийн гол нь биеэ зовоож ажилласнаараа насаараа ийм ажил хийхгүйн тулд мэргэжилтэй болох нь чухал гэдгийг л бүр илүү ойлгодог. Аль болох хичээлээ орхигдуулахгүйг хичээж цаг минут бүрийг ашиглахыг боддог. Ажлынхаа цаг заваар, хичээлийнхээ цонхтой цагуудад даалгавараа хийдэг. Өглөө 6 цагт босч цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг зорьдог.
- Оюутны 70 мянган төгрөгийг дүнгийн голч харж өгдөг болсон. Чи 70 мянгаа авдаг уу?
- Авдаг. Ажил гээд хичээлээ хойш тавихгүй байхыг хичээдэг. ЕБС-д хичээлүүддээ жигд сайн байдаг байсан болохоор одоо ч гэсэн сурлагадаа гайгүй дүн авдаг. ЕБС-д байхдаа Алтан түлхүүр тэмцээнд гурван удаа түрүүлж байсан мөн олон удаа сургуулийнхаа шилдэг сурагч болж байсан.
- Дараа жил сургуулиа төгсчих юм байна.Чиний ойрын мөрөөдөл юу байна?
- Энэ жилийнхээ сургалтын төлбөрөө төлчихсөн болохоор санаа амар байна. Харин үргэлжлүүлэн ажиллаад машинтай болох төлөвлөгөөтэй байна. Одоо жолооны курст сурч байгаа. Хажуугаар нь бас боломж олдвол Англи хэлний сургалтанд сууя гэж бодож байна. Хэлтэй бол хөлтэй гэдэгчлэн мэдлэгтэй л болж чадвал ажлын байртай болно.
- Залуу хүний хувьд залуусын зан харилцааг юу гэж дүгнэх вэ?
- Ер нь нэг үеэ бодвол залуучууд хүнтэй соёлтой харилцдаг болсон байх. Биеэ даах чадвар ч сайн гэж боддог. Сайны хажуугаар саар гэгчээр зарим хэсэг нь аав, ээжийнхээ мөнгийг үрээд шоу цэнгээнд зарцуулаад явдаг оюутнууд ч бий. Хамгийн гол нь зогсолтгүй хөдөлмөрлөөд л байвал заавал амжилтанд хүрнэ. Хөдөлмөрлөсөн хүн хэзээ ч ухрахгүй байх л гэж боддог.
Ийнхүү С.Сумъяа бид хоёрын ярилцлага энэ хүрээд өндөрлөх болсон юм. Учир нь С.Сумъяа эндээс гараад долоон буудалд байдаг ээжийнхээ ажилд нь тусалж гоо сайхны нь бараа зарах дараагийн ажилдаа яаран гүйх учиртай. Түүний ээж нь охиноо зогсох хооронд арван долоод байдаг хоёр дахь ажлаа руугаа явах буюу үйлчилгээний төв цэвэрлэх юм. Ийнхүү өдөр шөнө ээлжилсээр ээж охин хоёр цаг хугацааг залуурдаж амьдралынхаа төлөө зүтгэсээр. Ээж минь намайг төрсөн гарагаар минь нэр хайрласан юм гэнэ лээ гэж ярих энэ жаахаан охинд амьдрал ямар эрт ширэн нүүрээ харуулаа вэ? гэсэн бодол сэтгүүлч миний сэтгэлийн үзүүрт утас адил хөвөрнө.
Үнэхээр ч үхэл амьдрал, үнэн худлын зааг дээр оршдог хорвоо хатуугаа ирвэл хэнийг ялгалгүй хуй салхитай ширүүн шуургандаа ороон авах буй за. Амьдрал түүнийг хэтэрхий багад нь зовлонгийн ташуураар ташуурдсан ч хэрсүү бодолтой, хаанаас нь гардаг юм бэ? гэмээр ухаалаг яриатай энэ охин өвдөлтийн өмнө бууж өгсөнгүй. Буцъя, бууж өгье гэмээр өдрүүд түүний өмнө байдаг ч тэсвэр хатуужил, дайчин чанараараа туулж гардаг энэ хөдөлмөрч охины хийсэн хөдөлмөр, хэзээ ч бууж өгөөгүй зан нь эргэж өөрийг нь шагнах нь лавтай. Монголын олон мянган залуус С.Сумъяа охиноос үлгэр жишээ авч, ээж, аавтайдаа, элбэг хангалуун амьдралтайдаа талархаж, үрэх мөнгөө чамлахгүй, хийх ажлаа голохгүй байгаасай.
Б. Мөнхдалай