8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгддэг болно

2019-09-17 13:00:00

“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалт “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр” хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Тус хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, зочин илтгэгчээр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Дэд захирал бөгөөд Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий нар оролцож байна. Хэлэлцүүлгийн үеэр панелистаар оролцож буй Сангийн дэд сайд Булгантуяа "Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгддэг болно" гэж онцолсон бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Эмэгтэйчүүдийн бизнест худалдааны тусгай суваг нээх, Төрийн өмчит компаниас эхлээд УЗ-д эмэгтэйчүүдийн квот тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай байна" гэдгийг онцоллоо.

Эмэгтэйчүүд гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулж хөлсгүй ажиллаж, эдийн засгийн хараат болж, өөрсдийгөө хөгжүүлэх боломж нь хязгаарлагддаг. Статистикийн дүнгээр, эдийн засгийн идэвхгүй хүн амын дунд хүүхэд болон ахмад настан асардаг, гэрийн ажилтай шалтгаанаар 2014 онд 123,855 эмэгтэй байсан бол 2018 онд энэ тоо 171,140 -д хүрсэн ба хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 23%-д хүрчээ. Эмэгтэйчүүд өөрийн орлогогүй байхын хирээр бие даасан байдлаа алдаж, бусдаас хараат болж улмаар гэр бүлийн, бэлгийн, эдийн засгийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг байна.

Ялангуяа, цалин хөлс хамгийн өндөр буюу уул уурхай, зам тээвэр зэрэг салбарт ажиллагсдын дөнгөж 10 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл баримтлалын 2.2-д заасан хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдэд ээлтэй зохистой хөдөлмөр эрхлэлтийн орчинг бий болгох асуудал бодит амьдралд хангалттай хэрэгжихгүй байгаагийн илрэл юм.

Тиймээс эмэгтэйчүүдийн тусгай хэрэгцээ, шаардлагыг судлан эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийг дэмжих, үйлдвэрлэл, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, төрийн бодлого үгүйлэгдэж байгааг чуулганд оролцогчид онцоллоо.

 

МЭХ-ноос зохиож буй “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын чуулга-уулзалт үргэлжилж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment