8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Засгийн Газар дахин зээл авч, согтуурсан үедээ дүү нь ахыгаа хөнөөсөн өдөр

2016-03-16 18:50:00

Ойрын өдрүүдэд эх оронд маань сүрхий хүйтэн цаг агаар айлчлах талаар цаг агаарын мэдээлэл гарч байна. Урьдчилсан мэдээгээр ойрын хэд хоногтоо хүйтэн байх төлөвтөй.

   Хавар цаг ирэхээр төв Азийн эрс тэс уур амьсгал бүхий манай оронд халуун хүйтэн хоёр агаар зөрчилдөн тэмцэлдэж, нэг дулаараад л, нэг хүйтрээд л байдаг нь жам. Түүнийгээ дагаад хүн зоных нь сэтгэл санаа ч гэсэн нэг л хуйсгануур, олон ааштай, өөрөөр хэлбэл Синдромын шинжтэй болж эхэлдэг. Ядаж байхад энэ жил Сонгууль болно.   Сонгуулийн өмнөх яриа хөөрөөнүүд хаврын тэнгэрийн аашаар синдромын хэлбэртэй болж эхэлж байна уу даа гэх бодол өөрийн эрхгүй төрж байна. Ингээд сонирхолтой бүхнээр дүүрэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. Тоймоо хүлээн авна уу.

 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Улс төрийн онцлох сэдэв

Д.Пүрэвбаатар: "Энержи Ресурс Рэйл"-ийн захирал Улсаас их хэмжээний мөнгө залилахыг санаархаж байна

Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг буруутгаж, шүүхээс шалгаж байгаа. Оны өмнөхөн Б.Батзаяагийн  хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг давхар шалгах шаардлагатай болж, сэжигтнээр татсан юм. Уг хэргийг бүхэлд нь Авлигатай тэмцэх газар хариуцан шалгаж эхэлсэн. Мөн саяханы мэдээлэлээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийх үеэрээ   Х.Баттулгыг эл хэрэгт холбогдуулж, их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээллийг үгүйсгэж, нийгэмд буруу ойлголт төрүүлж байгаа асуудлыг ЦЕГ-ын дарга Р.Чингис зохион байгуулж байна. Зарим нэг худалдсан сэтгүүлчдээр дамжуулаад ЦЕГ-аас мэдээлэл түгээж байна” гэсэн мэдээлэлийг өглөө.

Тиймээс тэрээр цаашид ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаа Р.Чингисийг ажлаа өгч, холбогдох байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

"Энержи Ресурс Рэйл" компанийн захирал Л.Оюунбат өөрийн гүйцэтгэсэн ажлаа онц их хэмжээгээр нэмэгдүүлж улсаас их хэмжээний мөнгө залилж авах гэж байна. Л.Оюунбат гэгчийг 2016 оны 2 р сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар н.Бат-Олзвой тогтоол гаргаж баривчилсан. Гэвч маргааш нь буюу хоёрдугаар сарын 25-нд ойлгомжгүй шалтгаанаар сулласан байна. Суллах ажиллагааг цагдаагийн ажилтнууд гүйцэтгэжээ. Комиссар н.Бат-Олзвой энэ хүнийг яагаад суллав? Яагаад өөрөө очихгүй цагдаагийн ажилтнууд очиж сулласан бэ? Ер нь Л.Оюунбат гэж хэн бэ? гэдгийг тодруулахаар өөрт байгаа нотлох баримтуудын үндсэн дээр судалж эхэллээ. Гэтэл маш сонин дүр зураг бий болсон. Үүнийг та бүхэнтэй хуваалцахаар шийдвэрлэсэн." гээд хэд хэдэн баримт дэлгэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.

Засгийн газар дахин 250 сая долларын зээл авчээ

Засгийн газар Credit Suisse банкнаас 250 сая долларын зээл авчээ. Уг мөнгө өнгөрсөн шөнө Сангийн яамны дансанд орсон хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын сарын уулзалтад оролцохдоо мэдэгдсэн байна. Гэхдээ зээлийн хүү, хугацаа зэрэг нарийн мэдээллүүд тодорхой болоогүй байгаа аж.

Өмнө нь Сангийн сайд Б.Болор Канадад болж буй уул уурхайн хөрөнгө оруулагчдын PDAC олон улсын хуралд оролцох үеэрээ олон улсын банкуудаас зээл авахаар яриа хэлэлцээр хийж байсан байна.

Э.Энхмөнх: Хамгийн залуу Олон улсын их мастер цолыг эзэмшигч хоёр тамирчны нэг нь би

БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй ой тогтоолтын “Super brain” шоу нэвтрүүлэгт Ази тив болон Монгол улсаа төлөөлөн Дэлхийн багт багтан оролцож ялалт байгуулсан Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга тамирчин Э.Энхмөнхтэй ярилцлаа.


-Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга тамирчин Э.Энхмөнхийн хувьд  Хятад улсдаа хамгийг томдоо тооцогдох тэмцээнд оролцоод ирлээ. Тэмцээний сонин сайхнаас бидэнтэй хуваалцахгүй юу?

-Миний хувьд анх удаа оролцлоо. Мөн ийм том тайзан дээр ч гэсэн анх удаагаа гарлаа. “Super brain” буюу “Brain” гэж нэрлэгддэг хятадын дөрвөн хүн тутмын нэг нь үздэг хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг байгаа юм. Нэвтрүүлэгийн гол зорилго нь “Хүний тархи юу хийж чаддаг вэ” гэдгийг санаанд оромгүй даалгаваруудыг гүйцэтгэснээр харуулахыг хичээдэг тэмцээн юм. Тус тэмцээн шилдэг тамирчдыг шоундаа урьж оролцуулан Хятадын эсрэг Америк, Хятадын эсрэг Герман гэх зэргээр хооронд нь дуудаж тулаан үүсгэдэг. Хятадууд энэ тэмцээндээ 90 хувьтай хожиж явж байсан мундаг улсууд байгаа. Тус тэмцээнд  Монголоос намайг дуудаж оролцуулсан. Ази тивээ би төлөөлж оролцсон гэсэн үг.

-

эгэхээр манай улсаас чамайг халз тулаанд дуудсан гэсэн үг үү. Санаанд оромгүй даалгавар ирдэг гэсэн. Ирсэн даалгавраас сонирхуулахгүй юу?

-Ер нь “Х team”-д тив тивийн хамгийн шилдэг гэсэн төлөөллүүд багтсан гэсэн үг. Миний хувьд Ази тивээ болон Монгол улсыг төлөөлж тус багийн гишүүн нь болж шоунд анх удаа оролцсон гэсэн үг. Би Дэлхийн шилдэг тамирчидтай хамт өрсөлдсөн. Тухайлбал, Австрали тивээс шооны дэлхийн аварга Feliks Zemdegs, Испанийн судокугийн дэлхийн аварга Martin Lopez Norses , Өмнөд америкийн Перу улсын шоог харахгүйгээр эвлүүлдэг Gianfranco Huanqui, Швед улсын дэлхийн ой тогтоолтын хошой аварга Jonas Von Essen, нартай хамтарч Хятадын шилдэг тамирчдаас бүрдсэн багийн эсрэг өрсөлдсөн. Таван тамирчны хоёр нь нэг баг болж оролцсон. Тиймээс дөрвөн төрөлд өрсөлдсөн гэсэн үг. Энэ талаар сонирхолтой ярилцлагыг энд дарж уншина уу.

Найз нараа шатаахыг завдсан иргэнийг цагдаагийг байгууллага шалгаж байна

Энэ сарын 14-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт зориудаар гал тавьж, найзыгаа шатаахыг завдсан хэрэг гарсан. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн 37 настай эрэгтэй Б, 45 настай эрэгтэй Ч нарыг амарч байхад нь байшин руу бензин асгаж, гал тавьжээ.Улмаар иргэн Б, Ч нар 40 хувь түлэгдэж, ГГСҮТ-д яаралтай түргэн тусламжаар ирж хэвтсэн байна. Сэжигтэн О найз нараа унтаж байх үед нь амбаарт нь байсан таван литр шатахууныг авч, байшин руу асгаж гал тавьжээ. Тэд Заамар суманд алт ухахаар Хөвсгөл аймгаас ирж, түрээсийн байранд амьдарч байсан иргэд аж. Эл хэргийг одоогоор Төв аймгийн Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

Хорих ангид улаанбурхан өвчин гарчээ

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 435 дугаар ангид улаан бурхан өвчин гарчээ. Тиймээс Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг тус ангид ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалт хийж байна.

Дашрамд өгүүлэхэд Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 839 тохиолдол бүртгэгдсэнээс аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдварт өвчний тасагт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эдгээрийн 11 нь насанд хүрэгчид бол 44 нь бага насны хүүхэд аж.

Төрсөн эмэгтэй дүү нь ахыгаа хөнөөжээ

Төрсөн эмэгтэй дүү нь ахыгаа хөнөөсөн хэрэг  энэ сарын 14-ны өдөр гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн  тавдугаар хороонд тус хэрэг гарчээ.  51 настай эрэгтэй Г-ийн хоолойг төрсөн дүү 41 настай эмэгтэй Ц гэгч согтуурсан үедээ гараараа боож амь насыг хохироосон байжээ. Согтуурсан иргэн төрсөн ахынхаа аминд хүрсэн байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. 

Хагалгаа хийж дөрвөн ихэр хургыг эсэн мэнд гарган авчээ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж кесеров хагалгаа хийж, дөрвөн ихэр хургыг эсэн мэнд гардан авчээ.
Уг хонь өмнө нь гурван удаа гурван ихэр хурга гаргаж байсан бол дөрөв дэх удаагаа дөрвөн ихэр хурга гаргаж байгаа төлөрхөг чанар өндөртэй хонь ажээ. Гарсан төлүүд нь бас гурван ихэр хурга гаргадаг бөгөөд малчин Г.Батсүхийнх бичин жилийн анхны төл нь ийнхүү ихэр байгаад билэгшээж байна. 

Бусад үйл явдлыг цөөн үгээр 

-ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Сайн засаглал ба байгалийн нөөцийн удирдлагын найдвартай үйлчилгээ” сэдэвт олон улсын семинар боллоо.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын төлөөлөгчидтэй Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд уулзалт зохион байгууллаа.

- “ONE” event hall-д болох “Азийн хүлэг улс зөвлөлдөх танхим”-ын анхдугаар хуралдаан эхэллээ.

-Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штабууд иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын 3 үеийн уулзалт” Соёлын төв өргөөнд болов.

-Blue Sky tower-ийн зүүн урд “ICC” tower-н 17 давхарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай,Архангай,Өмнөговь,Дорногвь аймгуудад баригдах цэвэрлэх байгууламж болон бүтээн байгуулалтын төслүүдийн зээлийн санхүүжилтэнд гарын үсэг зурлаа.

- Нийслэлийн БЗД-ийн хөдөлмөрийн хэлтсээс 2015 онд хийсэн ажлын тайлан болон 2016 онд хийх төсөл хөтөлбөрүүдийг Дүнжингарав худалдааны төвд танилцуулав. Арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Т
Яг үнэн,хамаагүй сэдвүүдийг хольж хутгаад тэгсэн өдөр гээдл утгагүй юм
2016/03/17 103.17.108.42
mgl
Yamar svrtei garchig tavdag yum be
2016/03/17 103.17.108.42