8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Сумъяа: Нэгнээ дэмжье, урам хайрлая гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна гэдгийг мэдэрлээ

2016-03-17 09:51:00

“Миний амьдрал тэр чигээрээ сорилт байсан. Та нар хэзээ ч алдаа гаргахгүйгээр амьдармаар байна уу? Тэгвэл юу ч битгий хий, юуг ч битгий сорьж үз.

Гэхдээ хэзээ ч урагшаа алхахгүй. Ийм амьдрал сайхан гэж үү? Алдаа гаргаж байж алдаанаасаа суралцаж байж амьдардаг бус уу? Тийм болохоор хүсэл мөрөөдлөө олсон бол замдаа тулгарсан саад бэрхшээл бүрийг даван гарч унасан ч дахин босох тэмүүлэлтэйгээр амьдраарай”...

Энэ бол Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хирота Монголд хүрэлцэн ирж,  “Амьдрал ямар сайхан гээч..." номныхоо албан ёсны нээлтийн үеэр хэлсэн үг. Үнэхээр ч түүний хэлснээр хүмүүн бид зүүний үзүүр дээр тогтох будаа адил их хувь заяаны эзэд. Сэтгүүлч миний бие яг л ийм их хувь заяаны эздийн сэтгэлийн угт нэвтэрч, амьдралын түүхээр нь аялж,   уншигч тантай цаг хугацаа, орон зайг товчлон учруулж “Амьдрал сайхан” булангаараа мэлмийг тань мялааж байдагтаа сэтгэл хангалуун байдаг билээ. “Амьдрал сайхан” булангийн оролцогчид, уншигч таны урмын үг сэтгэлийн дэмээр  амьдрах итгэл, урам зориг , их эрч хүчийг авч байдаг гэдэгт эргэлзэх юун. Тэгвэл энэ удаад “Амьдрал сайхан” булангийн өмнөх дугаарт оролцсон сурах их хүсэл тэмүүлэлтэй хөдөлмөрч охин С.Сумъяад сэтгэлийн дэм, их эрч хүч хайрласан уншигчид бидэнд хандаж С.Сумъяад Англи хэлний сургалтанд 100 хувь суралцах эрхийн бичиг, хөдөлмөрийг нь үнэлж дэмжлэг үзүүлсэн мөнгөн хандив, мөн ажлын байрны санал ирсэн гэдгийг дуулгахад таатай байна. Ийнхүү С.Сумъяа манай сайтад хүрэлцэн ирж сайхан сэтгэлтэй хүмүүсийн их хүндэтгэл,  хайр энэрлийг хүлээж авсан юм. Ингээд та бүхнийгээ  С.Сумъяад туслахаар манай сайтад хандсан уншигчтай уулзуулъя.

Д.Янжмаа: Зорилготой мөрөөдөлтэй залуу хүний тухай уншаад туслахыг хүссэн

- Сайн байна уу? Юуны өмнө С.Сумъяад туслах болсонд  уншигчдынхаа өмнөөс  болоод chuhal.mn сайтынхаа хамт олны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

- Баярлалаа. Намайг Д.Янжмаа гэдэг.  Би танай сайтын байнгын уншигч.  Өдөр тутмын шинэ содон мэдээллээ эндээс л  авдаг. “Өнөөдөр нүүрс зарж байгаа ч  ирээдүйд би дэлхийн хэмжээний инженер болно” гэсэн С.Сумъяа охины тухай нийтлэл тухайн өдөр миний уншсан хамгийн сайхан ярилцлага байсан .Зорилготой мөрөөдөлтэй залуу хүний тухай уншаад миний хувьд дэм болж, өөрийн чадал чинээгээр туслахыг хүсч танай сайттай холбогдсон.

- С.Сумъяагийн ойрын зорилгын нэг англи хэл сурах байсан. Та энэхүү боломжийг нээж өглөө?

- Энэ охины ярилцлагыг уншиж байхад миний сэтгэлд хамгийн хүрсэн зүйл нь дэлхийн хэмжээний инженер болно гэсэн хэсэг байсан. Миний хувьд “Lace up” нэртэй Англи, Хятад хэлний сургалтын төвийг байгуулаад нэг жил болж байгаа. Тиймээс өөрт байгаа нөхцөл боломжоороо дэлхийн хэмжээнд ажиллах хүсэлтэй энэ охиныг дэмжээд Англи хэлний сургалтыг 100 хувь үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг  өгье гэж бодсон юм.

- С.Сумъяагийн хувьд сурахын хажуугаар ажилладаг байгаа. Тэгэхээр танай сургалтанд өөрийнхөө цаг заваар сурч болох уу?

- Манай сургалтын төвийн хувьд бодит чанарыг хүмүүст хүргэхийг зорьдог.  Тэр  ч утгаараа суралцагчид цагаа өөрөө сонгох боломжтой.
Гадаад хэлийг хүн ямар байдлаар сурвал илүү  үр дүнтэй  вэ? Гэсэн судалгааны үндсэн дээр сурах материалаа сонгодог. CD, сурах бичиг гээд бүх зүйлийг нь манайхаас хангадаг болохоор С.Сумъяа өөрийнхөө боломжтой өдөр, цагаа сонгоод хичээллэх боломжтой.

- Хүсэл мөрөөдөлтэй  С.Сумъяагийн хувьд Англи хэлээ үнэгүй заалгана гэдэг бол маш сайхан боломж оюуны  их хөрөнгө оруулалт юм. Тэгэхээр С.Сумъяад болоод  уншигчиддаа  хандаж юу гэж хэлэх вэ?

- Хүн ер нь зорилгынхоо төлөө бодитой зүтгэх хэрэгтэй. Оюутан болоод боловсрол эзэмшчихвэл л офиссын ажилтан болно гэсэн бодолтой залуус бий. С.Сумъяатай ижилхэн хичээж байгаа мундаг оюутнууд ч байгаа. С.Сумъяагийн хувьд нийгэмд үлгэр жишээ үзүүлж олон залууст ухаарал хайрласан байх гэдэгт итгэж байна.  Хүн бүр мэргэжилдээ эзэн нь байж өөрийгөө хөгжүүлж чадвал ажилчны ур чадварт итгэх, иргэдийн итгэл нэмэгдэж нийгэм ч сайн сайхан руу өсөн дэвжинэ, нэг хүнээс нийт эхлэн тэгэхээр залуусыгаа хичээгээрээ л гэж хэлье дээ.


Ийнхүү сэтгэл догдлолтой баярын нулимстай байгаа С.Сумъяатай бид ярилцлаа

С.Сумъяа: Хүмүүс нэгнээ дэмжье, урам хайрлая гэсэн ийм сайхан сэтгэлтэй байдгыг мэдэрлээ

- Сайн байна уу? Чиний ярилцлагыг үзээд маш олон хүн урмын үг хайрлаж, тусламжийн гараа сунгасан . Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

Хөдөлмөрч бүтээлч  маш олон залуус бий. Түүнээс намайг сонгосонд би маш их баяртай байна. Хичээлийнхээ хажуугаар сургалтын төлбөрөө ажиллаж олоод англи хэл суръя гэж бодож байсан. Намайг дэмжиж сургалтын минь төлбөрийг 100 хувь  даана гэдгийг сонсоод маш их баярласан.

- Чиний ярилцлагыг олон хүн уншсан. Хүмүүсийн сэтгэгдэл урмын үгийг уншаад чамд юу бодогдож байв? 

Хүмүүсийн сэтгэгдлийг уншаад би гайхсан л даа. Тэнд хүмүүс яг л миний ойр дотны хүн шиг урам хайрлаж санаа зовнисон байсан. Өөрийгөө би нэг их нээж хүнд ярьдаггүй болохоор намайг ойлгодог хүн цөөн байх гэж бодсон. Гэтэл хүмүүс нэгнээ дэмжье, урам хайрлая гэсэн ийм сайхан сэтгэлтэй байдаг юм байна аа гэдгийг мэдэрсэн.

- Би мэргэжлээрээ дэлхийн хэмжээний инженер болно гэсэн маш зоримог зүйлийг ярьж байсан. Гэтэл хүсэл чинь биелэхэд нэг алхам ойртож  ажлын байрны санал ирсэн шүү дээ?

АНУ-д амьдардаг Г.Батбаатар гэдэг хүнээс мэргэжлийн дагуу дулааны инженер чиглэлээр хамтарч ажиллах санал ирсэн.  Энэ хүн  ирэх жилээс Монголд шинэ технологийг оруулж ирэх хүсэлтэй байгаа юм билээ. Тэгээд намайг судалгаан дээр хамтарч ажиллах урилга өгсөн. Энэ чиглэлээр хийсэн судалгаагаараа дипломоо бичих боломжтой гэсэн. Надад энэ ажил маш сонирхолтой санагдсан.

- Хөдөлмөрч зан чанарыг нь үнэлж, урам хайрлаж мөнгөн тусламж үзүүлсэн хүн байгаа. Энэ хүнд хандаж юу гэж хэлэх вэ?

ООТТ ХХК-ийн захирал Б.Тунгалаг гэдэг хүн надад тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэнд баяртай байгаа. Хүн мөнгийг зүгээр газраас түүгээд авчихдаггүй болохоор тэр хүн хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө л надад өгч байгаа. Тэр хүний итгэлийг алдахгүй мөнгийг нь зөв зүйтэй зүйлд зарцуулж улам их хичээж сайн боловсон хүчин болно гэдгээ л амалмаар байна. Надад урам хайрласан уншигчид мөн миний тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн танай сайтын хамт  олонд туйлийн их талархаж байгаагаа илэрхийлье.

Энгийн зүйл хамгийн агуу байдаг гэдэг. Эгэл даруухан инээмсэглэлтэй, харц зөөлөн энэ охин өөрийгөө ийм их  хүндэтгэл хүлээнэ гэж төсөөлөө ч үгүй гэнэ. Гудамжны буланд нүүрс зарж худалдан авагчдад загнуулахдаа, өвлийн хүйтэнд бээрсэн гараа бүлээн амьсгаагаараа дулаацуулахдаа, шөнийн дараа өдөр болдогт, зовсоны эцэст жаргал байдагт итгэж хөдөлмөрлөсөн энэ жаахан охины чармайлт талаар өнгөрсөнгүй ээ. Түүний амьдарлыг өрөвдөж, гансархсандаа биш түүний хөдөлмөрийг үнэлж цэгнэсэн хүмүүс урам хайрлаж бидэнтэй холбогдсоор. Одоо түүнд тусалсан сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн галаар С.Сумъяа охин дулаацаж улам  илүү амжилт гаргах даль жигүүрээ дэлгэсээр байна. Аяа бусдад сэтгэлийн урам өгч үг хэмээх шидэт рагшаанаар ундаалах нь юутай гайхалтай вэ? С.Сумъяа охинд урам хайрлаж сэтгэлийн дэм өгсөн олон зуун уншигчиддаа талархсанаа илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

"Амьдрал сайхан” булангийн өмнөх дугаарт хүсэл мөрөөдлөөр дүүрэн С.Сумъяа охины ярилцлагыг та бүхэнд дахин хүргэж байна.

"Өнөөдөр би нүүрс зарж байгаа ч ирээдүйд би дэлхийн хэмжээний инженер болно"

Хүмүүний амьдрал газар тэнгэр, гал ус мэт ялгаатай. Үнэтэй машин унаж ганган дэгжин хувцасласан ч гарт нь атгасан мөнгө өөрийг нь дааруулж дэр  нойтон хонодог сэтгэл хоосон нэгэн байхад, хөлөглөх унаагүй, хөлжих хөрөнгөгүй ч мөр дэрлэн инээх хань, мөлхөж ирэн эрхлэх үрээсээ л амьдралын сайхныг мэдэрдэг сэтгэл баян нэгэн бий.  

Аяа... амьдрал хүнийг зовлонгийн ташуураар ташуурдаж,  жаргалын харгуйгаар алхуулах гэж эрээнтэй бараантай байдаг  ч юм болов уу даа. Уншигч танд эгэл жирийн нэгний алдсан, оносон баярласан, гуньсан амьдралын түүхийн багахаан хэсгийг хуваалцаж бодлын тань үзүүрт түрхэн хором тухлан саатахыг зорьдог  “Амьдрал сайхан”  булангынхаа хойморт энэ удаад Монголын ирээдүй  мянга мянган залуусын төлөөлөл болсон нэгэн эрхэм зочиныг урилаа.

Энэ бол Саранчимэгийн Сумъяа.  Жижигхээн биендээ ахадмаар хүнд ачаатай ч , залуу хүний зоримог зангаар хөдөлмөрлөж өөрийгөө хурцалж мэргэжилтэй боловсон хүчин болохын  тулд цаг минутыг  залуурдаж,  тэмцэж яваа Монголын олон мянган үлгэр жишээч залуучуудын нэгэн төлөөлөл. Тэрээр өдгөө ШУТИС-ийн 3-р курст Дулааны инженер мэргэжлээр суралцаж байна. Ингээд түүнтэй ажлынх нь зав чөлөөгөөр ярилцсанаа хүргэе.


- Сайн байна уу? Уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу?

- Намайг С.Сумъяа гэдэг. Би 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Одоо ээж дүү хоёртойгоо амьдардаг. Ээж маань одоо хувиараа ажил хийж байгаа. Харин манай дүү одоо зургаан настай.  

- Гэр нь хаана вэ? Одоо хаана  амьдарч байна ?

- Одоохондоо би тусдаа найзтайгаа хамт сургуульдаа ойр байр хөлсөлж байгаа. Харин ээж дүү хоёр маань долоон буудалд байдаг юм. Ээж маань их хөдөлмөрч хүн л дээ. Хоёр хүүхдүүдийнхээ төлөө цаг наргүй л хөдөлмөрлөж байна. Одоо лангуу түрээсэлж гоо сайхны бараа зарахын хажуугаар долоон буудалд  үйлчилгээний төвд давхар цэвэрлэгч хийж байгаа.

- Яагаад ээж дүүгээсээ тусдаа амьдрах болсон юм бэ?

- Одоо ээж дүү хоёр минь ээжийн  том ахтай цуг амьдардаг.  Тэгээд ээжийн том ах архи уугаад агсан согтуу тавиад  намайг ажилладаг болохоор мөнгө нэхээд хэцүү байдаг юм. Уг нь дөрөвдүгээр станцад ажилладаг байхдаа ажилдаа их гарамгай таван жил дараалан станцын шилдэг ажилтан хүртэл болж байсан. Тэгээд эхнэр нь Солонгос явахын тулд ажлаас нь гаргаад хоёр хүүхдээ харуулаад  Солонгосоос таван жил болоод ирэхдээ хоёр хүүхдээ аваад ахаас салчихсан. Тэгээд л сэтгэл санаагаар унаж архи ууж бидэнтэй амьдрах болсон. Сүүлийн үед нэг архи уудаг эмэгтэйтэй нийлчихсэн бүр л зан нь эвдрээд байна. Ээж хоол унд, түлээ түлшний мөнгө үлдээвэл түүгээр нь архи аваад уучихдаг  юм.  Одоо амьдарч байгаа байшин манай өвөө эмээгийнх ч гэсэн ээжийн дүү нь өөр дээрээ шилжүүлээд авчихсан. Нэг үгээр хэлбэл ээж дүү хоёр маань одоо айлд амьдарч байгаа юм. Тэгээд л би ээждээ тээр болохгүйн тулд өөрийгөө болгоод явъя гэж бодсон ээж ч зөвшөөрсөн.  

- Уучлаарай аавынхаа талаар ярихгүй юу?

- Аавыгаа би сайн мэддэгүй юм. Намайг төрөөгүй байхад хэлс хэрэгт ороод гурван жилээр шоронд явсан юм гэнэ лээ. Харин эргээд ирэхэд нь манай өвөө, эмээ дургүйцээд суулгаагүй юм гэсэн. Би аавыгаа ганц ч удаа хараагүй. Харин дүүгийн минь аав ирдэггүй юм.  

- Ээж, дүү хоёртоо их л санаа зовдог байх.  Ээжийг нь ажилтай үед дүүг нь хэн хардаг вэ?

- Үргэлж сэтгэл зовнилтой байдаг. Дүү минь ихэнхдээ гэртээ ганцаараа  л байдаг. Заримдаа гэрийнхээ ойр хавьд таньдаг айлд үлдээдэг. Ээж, дүүтэйгээ сэтгэл амар  хамт амьдрахын тулд хамгийн түрүүнд өөрийн гэсэн гэр оронтой болохсон доо гэж боддог. Уг нь манай найзын ээж нь Испанид амьдардаг юм. Тэгээд ээж чинь үнэхээр хэцүү байгаа бол онгоцныхоо тийзийг аваад хүрээд ир татаж авъя гэсэн лдээ.  Онгоцных нь тийз 3 сая 800 мянга болохоор ээж явахгүй гээд дургүйцээд байгаа. Уг нь тийшээ ээж дүү хоёроо явуулчихвал сэтгэл амар байх  юм л даа.

- Одоо ШУТИС-д  дулааны инженер мэргэжлээр суралцаж байгаа гэсэн. Энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

- Би Сүхбаатар дүүргийн 35-р сургуулийг төгссөн. Уг нь анх батлан хамгаалахад оръё гэж боддог байсан. Гэтэл ЭЕШ өгөөд ШУТИС-д тэнцээд дулааны инженер мэргэжилтэй болсон. Одоо энэ мэргэжилдээ их дуртай. Ямар ч л байсан бүх боломжоо ашиглаад сургуулиа төгсөхийг нэгдүгээр зорилгоо болгож байна.

Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл