8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Ууганбаяр: МАН хандивын мэдээллийг ил тод болгож, зөв жишиг тогтоолоо

2020-05-28 13:50:13

МАН УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээж, хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлээд байгаа билээ. Сонгуулийн зардлаа хуулийн хүрээнд бүрдүүлэх зорилгоор зарласан хандивын аяныг дэмжиж буй МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн банкны 340102000012 тоот дансанд хандив өргөхдөө регистрийн дугаар, нэр, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ заавал бичих ёстой. Аль нэг мэдээллийг нь бичээгүй тохиолдолд хандив дээрх данс руу шилжихгүй  аж. Хандивын эх үүсвэр гэдэгт цалин, хүүхдийн мөнгө, хадгаламж гэх мэт ямар эх үүсвэрээс өгч байгаагаа бичих юм байна. Холбогдох хуульд заасны дагуу иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэлх сая төгрөгийг хандивлах боломжтой.

Хүчээ нэгтгэх хандивын аяны талаарх мэдээллийг Монгол ардын намын пэйж хуудсаар дамжуулан Live-аар  хүргэж байгаа билээ. Энэ сарын 26-ны байдлаар 2300 гаруй иргэн, 40 орчим хуулийн этгээд буюу байгууллага хандив өргөжээ.Аяны талаарх мэдээллийг хүргэх үеэр улс төр судлаач, доктор Т.Ууганбаяртай ярилцсаныг хүргэж байна.

-МАН сонгуулийнхаа зардлыг бүрдүүлэхийн тулд хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлсэн. Улс төрийн нам, эвсэл гишүүд, дэмжигчдээсээ хандив авах нь хэр зүй зохистой вэ?

-Сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч дэвшүүлж буй  бодлого, мөрийн хөтөлбөрөө сонгогчдод ойлгуулж, таниулахын тулд ямар нэгэн хэлбэрээр сурталчлах, орон нутгийн нэр дэвшигчид тойрогтоо очиж ажиллах гэх зэргээр тодорхой үйл ажиллагаа явуулж, тэр хэрээр зардал гардаг. Тиймээс сонгуульд зарцуулах санхүүжилтийг босгох асуудал бий болдог. Иймд дэлхий нийтийн жишгээр гишүүд, дэмжигчдээсээ хандив авах боломжтой.  Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Дэлхийн зарим улс оронд ямар нэгэн хээл хахуулиас сэргийлэхийн тулд улс төрийн сонгуульд оролцож буй намуудад төрөөс нь санхүүжилт олгодог. Жишээлбэл, Польш улсын хувьд эхлээд нам, эвсэл, нэр дэвшигч нь зардлаа гаргачхаад эргүүлээд түүнийгээ төр засгаасаа авдаг. БНСУ-ын хувьд арай өөр онцлогтой. Зарим тохиолдолд төрөөс сонгуулийн зардлаа авч болдог. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй болон эмэгтэй хүнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд төрөөс санхүүжилт олгодог. Манай улсын хувьд Улс төрийн намын тухай хуулиар авч үзвэл, ийм боломж, бололцоо бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, төрөөс улс төрийн намуудад санхүүжилт олгох зохицуулалт байдаггүй. Тиймээс тухайн нэр дэвшигч, намыг сонговол Монголд өөрчлөлт шинэчлэлт хийж, хөгжил дэвшлийг бий болгоно гэж бодож байвал хандив өргөж, дэмжих нь зүйтэй.

-Улс төрийн намууд гишүүд, дэмжигчдээсээ хандив авч буй тохиолдолд гарч болох ямар нэгэн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Улс төрийн хээл хахуулийн асуудал гарч ирэх эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд улс төрийн намууд санхүүжилтийн эх үүсвэрийг ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлж, холбогдох хуульд энэ талаар тусгасан байдаг. Жишээ нь, БНСУ-ын хувьд Сонгуулийн ерөнхий хороо нь нам, эвслийн нэр дээр данс үүсгэдэг. Гэхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлж, орж, гарч буй мөнгийг ил болгох хууль эрх зүйн орчин бусад улс оронд бий. Харин манай орны хувьд ийм орчин хараахан бүрдээгүй. Ийм тодорхойгүй нөхцөлд улс төрийн ууган хүчин бусад намдаа үлгэр дууриал болж, сонгуулийн хандивын дансыг ил тод нээж, бүх мэдээллийг нь өдөр бүр хүргэж байгаа нь хяналтыг олон нийтийн хэмжээнд аваачиж буй явдал. Мөн данснаас дансанд шилжүүлэх байдлаар хандив авч, санхүүжилтээ бүрдүүлэх нь маш том үлгэр дууриал. Банк бол хараат бус байгууллага тул бүх гүйлгээ нь нарийн хяналтад байдаг. Бусад улс төрийн нам, эвсэл ч гэсэн МАН шиг хандивын дансаа зарлаж, орлогынх нь мэдээллийг олон нийтэд ил тод хүргэвэл Монголын улс төрд зөв жишиг тогтох юм.

-АН сонгуулийн зардлаа бүрдүүлэхийн тулд дэнчин гэдэг байдлаар нэр дэвшигчдээсээ 100 сая ба түүнээс дээштөгрөгийгтатан авсан. Улс төр судлаачийн хувьд энэ тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуульд оролцоход тодорхой хэмжээнд санхүүжилт гардаг тул зардлаа бүрдүүлж буй нэг арга байх. Гэхдээ мэдээлэл нь ил тод биш учраас ард түмэн ихээхэн хардаж байгаа. Дэнчин хэлбэрээр хэчнээн хүнээс хэр хэмжээний мөнгө авсан талаараа зөвхөн сонгогч, олон нийтэд мэдээлэхээс гадна намын гишүүддээ энэ талаараа тайлагнах ёстой. Шилэн байснаар ямар нэгэн эрсдэл, хардлага, сэрдлэгээс сэргийлэх бүрэн боломжтой.

-Улс төрийн намууд ямар нэгэн нэршлийн дор их хэмжээний мөнгө татах аль эсвэл хандив зарлаж, гишүүд, дэмжигчдийнхээ сэтгэлийн дэмээр сонгуулийн зардлаа бүрдүүлэх нь ямар үр дагавартай байдаг вэ?

-Олон улсын практик туршлага бий. 1990-ээд оны үеэс дэлхий нийтэд өөрчлөлт гарсан. Тэр үеэс коммунист, авторитар дэглэмтэй боловч капиталист эдийн засагтай байсан Зүүн Европын орнууд ардчилал руу орж,  шилжилт хийсэн. Энэ үеэс эхэлж улс төрийн намуудад төлөвшил явагдаж, холбогдох хуулиудыг нь гаргаж эхэлсэн байдаг. Тиймээс зарим улс оронд олон нийтээс төдийгүй бизнесийн байгууллагаас хандив авахыг хүлээн зөвшөөрдөг байлаа. Гэтэл энэ нь ихээхэн эрсдэл дагуулсан. Жишээ нь, Польш улсад нэгэн бизнесийн байгууллага их хэмжээний хандив өгснөөр эргээд тэр компанийг монополь болоход дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн тохиолдол бий. Тиймээс Польш улс Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, бүх төрлийн хандивыг хориглосон түүхтэй. Иймд дэлхийн улс орнууд хандивыг олон нийтийн хяналт дор, дээд хязгаарыг нь тогтоох зарчмыг баримталдаг болсон. Тухайн улс төрийн намд их хэмжээгээр мөнгө өгч буй хүмүүст тодорхой хэмжээний ашиг сонирхол байна л гэсэн үг. Ямар зорилгоор өгч байгаа, тэр мөнгө нь хуульд нийцэж байна уу үгүй юу гэх зэргээр олон асуудал гардаг. Тиймээс улс төрийн намууд бусад улс орны туршлага, жишээнээс сургамж авч, сонгуулийн санхүүжилтээ хуулийн хүрээнд, олон нийтийн хяналт дор бүрдүүлэх нь зүйтэй.

С.Юмсүрэн

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shydraga irgen
Handiv heregvi .Jinhen hen billee gedeg ni songyyliar garch irdeg songogchid yalgaadal gargaad irdeg .Mungu ungu heregvi .
2020/05/29 178.209.135.155