Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан гэх хэрэгт сэжиглэгдсэн Л.Гансүх, "Эж Жи Эл Эс Би Ди” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал өчигдөр орой болж шүүх шийдвэрээ гаргалаа. Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, В.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хосбаяр нар оролцов.
Дээд шүүхээс Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргалаа. Б.Мөнгөнтуяад холбогдох Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан шийдвэр гаргасан юм.
Харин Даваахүүд төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, 15 сая 360 мянган төгрөгөөр торгох ял ноогдууллаа ноогдуулж, үүнээс байцаагдан хоригдсон 44 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон торгох ялын хэмжээг 6 сая 912 мянган төгрөг болгон өөрчилсөн шийдвэр гаргалаа.
Ийнхүү дээд шүүх шийдвэрээ гаргаж Л.Гансүх 3.6 жил хоригдохоор болж, харин Б.Мөнгөнтуяа цагаадлаа. Ингэснээр зургаан сар хууль бусаар хоригдсон төлбөрөө төрөөс нэхэмжлэх эрхтэй болж байгаа юм. Тодруулбал, Б.Мөнгөнтуяа 200 хоног хоригдсоны нөхөн олговор 38 сая 400 мянган төгрөг төрөөс нэхэмжлэх боломжтой бөгөөд сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан орлогын хохирол, өмгөөлөгч хөлсөлсний зардлаа нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа юм.
Шүүх хурал дууссаны дараагаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.
-Дөнгөж сая Дээд шүүх шийдвэрээ гаргалаа. Та Ерөнхий шүүгчид гомдол гаргах уу?
-Ер нь бол Ерөнхий шүүгчид гомдол гаргана. Ерөнхий шүүгч гомдолыг үндэслэлтэй гэж үзвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Дээд шүүхийн шийдвэрт би сэтгэл дундуур байна. Монгол Улсад буруу практик тогтож байна. Хүчин төгөлдөр гэрээний үнийн дүнгийн зөрүүгээр иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдыг яллалаа.
-Та энэ хэргийг цагаатгах хэрэгтэй гэж үзэж байсан. Тэр бодол чинь хэвээрээ юу?
-Энэ хэрэг анхнаасаа улс төрийн захиалгатай хэрэг байсан. Энэ Улс төрийн захиалгыг шүүх биелүүллээ гэж үзлээ. Энэ Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэнийхээ төлөө Л.Гансүх гэдэг хүн нэг ч төгрөг хувьдаа аваагүй. Зөвхөн хэрэгжүүлсэний төлөө ял авч байна. Хоёр хуулийн этгээд гэрээний үнээ тохиролцсон байхад хөндлөнгөөс нөлөөлж хүн яллагадаг жишгийг шүүх тогтоож байна.
-Одоо дахин гомдол гаргах боломж байгаа юу?
-30 хоногийн дотор гомдол гаргах боломж байгаа.
-Л.Гансүх шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ тавьсан ч хүлээж авсангүй. Энэ дээр ямар бодолтой байгаа вэ?
-Л. Гансүх биечлэн оролцох хүсэлт тавьсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, ялтан шүүх хуралдаан биечлэн оролцох эрхтэй байдаг. Гэтэл шүүх хуралд оролцуулсангүй. Энэ хэрэг хэзээ нэгэн цагт цагаадна. Тэр үе хүртэл нь явна гэж үзэж байна.