8o
Улаанбаатар хот
mobile menu

Цайгаар анагаагч

2020-07-03 13:21:00

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдаж өөрийн шинэ санаагаа гарааны бизнес болгож, бүр цаашлаад гадаадын зах зээлд гаргахаар зорилт тавин ажиллаж буй  “People Care” компанийн үүсгэн байгуулагч Н.Энхдэлхийтэй цөөн хором ярилцлаа.

-Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зарласан гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаанд амжилттай оролцож хүссэн санхүүжилтээ авч чадсан танд баяр хүргэе. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

 -Энэ төслийн талаар анх Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн сайтнаас мэдээлэл авч, онлайнаар бүртгүүлсэн. Төслийн шалгаруулалт дөрвөн үе шаттай явагдсан бөгөөд 100 гаруй залуусаас эцсийн шатанд 20 залуу шалгарч үлдсэн. Тэдгээрээс арав орчмынх нь гарааны бизнесийг дэмжиж санхүүжилт олгосон. Энэ санхүүжилтийг авч чадсанаар бидний гарааны бизнест маш их дэмжлэг болж чадсан. Дөнгөж гарааны бизнесээ эхлүүлж буй залуус дийлэнх нь  бэлэн мөнгөгүй байдаг. Бидний хувьд 10 сая төгрөгийн санхүүжилт авсан. Хамгийн чухал нь хүүгүй, гурван жилийн хугацаанд сар бүр зээлээ тушаагаад байх боломжтой зэрэг уян хатан нөхцөлтэй учраас залуус бидэнд үр өгөөжтэй төсөл юм.

-Та ямар төрлийн бизнес эрхэлдэг вэ?

-Манайх эрүүл мэндийн бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг. Тэр дотроо эмэгтэйчүүдэд чиглэсэн бүтээгдэхүүн буюу нойргүйдэх өвчтэй, таргалалттай, зүрх судасны өвчтэй хүмүүст зориулсан эрүүл мэндийн цай голлон хийдэг. Ер нь хүмүүс өвдсөн хойноо гэнэт өвдлөө гэх биш урьдчилан сэргийлж, эрүүл амьдралын хэв маягтай байх нь чухал юм. Монголд ургаж байгаа эмийн ургамлаар хүний биед тохирсон 100 хувь байгалийн гаралтай цайг дотооддоо үйлдвэрлэж, савлаж байна. Монголд гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчтэй, 2 хүний нэг нь ходоодны үрэвсэл, шархлаа, хорт хавдар зэргээр өвчилсөн гэсэн судалгаа бий. Бид өдөр тутамдаа байнга мах, сүү түлхүү хэрэглэдэг бол ногоо бага хэрэглэдэг. Хүнд хоол хэрэглэдэг бие махбодид тохирсон эрүүл мэндийн цай хийхээр төлөвлөж, бүтэн жил судалгаа хийсэн. Маш сайн судалгаатай бизнесээ эхлүүлсэн. Гэвч санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байсан учраас тус төсөлд материалаа өгч, хүссэн санхүүжилтээ авч чадсандаа баяртай байгаа.

-Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гаргах анхны санаа хэрхэн гарсан бэ?

-Би төрснийхөө дараа 90 кг хүртэл жин нэмсэн. Жингээ хаяхын тулд эрүүл мэндийн бүтээгдэхүүн судалж эхэлсэн. Судалсны эцэст өөрийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглээд зургаан сарын дараа хүссэн жиндээ очсон. Гэхдээ шууд шидтэй юм шиг бүх зүйл сайхан болохгүй. Би уйгагүй зургаан сарын турш цайгаа ууж, хажуугаар нь дасгал хөдөлгөөн хийх гэх мэтээр турах бүх арга замыг хайсны үр дүнд хүссэн жиндээ хүрсэн. Машин механикаар жигд хөдөлдөг шиг бүх зүйл хамтаараа үр дүнгээ өгдөг.  Өглөө бүр дасгал хөдөлгөөнөө тогтмол хийнэ, цайгаа ууна, эрүүл мэндээ бодож хооллолтондоо анхаарна. Жишээ нь турахын тулд долоо хоногт нэг өдөр мацаг барьдаг байсан. Олон зүйлийг зэрэг хийж үзсэний эцэст турахад хамгийн гол зүйл нь цай юм байна. Нэмэлтээр дагалдах зүйл нь дасгал хөдөлгөөн, өөрийгөө хөгжүүлэх юм байна гэдгийг ойлгосон. Ингээд л эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй юм байна гэж шийдээд ажиллаж эхэлсэн.

-Дөнгөж бизнесээ эхлүүлж буй хүмүүст тэр бүр банкны зээл олддоггүй. Барьцаа хөрөнгөнөөс эхлээд. Танай байгууллага хэдэн ажилтантай вэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдсанаар таниас гадна олон хүний амьдралд ахиц, өөрчлөлт тодорхой хэмжээгээр гарсан байх.

-Манай байгууллага одоогоор таван ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Гурав нь үндсэн, хоёр нь туслах цагийн ажилтнаар ажиллаж байна. Анх ганцаараа л бүх зүйлээ хийдэг байлаа. Түүхий эдээ зөөх, борлуулалтаа хийх, бараа бүтээгдэхүүнээ байршуулах, тооцоогоо хийх гээд бүх ажлаа өөрөө хийдэг байсан. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зарласан уг төсөлд хамрагдсанаар эргэлтийн хөрөнгөтэй болж, бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх боломжтой болсоноор ажилтан нэмж авах боломжтой болсон. Нэг ёсондоо уг төсөлд орсоноор ажлын байр нэмэгдүүлсэн гэж хэлж болно.  Өмнө нь нэг сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ өгдөг байсан бол гурван сүлжээ дэлгүүрт өгч байршуулсанаар борлуулалт нэмэгдэж, шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг нэмэртэй, түлхэцтэй болж байна гэсэн үг л дээ. Мөн шинээр тоног төхөөрөмж авч чадсан.

-Бизнес эрхлэхэд бичиг цаас, бүрдүүлэх материалаас эхлээд бэрхшээл их тулгардаг байх. Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжихийн тулд юун дээр эхлээд анхаарвал зохилтой гэж үздэг вэ?

-Эмэгтэйчүүдийн хувьд ажлын байр гэдэг хамгийн том асуудал байна. Хөөцөлдөх ажил ихтэй. Олон байгууллагын зөвшөөрөл шаардлагатай болдог. Жишээ нь Мэргэжлийн хяналтын байгууллагаар нилээд хэдэн өдөр явна. Бараа бүтээгдэхүүнээ тээвэрлээд түгээх үү, хөөцөлдөх ажилдаа цаг гаргах уу гээд хүндрэл бэрхшээл их. Би гэхэд долоо хоногийн таван өдөр бараагаа тарааж машин барьж явдаг. Тиймээс юун түрүүнд дүүрэг бүрд зөвшөөрөлтэй газар ажлын байр бий болгох хэрэгтэй байна. Сард л гэхэд 500-1.000.0 төгрөгийн түрээс төлж байна. Ер нь бусад бизнес эрхлэгчид ч түрээсэндээ хамаг мөнгөө зарцуулдаг. Мөн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах тал дээр бэрхшээлтэй. Ялангуяа корона гээд ихэнх бизнес эрхлэгчид зогсонги байдалтай байх шиг байна. Надтай хамт бизнесээ эхэлсэн зургаан хүний дөрөв нь үйл ажиллагаагаа явуулахгүй хаасан. Жуулчдад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс нам зогссон байх жишээний. Манайх ч бас эрүүл мэндийн бүтээгдэхүүн учраас зогсолгүй ажиллаад л байна.

-Та ямар мэрэгжилтэй вэ? Эрүүл мэндийн бүтээгдэхүүн хариуцлага өндөртэй, стандарт зэрэг мэргэжлийн зүйл их шаарддаг.

-Миний хувьд бизнесийн удирдлагаар сургууль төгссөн. “Номин”, “Говь” зэрэг бизнес болон худалдааны байгууллагад 15 гаруй жил ажилласан учраас бизнес, бараа бүтээгдэхүүн борлуулах тал дээр нэлээд туршлага хуримтлуулсан гэж боддог. Мөн Япон, Солонгос, Хятад зэрэг улс руу судалгаагаар олон удаа явж, энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг яаж гаргадаг, лабораторийн орчинд юу хийх, хэрхэн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, сав баглаа боодол ямар байдаг, хэнд зориулсан байх зэргийг бүтэн хоёр жил судалсан. Мөн Монголын томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн яаж зарагддаг, манай өрсөлдөгч хэн болох, хүн амын өвчлөлийн судалгааг ч хангалттай хийсэн. Гэнэт л эрүүл мэндийн цай хийнэ гэж шийдээд хийгээгүй.

Япон, Солонгос, Хятадууд цайг хамгийн их хэрэглэдэг. Тэдгээр улсын хүн амын наслалт өндөр байдаг. Гэтэл манай улсын дундаж наслалт 65 байх жишээний. Урт наслалтынх нь нууц ердөө эрүүл мэндийн цайг амьдралынхаа туршид хэрэглэж дадсанд байна. Тиймээс бид ногоон цай, бадамлянхуа, удвал цэцгийн цай гээд арав орчим төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Мөн манайх хөдөө аж ахуйн ургамал судлалын танхимын зөвлөх багштай хамтран ажилладаг. Хоёр гурван доктор багшаас зөвлөгөө авч, судалгаа шинжилгээ хийж байна. Бүтээгдэхүүнийхээ дээжийг лабораториудад шинжилгээнд өгдөг, ирээдүйд өөрсдийн тусгай лабораторитой болохыг зорьж байна.

-Эрүүл мэндийн цай олон янз байна. Бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс танайх юугаараа давуу талтай вэ. Яагаад танай бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх ёстой вэ?

-Манай бүтээгдэхүүний гол онцлог яг байгалийн гаралтай, ургамлаараа, ургамлаа хатааж савладаг 100 хувь органик бүтээгдэхүүн. Жишээ нь манай удвал цэцгийн цайг нойргүйдэл, хоол шингэхгүй байх үед хэрэглэдэг.  

-Цайныхаа түүхий эдээ хаанаас авдаг вэ. Өөрсдийн гэсэн тариалангийн хүлэмжтэй юу?

-Түүхий эдээ түлхүү дотоодоосоо авдаг. Мөн Солонгос болон Хятадын цай үйлдвэрлэлийн хотоос авна. Монголд олдоц тааруу, улирлын чанартай. Шинээр халгай, булцуут цэцгийн цай гаргахаар судалж байна. Өөрсдөө хотоос зайдуу хүлэмжтэй болохыг зорин ажиллаж байна. Удахгүй нэг төсөлд оролцохоор бэлтгэл ажилдаа ороод явж байна.

-Төсөлд хамрагдахад хамгийн гол шалгуур нь юу байдаг вэ?

-Миний туршлагаар маш их хүсэл эрмэлзэлтэй хүн байх ёстой мэт санагдсан. Төсөл бүрд тавигдах шалгуурууд гэж байгаа. Жишээ нь, миний хамрагдсан төсөлд 35-аас доош насны, Хан-Уул дүүргийн харьяалалтай байх, төслөө бүрэн хэмжээнд танилцуулж чадах чадвартай байх, тухайн бизнес нь нийгэмд хэрэгтэй, цааш үргэлжлэх боломжтой байх гэх мэт тодорхой шалгуур үзүүлэлтүүд байсан. Тэдгээр шалгуур үзүүлэлтээ маш сайн шалгадаг юм билээ.

-Мөн эргэн төлөлтөө төлж чадахуйц байх нь хамгийн чухал байх.

-Тийм. Эргэн төлөлт хамгийн чухал. Бид нарын хувьд корона гарахаас өмнө уг төсөлд хамрагдсан. Санхүүжилтээ аваад л 14 хоногийн дараагаас корона яригдаж эхэлсэн. Санхүүжилтээ аваад ажлаа эхлэнгүүт л бэрхшээл их тулгарсан. Тухайлбал, сав, баглаа боодлоо урдаас авдаг байсан бол хил хаачихсан. Сөрөг нөлөө маш их байгаа ч энэ бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ гэдэг л чухал байна. Цаг хугацааны л асуудал, ирэх жил юу болохыг бид  мэдэхгүй. Монголд сав, баглаа боодол хийдэг газар байдаггүй, бүгд л урд хөршөөс оруулж ирдэг. Мөн дэлгүүрүүдийн ажиллах цаг богино болж худалдан авалт буурсан, манай бүтээгдэхүүний борлуулалт ч буурах жишээний.

-Таны ойрын зорилт, таван жилийн дараа таны бизнес ямар хэмжээнд хүрсэн байна гэж төсөөлдөг вэ?

-Ойрын гурван жилээ зураглачихсан байна. Эхний ээлжинд Монголдоо бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхийг зорьж байна. Гуравхан сая хүн амтай Монгол бол бидний хувьд эхний ээлжийн асуудал. Хоёр дахь том зорьсон ажил нь бүтээгдэхүүнээ БНХАУ, БНСУ-ын зах зээлд гаргах юм.  Хэд хэдэн компанитай урьдчилсан байдлаар уулзсан, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлье гэсэн яриа хэлэлцээр хийгдсэн. Хил нээгдэнгүүт ажил болгохоор зорилт тавиад хүлээлтийн байдалтай байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд тантай ижил гарааны бизнесээ эхлүүлэх гээд сайхан санаа байвч зориг, боломж бололцоо нь бүрдэхгүй байгаа эмэгтэйчүүдэд хандан урмын үг хэлээч.

-Эмэгтэйчүүдийн хувьд байгалиас заяасан хүүхэд төрүүлэх организмтай. Тэр ч утгаараа бүх л эмэгтэй төрсний дараа хэсэг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Ер нь өөрийгөө хамгийн түрүүнд хөгжүүлэхийг бодох хэрэгтэй. Ямар ч байдлаар байж болно. Жишээ нь, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв онлайнаар сургалт хийдэг. Мөн танхимаар сургалт явуулж, төслүүдэд хэрхэн оролцох талаар зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Хүн бүрийн тархинд янз янзын санаа байдаг. Тэр санаагаа барьж аваад хэрэгжүүлэхийн төлөө эрэл хайгуул хийх хэрэгтэй. Тухайлбал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хүмүүсийг дэмжиж байна. Ер нь бид нар л сайн мэдэхгүй болохоос янз бүрийн дэмжлэгүүд их байдаг юм билээ. Тэр бүхнийг судалж, хайж, аль байгууллага руу хандвал чиний санааг дэмжихээр байна зэргээр санаагаа уралдуулж, өөрсдийгөө дайчлах хэрэгтэй. Мөнгө байхгүй гэдэг бол нэг талаараа шалтгаан биш болж байгаа юм билээ гол нь санаагаа олоод түүнийхээ төлөө үнэн сэтгэлэээсээ зүтгэвэл болохгүй зүйл байхгүй.  

-Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө байгалийн гаралтай цай үйлдвэрлэж байгаа танд баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсэд томоос том амжилт хүсье.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл