8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудыг шалгахаар болж, бас нэгэн хүн амиа хорлохыг завдсан өдөр

2016-03-25 19:25:00

Эх орныхоо төлөө, ээж аавынхаа, энхрий үрсийнхээ төлөө сайн сайхны төлөө таны хийж чадах зүйлийн нэг бол хөдөлмөрлөх. Өөрийн хүч хөдөлмөрөөр босгож “амилуулсан” амьдрал амттай бөгөөд жаргалтай байдаг. Зовсон ч даагаад гарах сэтгэлийн хат, зоргоороо аашилсан ч саадыг сөрөх биеийн хүчийг гагцхүү ийм амьдрал л хамгийн ихээр мэдрүүлдэг бизээ. Өнгөрч буй долоо хоног монголчуудын хувьд ихийг “мэдэж” авсан өдрүүд байлаа. Бид энэ өдрүүдэд Дэлхийн усны өдөр, цаг уурын өдрийг тэмдэглэж, дауны синдромын талаарх мэдлэгээ дээшлүүлж, Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрөөр энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаарх мэдээлэлтэй болсон гэдэгт найдаж байна. Энх тунх амьдралын хамгийн гол үндэс нь эрүүл байх гэдэг шүү дээ.

Харин өнөөдөр ажлын хамгийн сүүлийн өдөр. Хүн болгон ирэх амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөх талаар бодож төлөвлөж суугаа байх. Миний зүгээс халуун дулаан гэр бүлээрээ салхинд гарахыг санал болгож байна. Учир нь маргааш +12 градусын дулаан байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Ингээд өнөөдрийн “Монголын нэг өдөр” тоймын булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хуудаснаа

Д.Дэмбэрэл: Би спортын 4 төрлийн мастерийн зэрэгтэй, гэхдээ одоо ч гудамжинд багшилсаар явна

Залуу хосууд цэцэрлэгээр зугаалж, хүүхэд хөгшид  гадаа нарлах нь Монгол оронд маань хахир хүйтэн өвөл харьж урь орсныг илтгэнэ. Алтан нар дулаан цацаргаараа ээж, уулын цас нарны илчинд ханзарч, усны шувуу холын газраас  зорин ирж Монгол оронд маань дэлгэр цаг айсуй. Яг л энэ үед хотын гудманд хөл хөдөлгөөн ихэсч худалдаа наймаа дэлгэгдэнэ. Тэдэнтэй зэрэгцэж гудамжны буланд “шилэн хил” тавьчихсан суух хүмүүс хаяа нэг таарна. 1990 оны сүүлээс эхэлж  Нийслэлийн гудамжинд ганц хоёрхоноор үзэгдэж эхэлсэн энэ ажилд одоо олон хүн элсчээ. Товчхондоо бол цаг үе хөгжихийн хэрээр таргалалт явагдаж түүнийг дагаад шинээр гарч ирсэн ажлын байрны нэг гэж ойлгож болохоор. Тэгвэл амьдрахын төлөө өөртөө ажлын байр бий болгосон эдгээр хүмүүст тулгамддаг бэрхшээл юу байна? Тэд юу хэлэхийг хүсч байна?  Дэргэдүүр өнгөрч байгаа арван хүний хэд нь өөрийнхөө жинг үзүүлж байна? гэх зэрэг асуултын хариуг хайж сэтгүүлч миний бие хамгийн их хөл хөдөлгөөнтэй Багшийн дээдийн буудал дээр очлоо. Нар хэвийж үд дунд болох алдад тэнд ойролцоогоор дөрвөн ч хүн хил ажиллуулж байлаа. Хамгийн ахмад настай арав орчим жил хилэн дээр сууж байгаа гэх буурал сахалтай өвөөтэй уулзаж ярилцахыг хүссэн боловч.

-Өө би ярилцлага өгөхгүй ээ. Надад ямар ашигтай юм биш гэж хэлчихээд  шилбэ татан буруу харлаа. Гэтэл дэргэд нь хил ажиллуулж суусан 30 гаран насны залуу “Миний дүү манай энд хамгийн олон жил хил ажиллуулж байгаа улаан хамарт Дэмбээ гэж нэг айхтар өвгөн бий. Насаараа багш явсан юм гэнэлээ. Тэр л чамд их юм ярьж өгнө дөө одоо хоолондоо явчихсан юм шиг байна” гэлээ. Би ч тэнд хоёр орчим цаг хүлээсний эцэст Дэмбээ гуайтай  уулзаж учир зорилгоо хэлэхэд “Аан за өөрийнхөө амьдарлын талаар ярихад гэмгүй. Гудамжны булан бараадсан өвгөн буурал миний саналыг сонсох хүн цөөхөөн” гэж гомдонгуй хэллээ. Дөнгөж саяхан ирсэн Дэмбээ гуай будагны төмөр саваар орлуулсан сандал дээрээ сууж, саарал үүргэвчнээсээ ажлын гол хэрэгсэл болох шилэн хилээ гаргаж, хэдэн төгрөгөөр хиллүүлдэгээ илтгэсэн гар бичмэлийг хилнийхээ дэргэд байрлуулаад бид хоёр яриагаа өрнүүллээ.

- Сайхан хаваржиж байна уу?  Та өөрийгөө уншигчдадаа танилцуулна уу?

- Намайг Дэмбэрэл гэдэг. Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн. Эхээсээ ганцаараа айлын ганц хүү. Ээжийнхээ энгэрт эрхэлж бага насаа ишиг шиг л өнгөрөөсөндөө. Тэгээд Хөвсгөл аймгийн Хатгалд арван жилээ төгсөөд Улаанбаатарт ирж анхны биеийн тамирын дээдийг төгсч байлаа. Дамдин аварга бид хоёр чинь нэг үеийн төгсөгч шүү дээ. Сургуулиа төгсөөд 1965 онд энд эхнэртэйгээ танилцаж байсан юм. Миний хань найман хүүхэд надад төрүүлж өгсөн юм. Одоо бүгд л энх тунх өөр өөрсдийнхөө л амьдарлаар сайхан амьдарч байна... Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.

АТГ алагчлаад байна уу эсвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн эвтэйхэн зохицуулчихаад байна уу

Иргэн та байгууллагынхан мөнгөнөөс орон сууцныхаа урьдчилгаагаа мөнгийг авчихвал яах вэ? Тэгэхдээ бүр төрийн томоохон байгууллагынхаа хөрөнгөнөөсхагас тэрбум гаруй төгрөгийг чимээгүйхэн авчихаад цалингийн нэмэгдэл гэж хэдэн мянган евро халааслачихвал. Мэдээж эхлээд албан тушаалаа ашигласан хэрэгт орно. Харин дараа нь улсын мөнгийг шамшигдуулсан, улсад их хэмжээний хохирол учруулсан, залилан хийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж,  хууль хяналтынхан баривчилж, төд удалгүй шүүхийн танхимд танд ял онооно. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л “Нүүрс” хөтөлбөр нэрээр улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Л.Гансүхийн хэргийг Улсын дээд шүүх шүүж, түүнд 3,6 жилийн ял өглөө. Төрийн байгууллагын мөнгө улсын хөрөнгө гэсэн үг. Улсад их хэмжээний хохирол учирна гэдэг хүнд гэмт хэрэг гэдэг нь эндээс тод харагдана.

Гэтэл саяхан Монгол улсын томоохон үйлдвэр болох “Эрдэнэт”-ийн удирдлагууд булагнаж, өөр өөрсдөдөө хэдэн мянган еврогийн цалингийн нэмэгдэл авч, хэдэн зуун саяар байгууллагынхаа мөнгөнөөс байрныхаа урьдчилгааг захиалсан хэрэг цахимд шуугиан тарьж, “Эрдэнэт үйлдвэрт” ажилладаг энгийн нэгэн ажилчид ч шоконд оров. Учир нь тэд өнөөг хүртэл 13 дахь сарынхаа цалинг авч чадахгүй чардайж байхад удирдлагууд нь байгууллагаасаа цалингийн нэмэгдэл авч тансаг зэрэглэлийн байрны мөнгийг нь өгч сууна. Бүр баримттайгаа. Ноцтой мэдээлэл гарсаны дараах нь Эрдэнэт үйлдвэрийнхэн мэдэгдэл хийж, “байгууллагын нууцад бүдүүлэгээр халдлаа, угаасаа олон жилийн турш өгдөг байсан нэмэгдэл” хэмээн томрох нь тэр.Авлигатай тэмцэх газар ард иргэдийг алагчлаад байна уу эсвэл Эрдэнэт үйлдвэрийнхэн эвтэйхэн гэгч нь зохицуулчихаад байна уу. Учрыг эс ойлгосон иргэд хий дэмий л АТГ-т хандаж, “аавын хаалга” татах хангалттай шалтгаан байгааг тайлбарласаар...

Баримтаас үзэхэд Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа  796.7 сая, Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу 773.7 сая, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Намхайнямбуу 690.7 сая,Худалдаа эрхэлсэн орлогч захирал Х.Өлзий-Орших 771,7 саяар байгууллагаараа байр авахуулжээ. Мөн Санхүүгийн хэлтсийн дарга Батжаргалсайхан 309.9 сая, Санхүү эрхэлсэн орлогч захирал Б.Алтанхуягт 244 сая төгрөгөөр байрны урьдчилгааны мөнгийг байгууллагаасаа гаргажээ. Урьдчилгааг гаргуулсан байхад үлдэгдэл ойлгомжтой биз... Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу

 

Өнөөдрийн онцлох мэдээлэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Мүүн миний хацар дээр гараа тавиад “Гэрэлтсэн хацартай залуу байна” гэсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн идэвхтэй залуус болон нүүр ном, жиргээчдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ УИХ-ын гишүүн Х.Баттулгийн талаар өнөөгийн нийгмийн сэдэв болоод буй МҮҮН-ийн тухай ингэж ярьжээ. Тэрбээр Х.Баттулгын тухай “Төр рүү орох гэж байгаа бол хулгай л битгий хий. Хулгай хийвэл хуулийнхныг зогсоох гэж явахгүй ээ. Ганцхан хулгай л битгий хий. Намайг хуулийн хяналтыг зогсоосонгүй гэж баахан хэлж байна. Би зогсоохгүй ээ. Тэгэж ярьвал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх шүү дээ. Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан. Одоо энэ тухай яриад яах юм бэ. Улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ л хий л дээ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ… Би нэг удаа жиргэж байсан. Улс төр рүү орж байгаа бол та нийтийн эрх ашгийн төлөө явах ёстой. Өөрийн эрх ашгийн төлөө явж байгаа бол түүнээс хол бай гэж.Бид эв нэгдэлтэй байна гээд бие биенийхээ хулгайг хаацайлж сууж болохгүй. Би зөндөө ярилцаж байсан. Надад Тавантолгойг би авъя гэсэн. Энд тодорхой шалгуур тавьж байгаа. Тэрэнд нь Монголын хүссэн компани болгон таардаггүй. Гаднаас орж ирсэн сайн компанийг ч сонгохгүй байна. Өөр яах юм бэ” гэсэн бол МҮҮН-ий тухай “Мүүн гэдэг хүн үхсэн. Монголчууд бид хоорондоо хагаралдах хэрэггүй. Мүүнээр хийсэн нэвтрүүлгийг би үзсэн. Муу юм гэж бодож байгаа бол бушуухан сэтгэлээсээ авч хая. Монголын төр иргэнээ хамгаална. Бид иргэдийнхээ талд зогсоно. Монголчууд өөрсдийн шүтээнтэй, би өөрийн эх оронтой, аав, ээжтэй, шүтээнтэй хүн. Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу. Би Ерөнхийлөгч болоод тэр хүнтэй уулзаагүй. Өмнө нь түүнтэй уулзсан. Та нэг уулзаад өгөөч гэхэд нь уулзаж гар барьсан. Өнөөдөр нэг зураг барьж байгаад хэнийг ч юу ч гэж хэлж болно. Та нар зураг аваад сууж байна. Үүнийгээ эвлүүлээд юу ч гэж хэлж болно биз дээ.  МҮҮН шашин гэдэгт эргэлздэг.... Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.

 

Б.Насанбаярт ХЭҮК шүүх байгууллагаар шийдвэрлүүл гэсэн хариу өгчээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр төрийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр түр түдгэлзээд байгаа билээ. Б.Насанбаяр эрхээ хамгаалуулахаар ХЭҮК-т хандсан байна. Тэгвэл ХЭҮК түүнд хариуг нь өгчээ. Тус газраас Комиссын зүгээс тухайн хүний ажиллагаан дээр  хяналт шалгалт хийж  үзээд өөрт нь хариу өгсөн. Хариултад “Таны гомдлыг хянаж үзлээ. Та энэ хэргээ шүүх байгууллагаар шийдвэрлүүл. Шүүхээс хэлмэгдсэн эсвэл хэргийг цагаатгасан гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд таны хохирлыг барагдуулах бүх арга хэмжээг авах болно” гэсэн байна. Тэрбээр “Намайг иргэн Э.Цэрэндолгор, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжилж нэр хүндэд минь халдаж хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн эрхээ зөрчигдөж байгаа талаар тайлбарласан байсан.

 

Хотын захад чоно хүн рүү дайрсан хэрэг гарлаа

Сүхбаатар дүүргийн 19-р хорооны Шарга морьт зусланд өнөө өглөө хүн рүү чоно дайрчээ. Тодруулбал тус газар явж байсан 30-40 насны хоёр хүнийг чоно барьсан байсан бөгөөд уруулсан хүмүүс ГССҮТ-д хүргэгджээ. Одоогоор тэдний биеийн байдал гайгүй байгаа аж. Хүн хазсан чоныг тэндэхийн иргэд хүрзээр цохин, аюулгүй болгосон байна. Уг чоно тухайн хоёр хүнийг барихаасаа өмнө хоёр үхэр болон хоёр нохойг хазжээ. Тиймээс хазуулсан хоёр нохойг тэр дор нь устгаж, хоёр үхэрт Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийж байгаа аж. Энэхүү хэргийг Сүхбатаар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Өнөө шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ

Нарны энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс 1983, 1985, 2001 онд Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гараг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж байсан. Энэхүү тогтоол нь 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжсэн бөгөөд 1999 онд хүчингүй болж, Засгийн газрын 2001 тогтоолоор дахин зуны цаг тооллыг мөрдөж эхэлсэн байдаг. Гэвч 2005 онд Засгийн газраас уг тогтоолыг дахин хүчингүй болгож байсан юм. Цагийг ингэж урагшлуулснаар байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон  хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог байна. 

Иймээс 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас орон даяар зуны тоололд шилжих шийдвэрийг гаргасан. Энэ жил гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө буюу өнөө шөнө зуны цагийн хуваарьт шилжих юм.Та цагаа 02.00-ээс 03.00 дээр тааруулна. Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цаг урагшлуулснаар ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхыг тогтоолд тусгажээ.

 

Х.Баттулга гишүүнтэй холбоотой нэгэн эрхмийг баривчилжээ

Цагдаа, АТГ-ын хамтарсан Ажлын хэсэг “Шинэ төмөр” замын гэх хэрэг болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хөрөнгийг завшсан, залилан мэхэлж авсан гэх хэргүүдийг шалгаж байгаа. Тэгвэл энэ хэргүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүрээллээс тун ойрын нэгэн эрхмийг Цагдан хорих ангид саатуулсан байна. Ийнхүү эрхэм гишүүний ойрын хүрээлэлээс хоёр ч хүнийг цагдан хорьсон нь энэ эрүүгийн хэргийг хүрээгээ тэлэх боломжийг олголоо гэж хардах хүмүүс байна. Одоогоор энэ талаар хуулийн байгууллагаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.

Өнөөдрийн дуулиан

Сангийн яам “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгахаар боллоо

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үндсэн цалингаасаа гадуур нэмэгдэл цалин, тэтгэлэг, дэмжлэг авдаг тухай баримт цахим хуудаснаа дуулиан тарьсан билээ. Энэ нэмэгдэл цалин, тэтгэлэг, дэмжлэгийг халуунд халж, хүйтэнд хөрч, уурхайн гүнд олборлолт явуулдаг жинхэнэ үйлдвэрлэгчид, ажилчид бус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн багийн хүмүүс авч байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Тухайбал, 2014  оны 12 дугаар сард үйлдвэрийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч  Б.Алтанхуяг 3600 евро, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу 3600 евро, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу 3600 евро, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа 3600 еврогийн нэмэгдэл цалин тус тус авсан байх юм. Үүнээс гадна н.Батжаргалсайхан, Б.Батхуяг, Р.Дэлгэр, Х.Өлзий-Орших, Д.Пүрэвсүрэн, А.Цэрэнсодном, Н.Энхбаатар нарын хүмүүс 1800-2700 еврогийн нэмэгдэл цалин авсан байна. Улсын үйлдвэрийн газраас доллар биш, еврогоор тоологдох нэмэгдэл цалин авдаг энэхүү онцгой эрхтэй хүмүүсээс гадна доорхи нэр бүхий хүмүүс мөн л 2014 онд тэтгэмж тэтгэлэг авсан. Мөн Б.Алтанхуягт 244 сая төгрөгийн  урьдчилгааг 2014.12.30-нд, Батжаргалсайханд 309.9 сая төгрөгийн урьдчилгааг 2014.12.27-нд, Д.Даваасамбууд 773.7 сая төгрөгийг 2014.12.12-нд, Б.Намхайнямбууд 690.7 сая төгрөг 2014.12.26-нд, Х.Өлзий-Оршиход 771,7 сая төгрөг 2014.12.16-нд, С.Сувдаад 796.7 сая төгрөг 2014.12.19-нд тус тус мөнгө шилжүүлсэн байсан. Тэгвэл тэдний энэ тансаглалыг Сангийн яам шалгана гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “Хэвлэл мэдээллээс л энэ тухай мэдээллийг олж харлаа. Үнэн бол их өндөр цалинтай хүмүүс л юм. Хуульд гадаад валютаар цалинжина гэсэн журам байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ эзэмшдэг. Энэ хүрээндээ ажлаа гүйцэтгэдэг. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд төр оролцоод байх нь буруу л байдаг. Гэхдээ энэ цацагдаад байгаа мэдээллийн хүрээнд “Эрдэнэт”-ийг шалгах, нягтлах шаардлага үүслээ л гэж харж байна” гэсэн байна.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр хуралджээ. ҮЭ-ийн Холбооноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаанд доорхи шаардлагыг хүргүүлэхээр тогтоол гаргасан байна. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2016 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 3.4, 3.16-р заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 115.1-ийг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаанд доорхи шаардлагыг тавьжээ.

Үүнд: 1. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтнуудад 2015 оны жилийн ажлын үр дүнгийн урамшуулал /13 дахь сарын цалин/-г олгох

2. 2014 оны 9-р сараас хойш 3 удаа ҮЭ-ийн Холбооноос тавьсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтнуудын үндсэн ба тарифт цалинг 25 хувиар нэмэгдүүлэх саналыг шийдвэрлэх.

3. Компанийн удирдлагуудын урамшуулал, ахуй хангамжийн тухай цахим сүлжээгээр гарч байгаа мэдээллийн талаар нийт ажилтнуудад албан ёсны тайлбар өгөхийг тус тус шаардаж байна.

4. Дээрхи шаардлагыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаанд хүргэхийг ҮЭ-ийн Холбооны дарга Н.Батбаатарт даалгасугай.

5. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэх талаар анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга, тэргүүлэгчид, ҮЭ-ийн бүлгийн зохион байгуулагчид, ҮЭ-ийн нийт гишүүд нэгдмэл зохион байгуулалттай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг уриалсугай" гэсэн тогтоол гаргажээ.

 

Бас нэгэн иргэн амиа хорлохыг завдлаа

Өнөө өглөө бас нэгэн иргэн мөн л амиа хорлохыг завдлаа. Тодруулбал, өнөө өглөө 06:40 цагийн үед Барс захын урд байрлах 12 давхар байрны тагтнаас тухайн иргэх үсрэхийг завджээ. Энэ үед мөн л Онцгой байдлын аврагчид алтан амийг нь аварсан байна.

 

 

Өнөөдрийн зарим үйл явдлын хураангуй

- Манай улсад 6000 орчим стандарт байдгаас 300 нь уул уурхайн салбарынх

- УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан гуравдугаар сарын 29-нөөс эхэлнэ

-  АSЕМ-ийн зочдод "PRIUS 30"-аар үйлчилнэ

- Зөвшөөрөлгүй зөрчилтэй барилгын тоо 50.6 хувиар буурчээ

- Оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга улсын аваргад гурав түрүүлэв

- Компанийн засаглал

- Фолкер Баллвег: Монголын театр маш бага санхүүжилтээр ажилладаг юм байна

- Гранпри: Г.Болдбаатар, А.Цолмон нар гоц мөргөлөө

- Худалдаа, хөгжлийн банк гамшгийн дуут дохионд ажилтнуудаа хамрууллаа

 

Анхаарал татахуйц

Шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр буурах боломжтой гэлээ

Улаанбаатар хот орчимд шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр буурах боломжтой хэмээн ШӨХТГ-аас мэдэгдлээ. Шатахуун түгээх станцуудаар худалдаалж буй А80, АИ92 автобензин, Дизель түлшний одоогийн үнэ дараах байдлаар тус тус буурах боломжтой гэж ШӨХТГ-ын байцаагч нар тооцсон  байна. Тодруулбал А80 автобензин 50 төгрөгөөр хямдарч1470 төгрөгөөс 1420 төгрөг, АИ92 автобензин 100 төгрөг хямдарч 1580 төгрөгөөс 1480 төгрөг, Дизель түлш 100 төгрөгөөр хямдарч 1690 төгрөгөөс 1590 төгрөг болж буурахад импортлогч компаниудад ямар ч алдагдалгүй тус газрынхан тооцсон байна. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханш урьд өмнөхөөс 53-61.5 хувиар буураад байгаа аж.

Малайзын Ерөнхий сайд асан Мо Мунши манай улсад орогнож байжээ

Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжлагдаж байсан Малайзын ерөнхий сайд асан  Мо Мунши манай улсад орогнож байсныг илрүүлжээ. Монголын нүүрсний орд, Гоби Коул энд Энержи компаниар дамжуулан хөрөнгө босгож, дуулиан тарьчихаад өдгөө Улаанбаатарт чимээгүйхэн сууж байгаа Мо Мунши гэж хэн бэ гэдэг асуулт  анхаарал татаж байна.

 

Та амралтаа ая тухай өнгөрүүлээрэй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Mongoliin min ganz tom uildber Erdenet yu bolod baina be yaasan zadarsan heden darga nar be ted yu hiisen gej heden terbumaar ni ulsiin mungiig abna be ene uildber chi heden humii hubiin uildber bolson yumuu bas mongold 1800-3600 euronii tsalin baidag
2016/03/25 103.17.108.42
zochin
Mongoliin min ganz tom uildber Erdenet yu bolod baina be yaasan zadarsan heden darga nar be ted yu hiisen gej heden terbumaar ni ulsiin mungiig abna be ene uildber chi heden humii hubiin uildber bolson yumuu bas mongold 1800-3600 euronii tsalin baidag
2016/03/25 103.17.108.42
zochin
Mongoliin min ganz tom uildber Erdenet yu bolod baina be yaasan zadarsan heden darga nar be ted yu hiisen gej heden terbumaar ni ulsiin mungiig abna be ene uildber chi heden humii hubiin uildber bolson yumuu bas mongold 1800-3600 euronii tsalin baidag
2016/03/25 103.17.108.42
zochin
Mongoliin min ganz tom uildber Erdenet yu bolod baina be yaasan zadarsan heden darga nar be ted yu hiisen gej heden terbumaar ni ulsiin mungiig abna be ene uildber chi heden humii hubiin uildber bolson yumuu bas mongold 1800-3600 euronii tsalin baidag
2016/03/25 103.17.108.42
zochin
Mongoliin min ganz tom uildber Erdenet yu bolod baina be yaasan zadarsan heden darga nar be ted yu hiisen gej heden terbumaar ni ulsiin mungiig abna be ene uildber chi heden humii hubiin uildber bolson yumuu bas mongold 1800-3600 euronii tsalin baidag
2016/03/25 103.17.108.42