8o
Улаанбаатар хот
mobile menu

Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж

2020-09-09 16:46:58

Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг.

Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, бөөлжих, суулгах, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэнэ.

Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

  • Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг дэмжих. Амин дэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах хэрэгтэй.
  • Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга нь томуугийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдах. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдсанаар халдварт өртөх, хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой.
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах. Өглөө, оройдоо сэрүүсч буй энэ улиралд нимгэн малгай, ороолт, бээлий хэрэглэх, мөн амны хаалт тогтмол зүүх хэрэгтэй.
  • Гараа тогтмол савандаж, сайтар угаах.
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд хоёр цаг тутамд цэвэр агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөрт хоёроос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.
  • Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх.
  • Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment