Parkour бол төрөл бүрийн саад, хаалтыг өөрийн мэдрэмж, хурд хүч, тэнцвэр болоод авхаалж самбаа чадварын тусламжтайгаар даван гарч төрөл бүрийн хэлбэртэй гадаргуунууд дээр дамжин шилжиж, жирийн хүмүүсийн хувьд хэзээ ч байж боломгүй мэт тэр л нарийн төвөгтэй газруудад өөрийн замыг олон хурдлах маш сонирхолтой спортын нэгэн төрөл билээ. Le Parkour” гэдэг нь l'art du déplacement буюу “Хөдөлгөөний урлаг” гэсэн утгатай Франц үг аж.
Монголд ACTION CREW, BGN TRACEURS, UNKNOWN CREW гэх мэт хэд хэдэн PARKOUR & FREERUNNING crew байдаг. Энэ удаа Parkour&Freerunning төрлөөр хичээллэдэг 15-19 насны U’NAIDED crew-ийг танилцуулж байна. Багийн ахлагч Б.Жамьяандоржтой ярилцлаа.
- Сайн байна уу ? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Багийнхаа талаар товчхон танилцуулна уу?
- Сайн байна уу? Бид 2013 оноос эхлэн Parkour, Freerunning төрлөөр хичээллэж эхэлсэн. Байгуулагдаад удаагүй байгаа ч 12 гишүүнтэйгээр бэлтгэлээ хийж, Parkour Freerunning-аа хүмүүст танилцуулсаар байна. Хүмүүс ийм спорт байдаг гэдгийг таниулах нь бидний зорилго ч дэлхий дахинд танигдах нь хамгийн том зорилт юм. Анх энэ спортын талаар найзаасаа сонсож мэдэж авч байсан. Youtube-ээс анх бичлэг үзэж энэ спортын талаар илүү сайн мэдэж авч сонирхож орсон.
- Анх хичээллэж байхад хэцүү зүйл гарч байсан уу? Тэр бүгдийг яаж даван туулдаг вэ?
- Анх хичээллэж байхад хэцүү зүйл гарч байсан. Гэхдээ үүнийг яагаад эхэлсэнээ сайн боддог. Энэ спортыг ийм аюултайг нь мэдсээр байж эхэлсэн болохоор зорьсон зорилгодоо хүрэхийг эрмэлздэг.
- Гэр бүл нь хэр хүлээж авдаг вэ? Дэмжиж тусалдаг уу?
- Анх манай гэр бүлийнхэн боль, гар хөлөө хугална гэж хэлдэг байсан ч удаан хугацааны турш шантрахгүй хийсэн болохоор эцэг, эх маань ойлгодог болсон. 100 хувь дэмждэггүй ч гэсэн хүлээн зөвшөөрсөн.
- Ихэвчлэн эрэгтэй хүмүүс хичээллэдэг юм шиг санагдсан? Эмэгтэй хүмүүс хэр их хичээллэдэг юм бол ?
- Монголд цөөн эмэгтэй Parkour хийдэг. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн хичээллэдэг. Монгол эхлээд уриалж сонирхуулж үзнэ.
- Монголд Parkour –ийн заал хэр хүртээмжтэй байдаг юм бол?
- Зориулалтийн заал бараг байдаггүй. Бид “Спорт Цогцолбор” гээд гимнастикийн зааланд бэлтгэлээ хийдэг. Орой зургаан цагаас найм хүртэл хийдэг. Бид зориулалтын заалтай болохыг хүсдэг. Бас хүмүүс энэ спортыг зөвөөр ойлгож хүлээж аваасай гэж боддог.
- Хүмүүс та нарыг хэр нааштай хүлээж авдаг вэ?
- Ойлгох нь нэг нь ойлгоно. Зарим ойлгохгүй хүмүүс хөөж туугаад янз янз л ханддаг. Гэхдээ ихэнхи хүмүүс амаа ангайгаад зогчихдог. Энэ ямар спорт вэ? хаана байдаг вэ? гээд асуудаг. Саяханаас бид өөрсдийн гэсэн сургалтаа явуулж эхлээд байна. Хүүхдүүд их ирдэг. Тэд сурахын төлөө их хичээж байгаа.
- Аливаа зүйлд сул болон давуу тал гэж байдаг. Parkour гэх спортын сул болон давуу тал нь юу юм бол?
- Parkourt давуу тал их бий. Жишээлбэл бие бялдарын хувьд өв тэгш хөгжинө. Ямар нэг саадыг амархан даван туулч чаддаг болно. Харилцааны хувьд нээлттэй болно. Parkourт сул тал гэвэл гуталгүй болно. Гутал бол бидний ганц нөхөр юмуудаа. Сэтгүүлч хүнд үзэг дэвтэр хэрэгтэй байдаг бол бидэнд гутал маш чухал байдаг.
- Тэмцээн уралдаан хэр их болдог вэ?
- Өнгөрсөн зун “Summer Jam”гээд монголын хамгийн анхны паркур цуглаан мөн тэмцээн зохион байгуулагдсан. Мөн өнгөрсөн 10 дугаар сард Монголын паркурын УАШТ болсон. Манай багын Б.Цогбаяр түрүүлсэн.
- Бэлтгэлээ долоо хоногт хэд хийдэг вэ?
- Бид бэлтгэлээ мягмар, пүрэв, бямба гаригуудад Спорт цогцолборт оройн цагаар хийдэг. Хичээлээ тараад зааландаа ирээд бэлтгэлээ хийнэ дээ. Зааланд бэлтгэлгүй өдрөө гадаа хийдэг.
- Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
- Цаашид паркур гэсэн спортыг монголд улам илүү их хөгжүүлж дэлхийн давцанд нэрээ дуурсгахыг хүсч байна. Ингэхийн тулд зориулалтын заалтай болохыг юуны түрүүнд хүсч байна. Энүүхэндээ хийгээд байхгүйгээр дэлхийд өрсөлдөх хүсэлтэй байна. Бид нар чаднаа зорьсондоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна.
За ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.