Үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж бүх л аав ээж хүсдэг. Хүүхэд бүрийг амжилтад хүргэдэг хүн бүхэнд үйлчлэх бэлэн жор байхгүй ч зарим нэг судалгааны дүнд амжилтад хүрдэг хүүхдийн аав ээжид ажиглагддаг зарим нийтлэг шинж тодорхой болж ирж байна. Эдгээрт
• Хүүхэддээ итгэл хүлээлгэдэг
• Өөрсдөө нийгэмд зохих хэмжээний статустай
• Өндөр боловсролтой
• Харьцангуй багаас нь үсэг тоо зааж эхэлсэн
• 3 нас хүртэл нь хайр энхрийлэл дүүрэн өсгөсөн(орлого, боловсролын түвшнээс үл хамааран амжилтад хүрэх магадлал нэмэгдэнэ)
• Хүүхдийнхээ хажууд стресстэй бухимдалтай байхаас зайлсхийж чадаг зэрэг шинжүүд багтаж байна.
Түүнээс гадна хүүхдийн амжилтад “хөгжих сэтгэлгээ”-тэй болж хүмүүжих эсэх нь их нөлөөлдөг, ийм сэтгэлгээтэй болох нь аав ээж хүүхдээ юу гэж магтаж байгаагаас их хамаардаг аж.
“Хөгжих сэтгэлгээ” гэж юу вэ?
Амжилтад хүрэхэд юу чухал гэж боддог эсэх нь хүүхдийн дадал зуршилд нөлөөлнө.
Станфорд их сургуулийн сэтгэлзүйч К.Двек олон жил хийсэн судалгааныхаа дүнд хүүхдүүд болон томчууд ч ялгаагүй амжилтыг хоёр өөр хандлагаар авч үздэгийг олж мэдсэн байдаг.
- Эхнийх нь “тогтмол сэтгэлгээ”.
• Хүний характер, ой ухаан, бүтээлч чадварыг хүнд угаас заяасан өгөгдөл, амжилт нь эдгээр өгөгдлөөс үүдэн гардаг, хэр ухаантай, ур чадвартай эсэхийг батлан харуулдаг зүйл гэж үзэх хандлага.
• “Хөгжих сэтгэлгээ” нь эсрэгээрээ амжилтыг хүчин зүтгэл талаас харна. Бүтэлгүйтэх юм бол ухаан муутай, ур чадваргүйгийнх биш харин хөгжих, угаас байсан чадвараа улам туршлагажиж сайжруулах боломж гэж хүлээж авна.
• Гол нь аль талд нь сэтгэлгээ төлөвшихөөс хамаараад ямар нэг хэцүү сорилт тулгарахад өөрийн авьяас чадвараа хөгжүүлэхээр хүчин зүтгэл гаргах эсэхэд нөлөөлж, энэ нь эцсийн дүндээ амжилтад хүрэхэд нөлөөлнө.
Хөгжих сэтгэлгээтэй болгохын тулд?
Шалгалтад онц авсан хүүхдийг толгой сайтай гэж магтах уу, их сайн хичээсэн байна гэж магтах уу?
Эндээс л ялгаа гарч эхэлнэ.
Двек багш нэг туршилтаар хүүхдүүдээс шалгалт авч “хөгжих” ба “тогтмол” хандлагатай хоёр бүлэгт хуваагаад эвлүүлдэг тоглоом тоглуулжээ. Хүүхдүүд тоглоомоо өөрсдөө сонгоно. Ингээд харахад “тогтмол” бүлгийнхэн сайн тогловол өөрсдийнх нь ухаантайг баталж өгөх тул илүү амархан тоглоом сонгож тоглож байсан бол хөгжих сэтгэлгээтэй хүүхдүүд суралцах боломж гэж харж илүү хэцүү тоглоомоор тоглосон ялгаа гарчээ.
Хүүхдээ ухаантайгаа батлахын төлөө биш хөгжихийн төлөө суралцдаг болгохын тулд миний хүү, миний охин толгой сайтай, ухаантай биш сайн хичээсэн байна шүү, их сайн бэлдсэн байна гэх мэт хүчин зүтгэл талаас нь магтаж урамшуулж байгаарай.