8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Цэвээндаш:  Эверест бол өөр ертөнц

2016-03-31 15:06:00

Уулын спортын олон улсын хэмжээнийн мастер, Дархан-Уул аймгийн, ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны менежер, хошууч Б.Цэвээндаш нь өнгөрсөн жилийн тавдугаар сарын 19-ны өдөр “Хөх Тэнгэр” багийн гишүүн ОУХМ Л.Баярсайхан, Ц.Цогцолмаа нарын хамт Балбын талаас Эверестийн 8848м оргилд амжилттай авирсан билээ.

Түүнийг энэхүү авиралтаа хийхийн өмнөх нь буюу дөрөвдүгээр сард нь Түвдэд газар хөдөлж Хятадын засгийн газраас авиралтыг зогсоосон юм. Тэгвэл тэрбээр энэ жил дахин Эверестийн зорих гэж байна. Ингэхдээ Эверестийн хойд талаас авирахаар ирэх дөрөвдүгээр сарын долооны өдөр аян замдаа мордох гэж байна.

Та одоогийн авиралтаа хэнтэй хамт хийхээр болсон бэ?

Энэ удаа би ганцаараа гарах байна. Очоод олон улсын багтай нийлээд авирна. Ууланд Монгол хүнтэйгээ авирвал надад хэрэгтэй ч Гүррагчаа энэ удаад хамт авирч чадахгүй гэсэн болохоор ганцаараа явахаар шийдээд байна. Учир нь би 2012 онд анх удаа Эверестэд Непалийн талаас авирч байхдаа “Хөх Тэнгэр” гэх МУГТ ОУХМ Т.Гүррагчаа ОУХМ Л.Баярсайхан, Ц.Цогцолмаа гээд их туршлагатай хүмүүстэй авирсан юм. Энэ нь маш том туршлага болж өгсөн.

Эверестэд хавар намрын улиралд авирахад тохиромжтой гэж хүмүүс их ярьдаг. Таны хувьд аль нь илүү байдаг вэ?

Уулыг энэ амархан, тэр нь хэцүү гэж хэлэхэд хэцүү. Намхан уул ч авиралт хийхэд хэцүү байдаг. Эверестэд жилийн хоёр үед авиралт хийхэд тохиромжтой байдаг. Хавар, намар. Миний энэ удаагийн авиралт хаврын авиралт. Мөн Эверестэд хоёр талаас нь л авирт хийдэг. Өмнө талаас нь, хойд талаас нь. Би 2012 оны тавдугаар сарын 19-ны өдөр “Хөх Тэнгэр” багтайгаа өмнө талаас нь амжилттай авирч Монголын дөрвөн уулчин нэгэн зэрэг гарсан түүхэн амжилт гаргасан байна. Харин энэ удаа хойд талаас нь авиралт хийхээр мордох гэж байна.

Нэг удаа ууланд авирахад хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг вэ?

Хоёр талын тийзний мөнгө, хоол хүнс, хувцас гээд их хэмжээний мөнгө зарцуулдаг.  Нэг хүн ойролцоогоор 25 мянган ам доллар зарцуулдаг. Гэхдээ энэ бол хамгийн хямдхан зардал шүү.

Таны бэлтгэл хангагдсан уу? Анхны авиралтаасаа хойш өөртөө хэр дүгнэлт хийсэн бэ?

Бэлтгэлээ өдөр болгон хийж байгаа. Ер нь  2008 оноос хойш байнгын бэлтгэл сургууллилт хийж байна даа. Өнгөрсөн жил буюу 2015 оны дөрөвдүгээр сард 2 дахь удаа Түвдийн талаас буюу Эверест уулын хойд талаас 6500м өндөрт авирч байхад газар хөдөлж авиралтыг зогсоосон. Тэндээс бэлтгэлээ хэтрүүлсэн байна гэсэн дүгнэлттэй ирсэн. Бас хүн н байнга л суралцаж байдаг юм байна гэдгийг сайн мэдэж авсан.

Анх Эверестэд гарахад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Хүн болгонд зорилго хүсэл мөрөөдөл байдаг. Тэр зорилгодоо хүрэхийн тулд янз бүрийн саад бэрхшээлийг үл тоож түүнийхээ төлөө зүтгэдэг. Миний хувьд  1997 онд Түвдэд ээжтэйгээ явж байхдаа Гималайн ууланд үүрээр нар мандаж байх агшинг, Эверест уулыг анх харж байсан. Тэр үед Эверест үнэхээр сайхан харагдаж, авирч үзэхийг хүсч байлаа. Тэгээд л энэ хүслээ 15 жилийн дараа биелүүлж 2012 онд эх орныхоо “Алтан Соёмбот” далбааг Эверестийн оргил буюу дэлхийн оргилд мандуулсан. Үнэхээр үгээр хэлэмгүй тийм их сэтгэл хөдөлсан. Хүн зорьсон зорилгодоо тэр олон зовлон бэрхшээлийг даван туулаад зорилгодоо хүрнэ гэдэг үгээр хэлэхийн аргагүй таашаал байсан.

Та анх Эверэстийн оргилд гарсныхаа дараа өөртөө ямар зорилго тавьсан бэ?

Хүнд зорилгоо тэр болгон хэлээд байх тийм амар зүйл биш. Яагаад гэвэл уулын спорт бол хамгийн эрсдэлтэй тийм аюултай спорт. Тэр хүний ард нь ээж, аав гэр бүл гээд маш олон хүн байдаг ч цөөхөн хүн л дэмждэг.  Зарим нь бүр хэрэггүй, одоо болно гэж хорьдог. Гэхдээ миний хувьд дэмждэг хүмүүс их бий.  Дэмжиж хамтардаг байгуулагууд ч байдаг.  Тухайлбал “Саусгоби Сэндс” компани бидэнд их дэмжиж тусалдаг.

Эверест уул таныхаар?

Эверест уул бол өөр ертөнц гэж хэлж болно. Учир нь 7900м-с дээшхийг “үхлийн талбар” ч гэж хэлдэг. Хамгийн чухал зүйл бол хүчилтөрөгч. Нэг хүнд 4-6 хүчилтөрөгч хэрэг болдог.  Тэр нь 5кг-ийн жинтэй баллон байдаг. Тэгээд нийтдээ хувцас хоол хүнс багаж хэрэгсэл гээд нийт 25 кг-ийн жинтэй ачаа бараатай авиралт хийдэг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл