МАЛЧНЫ ХОТОНД: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 2018 оны мянгат малчин Амирангийн Гэндэнсүрэн:
Цагаан идээ, үхэр сүргээрээ улсдаа тэргүүлдэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын зүг хөлгийн жолоо заллаа. Хангай нутагт цас их унажээ. Нүд үл гүйцэм өргөн, уудам хөдөө нутагт нам гүм ноёрхоно. Талд дураараа бэлчих хонь, үхэр сүргээс өөр эзэнгүй мэт...
Хязгааргүй үргэлжлэх цагаан цасан дундаас сүндэрлэн харагдах өндөр уулсаар энэ нутгийн мал сүрэг бэлчээрлэн амьдардаг. Хангай нутагт амьдрахад зохицсон мал нь сарлаг юм. Өндөр-Улаан сум 2018 онд 6000 гаруй үхэр тоолуулж улсдаа тэргүүлсэн нь байгалийн зүй тогтол, цаг уурын нөхцөлтэй салшгүй холбоотой. Байгалиас гадна малчин хүний нөр их хүч хөдөлмөр үгүй бол мал, сүргийн тоо яахан өсөх билээ. Тиймээс энэ удаагийн дугаартаа сарлаг сүргээрээ тэргүүлэгч Арын сайхан хангай нутгийн Өндөр-Улаан сумын малчин ахуйг архивлан үлдээхийг зорилоо.
Өндөр-Улаан сум нь аймгийн төвөөсөө 120 гаруй километр, Хангайн нурууны салбар олон уултай, Чулуут, Хануй, тэдгээрийн цутгал олон голтой, үзэсгэлэнт байгальтай. Тус сум нь хуучнаар Сэцэн Чин вангийн хошуу, Шива Ширээт хутагтын шавийн аймаг байсан бөгөөд 1931 онд жижигхэн мөртлөө үзэсгэлэнтэй, нүдэнд дулаахан уулынхаа нэрээр Өндөр-Улаан гэж нэрлэсэн түүхтэй ажээ.
Сумын төвөөсөө 60 гаруй километрт Азарга багийн Шаргачны эх хэмээх нутагт бага балчраасаа бэлчээр сэлгэн нүүдэллэж ирсэн 2018 оны сумын мянгат малчин Амирангийн Гэндэнсүрэн гуайнд үд хэвийхэд очлоо. Монгол зочломтгой ёсоор цай унд бололцон, амар мэндээ мэдэлцсээр нар жаргахаас урьтаж үхэр сүргийн зураг буулгахаар Олон цохиот гэх хөндий рүү хөдлөв.
“Өмнө нь цаг сайхан байхад өвөл үхрээ сааж хотлуулдаг байлаа. Байгаль цаг уур өөрчлөгдөн, малын сүүний гарц муудаж, хавар онд орох нь хэцүү болсон тул өвөл үхрээ саахаа больж, хяраар бэлчээрлүүлдэг болсон. Хэдэн жилийн өмнө тугалаа ялгаж, хоньтойгоо хамт хариулдаг байлаа. Гэтэл хавар тэжээсний хэрэг гарахгүй унаад байхаар нь эхтэй нь цуг явуулж байна даа. Эхтэйгээ хамт уул, хяраар явахаар илүү өлчир болж онд ордог. Манайх Олон цохиотод олон жил өвөлжиж байна. Үр шимээ өгдөг сайхан газар. Өвөл ийм их цас унасан байхад хүртэл цасаа давсан өвстэй байгаа биз” гэсээр Гэндэнсүрэн гуай нутаг орныхоо сайхныг бишрэн, сарлаг үхрийн үр шимийн талаар ярилцсаар цааш явлаа. Тус нутагт цас их орсон учраас Олон цохиотын доод аманд машинаа үлдээн алхав.
Олон жижиг цохиотой учраас ийн нэрийджээ.
“Энэ хэсгийн модонд бараг бүх төрлийн уулын жимс ургадаг, ер нь уулархаг газар, модны хаяа болон модон дотор өвс элбэг. Хангай газрын мал угаасаа уул, хадаа бараадаж бэлчээрлэдэг. Ялангуяа сарлаг, ямаа. Тал үхэр маань цаад цохио руу явчихжээ. Хонио эргүүлэхдээ үхрээ нэг ажиглачихдаг юм” гэсээр бага наснаасаа мал маллах болсон түүхээ хуваалцлаа.
Тэрээр тавдугаар ангиасаа сургууль завсардаж мал аж ахуйг сонгожээ. “Би 1983 оноос мал маллаж эхэлсэн. Цэргийн албыг хоёр жил хаан, халагдаж ирээд нэгдлийн төлөг гурван жил малласан. 1992 оноос мал хувьчлахад хувийн малтай болж, сум орон нутагтаа амьдарч эхэлсэн дээ. Туслах малчин ч хийж л явлаа. Би тээр доохоно байгаа “Толгойн шил” гэдэг газар төрсөн юм. Төрсөн цагаасаа энэ нутаг усандаа ажиллаж, амьдарсаар өдийг хүрлээ. Манай энэ хэсэг хойшоо харсан гурван гол гэж дээр үеэсээ цас их ордог сайхан газар байсан. Мал их өснө. Тэр гол явсаар Чулуут гол руу цутгадаг. Өвөг эцгийн минь нутагладаг байсан Шаргачны адаг мөн ч сайхан байгальтай даа” хэмээн алсыг ширтэнэ.
Шагай давах шахсан их цасан дунд Монгол гуталтай алхах хүндрэлтэй байлаа. Гэсэн хэдий ч нар жаргахтай зэрэгцэн Олон цохиотын наахна бэлчээрлэх хэдэн сарлагийн зургийг дарж амжсан юм.
Хүйтэн өвлийн үдшийн жавар тачигнахаас урьтаж малчны хотонд ирж, яриагаа үргэлжлүүллээ. А.Гэндэнсүрэн гуай гэр бүлийн хүнтэйгээ 30 гаруй жил ханилж, дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ. Хоёр хүү нь эцэг, эхээ даган малчин болсон бол хоёр охин нь хот хүрээг зорисон байна.
Залуу малчдын залгамж халаа муудсан энэ цагт хөвгүүдээ малчин болгоно гэдэг сайн хэрэг шүү хэмээхэд тэрээр “Манайхан угаасаа удам дагасан малчин хүмүүс, хөвгүүд маань өөрсдөө ч малд нүдтэй, дуртай. Хоёулаа цэргээс халагдаж ирээд, малаа маллан, эхнэр хүүхэдтэй болж, өрх тусгаарлалаа. Залуу хүмүүс ер нь мал аж ахуй дагасан нь зөв. Хот руу зүтгээд байх чинь бас сайн зүйл биш л юм байгаа. Малчдын зөвлөгөөн дээр ч энэ талаар их ярьж байна. Залуу малчдыг цалинтай болгох юм ч дуулдсан шүү. Мөн бэлчээрийн даац хэтэрч байна, малын тоо толгойгоос илүү ашиг шимтэй, чанартай малыг чухалчлахыг малчдад зөвлөсөн” гэв.
-Танай нутагт бэлчээрийн даац ямар байна вэ?
-Айл бүр л малаа өсгөхийн төлөө хичээж байна. Хүүхэд нь өрх тусгаарлахад доод тал нь 100 толгой мал тасалж өгдөг. Тэгэхээр бэлчээрийн даац муудалгүй яах вэ. Бэлчээрийн даац хэтэрлээ гээд малын тоогоо багасга гэдгийг миний хувьд сайшаахгүй байгаа. “Малын хөлийн татвар ав, мянгат малчид бэлчээр их талхлалаа, малыг нь багасга, хуучин социализмын үеийнх шиг малтай болго” гэх яриа гарсан байна лээ. “Нөгөө талаасаа өөрсдөө малаа муу маллачихаад сайн малласан хүмүүсээ дарах гэсэн санаачилга” гэж олон түмэн ярих юм. Ер нь муу малтай байна гэдэг малаа муу малласны “хор уршиг” гэдэгтэй би санал нийлдэг. Бэлчээрийн даац муудахад дан ганц малын тоо гэлтгүй олон хүчин зүйл нөлөөлж байна. Зун газрын хөрс хатуурахаар ургамал орой гарч байна. Урьд цаг шиг 3, 4-р сард бороо ордог байсан бол ургамлын гарц сайжирна. Ургамлын гарц сайн бол бэлчээрийн даац хүртээмжтэй байж чадна. Цаанаасаа байгаль, цаг уур хүртэл өөрчлөгдөөд байна. Намайг гэр бүл болж байхад ногоо сайхан ургадаг байлаа. Хүүхдүүд цахилдага дундуур хөл нүцгэн тоглож гүйгээд л... Гэтэл одоо тийм юм алга. Гэхдээ ойрын хэдэн жил манай нутагт сайхан зун боллоо. Бусад аймгуудыг бодвол тариалан эрхлэлтгүй болохоор бэлчээрийн даац арай гайгүй байх. Хангай нутаг сэлүүхэн сайхан нутаг. Фермийн аж ахуй манай нутагт тохирохгүй. Малчдад газар хуваарилна гэж ярих юм. Хэрэв газрыг нь хуваагаад, тусгаарлавал бэлчээрээ булаацалдаж аюул болно.
-2018 оны сумын мянгат малчин болсон юм байна. Мянгат малчнаар тодруулахад ямар шалгуур хангасан байдаг вэ?
-Мянган тоо толгойгоос давуулж байж шалгуур хангасанд тооцдог. Манайх 1110 тоо толгой мал тоолуулсан.
-Мал маллахад хамгийн чухал нь юун дээр анхаарах ёстой талаар залуу малчдад зөвлөгөө өгөөч.
-Малчид бэлчээрээ зөв сонгож нутаглах хэрэгтэй. Нэг дор олуулаа буулгүй, аль болох ийш тийш нүүдэллэж, өвсний сортойг сонгож оторлох нь зүйтэй. Малын тарга, тэвээрэг сайн байвал мал өснө. Зуны цагт ус, бэлчээр сайтай газар нутаглахын зэрэгцээ сэрүүн, ар газар малаа бэлчээх хэрэгтэй. Зуны мал наранд халаад, голын ширэг дагаад өвс сайн идэж өгдөггүй. Намрын цагт мөн гуу жалга, сөл газраар явуулж бай. Намрын шар нарнаас болгоомжлох хэрэгтэй. Өвлийн улиралд бэлчээр сайтай, цас бага унасан, энгэр газар, аль болох цас бага цавчуулах өвстэй газраар нутаглах, модонд хариулвал зохилтой. Манай хангай газарт өвөл модны борог, сул өвсийг идүүлдэг. Бага цас орсон газраараа өвөл модонд өвс сайтай учраас хангай газрынхан мод бараадаж буудаг нь тэр. Цасаар шуурвал мод руугаа орчихно. Харин хавар нөмөр нөөлөг, уул, хадархуу, салхи шуурга үзэхгүй газраар малаа хариулах нь зөв. Хаврын хавсарга салхинд мал их гуйвдаг. Малтай сайн хөөцөлддөг залуус байна аа. Мал дагавал ам тосдоно гэж зүгээр ч нэг хэлээгүй үг шүү.
-Малын зүс мэдэхгүй залуус олширч, мал аж ахуйг хэдэн хөгшид л авч явж байна гэж ярьдаг. Сонин асуулт байж магадгүй л дээ. Гэхдээ ирээдүйд, магадгүй 20-30 жилийн дараа Монголын мал аж ахуй байх болов уу?
-Ажиглахад малаа орхиод хотыг зорих болжээ. Бараг байхгүй болох гэмтэй л байх. Мал дээр сайхан байна. Бүх зүйл бэлэн, махаа худалдаж авахгүй. “Малчин хүн гэдэг малаа дагаад мянган мэргэжилтэй, их дээд сургуульд 5 жил суралцсан хүнээс хамаагүй илүү” гэж хөдөлмөрийн баатар Намхайнямбуу гуай ярьж байсан. Тэр ч үнэн шүү. Малын дэргэд сууж байх хамгийн сайхан. Хонио хариулан дуу аялаад л... Малын дэргэд дуу дуулах хамгийн сайн гэсэн. Даанч би дуу мэдэхгүй, солгой хоолойтой. Дуу дуулахаар мал баясдаг гэж ярьдаг.
-Тийм үү. Малын дэргэд дуу аялах нь байтугай мориор малаа хариулахаа болисон юм биш үү?
-Манай нутагт голдуу мориор малаа хариулдаг. Төмөр хүлгээр малаа хариулахад газар нутаг нь ч зохисгүй. Миний хувьд мотоцикл унах дургүй. Малынхаа дэргэд морьтой давхиж явах сайхан. Угаасаа мал хариулахад тохирсон хэрэгсэл нь морь юм шүү дээ. Намрын цагт мотоциклоор мал хариулвал мал хайлна. Жинхэнэ хайлган цаг чинь намар.
-Мал хувьчлахаас өмнө социалист нийгэмд нэг айлд 50 толгой малаас илүү мал байлгадаггүй байсан талаар та дурдсан. Хэрэв тэр байдал үргэлжилсэн бол өнөөдөр малын тоо ингэж өсөх байсан болов уу. Ер нь хувьчилсан нь зөв алхам байсан уу?
-Социализмын үе шиг малаа тэгж маллавал одоогийн залуус малтайгаа цуг үхнэ. Чадахгүй. Хатуу захиргаадалт дор мал маллаж чадахгүй. Малыг нь малаар төлүүлдэг, төлж чадахгүй нь биеэрээ явж төлдөг тийм үе байсан. Хоёр хурга үхэхэд акт нь олдохгүй бол амины цөөхөн малнаас нь шууд суутгадаг. Тэр байдал үргэлжилсэн бол Монголын мал өнөөгийнх шиг өсөхгүй байсан. Малыг хувьчилсан нь маш зөв шийдвэр.
-Зуд, ган гачигаас гадна малын өвчин гэж аюултай зүйл байна. Хэдийд малаа вакцинжуулдаг вэ. Хотын иргэд тарилгатай малын мах, сүү худалдааллаа гэдэг?
-Малын элдэв хордлого, халдварт өвчин хавар 3-4 сард гарна. Тарилга, вакцин бүгд хугацаатай, хэмжээгээр нь тохируулж хийдэг. Малын туулга гэхэд 14-21 хоног, цусан халдварын тариа хийгээд гурав хоногийн дараа үнээгээ саана гэх зэргээр тодорхой хугацааны дараа малын биеэс гадагшилдаг. Байнга малд тарилга, вакцин хийхгүй. Жилд тогтсон хугацаанд хэдхэн удаа л хийдэг учраас малын мах, сүү, цагаан идээнд эргэлзэх хэрэггүй гэж иргэддээ хэлмээр байна.
Гэндэнсүрэн гуайнх сүсэг бишрэлтэй айл бололтой. Эртний ном судар бүхий бурхан тахил гэрийнх нь хойморт залрах нь амар амгалангийн бэлгэдэл гэлтэй.
Амар амгалангийн бэлгэдэл гэж томъёолсны учир тэртээх их хэлмэгдүүлэлтийн шуурганд түүний өвөг, эцэг өртөж, хэлмэгдсэн 18 мянган ламын нэг. Харамсалтайгаар хорвоог орхисон талаар гэрийн эзэн бидэнд хүүрнэсэн юм. 1922 онд эхэлсэн их хэлмэгдүүлэлт тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан бөгөөд шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байсан. Монгол улсын нийт хүн амын 8-13 хувийг хэлмэгдүүлэн хөнөөж, шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдсэн тухай баримт түүхэнд үлджээ. Хуйгаар нь хомроголон устгах тэр хар шуурганд өртөлгүй ирээдүй хойчдоо өвлөгдөн ирсэн түүний өвөг, эцгийн баринтаг бүхий ном, судар амьгүй ч их зүйлийг өгүүлэх мэт...
Гэрийн эзэн “Эцэг, эхийн маань аль аль талд лам, хуврага хүмүүс байсан юм билээ. Аавын эцэг Гэлэн хүн байсан бол аав бас Тамирын хүрээнд лам байсан гэдэг. Ээжийн аав Гаанжууржав Жаргалантын Асатагийн хүрээний лам байж байгаад их хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж ярьдаг. Монгол эм тан найруулдаг, бариа хийдэг, оточ маарамба хүмүүс байсан. Өвлөж авсан өвөг, эцгийнхээ бурхан тахилыг аятайхан авч явахыг л хичээдэг дээ. Цагаан сар, зулын хорин тавнаар ном, судраа задалж салхи оруулж, гэр орон, хашаа хороогоо тойруулдаг”хэмээн өгүүлсэн юм.
Малчин өрхийн нэг онцлог нь эр, эм гэлтгүй ажлын хүндийг үүрэлцдэг бөгөөд малчин эмэгтэйчүүд малаа маллахын зэрэгцээ цагаан идээ бэлтгэх, үйл урлах, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх гээд тэрхэн биедээ багтахааргүй их ажил амжуулна. Ялангуяа хавар, зуны улирал хамгийн ачаалалтай байдаг талаар А.Гэндэнсүрэн гуайн эхнэр Оросоогийн Алтанцэцэг ярьж байлаа.
Тэрээр эхээс 10-уулаа, доороосоо хоёр дахь охин нь гэнэ. Тухайн үеийн хүүхдүүдийн нэгэн адилаар наймдугаар ангиа дүүргээд илгээлтээр малчин болсон нэгэн.
“Ус, модтойгоо ойр, малын бэлчээр сайтай сайхан нутагтаа өв уламжлан амьдарч байна. Малчдад гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг оролцоо чухал. Аль аль нь хүйтэнд хөрж, халуунд халж ажилладаг. Нэг нь гадаа явахад нөгөөх нь гэр доторх ажлаа эмхлэнэ. Ажлаа хувааж аваад л зохицуулна даа. Малчид хавар, зун л хамгийн их ажилтай байдаг. Хаврын цагт мал төллөхөд хүн цөөтэй айл хэцүү. Хонь, ямаа хурга, ишгээ голно, түүнийг нь авхуулна. Эр, эмээр нь ялгаж, хонинд өдөрт нэг явдаг байсан бол хоёр явна. Хургалсан, хургалаагүйгээр нь ангилахгүй бол хургалах дөхсөн малыг эр мал нь дагуулаад хамаагүй явчихдаг юм. Тиймээс төллөж буй малаа эр, сувиа малаасаа тусад нь хариулдаг. Заримдаа 3-4 тасдаж хариулах үе ч бий. Мал төллөж дуусаад дөрөвдүгээр сарын 15-д гээд ямаагаа самнах том ажил эхэлнэ. Отог, бууцаа малтаж өдөр бүр гаргах гээд хавар ажил ихтэй. Гэхдээ намайг бага байх үеийг яаж гүйцэх вэ. Биднийг багад мал эрт төллөдөг байлаа. Бараг хоёрдугаар сарын 15 гэхэд төллөөд дуусдаг байсан. Шөнө нь ээлжээр эргүүлд гарч төлөө авдаг байсан үе...
Ногоо ургаж, мал тэнхрэхээр сааль сүү гараад ирнэ. Зун хонио саана, хурганыхаа ноосыг авсны дараа хонио тавина даа. Өвөл, намрын улиралд ажил арай гайгүй. Дээр үеийнхтэй ижил үхэр малаа хашиж, сааль авахгүй, үхрийн баас авна гэхгүй амар л байна. Байгаль цаг уураа дагаад мал аж ахуй ч мөн өөрчлөгдөж байна. Зуд ихтэй жил хэцүү. Тэнгэр хангай хямран цас их орохоор хүн, мал хоёулаа хямардаг. Тайван сайхан байвал аль аль нь тайван л байна. Хангай дулаахан бол ажил ч арай гайгүй. Эмэгтэйчүүд бид малаа маллахын хажуугаар дээл, хувцасаа оёж, хатгана гээд ажил ихтэй” гэсээр дөрвөн улирлын дуусашгүй их ажлаа тоймлон өгүүлсэн юм.
Архангайн цагаан идээний амт, чанарын нууц нь юундаа байна гэхэд “Архангай дотроо манай Өндөр-Улаан сум сарлагаараа тэргүүлдэг учраас цагаан идээ нь бүр илүү шүү. Сарлагийн сүү өтгөн учраас тослог ихтэй, малчид нь ч цагаан идээгээ сайн хийдэг” гэж товч бөгөөд тодорхой хариулт өгөн малчид эдийн засгийн талаар ийн ярилаа.
“Нэг үеэ бодоход цагаан идээгээ борлуулдаг болоод байна. Мөн махаа борлуулж, хавар ямаагаа самнаж хэдэн төгрөгтэй залгаж амжиргаагаа болгодог. Махны үнийг малчид нэмнэ гэж огт байхгүй. Хэчнээн олон километр зөөж, тээвэрлэж очоод ченжийн хэлсэн үнээр л өгдөг. Малын түүхий эд ямар ч үнэгүй, бараг хог дээр хаягдаж байна. Хонины арьсыг бүр авахгүй. Малчдын амжиргаагаа залгуулдаг хэдэн юм нь улам л доошоо ороод байх шиг. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац ихэслээ, малын тоогоо багасга гэсэн утга бүхий зүйл их яригдах болж. Малчид бидний амьдралаа залгуулж буй гол зүйл нь мал. Малаа өсгөхгүй гэхээр юугаараа амьдрах вэ, өсгөхөөр бэлчээргүй боллоо гээд...
Бэлчээрийг хуваарилна л гэх юм. Малчид нь бэлчээрээ булаацалдаад аюул болох байх. Мөн малын хөлийн татвар авна гэлээ. Хэрэв тэгвэл малчдын амьдрал улам доройтно. Олсон хэдэн төгрөгөө татвартаа өгчихдөг, малын ашиг шим бага, арьс шир нь үнэгүй байхад яаж татвараа төлөөд, юугаараа амьдрах билээ” гэж малчдад тулгамдаад буй асуудлуудыг онцоллоо.
Тус сум нь ураны ордтой гэх агаад хайгуулын өрөмдлөгийг 2009 оны дөрөвдүгээр сарын 28-нд эхлүүлж, нутгийн иргэдийн тэмцлийн ачаар 2011 онд үйл ажиллагааг нь зогсоож чадсан юм. Энэ талаар түүнээс тодруулахад “Сонгууль болтол ямартай ч зогсоож чадсан юм шиг байна лээ. Сонгуулийн дараагаар яахыг бүү мэд. Хэрэв уран олборлож эхэлбэл энэ нутгийн иргэд газар нутаггүй болно. Тиймээс уран олборлолтыг шууд зогсоох л хэрэгтэй. Мэдлэг, мэргэжилгүй иргэд малгүй болбол хот руу л явна. Хотод очоод ажилгүй иргэдийн тоог л нэмнэ. Малынхаа бэлчээрийг ухуулчихаар хаана очиж малаа маллах билээ дээ. Мал нь ч өөр нутагт идээшиж, зохицохгүй” гэсэн юм.
Малчид тэнгэрийн байдлыг харж байгаль, цаг уураа шинжихийн зэрэгцээ мал маллах аргаа ч өөрчилж байгаа аж. Тухайлбал, гантай жил малаа өглөөд л саадаг байна. “Мөн дэлхийн хэт дулаарал сөрөг үр дагавартай байгаа бөгөөд зарим жил хур ихтэй мөртлөө өвс, ургамал сайн ургахгүй. Голын түвшин багасаж, өвсний гаралт ч буурч байна. Үүнийгээ дагаад мал, идээний чанар ч мууддаг бололтой. Өмнө нь хонь 7 хургалахад зүгээр байсан бол өнөөдөр гурав хургалаад л шүдгүй болсон харагдах юм. Ургамал бага ургаж, элс, шороо голдуу идсэнтэй холбоотой байх гэж таамаглах юм даа” хэмээсээр бидний ярилцлага өндөрлөж, тэнгэрийн аашийг ажиглан, нэмж цас орохоос урьтаж газар хороохоор хөдөллөө.
Сэтгүүлч Л.Булганчимэг