8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Коронавирусийн цар тахал нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн том гамшигт тооцогдож байгаа

2021-09-23 09:32:00

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Ерөнхийлөгчийн НҮБ-ын индрээс хэлсэн үгээс онцлон хүргэж байна.

  • Цар тахал дэлхий нийтийн эрүүл мэндийн төдийгүй эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л талбарт өөрчлөлт авчирч, цаашид хүн төрөлхтний аж амьдрал КОВИД-19-ийн өмнөх болон дараах үе гэж хуваагдах нь тодорхой боллоо. 
  • Цар тахлын үед бид олон зүйлээс сургамж авлаа. Монголчууд бид “Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсэж ирдэг” гэдэг. Энэ нь өвчин зовлон хүнийг арьс өнгө, нас хүйс, баян ядуугаар нь ялгадаггүй гэсэн үг. 
  • Бүс нутагтаа ардчиллын “Баян бүрд” гэж нэрлэгддэг Монгол Улс хөл хорионоос үүдсэн хүний эрхийн асуудлыг анхааралтай ажиглаж байна. 
  • Монгол Улс болон Азийн олон улс орон ийм зөрчилд хүрэлгүйгээр КОВИД-19-ийн хүндрэлтэй үеийг даван туулж байгаа нь хувь бодьгалийн бус харин хамтач дорно дахины соёлын онцлог давуу тал байлаа.
  • КОВИД-19 огцом дэгдсэнээр дэлхий дахины эрүүл мэндийн салбарын хүний нөөц, дэд бүтэц, нийлүүлэлтийн тогтолцоо асар том цохилтод өртөж, вирусийн тархалт ужиграх хэрээр нийгмийн тэгш бус байдлын үнэн дүр төрхийг илчилсэн гэж хэлж болно. 
  • КОВИД-19-ийн вакцины тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 138 улсад 190 сая тун вакцин нийлүүлээд байгаа нь бага, дунд орлоготой орны иргэдэд хүрсэн үнэлж баршгүй дэмжлэг юм.  
  • Монгол Улс өнөөдрийн байдлаар КОВАКС хөтөлбөрөөс гадна бусад улс орны  тусламж дэмжлэг, Засгийн газрын худалдан авалтын үр дүнд хүн амынхаа 65 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадлаа. 
  • Цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засаг, түүний дархлаа, уян хатан байдалд урьдынхаас илүү хүнд сорилт учрууллаа. Цар тахлын улмаас 2020 онд дэлхийн эдийн засаг 4.9 хувиар, олон улсын худалдаа 5.3 хувиар тус тус агшсан ч 2021 онд тодорхой сэргэлт үзүүлэх хандлагатай байна. 
  • 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд монголчууд бид анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласан билээ. Харин 1961 онд НҮБ-д элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг баталгаажуулан, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд энэхүү түүхэн ойг манай ард түмэн үндэсний онцлох үйл явдал хэмээн үзэж, өргөн хүрээнд тэмдэглэж байна. 
  • Таван тивийн улс, үндэстний энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх НҮБ-ыг монголчууд бид туулсан нэгэн жарны маань итгэлт нөхөр, туулах олон жарны маань өмөг түшиг хэмээн хардаг.  
  • Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ гэж монголчууд бид ярьдаг. 
  • Өнгөрсөн жаранд Монгол Улс НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй оролцож ирлээ. Манай улсаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зэвсэг хураах долоо хоног, улс түмэн энх тунх амьдрах эрхийн тухай тунхаглал, цөмийн зэвсэггүй статус, эдийн засгийн хөгжил, байгаль хамгаалах, хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, бичиг үсгийн боловсрол, ардчиллын боловсрол зэрэг 20 шахам асуудлын хүрээнд 90 гаруй тогтоол санаачлан батлуулаад байна.Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж, өнөөг хүртэл энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.  
  • Мөн 2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Монгол Улсын санаачилгаар 2003-2012 оныг "НҮБ-ын бичигтэн болох 10 жил" хэмээн зарласан, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Засгийн газар хоорондын анхны байгууллага болох Олон улсын судалгааны төвийг өөрийн оронд байгуулсан зэргийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. 
  • Бид далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцлог байдал, ашиг сонирхлыг хангахын төлөө урьдын адил тууштай ажиллахын зэрэгцээ Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болохыг зорьж байна. 
  • Мөн эл завшааныг ашиглан Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн интеграцид оновчтой хэлбэрээр оролцох, тухайлбал АПЕК-т нэгдэх, АСЕАН-ын яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтын оролцогч тал болох эрмэлзэлтэй байдгийг цохон дурдахыг хүсч байна. 
  • Коронавирусийн цар тахал нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн том гамшигт тооцогдож байгаа билээ. Хэдийгээр Дэлхийн I дайн өнгөрөөд 103 жил, Дэлхийн II дайн өнгөрөөд 76 жил болсон ч дайны хор хөнөөл өнөө хэр нь бүрэн арилсангүй, цэрэг, зэвсгийн хүчээр шийдвэрлэх гэсэн асуудлууд ч өнөөдөр бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. 
  • Бидний өвөг дээдэс Чингис хааныг олон ард түмнийг эзлэн түрэмгийлсэн догшин хэрцгий хүн байсан мэт туйлширсан ойлголт байдаг. Гэхдээ түүнийг дипломат харилцааг баримтлагч, энхийг эрхэмлэгч, амар амгалан хил хязгаарыг бий болгох гэсэн чинхүү хүсэл эрмэлзлэлтэй нэгэн байсныг дэлхийн түүх болон эрдэмтдийн судалгаа нотолдог.  
  • Түүний энэхүү хүсэл эрмэлзлэл биелэлээ олж Евроазид 200 орчим жил дайн дажингүй амар амгаланг цогцлоосон бөгөөд энэ цаг үеийг дэлхийн эрдэмтэн судлаачид хүн төрөлхтний хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсан “Монголын их амар амгалан” буюу “Пакс Монголика” гэж нэрлэдэг. 
  • Өвөг дээдсийнхээ амар амгаланг эрхэмлэх ёсыг өнөөгийн монголчууд бид ч өвлөн үлдсэн бөгөөд өдгөө Монгол Улс энхийг эрхэмлэгч ардчилсан улс гэдгээрээ олон улсад танигдаад байна. 
  • Бид 1990 онд нэг ч буун дуу гаргалгүй тайван замаар ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж чадсан. Манай улс хөрш орнуудтайгаа газар нутаг, хил хязгаарын маргаан байхгүй. Бидэнд шашны болон үндэстэн, угсаатан хоорондын мөргөлдөөн байхгүй. Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг орон.
  • Ойрын ирээдүйд цар тахал, дархлаажуулалт гол асуудал хэвээр байгаа боловч ирээдүйн хөгжил дэвшил, тогтвортой хөгжлийн асуудлыг бид цалгардуулах учиргүй. 
  • Цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өсч байсан манай улсын эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 2020 онд 4.5 хувиар агшсан. Гэвч дотоодын эдийн засгийг дэмжих шат дараатай арга хэмжээ, эдийн засгийн гадаад таатай орчны нөлөөгөөр манай улсын эдийн засаг сэргэж, 2021-2022 онд  дундажаар 4.5 хувиар өсөх төлөвтэй байна. 
  • Монгол Улс 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг "Цахим Монгол" нэгдсэн платформд оруулж, улмаар төрийн бүх үйлчилгээг цахимжуулж “Дижитал үндэстэн” болохыг зорьж байна. 
  • Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношилох нь хорт үр дагаварыг арилгах гол арга юм.  Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.
  • Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болоод байна. 
  • Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Үүнд агаарын дундаж температур сүүлийн 80 гаруй жилд 2.2 хэмээр өссөн, жилд орох хур тундасны дундаж хэмжээ 7 орчим хувь буурсан нь гол нөлөөг үзүүлжээ. 
  • Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн. Монголчууд бид угаас мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян гэж ярьдаг. Тиймээс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ийм тэнэг ерөнхийлөгч түүхэнд байгаагүй. Худлаа шаадаг еөк байснаас байгаагүй нь дээр. Хаана эдийн засаг сэргээд байгаан? хаана хүмүүсийн орлого нэмэгдээд байгаан? Та нарын идэж уух л нэмэгдэж байгаа
2021/09/23 59.153.113.112