8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Түвшинжаргал: Ээж нь нэг хүүтэйгээ зодуулж, охин нь хойд эцэгтээ хүчиндүүлсэн гэр бүл ч байна

2015-11-25 08:30:00

Хүчирхийллийн эсрэг олон улсын өдөрт зориулав.

Өнөөдөр Хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий нийтээрээ хүчирхийлэлтэй тэмцэн өнгөрүүлдэг.  Хүчирхийллийн улмаас цоожтой хаалганы цаана тарчилж, бие эд эрхтэнээрээ хохирч буй хүмүүсийн талаар ярилцаж, тэдэнд анхаарлаа хандуулдаг өдөр юм. Гэвч манай улсад энэ төрлийн гэмт хэрэгт ганцхан өдөр анхаарах зүйл биш болжээ. Энэ өдөртэй холбогдуулан Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-ын үйлчилгээний менежер Г.Түвшинжаргалтай ярилцлаа.

-Хүчирхийллийн эсрэг олон улсын өдрийг манай улс хэзээнээс эхлэн тэмдэглэж ирсэн бэ. Энэ өдрийг тохиолдуулан ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна?

-Хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдрийн хүрээнд хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянг 11 сарын 25-наас 12 сарын 10-ны хүртэл 16  хоног тэмдэглэхээр зохиож ажлуудаа хийгээд явж байна. Энэхүү өдрийг 1997 оноос хойш жил болгон тогтмол тэмдэглэж ирсэн. Энэ аяны гол зорилго нь 1-т төр засгаас хүний эрхийг хангах, хүчирхийллийг бууруулах, тэмцэх амлалтыг шаардах 2-т Хүмүүсийг хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөөч, хүчирхийллийг тэвчдэг хандлагаасаа татгалзая гэж уриалдаг. Мөн 3-т хүчирхийлэлд өртсөн хүмүүст бодит тусламж үзүүлж, хүрч ажиллах зорилготой аян байгаа юм. Дэлхийн 170  гаруй орон энэ хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий нийтийн энэ жилийн уриа “Гэр бүлийн амар амгалангаас дэлхийн амар тайван руу” гэсэн уриатайгаар дэлхий нийт тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Харин манай улс “Хүчирхийлэлд хүн л цэг тавьж чадна”  гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хүн болгон хүчирхийллийг таслан зогсоодог байх хэрэгтэй. Хүчирхийлэлд өртөж байгаа хүнд туслах хэрэгтэй. Тийм учраас хүчирхийллийг хүн л таслан зогсоож чадна гэсэн уриаг сонгож авсан.

-Хүчирхийллийн эсрэг олон улсын өдрийг тэмдэглэж буй орнуудтай харьцуулахад манай улсын хүчирхийлэл хэр зэрэг их байна вэ?

-Ер нь манай улс бусад дайн тулаантай улс орныг бодоход харьцангуй тайван. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийг өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулаад үзэхэд үнэхээр хэцүүхэн байна. Энэ жил гэхэд хүчирхийллийн улмаас 22 хүн амь насаа алдаж, 949 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 79.8 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг хэлмээр байна. Дэлхий нийтэд тухайн улсад нэг ч гэсэн хүчирхийлэл гарч л байгаа бол хүчирхийлэлтэй орон мөн, үүний улмаас нэг хүн хохирсон бол цаана нь мэдэгдэхгүй хүчирхийлэл явагдаж байна гэж үздэг. Гэр бүлийн хүчирхийлэл бол гэр бүлийн хүрээнд далд, нуугдмал байдаг. Энэ хэргийг илрүүлэх хэрэгтэй, илрүүлэхэд олон нийтийн оролцоо тун чухал. Таны оршин байгаа газарт хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн бол заавал цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Өнгөрсөн хавар гарсан дөрвөн настай охин хүчирхийлэлийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хүчирхийлэлийг хөршүүд таслан зогсоох боломж байсан.

-Хүчирхийллийн улмаас 22 хүн амь насаа алдаж, 949 хүн гэмтсэн гэлээ. Энэ үнэхээр бодит тоо юу. Зарим хэргүүдийн талаарх мэдээлэл дэндүү харгис, хэрцгий байх юм?

-Монголд хүчирхийлэлийн статистик маш бүрхэг. Бусад улс оронд хүчирхийлэлд өртөөд эмнэлэгт хэвтвэл эмнэлэг нь мэдээлэлээ оруулна. Мөн халамжийн байгууллага, цагдаагийн байгууллага нь мэдээлэлээ оруулдаг. Харин манай улсын хувьд хүчирхийлэлд өртвөл цагдаагийн байгууллага л мэдээлэлийг нь гаргадаг. Ийм учраас монголд өнөөдрийн тухайд хүчирхийлэлийн улмаас хэдэн хүн  хохирч байна гэсэн нэгдсэн статистик мэдээлэл байхгүй байна. Харин хүчирхийлэлд хэдэн хүн өртөж цагдаагийн байгууллагад хандсан байна гэдэг тоо баримтыг гаргах боломжтой. Сүүлийн үед гарч байгаа хэрэгүүдийг харахад маш харгис, хүнд ноцтой гэмт хэргүүд их үйлдэгдэж байна. Хэдийгээр тооны хувьд бага байгаа ч гэсэн гарч байгаа хэргүүдийг харахаар хэрцгий шинжтэй байна.

-Ихэвчлэн ямар төрлийн хүчирхийллийн улмаас иргэд хохирогч болж байна вэ?

-Хүчирхийлэл гээд өргөн хүрээгээр ярих юм бол маш өргөн сэдэв болно. Цэрэг, цагдаагийн хүчирхийлэл, улс төр дахь хүчирхийлэл ч гэдэг юм уу. Харин жендэрт суурилсан хүчирхийлэл гэхээр “гэр бүлийн хүчирхийлэл”, “ажлын байранд дарамт, хүчирхийлэл”, “бэлгийн хүчирхийлэл” гэсэн хүчирхийлэлийн хэлбэрүүд ордог. Монголд хамгийн их байгаа “гэр бүлийн хүчирхийлэл” байна. Гэр бүлийн хүрээнд гэхээр бие мах бодь буюу зодох, хэл амаар доромжлох, сэтгэл санааны хувьд дарамтлах гэж байдаг. Мөн “эдийн засгийн хүчирхийлэл” гээд мөнгө төгрөгөөр дутагдах гачигдах, ажилтай байх эрхийг хаах, мөнгөтэй байх боломжийг хаахыг эдийн засгийн хүчирхийлэл гэж байгаа.

-Сүүлийн 5 жилийн хугацаанд хүчирхийлэлд хичнээн хүн өртөж, нас барсан вэ?

-2010-2015 оны наймдугаар сарын эцсийн байдлаар 3350 хүн гэмтэл бэртэл авч, 75 хүн нас барсан байна.

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хувьд хамгаалах байртай үйл ажиллагаа явуулдаг. Улсын хэмжээнд нийтдээ хэдэн хамгаалах байр байдаг вэ. Энэ жил давхардсан тоогоор хэдэн хүн хамгаалах байраар үйлчлүүлсэн вэ?

-Улсын хэмжээнд хоёр хамгаалах байр байдаг. Манай Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв бол ТББ. Манайх нэг дор 20 хүн хүлээж авах хүчин чадалтай. Манай төв он гарсаар 100 гаруй хүнд үйлчилгээ үзүүлээд байна. Хамгаалах төвөөр үйлчлүүлж  байгаа хүмүүсийн 65 хувь хүүхдүүд байдаг. Нэг ээжийг 2-3 хүүхэд дагаж ирдэг. Зарим үед 4, 5 хүүхэд ч дагаж ирж байсан. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах байранд 7-30 хоногийн хугацаанд байрлуулах дүрэм журамтай. Гэхдээ байрлах хугацаа чинь болчлоо, гар гэдэггүй. Тэр хүнийг аюулгүй болгосоны дараагаар гаргадаг. Өнгөрсөн нэгдүгээр сард дөрвөн хүүхэдтэй нэг ээж манай төвд 7 сарын хугацаанд байрласан. Ээж нь нэг хүүтэйгээ бие мах бодийн хүчирхийлэл/зодуулсан/, охин нь хойд эцгийнхээ зүгээс бэлгийн хүчирхийлэлд/хүчиндсэн/ өртсөн нэг гэр бүлийн гишүүд хүртэл ирж байсан. Бид нар энэ хүмүүст үнэгүй, хууль зүйн зөвөлгөө өгч, энэ хүмүүсийг орон гэртэй болгох хүүхдүүдийг нь цэцэрлэг сургуультай болгож, ээжийг нь  ажилтай болгосон. Хүчирхийлэл үйлдсэн нөхөрт нь дагавар охиноо хүчиндсэн, эхнэрээ зодсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ийм учраас хүчирхийллийг таслан зогсооход иргэн хүн бүрийн оролцоо чухал шүү.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment